Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Сүхбаатарын Сэржмядаг |
Хэргийн индекс | 188/2022/0450/Э |
Дугаар | 2022/ШЦТ/451 |
Огноо | 2022-04-11 |
Зүйл хэсэг | 11.6.1., |
Улсын яллагч | Д.Ганчимэг |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 04 сарын 11 өдөр
Дугаар 2022/ШЦТ/451
2022 04 11 2022/ШЦТ/451
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Сэржмядаг даргалж, тус шүүхийн “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
нарийн бичгийн дарга Г.Хулан,
улсын яллагч Д.Ганчимэг,
шүүгдэгч Д.Х нарыг оролцуулан Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Хт холбогдох эрүүгийн 2208000000000 тоот хэргийг 2022.03.22-ны өдөр хүлээн авч, шүүн хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Ховд аймгийн Жаргалант суманд 1992 оны 5 дугаар сарын 25-ны өдөр төрсөн, 29 настай, эмэгтэй, тусгай дунд боловсролтой, үсчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-5, нөхөр, хүүхдүүдийн хамт Ховд аймгийн Жаргалант сумын 0 дугаар баг Магсаржавын 0-00-00 тоотод оршин суух бүртгэлтэй боловч одоо Баянгол дүүрэг Гандантэгчинлэн хийдийн баруун талын нийтийн байрны 0 тоотод түр оршин сууж байгаа гэх, урьд 2 удаагийн ял шийтгэлтэй, /РД:**0000000/ Оорцог овогт Дгийн Х нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Д.Х нь 2022 оны 2 дугаар сарын 14-нээс 15-нд шилжих шөнийн 22 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороо Бага Нарангийн 1-24в тоотод байрлах нийтийн байранд С.Нтай маргалдан түүний толгойн тус газарт нь заазуураар цохих, паар мөргүүлэх зэргээр зодож түүний бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл учруулсан болох нь дараахь баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:
- Цагдаагийн байгууллагад өгсөн дуудлага мэдээллийн бүртгэл, С.Нын өргөдөл /х.х-2-4/,
- Хохирогч С.Нын: “...Тухайн үед би цэнэглэгчээ Д.Хт өгчихсөн байсан бөгөөд миний утасны цэнэг дуусаж байхаар нь би “цэнэглэгч аваад ороод ир” гэж дуудсан. Удалгүй Д.Х орж ирээд мэнд мэдээд “Валентин болж байна, би ч хамт ууя л даа ” гэсэн. Тэгээд П.Т Д.Хт пиво хийж өгсөн. ...архи пивоо хамт хувааж ууж байтал Д.Х намайг “хотын я..н болсон биз дээ. Ховдод хоёр хүүхдээ хаяж ирсэн” гэх мэтээр хэл амаар доромжилсон. Тэгээд бид 2 хоорондоо маргалдаж байхад Д.Х босч ирээд миний үснээс зулгаахаар нь би зөрүүлж үснээс нь зулгаагаад Д.Х миний чихнээс хазахаар нь П.Т Д.Хийг салгаж аваад хойш нь түлхээд намайг “зүгээр үү” гэсэн чинь Д.Х дундуур орж ирээд миний толгойны зүүн талаас түлхэж паар 2 удаа мөргүүлсэн. Тэгээд би манараад юу болсныг санахгүй байна. Миний толгойноос цус гарч байсан. Д.Х “би нөхрөө хутгалсан. Чамайг бол алчихна” гэж сүрдүүлээд над руу дайраад байсан. Д.Х миний толгойны зүүн талаас түлхэж паар 2 удаа мөргүүлсэн, зүүн чих нэг удаа хазсан, зүүн дал, гар руу цохиж хөхрүүлсэн, толгойны зулай руу заазуурын ирээр цохиж зоосон. Би Д.Хийн үснээс зулгааснаас өөрөөр гар хүрээгүй. Би гомдолтой байна” гэх мэдүүлэг /х.х-5-8/,
- Гэрч П.Тгийн: “Миний бие хамт ажилладаг дүү Хгийн гэрт 20 цагийн үед ирсэн. Тэгээд найз охин С.Н, Х нарын хамт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн. Гаднаас 25-30 насны эмэгтэй орж ирээд хамт уухаар болсон. Нийт 2 ширхэг 2 литрийн савлагаатай пиво, 500 граммын Чингис нэртэй архи уусан. Архи уугаад дундаа орох үед С.Н 25-30 насны эмэгтэйтэй өмнө үүссэн хардалтын улмаас маргалдаж бие биеийгээ харааж эхэлсэн. Улмаар маргаан хүндэрч хэрэлдэж эхэлсэн. Тэр үед байрны галч бид нарыг “боль” гэж хэлэхэд манай дүү Хтэй ам зөрөлдөн маргаан үүсгэсэн. Би Х болон байрны эзэн гэх залуу 2-ыг салгах үед 25-30 насны эмэгтэй гартаа заазуур барин С.Н руу дайрч эхэлсэн. Тэр 2-3 удаа заазууртай гараараа цохиж харагдсан. Тэгээд би салгаад өрөөний үүд хэсэг рүү авч ирсэн. Улмаар С.Н цагдаа дуудсан байсан. ...Анх маргалдахдаа С.Н хананы ойр орчимд сууж байсан. Тэр үед л дээрээс нь дайраад байсан. 2-3 удаа гар далайж цохиж байсан. Заазуураар толгойд нь хүрч зүссэн эсэх талаар би мэдэхгүй байна. Би бүрэн гүйцэт харж амжаагүй” гэх мэдүүлэг /хх-26/
