Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 04 сарын 12 өдөр

Дугаар 2022/ШЦТ/460

 

2022         04           12                                  2022/ШЦТ/460

 

 

                                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Сэржмядаг даргалж тус шүүхийн “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

нарийн бичгийн дарга Г.Хулан,

улсын яллагч Д.Ширэндэв,

хохирогч Ц.У,

шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Бд холбогдох эрүүгийн 2108030000000 тоот хэргийг 2022.03.10-ны өдөр хүлээн авч, шүүн хэлэлцэв.

                                              

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1993 оны 12 дугаар сарын 11-ний өдөр төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, бетон, армотурчин мэргэжилтэй, хувиараа армотурчин ажилтай, ам бүл-5, эх, ах, эгч, дүү нарын хамт Сонгинохайрхан дүүргийн 00 дугаар хороо, Орбитын 00-00 тоотод оршин суух, урьд 3 удаагийн ял шийтгэлтэй, /РД:**0000000/ Боржигон овогт Бгийн Б нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэх буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

                                                                                                                ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Б.Б нь 2021 оны 11 дүгээр сарын 26-наас 27-нд шилжих шөнө 01 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 35 дугаар хороо, Орбитын 00-00а тоот хашаанд Ц.Уын нүүрэнд нь мөргөж, түүний бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл учруулсан болох нь дараахь баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

- Хохирогч Ц.Уын “2021 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр бид ширээ засаад хүүгийнхээ төрсөн өдрийг тэмдэглээд байж байхад... гаднаас 01 цагийн үед Э.Б эгчийн нөхрийн дүү Бираа гэх залуу согтуу орж ирсэн. Тэгэхээр нь би ах наашаа суу гээд ширээнд ойртуулан суулгаад 2 аяга пиво өгсөн чинь өөрөө уусан. Тэгээд байж байснаа эгчтэй гэрийн үүдэнд ярилцаж байснаа гадаа үүдний амбаарт гараад хэрэлдээд эхэлсэн. Би гэрээс гараад Бирааг “та одоо тайвшир” гэж хэлээд холдуулах гэхэд миний баруун нүд хэсэгт духаараа мөргөсөн чинь дээд хөмсөг хэсгээс цус гараад эхэлсэн тул би гараараа дараад гэрт ороод үүдээ түгжиж байгаад цагдаад дуудлага өгсөн.” гэх мэдүүлэг /х.х-10-12/,

- Шүүх-эмнэлгийн шинжээчийн 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 11889 дугаартай “Ц.Уын биед баруун нүдний ухархайн доод хананы хугарал, баруун хөмсөгт шарх, баруун зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт /х.х-16-17/,

- Гэрч Э.Бийн “Б.Б гэрийн гадаа гарчихаад п...а нараа гэж орилсон бөгөөд би гарч очоод Б.Бд “миний дүү одоо яв” гэж хэлэхэд намайг түлхээд гэдэс рүү хөлөөрөө жийхээр нь би ухаан алдаад сэртэл Ц.Уын нүд рүү цохисон байна.” гэх мэдүүлэг /х.х-27/,

- Гэрч О.Цын “Би Б.Б ахтай маргалдаж байгаад шууд гэрт орж ирсэн. Тэр үед Ц.У би гараад “Б.Б ахыг тайвшруулаад ирье гээд гарсан” боловч удаагүй нүүрээ дараад орж ирсэн тэгтэл хөмсөг нь задарч цус гарсан харагдаж байсан юу болсон талаар асуухаар миний нүүр рүү мөргөчихлөө гэж хэлсэн. Миний биед учирсан гэмтэл байхгүй тул надад гомдол, санал байхгүй.” гэх мэдүүлэг /х.х-36/,

