Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 07 сарын 19 өдөр

Дугаар 1626

 

Б.Баярхүүгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Т.Туяа, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 183/ШШ2017/01153 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Б.Баярхүүгийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Иргэний нисэхийн ерөнхий газрын харьяа Газрын тусгай үйлчилгээний албанд холбогдох

 

Ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай иргэний хэргийг,

 

Нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2017 оны 6 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Баярхүү,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Монгол,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Болор-Эрдэнэ,

Хариуцагчийн өмгөөлөгч Ц.Ариунзул,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Янжинлхам нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд Иргэний нисэхийн ерөнхий газрын харьяа Газрын тусгай үйлчилгээний албаны Захиргаа, Хүний нөөцийн хэлтэст холбогдуулан нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэг хянан хэлэлцэх шүүх хуралдаанд хариуцагч тал нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч, эвлэрэх саналтай байгаагаа илэрхийлснээр тус шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 183/ШШ2017/00311 дугаар шүүгчийн захирамж гарч, зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон. Ингээд Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2-д ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтныг өмнө нь эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон бол урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн авна гэж заасны дагуу ажилдаа орохоор очтол байгууллагын дарга С.Нацагдорж “Ямар ч нөхцөлд таныг урьд эрхэлж байсан ажилд чинь тавихгүй, гараад Санхүү эдийн засгийн хэлтсийн дарга н.Баярмаатай уулз” гэж хэлсэн. Ингээд Б.Баярхүү намайг ашиглалтын тоо бүртгэгч /агаарын хөлгийн газрын үйлчилгээний хэлтсийн тоо бүртгэгч/-ээр ажилд эргүүлэн авахаар Иргэний нисэхийн ерөнхий газар Газрын тусгай үйлчилгээний албаны даргын 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн Б/44 дугаар тушаал гаргасан боловч урьд эрхэлж байсан ажилд ажиллаж байсан хүнийг ажлаас чөлөөлөөгүй, ажлыг минь өгөөгүй. Тушаалд ажил хүлээлцэх талаар ямар ч заалт оруулаагүй. Ингээд санхүү, эдийн засгийн хэлтсийн дарга н.Баяраа “урьд эрхэлж байсан ажил албан тушаал дээр чинь тавихгүй, н.Бямбасүрэн даргын хүн байгаа учраас болохгүй байна, техникийн тоо бүртгэгч хийж байгаа М.Уранцэцэгийн ажлыг хүлээж ав” гэж нягтлан бодогч н.Тамирыг ажлыг нь хүлээлц гэж миний саналыг харгалзахгүйгээр албадан шаардсан. Би урьд эрхэлж байсан хуучин ажлаа хийнэ гэж хэлсэн бөгөөд Газрын тусгай үйлчилгээний албаны захиргаанд энэ талаар өргөдөл гаргасан бөгөөд шүүхийг үл хүндэтгэн, шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэхгүй байгаад гомдолтой байна. М.Уранцэцэг ч гэсэн ажлаа чөлөөлөгдөөгүй байсан тул ажлаа өгөхгүй нь мэдээж байсан. Ингээд Иргэний нисэхийн ерөнхий газар Газрын тусгай үйлчилгээний албаны даргын 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн Б/47 дугаар тушаалаар намайг ажлын 5 өдөр шалтгаангүйгээр ажил тасалсан гэж ажлаас чөлөөлсөн. Гэтэл би миний тушаал гарсан өдрөөс эхлэн ажил таслаагүйгээр барахгүй хурууны хээгээр бүртгэдэг бүртгэлийн аппаратанд хуруугаа бүртгүүлж ажлын байрандаа байсан. Иймээс Б.Баярхүү намайг урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин нөхөн олгуулах, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Хариуцагч ИНЕГ-ын харьяа Газрын тусгай үйлчилгээний алба нь Б.Баярхүүгийн өмнө гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, албаны даргын 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн Б/44 дүгээр тушаалаар Б.Баярхүүг Санхүү бүртгэлийн хэлтэст ашиглалтын тоо бүртгэгчээр томилж, хөдөлмөрийн гэрээ байгуулсан. Б.Баярхүү нь хөдөлмөрийн гэрээ байгуулсны дараа удирдах албан тушаалтнаас өгсөн үүрэг даалгаврыг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр биелүүлээгүй, ажлын 5 өдөр шалтгаангүйгээр ажил тасалж хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан тул албаны даргын зөвлөлийн 2 дугаар хурлын шийдвэрийн дагуу ИНЕГ-ын харьяа Газрын тусгай үйлчилгээний албаны даргын 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 5/47 дугаар тушаалаар тус өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас нь чөлөөлж хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 128 дугаар зүйл 128.1, 128.1.2 дахь хэсэгт зааснаар Иргэний нисэхийн ерөнхий газрын харьяа Газрын тусгай үйлчилгээний албанд холбогдох ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэгч Б.Баярхүүгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41 1 зааснаар нэхэмжлэгч Б.Баярхүү нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 183/ШШ2017/01153 тоот шийдвэрийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Үүнд:

