Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 04 сарын 11 өдөр

Дугаар 2022/ШЦТ/453

 

 

 

 

 

 

 

 

      2022          04          11                                   2022/ШЦТ/453

 

 

                                  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Сэржмядаг даргалж тус шүүхийн “А-1” танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар

нарийн бичгийн дарга Г.Хулан,

улсын яллагч Н.Уранбайгаль,

насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Г,

шүүгдэгч Н.М нарыг оролцуулан Тээврийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Н.Мд холбогдох эрүүгийн 2203000000000 тоот  хэргийг 2022 оны 4 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, шүүн хэлэлцэв.

                                              

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1988.12.18-ны өдөр төрсөн, 34 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, үсчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-5, хүүхдүүдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 00 дугаар хороо Ногоон чулуут 0-00 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, /РД:**00000000/ Боржигон овогт Нын М нь авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                                       ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Н.М нь 2022 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн 11 цаг 45 минутын орчимд Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Шунхлай” шатахуун түгээх станцын урд замд Чеворлет загварын 00-00 ӨМА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа гарцаар гарч байсан явган зорчигч Г.Амин-Эрдэнийг /9 настай/  мөргөж, түүний бие махбодид хүнд зэргийн гэмтэл учруулсан болох нь дараах баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

- Зам тээврийн ослын дуудлагын лавлагааны хуудас /х.х-3/,

- Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч зураглал, үзлэгийн явцад бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлт /х.х-5-13/,

- Насанд хүрээгүй хохирогч Г.Аын “11 цаг 30 минутын үед би дэлгүүр орж бал авах гээд ганцаараа зам хөндлөн гарч дэлгүүрээс бал аваад буцаад харихаар Шунхлай шатахуун түгээх станцын урд замаар баруунаас зүүн зүгт явган хүний гэрэл дохиотой гарцан дээр гэрлэн дохио ногоон асахыг хүлээж байгаад явган хүний ногоон гэрэл асахаар нь би зам руу орж гүйснээ санаж байна. Хэсэг юу болсныг санахгүй байна. Нэг мэдэхэд би машин дотор урд суудалд нь сууж байсан” гэх мэдүүлэг /х.х-19/,

- Шүүх-эмнэлгийн шинжээчийн 2022.02.24-ний өдрийн 3201 дугаартай “Г.А-ийн биед дух, зулай ясны шугаман хугарал, их тархины баруун духны дэлбэнгийн суурийн хэсэгт цусархан няцрал, аалзан хальсан доорх цус харвалт, зулайн хуйханд зөөлөн эдийн няцрал, зүүн тохойд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь тухайн осол гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь амь насанд аюултай тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” /х.х-35-36/,

- Яллагдагч Н.Мын “уулзвар дээр гэрлэн дохио дээр зогсож байгаад ногоон гэрэл асахаар нь зүүн гар тийш дохио өгөөд Шунхлай шатахуун түгээх станцын харалдаа баруун салааны зам руу ороод 20 орчим км/цагийн хурдтай явж байтал миний зүүн гар талын эгнээнд зогсож байсан машинууд дундаас нэг хар нүүгэлтсэн юм гарч ирээд миний машины зүүн урд крыло толь орчимд түг хийх чимээ гараад би машинаасаа бууж очтол эмэгтэй хүүхэд босож ирээд явах гэсэн би явж болохгүй түргэн дуудъя гэж хэлээд хүүхдийг машиндаа суулгаад замаа чөлөөлөөд зогссон. Удалгүй цагдаа, түргэн ирсэн” гэх мэдүүлэг /х.х-68/ зэрэг баримтууд хамаарч байна.

Шүүхийн хэлэлцүүлгээр судлагдсан дээрх баримтууд, Х.Мын хувийн байдалтай холбоотой болон бусад баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой ба мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүхийн шийдвэрт нөлөөлөхүйц хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил болон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчсөн байдал тогтоогдоогүй тул прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн хүрээнд хэргийн үйл баримт, гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэв.

