Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 08 сарын 31 өдөр

Дугаар 417

 

Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Балжинням даргалж, нарийн бичгийн дарга Т.Чулуунхүүг суулцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Д.*******ы хүсэлттэй улсад ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд ТОДОРХОЙЛОХ нь:

Улаанбаатар хотын ******* дүүргийн ******* хороонд оршин суух ******* овогт *******ын ******* шүүхэд гаргасан хүсэлтдээ: Би 1960 оны 08 дугаар сарын 02-ны өдөр Завхан аймгийн ******* сумд төрсөн. Би 1979 онд Улсын цагдан сэргийлэх ерөнхий газрын харьяа 0230-р ангид цэргийн албанд татагдан 1982 оны 07 дугаар сарын 19-нд халагдсан. Халагдаж ирээд Завхан аймгийн Усны аж ахуйн удирдах газрын даргын тушаалаар Завхан аймгийн ******* сум дахь *******ын услалтын системд ажилчнаар томилогдсон.

Ийнхүү би тус *******ын услалтын системд тасралтгүй үргэлжлүүлэн ажиллаж байгаад 1992 оны 03 дугаар сарын 13-ны өдөр ажлаас чөлөөлөгдсөн. Би Завхан аймгийн архивын тасгаас ажиллаж байсан талаараа лавлагаа авахад холбогдох тушаалууд архиваас олдсон болно.

Иймд би 1982 оны 07 дугаар сарын 19-ний өдрөөс 1992 оны 03 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл Завхан аймгийн Усны аж ахуйн удирдах газрын ******* сум дахь *******ын услалтын системд ажилчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгох шаардлагатай байх тул нэхэмжлэл гаргаж байна.

Миний бие Улаанбаатар хотын ******* дүүргийн ******* хороонд оршин суудаг бөгөөд миний охин Өмнөговь аймагт авто осолд орсон тул яаралтай буцах шаардлагатай боллоо. Иймд намайг байлцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч Д.******* нь улсад ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор тус шүүхэд хүсэлт гаргасан бөгөөд өөрийгөө байлцуулахгүйгээр хэргийг хянан шийдэрлэж өгөхийг хүссэн байх тул Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар түүнийг байлцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй байна.

Д.******* 1982 оны 07 дугаар сарын 15-ны өдөр Завхан аймгийн Усны аж ахуйг удирдах газрын ******* дахь тариатын услалтын системд II дугаар зэргийн ажилчнаар ажилд орсон болох нь БНМАУ-ын УААЯ-ны Завхан аймгийн Усны аж ахуйг удирдах газрын даргын 1982 оны 07-р сарын 19-ний өдрийн 131 дугаартай Ардын цэргийн албанаас ирсэн, Өвөрхангай аймгийн мэргэжилтэй ажилчдыг хувиарлах тухай тушаалаар тогтоогдож байна.

Мөн хүсэлт гаргагч Д.******* 1992 оны 03 дугаар сарын 13-ны өдөр Завхан аймгийн Усны аж ахуйг удирдах газрын ******* дахь тариатын услалтын системд II дугаар зэргийн ажилчны ажлаас чөлөөлөгдсөн болох нь Завхан аймгийн Усны аж ахуйн конторын даргын 1992 оны 03-р сарын 13-ны өдрийн 32 дугаартай зарим хүмүүсийг ажлаас чөлөөлөх тухай тушаалаар тогтоогджээ.

Түүнчлэн хүсэлт гаргагчийг дээрх хугацаанд ажиллаж байсан талаарх фото зургууд болон гэрч Д.*******, Р., Д. нарын мэдүүлгүүдээр давхар нотлогдож байна.

Шүүх гэрчүүдээс хуульд заасан журмын дагуу мэдүүлэг авсан бөгөөд тэдний мэдүүлэг өөр хоорондоо зөрүүгүй, хүсэлт гаргагчийн тогтоолгохыг хүссэн хугацаанд хамаарч байх тул шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд шийдвэрийн үндэслэл болгон нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 115 ДУГААР ЗҮЙЛИЙН 115.2.1, 116, 118 ДУГААР ЗҮЙЛҮҮДИЙГ УДИРДЛАГА БОЛГОН ТОГТООХ НЬ:

1. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар ******* овогт *******ын *******ыг 1982 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс 1992 оны 03 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл Завхан аймгийн Усны аж ахуйг удирдах газрын ******* дахь тариатын услалтын системд II дугаар зэргийн ажилчнааражиллаж байсан болохыг тогтоосугай.

2. Монгол Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар хүсэлт гаргагч Д.*******ыулсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болно.

4. Хүсэлт гаргагч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногт Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ  Т.БАЛЖИННЯМ