1. Б.Баярхүү би 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд Иргэний нисэхийн ерөнхий газрын харьяа Газрын тусгай үйлчилгээний албаны Захиргаа, Хүний нөөцийн хэлтэст холбогдуулан нэхэмжлэл гаргасны дагуу иргэний хэрэг үүсгэж хэргийг хянан шийдвэрлэх явцад хариуцагч тал нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч эвлэрэх саналтай байгаагаа илэрхийлсэн тул тус шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 183/ШШ2017/0031 дугаар шүүгчийн захирамжаар зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосон. Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2-т заасны дагуу ажилдаа орохоор очтол байгууллагын дарга С.Нацагдорж надад “Би ямар ч нөхцөдд таныг урьд эрхэлж байсан ажил дээр чинь тавихгүй, гараад Санхүү эдийн засгийн хэлтсийн дарга Н.Баярмаатай уулз” гэж надад дээрэнгүй хандсан. Ингээд Б.Баярхүү намайг ашиглалтын тоо бүртгэгчээр эргүүлэн авахаар Иргэний нисэхийн ерөнхий газар Газрын тусгай үйлчилгээний албаны даргын 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн Б/44 дугаар тушаал гаргасан боловч Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасны дагуу урьд эрхэлж байсан /агаарын хөлгийн газрын үйлчилгээний хэлтсийн жолооч, ажилчдын тооцоог боддог/ ажил дээр маань ажиллаж байсан хүнийг ажлаас чөлөөлөөгүй, ажлыг минь тушаалаар өгөөгүй. Мөн тушаалд ажил хүлээлцэх талаар ямар ч заалт оруулаагүй. Ингээд Санхүү, эдийн засгийн хэлтсийн дарга Н.Баярмаа “урьд эрхэлж байсан ажил албан тушаал дээр чинь тавихгүй. Иргэний нисэхийн дарга Л.Бямбасүрэнгийн хүн байгаа учраас болохгүй байна, техникийн тоо бүртгэгч хийж байгаа М.Уранцэцэгийн ажлыг хүлээж ав” гэж амаар нягтлан бодогч н.Тамирыг ажлыг нь хүлээлц гэж миний саналыг харгалзахгүйгээр албадан шаардсан. М.Уранцэцэгийг ажлаас чөлөөлсөн тушаал гаргаагүй байсан тул энэ хүн надад ажлаа өгөхийг хүсээгүй, өгөх ч үгүй байсан. Би шүүгчийн захирамж, Хөдөлмөрийн тухай хуулийн дагуу урьд эрхэлж байсан хуучин ажлаа хийх хүсэлтээ Газрын тусгай үйлчилгээний албаны захиргаанд энэ талаар өргөдөл гаргасан ба шүүхийг үл хүндэтгэн, шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэхгүй байгаад нь гомдолтой байна. Дээрх хэлсэн ярьсан бүгд нотолгоотой.

2.Иргэний нисэхийн газрын Газрын тусгай үйлчилгээний албаны даргын 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн Б/47 дугаар тушаалаар Б.Баярхүү намайг ажлын 5 өдөр шалтгаангүйгээр ажил тасалсан, удирдах албан тушаалтны өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй гэж хууль бусаар ажлаас халсан.