- Гэрч Э.Эийн “Ц.У гарч ирээд “Бираа ахаа одоо тайвшир” гээд өөдөөс нь очсон чинь Ц.Уын нүүр рүү духаараа ямар нэгэн зүйл хэлэлгүй шууд мөргөсөн. Тэр үед Ц.Уын хөмсөг, хамарснаас цус гараад байхаар нь би цагдаад хандан дуудлага өгсөн.” гэх мэдүүлэг /х.х-39-41/,

- Яллагдагч Б.Б-ын “Ц.У дундуур орж ирээд байхаар нь би нүүр рүү нь нэг удаа мөргөчихсөн юм. Ц.Уын биед гэмтэл учруулсан үйлдлээ би хүлээн зөвшөөрч байна. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэх мэдүүлэг /х.х-88/ зэрэг баримтууд хамаарч байна.

Шүүхийн хэлэлцүүлгээр судлагдсан дээрх баримтууд болон шүүгдэгч Б.Б-ын хувийн байдалтай холбоотой бусад баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан байх тул нотлох баримтаар үнэлж шийдвэрлэлээ. 

Шүүгдэгч Б.Б нь 2021 оны 11 дүгээр сарын 26-наас 27-нд шилжих шөнө 01 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 35 дугаар хороо, Орбитын 00-00а тоотод оршин суух төрсөн ахын эхнэр буюу бэр эгч Э.Бийн гэрт шөнийн 00 цагийн орчимд очсон ба тухайн гэрт бэр эгч Э.Б, түүний төрсөн дүү Э.Э, түүний хүргэн дүү Ц.У, найз О.Ц, Д, О нарыг хүүхдийн төрсөн өдөр тэмдэглэж байгааг хараад бэр эгч Э.Бтэй хэрүүл маргаан үүсгэсэн ба Э.Бийн гэдэс рүү нь өшиглөж унагаах, О.Цыг нуруунд нь сүхээр цохиж, өшиглөж, хөл рүү нь өшиглөх зэргээр зодсон ба түүнийг тайвшруулахаар очсон Ц.Уын нүүрэн тус газар мөргөж түүний бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл учруулсан болох нь хохирогчийн “2021 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр хадам эгч Э.Бийн гэрт эхнэр Э.Э, найзууд О.Ц, О нарын хамт очсон бөгөөд Э.Б эгчийн хүргэн дүү болох Б.Б гаднаас согтуу орж ирсэн. Ингээд орж ирээд бид нарыг “нөхөр нь байхгүй хойгуур айл эзгүйчиллээ” гэж хэрүүл маргаан үүсгэж хадам эгч Э.Бийг жирэмсэн гэдгийг мэдсээр байж гэдэс рүү нь өшиглөсөн. Тэгээд би “жирэмсэн эмэгтэйг яаж байгаа юм” гэж хэлэхэд надтай маргалдаж Б.Б шууд миний нүүр рүү нэг удаа мөргөсөн” гэх мэдүүлэг /х.х-93/, шүүх эмнэлгийн шинжээчийн 2021.11.30-ны өдрийн 11889 дугаартай дүгнэлт /х.х-16-17/, гэрч Э.Бийн “...00 цагийн орчимд Б.Б согтуу манай гэрт орж ирсэн. Тэгээд бид нартай хамт 2.5 литрийн пиво уусан бөгөөл “явлаа” гэж хэлэхэд би “яваад хэрэггүй, би чамд орж засаад өгье” гэж хэлэхэд эсэргүүцэж үүдэнд сууж байсан. Тэр үед Ц.У, Э.Э болон О.Ц нар гаднаас тамхи татчихаад орж ирсэн. Тэгээд Э.Э нь Б.Бд хандан “таниас зөндөө гуйлаа. Унтвал унт, явбал яв” гэж хэлэхэд Б.Б гэрийн гадаа гарчихаад “гараад ир п...