 

   Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.7-д зааснаар “замын хөдөлгөөнд оролцогч” гэж замаар явж байгаа жолооч, тээврийн хэрэгслээр зорчигч, явган зорчигчийг, мөн зүйлийн 3.1.11-д зааснаар “явган зорчигч” гэж замаар явган яваа хүн..ийг, түүнчлэн Замын хөдөлгөөний дүрмийн 1 дүгээр зүйлийн 1.2.11-д зааснаар “давуу эрх” гэж бусад замын хөдөлгөөнд оролцогчоос хөдөлгөөнөө урьтан хийх эрхийг тус тус ойлгоно.

Жолооч Н.Мын гаргасан зам тээврийн осол үйлдэгдэх цаг мөчид явган зорчигч Г.А нь ногоон гэрэл асах үед гарцаар гарч байсан бөгөөд Замын хөдөлгөөний дүрмийн 15 дугаар зүйлийн  15.1-д заасан “ Жолооч уулзвараар баруун, зүүн гар тийш эргэхдээ тухайн хөндлөн замын зорчих хэсгийг явган хүний гарцаар хөндлөн гарч яваа явган зорчигчид зам тавьж өгнө” гэж зааснаар тэрээр тухайн үед гарцаар түрүүлж гарах давуу эрхтэй байсан болох нь хохирогчийн “явган хүний гэрэл дохиотой гарцан дээр гэрлэн дохио ногоон асахыг хүлээж байгаад явган хүний ногоон гэрэл асахаар нь би зам руу орж гүйснээ санаж байна” гэх мэдүүлэг /х.х-19/, Баянхошууны гудамж, Баруун салаа болон Зүүн салааны гудамжны уулзварын гэрлэн дохионы горим /х.х-26/,  мөрдөгчийн “Chevrolet загварын 00-00 ӨМА улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Н овогтой М нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 15.1-д заасан “Жолооч уулзвараар баруун, зүүн гар тийш эргэхдээ тухайн хөндлөн замын зорчих хэсгийг явган хүний гарцаар хөндлөн гарч яваа явган зорчигчид зам тавьж өгнө” гэх заалтуудыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна” гэх магадлагаа /х.х-59/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч зураглал, үзлэгийн явцад бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлт  /х.х-5-13/ зэрэг баримтуудаар; мөн жолооч Н.Мын жолоодож замын хөдөлгөөнд оролцсон Шевролет маркийн 00-00 ӨМА улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь замын хөдөлгөөний дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан техникийн бүрэн бүтэн байдлыг хангахгүй тээврийн хэрэгсэл болох нь техникийн шинжээчийн  2022.02.18-ны өдрийн 999224 дугаартай “Урд буфер зүүн урд хэсгээрээ будаг халцарсан, зүүн урд талын гэрлийн бүрхүүл хангарсан, дуут дохио ажиллахгүй, хаалганы бариулууд хугарсан зэрэг эвдрэл гэмтэлтэй. Урд дугуйн тоормосны хүч зүүн талдаа 1.9кН, баруун талдаа 2.1 кН, зөрүү нь 10 хувь 2-р тэнхлэг дэх дугуйн тоормосны хүн зүйн талдаа 0.2кН, баруун талдаа 0.2кН зөрүү нь 0%, хойд тоормос зогсоогүй, автотээврийн хэрэгсэлд тавигдах техникийн шаардлага хангахгүй байна. Зогсоолын тоормос зогсоогүй. Гэрлийн хүч тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангахгүй” гэх дүгнэлт /х.х-50-54/, мөрдөгчийн “Chevrolet загварын 00-00 ӨМА улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Н овогтой М нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4. Жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах; Тээврийн хэрэгслийн ажлын тоормосны систем ажиллахгүй болсон бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно” гэсэн заалтуудыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна” гэх магадлагаа /х.х-59/ зэрэг баримтаар тус тус тогтоогдож байна.

