| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Төмөрийн Балжинням |
| Хэргийн индекс | 140/2017/00430/И |
| Дугаар | 411 |
| Огноо | 2017-08-29 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 08 сарын 29 өдөр
Дугаар 411
******* аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Балжинням даргалж, нарийн бичгийн дарга Т.Чулуунхүү, нэхэмжлэгч Ц.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Ц.*******ын нэхэмжлэлтэй улсад ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд ТОДОРХОЙЛОХ нь:
******* аймгийн ******* сумын ******* багт оршин суух ******* овогт *******гийн ******* шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1986 оны 01 дүгээр сарын 05-нд Зөвлөлт холбоот улсад үйлдвэрлэл сургалтын курсэд оёдолчин мэргэжлээр суралцаж төгссөн. 1987 оны 01 дүгээр сарын 15-нд ******* аймгийн Ахуй үйлчилгээний удирдах газарт хувиарлагдан ирж нормын ажил хийдэг байсан. 1990 онд Ахуй үйлчилгээ тараад 1991 онд Уламжлал ББХ хоршоолол нэртэйгээр үйл ажиллагаа явуулж байгаад 1994 оны 08 дугаар сарын 31-нд татан буугдсан. Архиваас шүүхэд ажилд орсон тушаал нь гарч ирээд, харин гарсан тушаал нь олдохгүй байна. Мөн хөдөлмөрийн дэвтэрт гарсан тушаал бичигдээгүй учир тэтгэвэрт гарахад ажилласан жил хүрэхгүй байгаа тул намайг 1987 оны 02 дугаар сарын 02-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл ******* аймгийн Ахуй үйлчилгээний удирдах газарт оёдолчноор ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ц.******* 1987 оны 02 дугаар сарын 02-ны өдөр ******* аймгийн ахуй үйлчилгээний удирдах газарт оёдолчноор ажилд орсон болох нь ******* аймгийн ахуй үйлчилгээний удирдах газрын даргын 1987 оны 01-р сарын 28-ны өдрийн 25 дугаартай зарим хүмүүсийг оёдолчноор ажиллуулах тухай тушаалаар тогтоогдож байна.
Харин 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдөр тус ажлаас чөлөөлөгдсөн гэж нэхэмжлэгч нэхэмжлэлдээ бичсэн боловч энэ талаарх бичиг баримт байхгүй байна.
Гэвч түүнийг дээрх хугацаанд ажиллаж байсан болох нь 1987 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр нээлгэж бичилт хийлгэсэн хөдөлмөрийн дэвтэрээр нотлогдож байна.
Мөн энэ талаар мэдүүлсэн гэрч Ш.*******гийн ...Би 1986 онд аймгийн ахуй үйлчилгээнд оёдолчноор ажилд орсон юм. *******, *******, , ******* нар 1987 оны 01-р сард Орос улсын оёдлын курс төгсөж ирээд ахуй үйлчилгээнд оёдолчноор ажилд орсон. 1991 оны 12-р сард манай ахуй үйлчилгээ тараад жижиг, жижиг хоршоолол болсон. Үүнээс хойш *******ын талаар мэдэхгүй байна. ******* 1987 оны 01-р сараас 1991 оны 12-р сарын сүүлчээр ахуй үйлчилгээ тарах хүртэл ажилласан юм. ... гэсэн,
гэрч Б.гийн ...1987 онд Орос улсаас оёдолчны ТМС төгсөөд 10 гаран хүүхэд ирсэн. Тэрний дунд ******* төгсөж ирээд нийтийн ахуй үйлчилгээний оёдлын тасгийн манай бригадад ажиллаж байсан. Тэр үед эгнээ эгнээгээр 1-4 бригад гэж хуваагддаг байсан. Одоо хэддүгээр эгнээ буюу бригад байсан гэдгээ санахгүй байна. ******* лав манай эгнээнд суудаг байсан. 1991 онд Нийтийн ахуй үйлчилгээ тараад жижиг салбарууд хоршоо болж хуваагдсан юм. Тэгээд оёдолчид хоршоололдоо ажилласан. ... гэсэн,
гэрч Б.гийн ...******* 1987 онд манай нийтийн ахуй үйлчилгээнд гадаад улсаас төгсөж ирээд оёдолчноор орж байсан. Тэгээд нийтийн ахуй үйлчилгээ 1992 онд татан буугдсан. *******той 1987-1992 оныг хүртэл хамт ажиллаж байсан. ... гэсэн мэдүүлгүүдээр Ц.*******ын ажиллаж байсан байдал давхар нотлогдож байна.
Шүүх гэрчүүдээс хуульд заасан журмын дагуу мэдүүлэг авсан бөгөөд тэдний мэдүүлэг өөр хоорондоо зөрүүгүй, хүсэлт гаргагчийн тогтоолгохыг хүссэн хугацаанд хамаарч байх тул шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд шийдвэрийн үндэслэл болгон нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 115 ДУГААР ЗҮЙЛИЙН 115.2.1, 116, 118 ДУГААР ЗҮЙЛҮҮДИЙГ УДИРДЛАГА БОЛГОН ТОГТООХ НЬ:
1. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар ******* овогт *******гийн *******ыг 1987 оны 02 дугаар сарын 02-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл ******* аймгийн ахуй үйлчилгээний удирдах газарт оёдолчноор ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2. Монгол Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар хүсэлт гаргагч Ц.*******ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болно.
4. Хүсэлт гаргагч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногт ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Т.БАЛЖИННЯМ