а нараа алалцъя” гэж орилсон бөгөөд О гараад “та одоо боль л доо” гэж хэлэхэд түлхээд унагаахад би гарч очоод Б.Бд “миний дүү одоо яв, гэртээ харь” гэж хэлэхэд намайг түлхээд миний гэдэс рүү хөлөөрөө жийсэн. Тэгээд би ухаан алдаад сэргэтэл Ц.Уын нүд рүү цохьсон, О.Цын нуруу нь сүхээр цохьсон байна” гэх мэдүүлэг /хх-27/, шүүх-эмнэлгийн шинжээчийн 2021.11.30-ны өдрийн 11892 дугаартай “...ураг 6 долоо хоног, 2 хоногтой...Дүгнэлт: Э.Бийн биед гэмтэл тогтоогдсонгүй” гэх дүгнэлт /хх-22-23/, гэрч О.Цын “...шөнө 01 цагийн үед Б.Б орж ирсэн. Тэгээд ирээд төрсөн өдрийн ширээнд суугаад нэг аяга пиво уугаад байж байгаад босоод яваад үүдний хэсэгт зогсож байгаад “та нар яагаад миний ахын гал голомтод дээр архи дарс уугаад байгаа юм бэ” гэж хэлсэн. ...тэгээд удалгүй гадаа дуу чимээ гарахаар нь үүдний хэсэгт яваад очиход Д, Э.Э хоёр Э.Б эгчийг өргөөд орж ирсэн. ...асуухад Б.Б нь үгээр доромжлон гэдэс рүү нь нэг удаа, хөл рүү нь хоёр удаа өшиглөсөн гэхээр нь би гарч очоод Б.Б-ыг бариад авсан, барьцалдаж байгаад салах мөчид Б.Б нь сүх аваад далайхаар нь би зөрүүлээд биеээсээ холдуулж түлхсэн. Тэгээд би буцаж үүдний амбаарт орж ирээд байж байхад Б.Б нь багажнаас цаасны хутга авч хармайлсан. Тэгээд бид гэрийнхээ хаалгыг дотроос нь түгжээд онгойлгоогүй. Би шүүх эмнэлэгт үзүүлэхгүй” гэх мэдүүлэг /х.х-36/, гэрч Э.Эийн “гаднаас Э.Б эгчийн нөхөр Рийн төрсөн дүү Б.Б нилээн халамцуу орж ирсэн. Бид түүнийг ширээний урд суулгаад пивоноос аягалж өгсөн чинь “гарч тамхи татах уу” гэхээр нь би хамт гарч үүдний амбаарт тамхилаад зогсож байхаад надад хандан “чи найзуудаа аваад гэртээ ууж идэж болохгүй байгаа юм” гэж хэлсэн. Учир нь О.Цтай эгч Э.Бийг хардаад буруу ойлгоод байсан юм шиг санагдсан. Тэгээд намайг “чи чинь гэр оронгүй гэлүү, ах нь бол одоо шууд гэртээ ороод унтчих чадалтай явна ш дээ” гэж хэлэхээр нь “та одоо яагаад намайг доромжлоод байгаа юм” гэж хэлээд орилох үед эгч Э.Б түүнийг сонсоод гарч ирээд Б.Б-ыг “гэртээ харьж унт” гэхэд “чи намайг миний ахын гэрээс хөөлөө” гэж эгчтэй маргалдаж эхэлсэн. ..намайг гарсан чинь О.Ц Б.Б ахыг хүлчих үү гээд байж байсан. Тэгээд надад хандан “наадах чинь над руу сүх барьж дайрсан. Гэхдээ арай онож цохисонгүй, хүн алах гэж байна ш дээ” гэж хэлээд зогсож байсан.. Ц.У гарч ирээд “Бираа ахаа одоо тайвшир” гэж хэлээд өөдөөс нь очсон чинь Ц.Уын нүүр рүү ямар нэг юм хэлэлгүй шууд мөргөсөн” гэх мэдүүлэг /х.х-39-41/ зэрэг баримтуудаар нотлогдож байна.