Шүүгдэгч Н.М нь нь “В” ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхтэй болох нь №984688 тоот жолоочийн үнэмлэх, жолоодох эрхийн лавлагаагаар /х.х-86/ тогтоогдож байх бөгөөд техникийн бүрэн бүтэн байдлыг хангахгүй тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцож, тухайн үед давуу эрхтэйгээр замын хөдөлгөөнд оролцож байгаа оролцогчийг буюу ногоон гэрлээр гарч явсан явган зорчигчийг харалгүйгээр /автомашин, автобус халхлаад байсан гэх/ мөргөсөн зам тээврийн осол гаргасан үйлдэл нь Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 2 дугаар зүйлийн 12.3 дахь хэсэгт “Замын хөдөлгөөнд оролцогч нь замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомжийг биелүүлэх үүрэгтэй” гэх заалт, мөн хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.1 дэх “Замын хөдөлгөөний дүрмийг сахин биелүүлэх үүрэг хүлээнэ” гэх заалт, Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 15 дугаар зүйлийн  15.1-д заасан “ Жолооч уулзвараар баруун, зүүн гар тийш эргэхдээ тухайн хөндлөн замын зорчих хэсгийг явган хүний гарцаар хөндлөн гарч яваа явган зорчигчид зам тавьж өгнө” гэх заалт, мөн дүрмийн 3.4. Жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах; Тээврийн хэрэгслийн ажлын тоормосны систем ажиллахгүй болсон бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно” гэх заалтыг тус тус зөрчсөн болох нь шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээр дурьдсан баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч Н.Мын хууль тогтоомжоор хүлээсэн үүрэгтээ хайхрамжгүй хандсан үйлдлийн улмаас Г.А-ийн бие махбодид хүнд зэргийн гэмтэл учирсан үйлдэл нь авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах болгоомжгүй гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул Н.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, мөн зүйл хэсэгт зааснаар ял оногдуулж, шийтгэх үндэслэлтэй байна.

Шүүх мөрдөгчийн магадлагаагаар “Насанд хүрээгүй хохирогчийн асран хамгаалагч О.Г нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 27.2. Замын хөдөлгөөнд оролцогчоос бусад иргэн, хуулийн этгээд дараах үүргийг хүлээнэ: а/ 10 хүртэлх насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд явганаар оролцуулахгүй байх; гэсэн заалтыг зөрчсөн гэж үзэх нөхцөл байдал тогтоогдож байна” гэж дүгнэснийг шүүгдэгч Н.Мд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон болно.

Шүүгдэгч Н.Мын хууль бус болгоомжгүй үйлдлийн улмаас 9 настай хохирогч Г.А-ийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан болох нь шинжээчийн 2022.02.24-ний өдрийн 3201 дугаартай дүгнэлтээр тогтоогдож байна.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, мөн хуулийн 500 дугаар зүйлийн 500.1-д “бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж тус тус заасны дагуу өөрийн хууль бус болгоомжгүй үйлдлийн улмаас бусдын эрүүл мэнд, эд хөрөнгөд учирсан гэм хорыг шүүгдэгч Н.М нь хариуцан арилгах үүрэгтэй, насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Г нь охин Г.А-ийн эрүүл мэнд, эд хөрөнгөд учирсан гэм хорыг арилгахыг Н.Маас шаардах эрхтэй байна.

Мөрдөн байцаалтын ажиллагааны явцад насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Гаас эмчилгээний зардалд нийт 1428000 төгрөг нэхэмжилж, баримт гаргаж өгсөн /х.х-72-77/ ба  шүүгдэгч Н.М нь тухайн төлбөрийг шүүхээс өмнөх шатанд төлж барагдуулсан байх тул өнөөдрийн байдлаар Н.М нь бусдад төлөх төлбөргүй болсон байна.

Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Г нь шүүхэд “эмчилгээний зардал болох 1428000 төгрөгийг хүлээж авсан. Миний охин одоо мэдрэлийн эмчийн хяналтад байгаа. 9 сард дахин КТГ хийлгэнэ. Цаашид гарах эмчилгээний зардлаа нэхэмжилнэ” гэж мэдүүлсэн болно.

Дээрх нөхцөл байдлыг харгалзан насанд хүрээгүй хохирогч Г.А-ийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан нь баримтаар нотлогдсон, мөн эмчилгээтэй холбогдон гарсан зардлыг шүүгдэгч Н.М сайн дураараа нөхөн төлж барагдуулсан, өнөөдрийн байдлаар төлөх төлбөргүй байх тул хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс гаргасан иргэний нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, цаашид эмчилгээтэй холбогдон гарсан зардлаа нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх үндэслэлтэй байна.

