| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сүхбаатарын Сэржмядаг |
| Хэргийн индекс | 188/2022/0448/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/464 |
| Огноо | 2022-04-12 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Д.Ууганцэцэг |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 04 сарын 12 өдөр
Дугаар 2022/ШЦТ/464
2022 04 12 2022/ШЦТ/464
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Сэржмядаг даргалж тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
нарийн бичгийн дарга Г.Хулан,
улсын яллагч Д.Ууганцэцэг,
хохирогч Н.М,
шүүгдэгч Т.С нарыг оролцуулан Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т.Сд холбогдох эрүүгийн 2208000000000 тоот хэргийг 2022.03.15-ны өдөр хүлээн авч, шүүн хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1976 оны 2 дугаар сарын 04-ний өдөр төрсөн, 46 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, “П-Л” ХХК-д ковшийн оператор ажилтай гэх, ам бүл-4, эхнэр, хүүхдүүдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 00 дугаар хороо Хайрханы 00-00 тоотод оршин суух, урьд 2 удаагийн ял шийтгэлтэй, /РД:**00000000/ Өршөө овогт Тын С нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Т.С нь 2020 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 42 дугаар хороо Хайрханы 17-55 тоотод Н.Мтай маргалдан түүний толгой руу халуун тогооны төмөр тогоогоор цохиж зодсоны улмаас бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл учруулсан болох нь дараахь баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:
- Хохирогч Н.Мын “Би 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр би Т.Сгийн хамт архи аваад Цын гэрт очсон. Согтууруулах ундааны зүйл ууж байгаад би Т.С руу уурлаад “чи машины аккумлятор алдаад байхдаа яадаг юм бэ? Хүний юманд ядаж өөриймсөг бай л даа” гэсэн чинь Т.С над руу уурлаад ширээний хажууд шалан дээр байсан халуун тогоогоор миний толгой хэсэг рүү 4-5 удаа цохисон. Би тухайн үед зүүн гараараа хамгаалах гэж байгаад миний зүүн гар хавдаж хөхөрсөн байсан” гэх мэдүүлэг /х.х-7-8/,
- Шүүх-эмнэлгийн шинжээчийн 2022 оны 2 дугаар сарын 01-ний өдрийн 2353 дугаартай “Н.Мын биед зүүн чамархайн хуйх, дух, зүүн хөмсгөнд няцарсан шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний зовхи, зүүн бугалганд цус хуралт, баруун чамархайн хуйх, дух, хамрын нуруунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэмтэл байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /х.х-15-16/,
- Яллагдагч Т.Сгийн “2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр дэлгүүрээс 0,75 литрийн архи нэг шилийг аваад найз Цоомоогийн гэрт очсон. Н.М, Цоомоо, Батсайхан бид дөрөв тэр архиа хувааж уугаад байж байтал Батсайхан яваад өгсөн. Цоомоо бас “дахиж архи уухгүй, боллоо” гээд цаад өрөө рүүгээ орсон. Ширээний ард Н.М бид хоёр тэр архиа дуусгах гээд хувааж уугаад байж байтал Н.М над руу уурлаад “чи надад бага архи хийж өглөө” гээд дайраад байхаар нь би шалан дээр байсан жижиг тогоогоор Н.Мын толгой руу нь 2-3 удаа цохисон” гэх мэдүүлэг /х.х-62-64/ зэрэг баримтууд хамаарч байна.
Шүүхийн хэлэлцүүлгээр судлагдсан дээрх баримтууд, Т.Сгийн хувийн байдалтай холбоотой болон бусад баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой ба мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүхийн шийдвэрт нөлөөлөхүйц хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил болон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчсөн байдал тогтоогдоогүй тул прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн хүрээнд хэргийн үйл баримт, гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Т.С, хохирогч Н.М нар нь урьд танилын харилцаа холбоотой хүмүүс бөгөөд 2022 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр болсон үйл явдлаас хэд хоногийн өмнө хохирогч Н.М нь шүүгдэгч Т.Сгоор автомашинаа жолоодуулан Гачуурт руу хүргүүлсэн ба Т.С нь гэртээ буцаж ирэхэд тухайн автомашины бензин нь дууссан шалтгаанаар зүс таних Цын хашаанд орхиж явснаас болж автомашины аккумлятор нь алга болсон шалтгаанаар 2022 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр архидан согтуурсан үедээ маргалдаж, улмаар Т.С нь халуун тогооны төмөр тогоогоор Н.Мын толгой руу удаа дараа цохисноос болж Н.Мын бие махбодид “чамархайн хуйх, дух, зүүн хөмсгөнд няцарсан шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний зовхи, зүүн бугалганд цус хуралт, баруун чамархайн хуйх, дух, хамрын нуруунд зулгаралт” бүхий эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл учирсан болох нь шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан гэрч, хохирогч Н.Мын мэдүүлэг /х.х-7-8/, шинжээчийн 2022.02.01-ний өдрийн 2353 дугаартай дүгнэлт /х.х-15-16/, Т.Сгийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлсэн мэдүүлэг /х.х-62-64/ зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Т.С нь хувийн сэдэлтээр, шууд санаатайгаар Н.Мын хуулиар хамгаалагдсан халдашгүй эрх, эрх чөлөөнд нь хүч хэрэглэн халдаж зодсоны улмаас Н.Мын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн бүх шинжийг агуулсан байна.