- Шүүх-эмнэлгийн шинжээчийн 2022 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн 3033 дугаартай “С.Нын биед зулайд шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн дал бугалганд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн гэмтэл байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /х.х-28-29/,
- Яллагдагч Д.Хийн: “С.Н согтчихоод намайг нөхөртэйгөө хардаад намайг “Ховдын нэг номерын я...н биз дээ, миний нөхөртэй унтсан” гээд орилоод миний үснээс зулгаахаар нь эргүүлээд үсдээд зодолдсон. Тэгээд болиод тайвшраад сууж байхад С.Н намайг “Ховд аймгаас нөхрөө хутгалаад ирсэн я...н биз дээ” гэхээр нь шүүгээн дээр заазуур харагдахаар нь С.Ныг айлгах санаатай заазуурын ишээр мөр рүү цохисон чинь хажуу тийш хазайх үедээ паар мөргөсөн. Би үйлдсэн хэрэгтээ гэмшиж ойлгож ухамсарлаж байна. Дахин гэмт хэрэг үйлдэхгүй” гэх мэдүүлэг /х.х-90-91/ зэрэг баримтууд хамаарч байна.
Шүүхийн хэлэлцүүлгээр судлагдсан дээрх баримтууд, Д.Хийн хувийн байдалтай холбоотой болон бусад баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой ба мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүхийн шийдвэрт нөлөөлөхүйц хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил болон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчсөн байдал тогтоогдоогүй тул прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн хүрээнд хэргийн үйл баримт, гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Д.Х нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ С.Нтай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан түүнийг цохиж зодон түүний бие махбодид “зулайд шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн дал бугалганд цус хуралт” бүхий эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл учруулсан болох нь хохирогч С.Нын мэдүүлэг /х.х-5-8/, шинжээчийн 2022.02.17-ны өдрийн 3033 дугаартай дүгнэлт /х.х-28-29/, Д.Хийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлсэн мэдүүлэг /х.х-90-91/ зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Д.Х нь хувийн сэдэлттэй, шууд санаатайгаар хүний хуулиар хамгаалагдсан халдашгүй эрх, эрх чөлөөнд нь хүч хэрэглэн халдаж зодсоны улмаас С.Нын бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан баримтаар нотлогдож байх тул Д.Хийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулж шийтгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Д.Хийн хууль бус санаатай үйлдлийн улмаас хохирогч Н.Мын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь шинжээчийн дүгнэлтээр, өвчний түүх /х.х-43-44/, хохирогч С.Н нь “чихнээс хазаад паар мөргүүлээд толгой манарсан. Миний зүүн дал, гарыг хөхрүүлэн цохисон. Би гомдолтой байна” гэх хохирогчийн мэдүүлгээр /х.х-9-10/ тус тус тогтоогдож байна.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “бусдын эрх, амь нас, эрүүл мэнд...эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйгээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, мөн хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж тус тус заасны дагуу хохирогч С.Н нь өөрийн эрүүл мэнд, эд хөрөнгөд учирсан гэм хорыг арилгахыг Д.Хээс шаардах эрхтэй, өөрийн хууль бус санаатай үйлдлийн улмаас бусдын эрүүл мэнд, эд хөрөнгөд учирсан гэм хорыг шүүгдэгч Д.Х нь хариуцан арилгах үүрэгтэй болно.
