Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 12 сарын 27 өдөр

Дугаар 2022/ШЦТ/32

 

 

 

 

 

 

 

  2021        12          27                                   2022/ШЦТ/32

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                    

          Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж,

    Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Пүрэвдагва,

Улсын яллагч Б.Оюун-Эрдэнэ,

Хохирогч Х.Ш,

Шүүгдэгч Д.Э нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч М овогт Д-ы Э-т холбогдох эрүүгийн 2106 00000 2315 дугаартай хэргийг 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

          Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

          Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1989 оны 7 дугаар сарын 11-ны өдөр Хөвсгөл аймгийн Тариалан суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, Тээврийн товчооны зүүн талд байрлах, “Саруул зах” доторх авто угаалгын газарт машин угаадаг ажилтай, ам бүл 3, эхнэр охины хамт Хөвсгөл аймаг, Тариалан сум, 1 дүгээр баг, Мандал 10 дугаар гудамж 12 тоотод оршин суух хаягтай боловч Сонгинохайрхан дүүргийн 00 дүгээр хороо, Зээлийн 00 тоотод түр оршин суух хаягтиай, урьд ял шийтгэлгүй, регистрийн дугаар хх0000000, М овогт Д-ы Э . 

 

           Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

 

         Шүүгдэгч Д.Э нь 2021 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэр үйл ажиллагаа явуулдаг “Их буурал” төвийн зочид буудалд иргэн Х.Ш-н өмчлөлийн Самсунг Эй-51 загварын гар утас, 4.370.000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж нийт 4.870.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

        Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

        Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Э мэдүүлэхдээ: “...2021 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр Шинээ ах намайг “буудлаас ирээд  аваач” гэж дуудсан. Очоод найзтайгаа хамт байсан. Би такси барьж очоод таксины төлбөрийг төлөх гэтэл карт нь блоклогдсон байсан. Тэгээд “ахын дүү интернэт банкны кодыг тайлаад таксины төлбөрийг төлчих” гэж хэлсэн. Би таксины төлбөрийг шилжүүлж, буудлын тооцоог хийсэн. Намайг юманд яваад ир гэж явуулахад нь би мөнгийг нь тоглож байгаад алдсан.” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Х.Ш мэдүүлэхдээ: “...Би тухайн өдөр найзтайгаа согтууруулах ундаа хэрэглэсэн байсан. 01 цаг 26 минутад миний интернэт банкны кодыг өөрчилж Энхбаяр орсон байсан. Ахин кодыг өөрчилж ороод дансанд байсан бүх мөнгийг хэрэглэсэн. Энэ талаар би 2 хоногийн дараа мэдсэн. Ломбардын төлбөрийг би өөрөө төлж авсан. Нийт 4.694.000 төгрөгийн хохирол нэхэмжилж байна. Бид 2-3 удаа утсаар холбогдоход “төлж барагдуулна” гэж хэлдэг боловч одоог хүртэл төлбөрөөс төлж барагдуулсан зүйлгүй байна.” гэв.

 

Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудаас мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Х.Ш-н өгсөн мэдүүлэг /хх-16/, “Тэнцвэр эстимейт” ХХК-ийн 2021 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн Ц-809 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-18-20/, Д.Э-ын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-38-39/, “Хаан” банкны 55555555555 тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-30/, шүүгдэгч Д.Э-ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-46/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.

 

Гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Д.Э-ын 2021 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэр үйл ажиллагаа явуулдаг “Их буурал” төвийн зочид буудалд иргэн Х.Ш-н өмчлөлийн Самсунг Эй-51 загварын гар утас, 4.370.000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж нийт 4.870.000 төгрөгийн хохирол учруулсан гэм буруутай болох нь хавтаст хэрэгт цугларсан дараахи нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:

 

