| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Энхтайваны Чингис |
| Хэргийн индекс | 105/2022/0574/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/591 |
| Огноо | 2022-04-19 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Н.Өнөрбаяр |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 04 сарын 19 өдөр
Дугаар 2022/ШЦТ/591
2022 04 19 2022/ШЦТ/591
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Мөнхцэцэг,
Улсын яллагч Н.Өнөрбаяр,
Хохирогч М.С,
Шүүгдэгч О.З нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О.З т холбогдох эрүүгийн 2206 00000 0799 дугаартай хэргийг 2022 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1989 оны 7 дугаар сарын 28-ны өдөр Дорнод аймгийн, Халх гол суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, “Эм Си Эс” ХХК-нд жолооч ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо Хужирбулангийн 5 дугаар хэсэг 00 дүгээр гудамж 00 тоотод оршин суух бүртгэлтэй, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар хх000000, О.З.
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч О.З нь 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдөр Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо Хужирбулангийн 5 дугаар хэсэг 00 дүгээр гудамж 00тоотод, 2022 оны 2 дугаар сарын 9-ний өдөр Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо Шар хоолой гэх газарт тус тус эхнэр М.С-ийг зодож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэх хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.З мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв учир нэмж мэдүүлэг өгөхгүй...Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү.” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч М.С мэдүүлэхдээ: “...Хэрэг гардаг өдөр гэрийн гадаа Б.Ширмэнтогоо намайг хүргэж өгөөгүй юм. Намайг гудамжны буланд хүргэж өгөөд манай нөхөр уурлаад ийм хэрэг гарсан. Надад өөр нэхэмжлэх зүйл байхгүй.” гэв.
Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудаас гэмт хэргийн талаарх мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч М.С-ий ийн өгсөн мэдүүлэг /хх-11-12/, гэрч Д.Цэцэгмаагийн өгсөн мэдүүлэг /хх-19-20/, гэрч Б.Ширмэнтогоогийн өгсөн мэдүүлэг /хх-22-23/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн 2877 дугаартай дүгнэлт /хх-25-26/, аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл /хх-30/, О.З-ын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-66-67/, шүүгдэгч О.З-ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-33/, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлтүүд /хх-85-86/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.
Гэм буруугийн талаар
Шүүгдэгч О.З нь 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдөр Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо Хужирбулангийн 5 дугаар хэсэг 00 дүгээр гудамж 00тоотод, мөн 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдөр Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо Шар хоолой гэх газарт тус тус эхнэр М.С-ийг зодож, түүний биед зүүн нүдний зовхи, зүүн хацар, шанаанд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, эрүүнд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун бугалга, шуу цус хуралт, зүүн шуунд зулгаралт, тархи доргилт, бүсэлхий нуруу, баруун шилбэнд цус хуралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутай болох нь хавтаст хэрэгт цугларсан дараахи нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч М.С-ий өгсөн “...2022 оны 02 дугаар сарын 09-ний өдөр би 18 цагийн үед ажлаа тараад, ажил дээр байж байгаад 20 цагийн үед хамт ажилдаг залуугаар гэр рүүгээ хүргүүлсэн. Тэгээд гэрийн гадаа иртэл нөхөр машиндаа сууж байсан ба шууд машинаасаа бууж ирээд миний сууж ирсэн машины хаалгыг онгойлгоод намайг “Өө за за чи чинь ингээд явж байдаг байсан юм уу” гэж хэлээд намайг машинаас буулгаад, чирч яваад өөрийнхөө машинд суулгаад авч явах гээд байхаар нь “Би явахгүй" гэж хэлэхэд шууд миний зүүн нүд рүү 1 удаа гараараа хүчтэй цохисон. Тэгээд бас миний зүүн хөлийн шилбэний ар хэсэг рүү өшиглөөд машиндаа суулгаад Гарчууртын эцсээс хойшоо Шар хоолой руу яваад эзгүй газар аваачиж байгаад миний хүзүүнээс багалзуурдаж аваад, толгой руу хэд хэдэн удаа цохиод, машинаас буулгаж ирж байгаад бас цохиод авангуут нь би өвдөж байна гэж хэлэнгүүт газраас цас аваад миний ам руу хийгээд дуугүй бай гээд байсан. Тэгэхээр нь би өвдөж байна, яг үхлээ, одоо болиоч ээ гэж хэлээд арай гайгүй болгосон. Тэгээд би О.З-ыг тайвшруулаад маргааш хоёулаа ярилцъя гэж хэлээд гэр рүүгээ явсан ба тухайн үед шөнийн 01 цаг болж байсан. Тэгээд өнөөдөр буюу 2022 оны 02 дугаар сарын 10-ны өглөө нөхөр О.З 08 цаг өнгөрч байхад ажилдаа гараад явахаар нь би шууд Гэмтлийн эмнэлэгт очиж үзүүлсэн.” гэх мэдүүлэг /хх-11-12/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Д.Цэцэгмаагийн өгсөн: “...Би тухайн үед Сувд-Эрдэнийг ерөөсөө хараагүй. Маргааш нь харахад баруун нүдний хажуу хэсэгтээ бага зэрэг хөхөрчихсөн харагдаж байсан.” гэх мэдүүлэг /хх-19-20/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Ширмэнтогоогийн өгсөн: “...Тэгээд нөгөө залуу шууд Сувд-Эрдэнийг гар хөлөөс нь татаад, миний машинаас буулгаж ирээд нүүр рүү нь гараараа 1 удаа цохисон. Тэгэхээр нь би очиж болиулаад Сувд-Эрдэнэ гэх эмэгтэйг шууд хэлтэс дээр хүргэж өгөхөөр машиндаа суулгаад хөдөлтөл нөхөр нь шууд машинтайгаа хажуугаар шахаж орж ирээд дахин Сувд-Эрдэнийг буулгаад машиндаа суулгаад аваад явсан. ...Миний нүдэн дээр бол машинаас чирч буулгасан, нүүр рүү нь буюу зүүн нүд хэсэг рүү 1 удаа маш хүчтэй цохисон. Мөн машиндаа суулгаад хаалгаараа Сувд-Эрдэнийн хөл рүү цохиод байх шиг байсан.” гэх мэдүүлэг /хх-22-23/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн 2877 дугаартай дүгнэлтэд:
1. М.С-ий биед зүүн нүдний зовхи, зүүн хацар, шанаанд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, эрүүнд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун бугалга, шуу цус хуралт, зүүн шуунд зулгаралт, бүсэлхий нуруу, баруун шилбэнд цус хуралт, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.” гэх дүгнэлт /хх-25-26/,
Мөрдөн шалгах ажиллагаанд О.З-ын яллагдагчаар өгсөн: “...2022 оны 2 дугаар сарын 09-ний өдөр би 18 цагийн үед эхнэр М.С-ийг ажлаас нь очиж авъя гэж бодоод утас руу нь залгахад утсаа авахгүй байсан. Тэгэхээр нь би гэрийнхээ гадаа машиндаа хүлээгээд сууж байтал 20 цаг өнгөрч байхад манай гудамжинд саарал өнгийн Приус 41 маркийн тээврийн хэрэгсэл орж ирээд 30 минут орчим зогссон. Тэгэхээр нь би машинтайгаа дөхөж очоод харахад урд суудал дээр нь сууж байсан хүн шууд нуугдсан. Тэгэхээр нь би бууж очооп хаалгыг нь онгойлгоход М.С урд сандал дээр нь суудлыг хойш хэвтүүлсэн байдалтай сууж байхаар нь би “Чи юу хийж байгаа юм бэ” гэж асуухад тухайн машины жолооч цагдаа Ширмэнтогоо гэх залуу намайг “чи цаашаа бай, би тандалт хийж байна.” гэж хэлээд машиндаа суугаад шууд зугтаачихсан. Тэгэхээр нь би машинтайгаа хөөж байгаад шахаж зогсоогоод М.С-ийг “Чи машиндаа суу” гэж хэлэхэд буухгүй суугаад байхаар нь би чирж буулгах гэтэл буухгүй байхаар нь нэг удаа нүүр рүү нь алгадсан. Тэгээд М.С-ийг машиндаа суулгаад машины хаалгыг хаах гэтэл хөлөө доош унжуулчихаад хаалга хаалгахгүй байхаар нь би хаалгаар хөл рүү нь нэг удаа цохисон. Тэгээд би М.С-ийг машиндаа суулгаад Гачуурт руу эзгүй газарт очиж “Ямар учирта залуутай яваад байгаа талаар нь болон цаашдаа хэрхэн байх” талаар ярилцах гэтэл М.С “Маргааш хоёулаа ярилцъя, одоо юм яримааргүй байна” гэж хэлэхээр нь шөнө 01 цагийн үед гэртээ харьсан.” гэх мэдүүлэг /хх-66-67/,
Шүүгдэгч О.З-ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-33/,
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлтүүд /хх-85-86/ зэрэг болно.
Шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач хобогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно. Учир нь шүүгдэгч нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хохирогчийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан, хохирогч нь дээрх болсон үйл явдлыг хараат бусаар мэдүүлсэн, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлыг үнэлсэн шүүх эмнэлгийн дүгнэлт зэргээр тогтоосон байна.
Иймд шүүгдэгч О.З нь 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдөр Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо Хужирбулангийн 5 дугаар хэсэг 00 дүгээр гудамж 00тоотод, мөн 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдөр Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо Шар хоолой гэх газарт тус тус эхнэр М.С-ийг зодож, түүний биед зүүн нүдний зовхи, зүүн хацар, шанаанд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, эрүүнд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун бугалга, шуу цус хуралт, зүүн шуунд зулгаралт, тархи доргилт, бүсэлхий нуруу, баруун шилбэнд цус хуралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Түүнчлэн энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй.
Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч О.З-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон гэж үзлээ.
Дээрх байдлаар шүүгдэгч О.З-ын гэмт хэрэг үйлдсэн гэм буруу тогтоогдсон учир түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-д заасан “эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэж хуульчилжээ.
Хохирогч М.С нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ бичгээр илэрхийлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлбөргүй гэж үзсэн бөгөөд үүнийг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон. Энэ хэрэгт эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй болно.
Шүүх хялбаршуулсан журмаар О.З-т холбогдох хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан бөгөөд шүүх хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал бүрэн хангагдсан байх тул прокурорын саналын хүрээнд 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэл оногдуулж, 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч О.З нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн дүрс бичлэг бүхий 1 ширхэг Сидиг хэргийн хадгалах хугацаанд хэрэгт хавсаргаж шийдвэрлэсэн болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч О.З-ыг “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д зааснаар О.З-ыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар О.З нь шүүхээс оногдуулсан торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар О.З нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
5. Энэ хэрэгт битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, О.З нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн 1 ширхэг сидиг хавтас хэрэг хадгалах хугацаа дуустал хадгалсугай.
7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба О.З-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл О.З-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Э.ЧИНГИС