Хохирогч С.Н нь Ховд аймагт байгаа шалтгаанаар шүүх хуралдаанд хүрэлцэн ирж оролцоогүй бөгөөд шүүхэд “Ховд хот руу ирж очсон зардал, эм тариа, хүнс хоолны зардал, ажилгүй байсан хугацааны цалин, сэтгэл санааны хохиролд нийт 7500000 төгрөг нэхэмжилж байна” гэх хүсэлтийг бичгээр ирүүлсэн байна.
Тухайн хүсэлтийг хэрэгт хавсаргагдсан баримтуудтай харьцуулан шинжлэн судлахад хэргийн 76-81 дүгээр хуудсанд хавсаргагдсан нийт 450000 төгрөгийн баримтаас эмчилгээ хийлгэж эм тариа авсан 278844 төгрөгийн зардал нь эрүүл мэндэд учирсан хохиролтой холбоотой гарсан зардал байх тул тухайн төлбөрийг шүүгдэгч Д.Хээс гаргуулж хохирогч С.Нт олгох үндэслэлтэй байна.
Харин үлдэх хүнс, хоол, шатахуун авсан 179156 төгрөгийн зардал нь дээр дурьдсан Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт заасан зардалд хамаарах эсэх нь баримтаар хангалттай нотлогдохгүй, мөн хохирогч С.Н нь Ховд хот руу ирж очсон зардал, эм тариа, хүнс, хоолны зардал, ажилгүй байсан хугацааны цалин, сэтгэл санааны хохиролд нийт 7,5 сая төгрөг нэхэмжилснээс үлдэх 7221156 төгрөгтэй холбогдох иргэний нэхэмжлэл нь баримтаар нотлогдохгүй байх тул нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч нь нотлох баримтаа бүрдүүлж өөрийн болон шүүгдэгч Д.Хийн оршин суугаа газрын иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхийг нээлттэй үлдээхээр шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Д.Х нь урьд 2 удаа шүүхээр ял шийтгүүлж байсан нь:
1. Ховд аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 2021/ШЦТ/75 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 төгрөгөөр торгох ял оногдуулсан,
2. Ховд аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 2022/ШЦТ/17 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800000 төгрөгөөр торгох ял оногдуулж, 4 сарын хугацаанд “зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсэн болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар /х.х-41/, шийтгэх тогтоолуудын хуулбар /х.х-45-54/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Шүүгдэгч Д.Хийн үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй. Эрүүгийн хуулийн тусгай ангийн нэг бүлэг хэсэгт заасан санаатай гэмт хэрэгт 3 удаагаа шийтгүүлж байгаа, шүүхээс оногдуулсан ялыг эдэлж байх хугацаандаа санаатай гэмт хэрэг дахин үйлдсэн нь эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал болно.
Шүүх хуралдааны дүгнэлт танилцуулах шатанд улсын яллагчаас шүүгдэгч Д.Хт “850 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 850000 төгрөгөөр торгох ял оногдуулж, торгох ялыг 8 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх, өмнөх Ховд аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 2022/ШЦТ/17 дугаартай шийтгэх тогтоолоор 4 сарын хугацаанд “зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсэн ба уг үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг биелүүлээгүй байгаа учраас уг ялыг нэмж нэгтгэх” саналтай байна гэж, шүүгдэгчээс “улсын яллагчийн саналыг зөвшөөрч байна” гэж тус тус оролцсон болно.
