Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 29 өдөр

Дугаар 2022/ШЦТ/459

 

 

 

 

 

 

 

2022         03          29                                    2022/ШЦТ/459   

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                    

          Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж,

    Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Мөнхцэцэг,

Улсын яллагч Д.Хорлоо,

Хохирогч Г.А,

Шүүгдэгч М.Э нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Х овогтой М-ы Эт холбогдох эрүүгийн 2206 00000 0623 дугаартай хэргийг шүүх 2022 оны 3 дугаар сарын 3-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

          Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

        Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1987 оны 2 дугаар сарын 20-ны өдөр Сүхбаатар аймагт төрсөн, 35 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, танкны механикч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүрэг 20 дугаар хороо Толгойтын 39а байрны 00 тоотод оршин суух бүртгэлтэй,

Сүхбаатар аймаг дахь Сум дундын шүүхийн 2011 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн 53/А дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 3 жил 4 cap 5 хоногийн хорих ялаар шийтгэж, Хэнтий аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 2013 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн шүүгчийн 71 дүгээр захирамжаар эдлээгүй үлдсэн 11 сар 13 хоногийн хорих ялыг хугацаан өмнө тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзсан, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, регистрийн дугаар хх000000, хэрэг хариуцах чадвартай, Х овогтой М-ы Э.

 

           Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

 

         Шүүгдэгч М.Э нь 2022 оны 2 дугаар сарын 6-ны өдөр Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Г.А-той маргалдаж, улмаар түүний нүүрэн тус хэсэгт нэг удаа цохиж, түүний эрүүл мэндэд духны хөндийн урд ханын хугарал, хамар ясны хугарал, баруун, зүүн нүдний ухархайн дотор ханын хугарал, тархи доргилт, зүүн нүдний дээд зовхи, хамарт шарх, дагзны хуйх, зүүн нүдний дээд зовхи, зүүн нүдний алимны салст, баруун нүдний доод зовхи, хамарт, баруун бугалга, хэвлийд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

        Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараахи нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

        Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Э мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв учраас өнөөдрийн шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхгүй.” гэв.

      

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Г.А мэдүүлэхдээ: “...Надад учирсан гэмтлийг М.Э гэх залуу учруулсан. Миний биеийн байдал одоогоор хэвийн бус байна. Шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтийн бүх хэсгийг нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Би эхний ээлжинд баримтаар гарган өгсөн хохирлын төлбөрийг хүлээж авсан. М.Э-т цаашид шаардагдах хохирол төлбөрийн хэмжээг хэлсэн боловч надад хариу өгөөгүй.” гэв.

 

Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудаас гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-5/, хохирогч Г.А-ын өгсөн мэдүүлэг /хх-10-11, 13/, гэрч Б.Долгоржавын өгсөн мэдүүлэг /хх-27/, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 2670 дугаартай дүгнэлт /хх-35-36/, эд зүйл баримт бичиг, бусад баримтыг хүлээн авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-14-22/, хохирогч Г.А-ын “ЭМЖЖ” чих, хамар хоолой эмнэлэгт үзүүлсэн баримт, толгойн зураг /хх-37-40/, шүүгдэгч М.Э-ын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-62/, М.Э-ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-45/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.

 

Гэм буруугийн талаар

  

Шүүгдэгч М.Э-ын 2022 оны 2 дугаар сарын 6-ны өдөр Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Г.А-той маргалдаж, улмаар түүний нүүрэн тус хэсэгт нэг удаа цохиж, түүний эрүүл мэндэд духны хөндийн урд ханын хугарал, хамар ясны хугарал, баруун, зүүн нүдний ухархайн дотор ханын хугарал, тархи доргилт, зүүн нүдний дээд зовхи, хамарт шарх, дагзны хуйх, зүүн нүдний дээд зовхи, зүүн нүдний алимны салст, баруун нүдний доод зовхи, хамарт, баруун бугалга, хэвлийд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт цугларсан дараахи нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:

 

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Г.А-ын өгсөн: “...Би өнөөдөр 13 цагийн орчимд гэж санаж байна найз Эрдэнэбаярын хамт Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо дэвсгэрт байх найз Халиуны гэрт нь очиж золгоод тэндээ хоол унд идээд, архи пиво ууж байхад Булгантамир гэх залуу орж ирээд Халин, Эрдэнэбаяр Халиуны эхнэр нар архи хувааж уусан, би архи уугаагүй пиво уусан. Тэгээд тэндээ 18 цаг өнгөрч байхад гараад Эрдэнэбаяр, Булгантамирын хамт явж байхдаа Сансарын колонкийн хойд талын автобусны буудлын хажууд явж байхад Булгантамир гэх залуу намайг шууд цохиод миний зүүн нүднээс цус гараад байсан. Бид хоёр банхрын гөлөг дээрээс болж маргалдсан. Би гомдолтой байна шүүх эмнэлэгт үзүүлнэ. ...би огт хохирлоо барагдуулж аваагүй, би холбогдох баримтуудаа гаргаж өгнө, гэхдээ цаашид хамрын хагалгаа, нүдний хагалгаанд ороход 7-8 сая төгрөг болно гэж байгаа юм. Харин уг асуудал болсны дараа Долгоржаваас асууж тодруулсан чинь бага байхад нь Булгаа гэж дууддаг байсан, харин жинхэнэ нэр нь М.Э гэж нэртэй хүн байсан юм байна лээ, би сүүлд мэдсэн юм...” гэх мэдүүлэг /хх-14-15/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Долгоржавын өгсөн: “...Орой 21 цагийн үед над руу Ариунболд залгаад танай дүү Эрдэнэ-Очир чинь намайг зодчихлоо, чи дүүдээ эмчилгээний зардал өгчих, мөн ирээд уучлалт гуйчих гэж хэлэхээр нь би мэдэхгүй шүү дээ, цагдаагийн байгууллагад хандсан нь дээр байх аа, би бүл холын хамаатан шүү дээ гэж хэлээд гар утсаа тасалж байсан юм. Эрдэнэ-Очир нь манай аавын талын бүр холын хамаатан бөгөөд тухайн өдөр Ариунболд, Эрдэнэбаяр, Эрдэнэ-Очир нар нь огт холбогдоогүй байж байгаад өөрсдөө ороод ирсэн юм. Гэхдээ Эрдэнэ-Очир бага байхаас нь Булгаа гэж дууддаг байсан учир бүтэн нэрийг нь мэдэхгүй байсан бөгөөд манайд сууж байхдаа Эрдэнэ-Очир нь өөрийгөө Булгантамир гэж хэлээд байсан. Тэр үед нь Булгантамир л гэдэг юм байна даа гэж бодсон бөгөөд уг асуудал гарсны дараагаас хүнээс асуугаад сурагласан чинь М.Э гэдгийг нь мэдсэн юм....гэх мэдүүлэг /хх-27/,