Миний бие ажилд авах тухай тушаал гарсан өдрөөс эхлэн ажил огт тасалж байгаагүй бөгөөд ажил тасалж байгаагүй гэдэг нь хурууны хээгээр бүртгэдэг бүртгэлийн аппаратад бүртгүүлж байсан баримтаар нотлогдож байхад шүүх уг нотлох баримтыг үл харгалзан ажил тасалсан гэж үзсэн. Мөн удирдах албан тушаалтны өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй гэдэг нь худал бөгөөд удирдах албан тушаалтны шийдвэрийг биелүүлээгүй гэдгийг нотлох нотолгооны ач холбогдол бүхий баримт байхгүй байхад шүүх ажил олгогч болон ажилтны хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээний 4.2.3.2-т “Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 3 ба түүнээс дээш өдрийн хугацаагаар ажил тасалсан, эсхүл хуанлийн нэг сарын хугацаанд тасалсан цагийг нэгтгэн бодоход ажлын 3 өдөртэй тэнцэж байвал” дуусгавар болгохоор заасан заалт болон Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т гэсэн заалтуудыг үндэслэн намайг ажил тасалсан, удирдах албан тушаалтны өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй гэж үзсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтыг бүрэн шинжлэн судлаагүй байх тул үндэслэлгүй юм.

3. Шүүх хурлын үеэр гэрч Н.Баярмаа шүүх хуралдаанд “... Ашиглалтын тоо бүртгэгчийн 3 орон тоонд 2 хүн, Техникийн тоо бүртгэгчийн 1 орон тоонд М.Уранцэцэг ажиллаж байсан. М.Уранцэцэгийг олон жил ажилласан туршлагатай болохоор нь ашиглалтын тоо бүртгэгчийн нэг орон тоог хавсруулан гүйцэтгүүлж байсан бөгөөд М.Уранцэцэгээс энэ ажлыг хүлээлцүүлэх гэхэд Б.Баярхүү хүлээж авахгүй, н.Нямааг ажлаас хал гэдэг шаардлага тавьсан. Ажлаа хийхгүй мөртлөө цаг бүртгэх төхөөрөмжинд хуруугаа бүртгүүлээд, өрөө хэсэж байгаад явдаг байсан” гэж худал мэдүүлэг өгч шүүхийн шийдвэрт нөлөөлсөн. Намайг 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдөр ажилд авах тушаал гарахад ашиглалтын тоо бүртгэгчийн 3 орон тоон дээр н.Нямаа, Б.Энхцэцэг .Х.Саяахат гэсэн 3 хүн, техникийн тоо бүртгэгчээр М.Уранцэцэг нар тус тус хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байсан.

Иймд дээрх үндэслэл, хэрэгт авагдсан нотлох баримтыг хянаж шийдвэрийг хүчингүй болгуулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлүүлэхээр гомдол гаргаж байна гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан нотлох баримт, зохигчийн тайлбарыг хуульд нийцүүлэн үнэлж чадаагүй нь шийдвэрийг хүчингүй болгох хуульд заасан үндэслэлд хамаарахгүй тул давж заалдах шатны шүүх нотлох баримтын хүрээнд шийдвэрт өөрчлөлт оруулах боломжтой байна.

 

Нэхэмжлэгч Б.Баярхүү нь хариуцагч Иргэний нисэхийн ерөнхий газрын харьяа Газрын тусгай үйлчилгээний албанд холбогдуулан урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн нь үндэслэлтэй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж маргажээ.

 

Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл хариуцагч байгууллагын захирлын 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 5/47 тоот тушаалаар нэхэмжлэгч Б.Баярхүүг “... удирдах албан тушаалтнаас өгсөн үүрэг даалгаврыг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр биелүүлээгүй, шалтгаангүйгээр 5 өдөр ажил тасалж ноцтой зөрчил гаргасан” гэж Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, Иргэний нисэхийн ерөнхий газрын хөдөлмөрийн дотоод журмын 3.3.6.2, 3.3.6.14, хөдөлмөрийн гэрээний 4.2.3 дугаар зүйлийн 4.2.3.2, 4.2.3.3 дугаар заалтыг тус тус үндэслэн ажлаас халжээ.

