Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 04 сарын 11 өдөр

Дугаар 2022/ШЦТ/551

 

 

 

 

 

 

 

  2022        04          11                                   2022/ШЦТ/551

 

 

                                    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

         Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж,

    Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Мөнхцэцэг,

Улсын яллагч Э.Ариунболд,

Шүүгдэгч Ш.Б нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн О овогтой Ш-ийн Б-д холбогдох эрүүгийн 2206 00000 1089 дугаартай хэргийг 2022 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

          Шүүгдэгчийн биеийн байцаалт:

          Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1967 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 54 настай, эрэгтэй, яс үндэс халх, дээд боловсролтой, улс төрийн ажилтан мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл-6, эхнэр 4 хүүхдийн хамт Улаанбаатар хотын Сүхбаатар дүүрэг, 11 дүгээр хороо, 00 дугаар байрны 00 тоотод бүртгэлтэй, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, улсаас авсан гавьяа шагналгүй, регистрийн дугаар хх000000, О овогтой Ш-ийн Б.

 

          Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

 

        Шүүгдэгч Ш.Б нь 2022 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 18 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах, дугуй засвар, сауны газарт, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр болох Б.Б-тай үл ялих зүйлээс болж маргалдан, улмаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн толгой руу нь хайруулын таваг болон эд зүйлс шидэн онож, биед нь духанд зүсэгдсэн шарх, шилэн хүзүү, баруун чихний ар хэсэг, дал, бөөр орчим 3.5x1 см, зүүн дал, тохойд зулгаралт, баруун бугалга, шуу, зүүн дал, бугалга, хөхний дээд хэсэг, аюулхай орчим цус хуралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ш.Б мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв учир нэмж мэдүүлэг өгөхгүй...Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү.” гэв.

 

Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудаас  гэмт хэргийн талаарх мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Б-гийн өгсөн мэдүүлэг /хх-9-10/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 3872 дугаартай дүгнэлт /хх-16-17/, Ш.Б-ын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-30/, шүүгдэгч Ш.Б-ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-21/, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлтүүд /хх-35-36/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.

 

Гэм буруугийн талаар

 

Шүүгдэгч Ш.Б-ын 2022 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 18 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах, дугуй засвар, сауны газарт, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр болох Б.Б-тай үл ялих зүйлээс болж маргалдан, улмаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн толгой руу нь хайруулын таваг болон эд зүйлс шидэн онож, биед нь духанд зүсэгдсэн шарх, шилэн хүзүү, баруун чихний ар хэсэг, дал, бөөр орчим 3.5x1 см, зүүн дал, тохойд зулгаралт, баруун бугалга, шуу, зүүн дал, бугалга, хөхний дээд хэсэг, аюулхай орчим цус хуралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутай болох нь хавтаст хэрэгт цугларсан дараахи нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:

 

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Б-гийн өгсөн “...2022 оны 03 дугаар сарын 05-ны өдөр 18 цагийн үед нөхөр Г.Болд нь надад хандан “энэ хувиараа ажиллуулж байгаа объектыг ганцаараа ажиллуулаад ядраад байна, чи яах гэж ажилдаа орж байгаа юм бэ, би чамайг харахаар уур хүрээд байна” гээд босоод ирсэн. Би тэгэхээр нь “чиний утсанд эмэгтэй хүнээс чат ирсэн байна, намайг ажлын 5 хоног ажилтай байхад чи нөгөө эмэгтэйтэйгээ холбоо барилаа” гэж хэлсэн чинь уурлаад над руу орилоод ирсэн. Тэгээд намайг сауны амралтын өрөөнд оруулж байгаад гартаа таарсан зүйлсээ над руу шидээд байсан, нэг мэдсэн миний духнаас цус асгараад байсан.” гэх мэдүүлэг /хх-9-10/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 3872 дугаартай дүгнэлтэд:

1. Б.Б-гийн биед духанд зүсэгдсэн шарх, шилэн хүзүү, баруун чихний ар хэсэг, дал, бөөр орчим 3.5x1 см, зүүн дал, тохойд зулгаралт, баруун бугалга, шуу, зүүн дал, бугалга, хөхний дээд хэсэг, аюулхай орчим цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Духанд зүсэгдсэн шарх гэмтэл нь хурц ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн, бусад гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

3. Уг гэмтлүүд нь шинэ байх ба эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт /хх-16-17/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд Ш.Б-ын яллагдагчаар өгсөн: “...Тухайн 2022 оны 3 дугаар сарын 05-ны өдөр Баянзүрх дүүргийн 22 дугаар хороонд байрлах өөрийн хариуцан ажиллуулдаг саун, дугуй засварт 3 настай бага хүүтэй унтаж байтал эхнэр Болормаа маань миний утсыг авч үзэж байснаа “Чи намайг байхгүй хооронд ийш тийшээ ярьсан байна.” гэсэн. Би ядарсан үедээ ууралж, хөл рүү нь түлхсэн юм. Эхнэр маань дуугүй байхгүй үглээд байхаар нь би босч ирээд “Амраахгүй юм аа, зайл” гэж хэлээд түлхэхэд хайруулын тавгаар цохих гэхэд нь эхнэр Болормааг нэг гараараа түлхээд унагахад сауны өрөөнд хойшоо савж унаад хайруулын таваг нь толгой дээр нь уначихсан. Тэгээд духнаас нь цус гарахад Болормаа чи намайг зодлоо гээд гараад явсан.” гэх мэдүүлэг /хх-30/,

 

         Шүүгдэгч Ш.Б-ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-21/,

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлтүүд /хх-35-36/ зэрэг болно.

 

          Шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач хобогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно. Учир нь шүүгдэгч нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хохирогчийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан, хохирогч нь дээрх болсон үйл явдлыг хараат бусаар мэдүүлсэн, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлыг үнэлсэн шүүх эмнэлгийн дүгнэлт зэргээр тогтоосон байна.

 

Иймд Ш.Б-ын 2022 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 18 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах, дугуй засвар, сауны газарт, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр болох Б.Б-тай үл ялих зүйлээс болж маргалдан, улмаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн толгой руу нь хайруулын таваг болон эд зүйлс шидэн онож, биед нь духанд зүсэгдсэн шарх, шилэн хүзүү, баруун чихний ар хэсэг, дал, бөөр орчим 3.5x1 см, зүүн дал, тохойд зулгаралт, баруун бугалга, шуу, зүүн дал, бугалга, хөхний дээд хэсэг, аюулхай орчим цус хуралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.  

 

Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг, зөрчил үйлдэж гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг гэдэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.

 

Түүнчлэн энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй.

 

          Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Ш.Б-од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон гэж үзлээ.

 

Дээрх байдлаар шүүгдэгч Ш.Б-ын гэмт хэрэг үйлдсэн гэм буруу тогтоогдсон учир түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-д заасан “эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэж хуульчилжээ.

 

Хохирогч Б.Б нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ бичгээр илэрхийлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлбөргүй гэж үзсэн бөгөөд үүнийг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон. Энэ хэрэгт эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй болно.

 

Шүүх хялбаршуулсан журмаар Ш.Б-од холбогдох хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан бөгөөд шүүх хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал бүрэн хангагдсан байх тул прокурорын саналын хүрээнд 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэл оногдуулж, 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Ш.Б нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хураагдан ирсэн эд мөрийн баримтгүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч О овогтой Ш-ийн Б-ыг “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д зааснаар Ш.Б-ыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар Ш.Б нь шүүхээс оногдуулсан торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоосугай.

  

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Ш.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

          5. Энэ хэрэгт битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй, Ш.Б нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

           6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба Ш.Б-од урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

    7. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

         8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл Ш.Б-од урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                                    ДАРГАЛАГЧ,

                                             ШҮҮГЧ                                Э.ЧИНГИС