Дээрх баримтуудаар Б.Б нь үл ялиг зүйлээр шалтаглан шөнийн цагаар хүмүүсийн амгалан тайван байдлыг алдагдуулж хэрүүл маргаан үүсгэн бусдыг хэл амаар доромжлон жирэмсэн бэр эгчийгээ гэдэс рүү нь тийрч унагах, О.Ц руу сүх барьж дайрах, зэргээр агсамнан улмаар түүний үйлдлийг таслан зогсоох зорилгоор очсон Ц.Уын нүүр лүү нь мөргөж, түүний бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл учруулсан нь танхайн сэдэлттэй, шууд санаатай үйлдэл байх тул Б.Б-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулж шийтгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Б.Б-ын хууль бус санаатай үйлдлийн улмаас Ц.Уын бие махбодид “баруун нүдний ухархайн доод хананы хугарал, баруун хөмсөгт шарх, баруун зовхинд цус хуралт” бүхий гэмтэл учирсан нь хөнгөн гэмтлийн зэрэгт хамаарч байгаа ба уг гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтэл болох нь шинжээчийн 2021.11.30-ны өдрийн 11889 дугаартай дүгнэлтээр /х.х-16-17/ тогтоогдож байна.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, мөн хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д “бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж тус тус заасны дагуу өөрийн хууль бус үйлдлийн улмаас бусдын эрүүл мэнд, эд хөрөнгөд учирсан гэм хорыг шүүгдэгч Б.Б нь хариуцан арилгах үүрэгтэй, хохирогч Ц.У нь өөрийн эрүүл мэнд, эд хөрөнгөд учирсан гэм хорыг арилгахыг Б.Бас шаардах эрхтэй байна.

Хохирогч Ц.У нь эмчилгээ, шинжилгээтэй холбоотой гарсан төлбөр зардлын 210400 төгрөгийн нотлох баримт гаргаж өгч /х.х-100-101/, өвчтэй байсан буюу 12 өдрийн цалинтай тэнцэх хэмжээний төлбөр 900000 төгрөгийг тус тус нэхэмжилсэн болно.

Хохирогч Ц.У нь “Мөнгөн самнаа” ХХК-ийн үйлдвэрлэлийн албанд гагнуурчин албан тушаалд 2021 оны 7 дугаар сараас эхлэн өдрийн 75000 төгрөгийн цалинтайгаар ажилладаг гэх тодорхойлолтыг /хх-101/ ирүүлсэн байна.

Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д “бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого ... зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж заасан бөгөөд дээр дурьдсан албан бичгийг үндэслэн Ц.Уын дутуу авсан цалин хөлсний тооцоог гаргах боломжгүй, баримт хангалтгүй байх тул холбогдох нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч нь нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үйлдээхээр шийдвэрлэв.

Шүүгдэгчийн зүгээс шүүх хуралдаан дээр хохирогчийн эмчилгээтэй холбогдон гарсан баримтаар нотлогдсон зардал болох 210500 төгрөгийг гарган өгч хохирогчид хүлээлгэн өгсөн тул Б.Б нь өнөөдрийн байдлаар бусдад төлбөргүй болсон байна.

Шүүгдэгч Б.Б нь урьд 3 удаа шүүхээр шийтгүүлж байсан болох нь:

-      Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2011 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 423 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3 дахь хэсэгт зааснаар 6 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр,

-      Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 2019/ШЦТ/698 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тусгай ажил хийлгэх ялаар,

-      Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 2020/ШЦТ/70 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 2019/ШЦТ/698 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялаас эдлээгүй үлдсэн 196 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг нэмж нэгтгэн, нийт 496 цагийн хугацаагаар нийтэд тусгай ажил хийлгэх ялаар тус тус шийтгүүлж байсан болох нь эрүүгийн хариуцлагыг хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /х.х-57/, шийтгэх тогтоолуудын хуулбар  хувь /х.х-60-80/ баримтаар тус тус тогтоогдож байна.