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2022 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн 2670 дугаартай:

1. Г.А-ын биед духны хөндийн урд ханын хугарал, хамар ясны хугарал, баруун, зүүн нүдний ухархайн дотор ханын хугарал, тархи доргилт, зүүн нүдний дээд зовхи, хамарт шарх, дагзны хуйх, зүүн нүдний дээд зовхи, зүүн нүдний алимны салст, баруун нүдний доод зовхи, хамарт, баруун бугалга, хэвлийд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

  1. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр олон удаагийн үйлдлээр үүсгэгдэнэ. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

3. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

  1. Тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна.

 5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.” гэх дүгнэлт /хх-35-36/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд М.Э-ын яллагдагчаар өгсөн: “...би урьд өгсөн мэдүүлэг дээрээ үнэн, зөв дэлгэрэнгүй мэдүүлэг өгсөн. Би ийм үйлдэл хийсэндээ харамсаж байгаа, хохирлын мөнгийг олохын тулд ажил хийж байгаа бөгөөд өөрийн боломжоор л хохирлыг нь төлж барагдуулна.” гэх мэдүүлэг /хх-62/,

 

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-5/,

Хохирогч Г.А-ын “ЭМЖЖ” чих, хамар хоолой эмнэлэгт үзүүлсэн баримт, толгойн зураг /хх-37-40/,

Шүүгдэгч М.Э-ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх лавлагаа /хх-45 зэрэг болно.

 

 Шүүх дээрхи нотлох баримтууд “хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, шүүгдэгч нар нь харилцан зодолдож тус тус эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болохыг хэн аль нь гэрчилж мэдүүлсэн, хохирогч нь шүүгдэгчид зодуулсны улмаас гэмтсэн, шүүх эмнэлгийн дүгнэлтээр хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол (гэмтэл) учирсан болохыг тогтоосон зэрэг үйл баримтуудыг агуулж байх тул энэ хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж шүүх үзсэн болно.

Энэ гэмт хэрэг гарахад нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харьцааны, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон нөхцөл байдал шалтгаалсан гэж үзнэ.

 

Иймд шүүгдэгч М.Э-ын 2022 оны 02 дугаар сарын 06-ны өдөр Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Г.А-той маргалдаж, улмаар түүний нүүрэн тус хэсэгт нэг удаа цохиж, түүний эрүүл мэндэд духны хөндийн урд ханын хугарал, хамар ясны хугарал, баруун, зүүн нүдний ухархайн дотор ханын хугарал, тархи доргилт, зүүн нүдний дээд зовхи, хамарт шарх, дагзны хуйх, зүүн нүдний дээд зовхи, зүүн нүдний алимны салст, баруун нүдний доод зовхи, хамарт, баруун бугалга, хэвлийд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Энэ гэмт хэрэг гарахад нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харьцааны, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон нөхцөл байдал шалтгаалсан гэж үзнэ.

 

Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.

Дээрхи байдлаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруу тогтоогдсон учир түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

 

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Г.А нь хохиролд баримтаар 525.950 төгрөг нэхэмжилснээс шүүгдэгч М.Э нь 525.950 төгрөгийг төлж барагдуулсан ба энэ хэрэгт эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1-д “...Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас... шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно” гэж хуульчилсан ба хохирогч Г.А нь эмчилгээний баримтыг шинээр гаргаж өгөөгүй тул энэ шийтгэх тогтоолын хүрээнд шийдвэрлэх боломжгүй бөгөөд харин түүний цаашид гарах эмчилгээний зардал болон гэм хорын хохиролд гарсан зардалтай холбогдох нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээв.

 

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан шударга ёсны зарчимыг удирдлага болголоо.

 

Шүүхээс шүүгдэгч М.Э-ын хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ял шийтгэл оногдуулж, түүнийг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж үзлээ. 

 

   Шүүгдэгч М.Э нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй болно.

 

   Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч Х овогтой М-ы Э-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар М.Э-ыг 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар М.Э нь шүүхээс оногдуулсан 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар М.Э нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Г.А нь гэм хорын хохиролд гарсан зардал болон цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

6. Энэ хэрэгт битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, М.Э нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдсугай.          

 

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба М.Э-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

     8. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

     9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл М.Э-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                               ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                              Э.ЧИНГИС