Хэргээс үзэхэд Тээврийн прокурорын газрын хяналтын прокурорын 2022.03.31-ний өдрийн 04 дугаар тогтоолоор Н.Мд холбогдох эрүүгийн хэрэгт эрүүл мэндийн тусламж үйлчилгээний зардлыг нэхэмжлэхэд төрийг төлөөлж иргэний нэхэмжлэгчээр Тээврийн прокурорын газрын ахлах прокурор Ч.Энхтуяаг тогтоосон болох нь тогтоогдож байна. /хх-98-99/ Зүй нь Иргэний хуулийн 513 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тухайн төлбөрийг төлсөн хуулийн этгээд буюу Эрүүл мэндийн даатгалын газрыг иргэний нэхэмжлэгчээр тогтоож, тухайн төрийн байгууллагын хүсэлтээр прокурор төлөөлөн шүүх хуралдаанд оролцох ёстой. Гэтэл хуульд заасан журам дарааллыг алгасан прокурорыг шууд иргэний нэхэмжлэгчээр тогтоож хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулж байгаа нь буруу байна. Гэвч шүүгдэгч Н.М нь эрүүл мэндийн даатгалын байгууллагаас гаргасан 240000 төгрөгийн төлбөрийг төлөх эсэх асуудал дээр маргаангүйгээр төлөхийг хүлээн зөвшөөрч байгааг энэхүү тогтоолын тогтоох хэсэгт дурьдах нь зүйтэй.

Шүүгдэгч Н.М нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар /х.х-91/ тогтоогдож байна.

Шүүгдэгч Н.М нь тохиолдлын шинж чанартай нөхцөл байдлын улмаас анх удаа болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж бусдад учруулсан хохирлоо шүүхээс өмнөх шатанд сайн дураараа нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдэгдэхэд 10 нас хүрээгүй хүүхдээ замын хөдөлгөөнд ганцааранг нь оролцуулсан хохирогчийн төлөөлөгчийн зүй бус ажиллагаа нөлөөлсөн байгаа нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болно. Түүний үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Эдгээр нөхцөл байдал болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгч “санал хүсэлтгүй, гомдолгүй” болсон тухайгаа шүүх хуралдаанд илэрхийлсэн, мөн шүүгдэгч нь хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураараа гаргасан, бусдад төлбөргүй болсон зэргийг харгалзан прокурортой тохиролцож орж ирсэн “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, тэнссэн хугацаанд “оршин суугаа газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах” ял оногдуулах саналын хүрээнд шүүгдэгч Н.Мд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд эрх хасах ялыг заавал оногдуулна” гэж заасан тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах нэмэгдэл ял оногдуулж, прокурортой тохиролцсон хугацаагаар буюу 2 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах ял оногдуулах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1, 17.4, 36.1, 36.2 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.3, 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Боржигон овогт Нын Мыг авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас нэг хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.   

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т заасныг баримтлан Боржигон овогт Нын Мд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, шүүхээс тэнссэн хугацаанд оршин суугаа газраа өөрчлөх, хот хооронд зорчих тохиолдолд Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар  Боржигон овогт Нын Мд тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ял оногдуулсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Н.Мд оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасах ялын хугацааг энэхүү шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн тоолсугай.

5. Шүүгдэгч Н.М нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт  хувийн эд зүйл, бичиг баримт хураалгаж, битүүмжлүүлээгүй, хохирогчид 1428000 төгрөг хүлээлгэн өгсөн ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, Н.М нь эрүүл мэндийн даатгалын санд 240000 төгрөг төлөхөө хүлээн зөвшөөрсөн болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан хохирогч насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Гын иргэний нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч нь цаашид гарсан зардлыг нотлох баримтаа бүрдүүлж өөрийн болон шүүгдэгч Н.Мын оршин суугаа газрын иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэйг дурдсугай. 

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Н.Мд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9. Энэхүү шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шийтгэх тогтоолоор оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах нэмэгдэл ялд бичигдсэн гүйцэтгэх хуудсанд Н.Мын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн 984688 дугаартай “В” ангиллын үнэмлэхийг хавсарган Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхийг шүүгчийн туслахад даалгасугай. 

10. Шүүхээс хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, албадлагын арга хэмжээ хэрэглэсэн хугацаанд гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулах эсэх асуудлыг шүүх шийдвэрлэнэ гэдгийг Н.Мд мэдэгдсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                               С.СЭРЖМЯДАГ