 

Нэхэмжлэгч ажил, үүргээ гүйцэтгэж байх үедээ ажилтан сахилгын зөрчил гаргасныг ажил олгогч нь тогтоосны үндсэн дээр сахилгын шийтгэл ногдуулах учиртай бөгөөд хэрэгт авагдсан баримтуудаар нэхэмжлэгч ажил үүргээ гүйцэтгэж байх явцдаа хөдөлмөрийн гэрээнд заагдсан сахилгын зөрчил гаргасан гэх байдал тогтоогдоогүй байгаа тул анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлгүй байна.

 

Хан-Ууl дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 183/ШШ2017/00311 дүгээр “Зохигчдын эвлэрлийг батлаж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” захирамжийн дагуу нэхэмжлэгчийг 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн Б/44 дугаар тушаалаар Санхүү, бүртгэлийн хэлтэст ашиглалтын тоо бүртгэгчээр томилж, мөн өдөр түүнтэй хариуцагч байгууллага хөдөлмөрийн гэрээ байгуулсан байх боловч уг ажлыг нэхэмжлэгч Б.Баярхүү хийгээгүй гэх тайлбараа хариуцагч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан үүргийнхээ дагуу баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй байх бөгөөд нэхэмжлэгчид тухайн ажлын байрыг хүлээлгэж өгсөн буюу нэхэмжлэгчийг ажлын байраар хангасан үйл баримтыг хариуцагч тал нотлоогүй байна.

 

Нэхэмжлэгч хөдөлмөрийн гэрээнд заагдсан ажил, үүргийг өөр этгээд гүйцэтгэж байснаас тухайн ажил үүргийг гүйцэтгэх боломжоор хангаагүй гэж маргаж буй тохиолдолд хариуцагч ажил үүргээр хангаж, хөдөлмөрийн гэрээнд заасан үүргээ биелүүлсэн болохоо нотлох үүрэгтэй юм.

 

Мөн талууд нэхэмжлэгчийг ажлын цагтаа ирж байсан гэж тайлбарлаж, хурууны хээгээр бүртгүүлсэн цагийн бүртгэлийн үнэн зөв эсэх талаар маргаагүй байхад анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болжээ.

 

Тодруулбал, хөдөлмөрийн гэрээнд заагдсан ажил үүргийг гүйцэтгэх нөхцөл боломжийг хариуцагч бүрдүүлээгүй буюу нэхэмжлэгч ажил үүрэг гүйцэтгэх боломжгүй байгаа тохиолдолд хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчлийг гаргасан гэж үзэх үндэслэлгүй болно.

 

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь дүгнэлгүй нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасантай нийцээгүй гэж үзнэ.

 

Иймд нэхэмжлэгчийн өмнө нь эрхэлж байсан ажилд нь эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрыг хариуцагчаас гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагч байгууллагад даалгахаар тогтов.

 

Ажил олгогчийн зүгээс хөдөлмөрийн гэрээг цуцалсан 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдрөөс ажилд эгүүлэн тогтоох шийдвэр гаргаж буй 2017 оны 7 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл хугацааны 4 сар 13 хоног ажилгүй байсан хугацааны олговрыг 1 сарын хугацааны цалингийн дунджийг 1 234 456 төгрөгөөр тооцож 5 684 232 төгрөгийг нэхэмжлэгчид олгох нь зүйтэй юм.

 

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангаж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 183/ШШ2016/01153 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэг, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Баярхүүг Иргэний нисэхийн ерөнхий газрын харьяа Газрын тусгай үйлчилгээний албаны Санхүү, бүртгэлийн хэлтэст ашиглалтын тоо бүртгэгчийн ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож, хариуцагчаас ажилгүй байсан хугацааны олговорт 5 684 232 төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгчид олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж, баталгаажилт хийхийг хариуцагчид даалгасугай.” гэж өөрчлөн найруулж,

2 дахь заалтыг “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Иргэний нисэхийн ерөнхий газрын харьяа Газрын тусгай үйлчилгээний албаас улсын тэмдэгтийн хураамжид 105 898 төгрөгийг гаргуулж улсын төсвийн орлогод оруулсугай.” гэж өөрчилж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангасугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдсугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           А.МӨНХЗУЛ

 

                        ШҮҮГЧИД                          Т.ТУЯА   

 

                                              С.ЭНХТӨР