Дээрх нөхцөл байдал болон Д.Х нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлсэн, түүний хувийн байдал /70 хувийн хөдөлмөрийн чадвар алдалттай гэх/, орлогын байдал /эрхэлсэн тодорхой ажилгүй/ зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас зорчих эрхийг хязгаарлах ялыг сонгон хэрэглэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч Д.Хт Ховд аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 2022/ШЦТ/17 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800000 төгрөгөөр торгох ял оногдуулж, 4 сарын хугацаанд “зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэн шийтгэснээс 800000 төгрөгөөр торгох ялыг 2022 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр Хорих 457-р анги руу тушааж биелүүлсэн болох нь Д.Хээс шүүхэд гаргаж өгсөн Төрийн банкны орлогын мэдүүлэг баримтаар тогтоогдож байна.
Харин шүүгдэгч Д.Х нь Ховд аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 2022/ШЦТ/17 дугаартай шийтгэх тогтоолын 5 дахь заалтаар Д.Хт оногдуулсан 4 сарын хугацаанд “зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсэн шийдвэрийг биелүүлээгүй ба шүүхээс хүлээлгэсэн албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдэж шийтгүүлж байх тул холбогдох шийдвэрийг хүчингүй болгож, мөн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулан, энэхүү шийтгэх тогтоолоор оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ял дээр нэмж нэгтгэн, биечлэн эдлэх ялын хугацааг тогтоолоо.
Шүүгдэгч Д.Х нь Ховд аймгийн Жаргалант сумын 7 дугаар баг Магсаржавын 3-60-48 тоотод оршин суух бүртгэлтэй ба Улаанбаатар хотод 4 настай хүү П.Тг ЭХЭМҮТөвд оношилгоо, эмчилгээ хийлгэх зорилгоор ирж нийтийн байранд түрээсээр амьдарч байгаа гэх байдлыг харгалзан түүнд оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын хүрээг түүний байнга оршин суудаг Ховд аймгийн Жаргалант сумын нутаг дэвсгэрээр тогтоож, хяналт тавихыг Ховд аймгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгахаар шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.4, 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Оорцог овогт Дгийн Хийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Оорцог овогт Дгийн Хт Ховд аймгийн Жаргалант сумын нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглож, Ховд аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын зөвшөөрөлтэйгөөр оршин суугаа газраа өөрчлөх, зорчих үүргийг 3 /гурван/ сарын хугацаагаар хүлээлгэх зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан Ховд аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 2022/ШЦТ/17 дугаартай шийтгэх тогтоолын 5 дахь заалтаар Д.Хт оногдуулсан 4 сарын хугацаанд “зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсэн шийдвэрийг хүчингүй болгож, 4 /дөрвөн/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийг журамлан мөн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Д.Хт энэхүү шийтгэх тогтоолоор оногдуулсан 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял дээр 4 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж нэгтгэн биечлэн Ховд аймгийн Жаргалант сумын нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглож, Ховд аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын зөвшөөрөлтэйгөөр оршин суугаа газраа өөрчлөх, зорчих үүргийг 7 /долоон/ сарын хугацаагаар хүлээлгэх зорчих эрхийг хязгаарлах ял эдлүүлэхээр тогтоосугай.
5. Шүүгдэгч Д.Хт оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын хугацааг энэхүү шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн тоолж, хяналт тавихыг Ховд аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6. Шүүгдэгч Д.Х нь хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хувийн эд зүйл, бичиг баримт хураалгаж, битүүмжлүүлээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар Оорцог овогт Дгийн Хээс 278844 /хоёр зуун далан найман мянга найман зуун дөчин дөрвөн/ төгрөгийг гаргуулж хохирогч С.Нт олгож, нэхэмжлэлээс үлдэх 179156 төгрөгийн иргэний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан хохирогч С.Н нь Ховд хот руу ирж очсон зардал, эм тариа, хүнс, хоолны зардал, ажилгүй байсан хугацааны цалин, сэтгэл санааны хохиролд нийт 6,6 сая төгрөг нэхэмжилсэн иргэний нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч нь нотлох баримтаа бүрдүүлж өөрийн болон шүүгдэгч Д.Хийн оршин суугаа газрын иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэйг болохыг дурдсугай.
9. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Д.Х урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
10. Энэхүү шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
11. Шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй тохиолдолд зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор дүйцүүлэн тооцож хорих ялаар солино гэдгийг Д.Хт мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ С.СЭРЖМЯДАГ