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Х.Ш-н өгсөн: “...2021 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Их Буурал гэсэн нэртэй буудалд найз болох Баатартай хамт нэг шил архи уугаад сууж байсан....13 цаг өнгөрч байхад Энхбаяр ирэхэд нь би Баатартай хамт архи уугаад тасарчихсан байсан. Тэгээд орой 18 цагийн үед ухаан ороод сэртэл буудлын өрөөндөө ганцаараа сэрсэн. Тэгээд сэрээд өөрийн гар утсаа хайгаад олоогүй, буудлаас хоол идчихээд буцаад унтаад өгсөн. Маргааш нь 10 цагийн үед буудлаасаа гараад гэртээ хариад, Баатартай утсаар холбогдоод, Энхбаяр руу залгатал утсаа авахгүй болохоор нь өөрийн интернэт банкаар орж дансаа шалгатал дансанд байсан мөнгө байхгүй болсон байсан. 2020 онд Самсунг А-51 ногоон өнгөтэй гар утсыг 998000 төгрөгөөр хорооллын Тэдигээс худалдаж авч байсан, хаан банкны виза карт, дансанд байсан. 4 370 000 төгрөг данснаас гарсан байсан...гар утсаа барьцаалан зээлдэх газар/ломбард/-аас 324 000 төгрөгөөр авсан. Нийт 4 694 000 төгрөг нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг /хх-16/,

 

        Мөрдөн шалгах ажиллагаанд Д.Э-ын яллагдагчаар өгсөн: “...Х.Ш надад хандаж би интернэт банкаа блоклосон байна. Чи кодыг нь гаргаад таксины мөнгө шилжүүлчих гэж хэлсэн. Тэгээд би тэнд байсан хүмүүс буудлынхаа өрөөг солиод намайг архи мөн хөлсний эмэгтэй байвал олоод ир гэж хэлсэн. Тухайн үед Х.Ш-н гар утас болон гар утасны гадна талын гэрэнд байсан хаан банкны картыг нь аваад архи олж ирэхээр гарч явсан. Тэгээд би Баянгол дүүрэг өргөөгийн ар талд байрлах интернэт тоглоомын газарт очиж интернэт покер тоглож Х.Ш-ын хаан банкны дансанд байсан 4.300.000 төгрөгийг өөрийн eegii0707 гэх цахим хаягаар нэвтэрч интернэт покер тоглож алдсан...” гэх мэдүүлэг /хх-38-39/,

 

Хаан банкны 55555555555 тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-30/,

Шүүгдэгч Д.Э-ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-46/ зэрэг болно.

 

 Ийнхүү шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсэгт дурдагдсан байдлаар шүүгдэгч Д.Э нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан буюу хулгайлах гэмт хэргийг үйлдсэн болох нь эд зүйл хүлээн авч, хүлээлгэн өгсөн мөрдөгчийн тэмдэглэл, хохирогч Х.Ш-н мэдүүлэг, яллагдагч Д.Э-ын мэдүүлэг, хохирол төлсөн баримтууд болон бусад хавтас хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд зэргээр нотлогдон тогтоосон байх тул шүүх дээрхи нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно.

 

Иймд шүүгдэгч Д.Э-ын 2021 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэр үйл ажиллагаа явуулдаг “Их буурал” төвийн зочид буудалд иргэн Х.Ш-н өмчлөлийн Самсунг Эй-51 загварын гар утас, 4.370.000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж нийт 4.870.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.

 

Хулгайлах гэмт хэрэг нь бусдын өмчлөх эрхэд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.

Түүнчлэн энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй.

 

Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Д.Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон гэж үзлээ.

 

Дээрхи байдлаар шүүгдэгч Д.Э-ын гэмт хэрэг үйлдсэн гэм буруу тогтоогдсон учир түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй.

 

Шүүгдэгч Д.Э-аас гэмт хэргийн улмаас учирсан хохирол болох 4.694.000 төгрөгийг гаргуулж хохирогч Х.Шод олгох нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-д заасан “эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэж хуульчилжээ.

 

Шүүх шүүгдэгч Д.Э-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.

 

Шүүхээс шүүгдэгч Д.Э-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулахаар шийдвэрлэв.

 

Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан шүүгдэгч Д.Э-т оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-д тус тус зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтов.

 

            Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

           1. Шүүгдэгч М овогт Д-ы Э-ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан буюу хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

           2. Д.Э-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

                                                                                                                                                      

           3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар Д.Э-т оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Д.Э-аас 4.694.000 төгрөгийг гаргуулж хохирогч Х.Шод олгосугай.

 

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

           

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шүүгдэгч Д.Э-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьж, түүний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай..

 

7. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

     8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл Д.Э-т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ,

                                             ШҮҮГЧ                                Э.ЧИНГИС