Иймд Т.Сг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулж шийтгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Т.Сгийн хууль бус санаатай үйлдлийн улмаас хохирогч Н.Мын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь шинжээчийн 2353 дугаартай дүгнэлт, хохирогч Н.М нь “ширээний хажууд шалан дээр байсан халуун тогоогоор миний толгой руу 4-5 удаа цохисон. Би гомдолтой байна” гэх хохирогчийн мэдүүлгээр /х.х-7-8/ тус тус тогтоогдож байна.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “бусдын эрх, амь нас, эрүүл мэнд...эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйгээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, мөн хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж, мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаасаа өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж тус тус заасны дагуу хохирогч Н.М нь өөрийн эрүүл мэнд, эд хөрөнгөд учирсан гэм хорыг арилгахыг Т.Сгоос шаардах эрхтэй, өөрийн хууль бус санаатай үйлдлийн улмаас бусдын эрүүл мэнд, эд хөрөнгөд учирсан гэм хорыг шүүгдэгч Т.С нь хариуцан арилгах үүрэгтэй болно.
Шүүх хуралдаанд хохирогч Н.М нь “Би 3-р эмнэлэг дээр шархаа цэвэрлүүлж боолгуулсан. Шарханд оёдол тавиад 14 хоногийн дараа оёдлоо авахуулсан. Цаашид толгойн зураг авахуулах хүсэлтэй байна...” гэж мэдүүлсэн боловч эмчилгээ хийлгэсэн талаарх баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй тул шүүхээс тухайн иргэний нэхэмжлэлтэй холбоотой асуудлыг шийдвэрлэх боломжгүй учир хохирогч Н.Мын эрүүл мэндэд учирсан гэм хорыг арилгуулах тухай иргэний нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар жичдээ нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээхээр шийдвэрлэлээ.
Хохирогч Н.М нь “Т.Сд машинаа өгч явуулсны дараа аккумлятор алга болсон байсан. Хуучин аккумлятор 60000 төгрөгөөр авсан” гэж мэдүүлснийг шүүгдэгч Т.С нь ямар ч маргаангүйгээр хүлээн зөвшөөрч тухайн төлбөрийг нөхөн төлөхөө илэрхийлсэн тул Т.Сгоос 60000 төгрөг гаргуулж хохирогч Н.Мт олгох нь зүйтэй байна.
Шүүгдэгч Т.С нь урьд 2 удаа шүүхээр шийтгүүлж байсан болох нь дараахь баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:
1. Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2002 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн 49 дүгээр таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт зааснаар 10 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр тогтоож, 2002 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 421 дугаартай шүүгчийн захирамжаар хугацааны өмнө тэнсэн суллагдсан,
2. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 2 дугаар сарын 16-ны өдрийн 154 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэхээр тогтоож, эд хөрөнгө хураахгүйгээр 2 жилийн хугацаагаар оногдуулсан хорих ялыг тэнсэж, хянан харгалзах хугацааг 1 жилийн хугацаагаар тогтоож, хяналт тавихыг Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст даалгасан болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар /х.х-39/, шийтгэх тогтоолуудын хуулбар /х.х-43-46/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Шүүгдэгч Т.С нь шүүхээс хугацааны өмнө тэнсэн суллагдсан болон хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж хянан харгалзсан хугацаанд гэмт хэрэг шинээр үйлдээгүй, ялгүй болсон байх тул түүний урьд ял шийтгүүлж байсныг эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцсонгүй.
Шүүгдэгч Т.Сгийн үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Улсын яллагчаас шүүгдэгч Т.Сд “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 320 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах” санал гаргаж, шүүгдэгчээс “ажилд орчихвол нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлэхэд хүндрэлтэй нөхцөл байдал үүснэ” гэх тайлбар гаргаж дүгнэлт танилцуулах ажиллагаанд тус тус оролцсон болно.
Дээрх нөхцөл байдал болон Т.С нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлсэн, түүний хувийн байдал, орлогын байдал тодорхойгүй зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас нийтэд тустай ажил хийлгэх ялыг сонгон хэрэглэхээр шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.4, 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Өршөө овогт Тын Сг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Өршөө овогт Тын Сд 320 /гурван зуун хорин/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийтгэсүгэй.
3. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар Өршөө овогт Тын Сгоос 60000 /жаран мянган/ төгрөг гаргуулж хохирогч Н.Мт олгосугай.
4. Шүүгдэгч Т.С нь хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хувийн эд зүйл, бичиг баримт хураалгаж, битүүмжлүүлээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан хохирогч Н.Мын эрүүл мэндэд учирсан гэм хорын нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч нь нотлох баримтаа бүрдүүлж өөрийн болон Т.Сгийн оршин суугаа газрын иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэйг болохыг заасугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Т.Сд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Энэхүү шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй тохиолдолд нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг хорих ялын нэг хоногоор дүйцүүлэн тооцож хорих ялаар солино гэдгийг Т.Сд мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ С.СЭРЖМЯДАГ