Шүүх хуралдааны дүгнэлт танилцуулах шатанд улсын яллагчаас Б.Бд “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1300 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1300000 төгрөгөөр торгох ял оногдуулах, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 2020/ШЦТ/70 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 496 цагийн хугацаагаар нийтэд тусгай ажил хийлгэх ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолоор оногдуулж байгаа торгох ялаас тус тусад нь эдлүүлэх, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 2020/ШЦТ/70 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 496 цагийн хугацаагаар нийтэд тусгай ажил хийлгэх ял нь Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д заасан үндэслэлд хамаарч байх тул оногдуулсан ялыг өршөөх” саналыг, шүүгдэгч Б.Б нь “улсын яллагчтай санал нэг байна” гэх хүсэлтийг тус тус гаргалаа.

Шүүгдэгч Б.Б-ын үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүгдэгч Б.Б нь урьд 3 удаа шүүхээр шийтгүүлж байсан ба Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 2020/ШЦТ/70 дугаартай шийтгэх тогтоолоор Б.Бд оногдуулсан 496 цагийн хугацаагаар нийтэд тусгай ажил хийлгэх ял оногдуулж, Б.Б нь уг ялаа эдэлж дуусаагүй үедээ санаатай гэмт хэрэг үйлдсэн байх тул эдлээгүй үлдсэн нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг хорих ялын нэг хоногоор дүйцүүлэн тооцож хорих ялыг эдлүүлэх үндэслэлтэй байна.

Гэвч Өршөөл үзүүлэх тухай хууль 2021 оны 7 дугаар сарын 6-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөгдөж эхэлсэн бөгөөд хэргийн нөхцөл байдал, улсын яллагчийн санал болон Б.Б-ын хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Өршөөл үзүүлэх тухай /2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн/ хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д заасныг баримтлан Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 2020/ШЦТ/70 дугаартай шийтгэх тогтоолоор Б.Бд оногдуулсан 496 цагийн хугацаагаар нийтэд тусгай ажил хийлгэх ялаас өршөөн хэлтрүүлж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1300 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулж, торгох ялыг энэхүү шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 5 сарын хугацаанд хувь тэнцүүлэн хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.

 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Боржигон овогт Бгийн Б-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Боржигон овогт Бгийн Бд 1300 /нэг мянга гурван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1300000 /нэг сая гурван зуун мянган/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан Б.Бд шүүхээс оногдуулсан 1300000 төгрөгөөр торгох ялыг энэхүү шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 5 /таван/ сарын хугацаанд хувь тэнцүүлэн хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Өршөөл үзүүлэх тухай /2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн/ хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д заасныг баримтлан Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 2020/ШЦТ/70 дугаартай шийтгэх тогтоолоор Б.Бд оногдуулсан 496 цагийн хугацаагаар нийтэд тусгай ажил хийлгэх ялаас өршөөн хэлтрүүлсүгэй.

5. Шүүгдэгч Б.Б нь хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хувийн эд зүйл, бичиг баримт хураалгаж, битүүмжлүүлээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй ба шүүх хуралдаанд хохирогчид 210500 төгрөгийг хүлээлгэн өгсөн, үлдэгдэл 900000 төгрөгийг 2 сарын хугацаанд төлж барагдуулахаар тохиролцсон болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан хохирогч Ц.Уын ажилгүй байсан хугацааны цалин 900000 төгрөг нэхэмжилсэн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч нь нотлох баримтаа бүрдүүлж жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

7. Энэхүү шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Б.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Энэхүү шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9. Шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд тогтоосон хувь хэмжээгээр биелүүлээгүй тохиолдолд торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг хорих ялын нэг хоногоор дүйцүүлэн тооцож хорих ялаар солино гэдгийг Б.Бд мэдэгдсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                               С.СЭРЖМЯДАГ