Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 04 сарын 06 өдөр

Дугаар 2022/ШЦТ/524

 

 

 

 

 

 

 

  2022        04          06                                  й

 

 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                    

          Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж,

          Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Мөнхцэцэг,

          Улсын яллагч К.Чимгээ,

          Шүүгдэгч Э.Ө, түүний өмгөөлөгч Б.Эрдэнэбаатар,

          Шүүгдэгч Ц.Д,түүний өмгөөлөгч Ц.Мандал нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, мөн хуулийн ерөнхийн ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Ц.Д, Э.Ө нарт холбогдох эрүүгийн 2106 00000 2376 дугаартай хэргийг шүүх 2022 оны 3 дугаар сарын 1-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

          Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

 

        1. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1995 оны 12 дугаар сарын 2-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 26 настай, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хадам аавын хамт Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, 13 дугаар хороолол, 10 дугаар байрны 0 тоотод оршин суух бүртгэлтэй, гавьяа шагналгүй,

Урьд нь Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн 1077 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял, 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял, нийт эдлэх ялыг нэмж нэгтгэн 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, 2021 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 358 дугаартай шүүгчийн захирамжаар Өршөөлийн тухай хуульд хамруулж 5 cap, 28 хоногийн хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольсон, регистрийн дугаар хх000000, Б овогтой Э-ын Ө.

2. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1989 оны 1 дүгээр сарын 3-ны өдөр Дорнод аймгийн Дашбалбар суманд төрсөн, 33 настай, бүрэн дунд боловсролтой, сантехникч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, ганцаараа амьдардаг гэх, Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, Ханын материалын комбинатын 00 дүгээр байрны 00 тоотод оршин суух бүртгэлтэй, гавьяа шагналгүй,

Урьд нь Баянгол дүүргийн шүүхийн 2012 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 451 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 5 жил нэг сарын хорих ялаар,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн 68 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар, мөн хуулийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, хорих ялыг нэмж нэгтгэн нийт 3 жилийн хугацаагаар хорих ялаар,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 1211 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэгдсэн, регистрийн дугаар хх000000, Б овогтой Ц-ын Д.

 

           Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Э.Ө нь 2021 оны 10 дугаар сарын 15-наас 16-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо, 13 дугаар хороололд үйл ажиллагаа явуулдаг “Тохилог” гэх нэртэй цайны газрын цонхоор буюу үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогчид 1.449.140 төгрөгийн хохирол учруулсан,

мөн шүүгдэгч Ц.Д-тай бүлэглэн 2021 оны 10 дугаар сарын 13-ны шөнө Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэр, 13 дугаар хороололд үйл ажиллагаа явуулдаг “Тохилог” цайны газрын вакум цонхыг гараараа түлхэн онгойлгон 974.255 төгрөгийн үнэ бүхий 2 сетик өндөг, ахуйн хэрэглээний жин, цахилгаан цохилттой дрилл, тасдагч, 40 ширхэг кимчитэй гоймон, “Хаан” банкны пос машин, 30 ширхэг ургамлын тос зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар, хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч 974.255 төгрөгийн хохирол учруулсан,

            Ц.Д-тай бүлэглэн 2021 оны 10 дугаар сарын 8-наас 9-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэр, 13 дугаар хороололд үйл ажиллагаа явуулдаг “Тохилог” цайны газрын вакум цонхыг хагалж, бэлэн мөнгөний кассын машиныг эвдэж, дотор нь байсан 100.000 төгрөгийг авч, ганцаараа болон Ц.Д-тай үйлдлээрээ санаатай нэгдэж, бүлэглэн, үргэлжилсэн үйлдлээр үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч нийт 2.523.395 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараахи нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Д мэдүүлэхдээ: “...Намайг Э.Ө-тай хамт байнга нийлээд хулгай хийгээд байсан гэж мэдүүлсэн байна. Би нийлээд хулгай хийгээд байх санаа байгаагүй. Би 2021 оны 10 дугаар сарын 8-ны өдрөөс 9-ний өдрийн шилжих шөнө огт Э.Ө хамт байгаагүй. Э.Ө-ын үгээр намайг байнга хамт явсан гэж мэдүүлсэн байна. Харин 10 дугаар сарын 14-ний шилжих шөнө би Э.Ө-ынд хамт очоод хоносон. Тэр шөнө Э.Ө юм зөөлцөөд өгөөч гэхээр нь юу ч асуулгүй зөөсөн. Бид хоёр захын бараа зөөдөг байсан би захын  барааг гэж бодож байсан. Тэр шөнө бид хоёр пиво уугаад унтсан. Би сэрэх үед “гараад юм зөөлцөөд өг” гэхэд хайрцагтай зүйл харагдаж байсан. Тэрийг нь би зөөгөөд өгсөн. Тэр дотор бэлэн гоймон, өндөг харагдсан. Бас пост машин харагдахаар нь буруу зүйл хийж байгааг гадарласан. Хулгайн хэрэг хийснийг мэдэнгүүтээ би маргааш өглөө нь Э.Ө-т юу ч хэлэлгүйгээр гараад явсан. Маргааш өглөө нь би “Нарантуул” захын хогийн цэг дээр явж байхад Э.Ө, нөгөө найз хүүхэнтэйгээ хамт нөгөө хулгайлсан эд зүйлээ зараад явж байгаа харагдсан. Тэр мөнгөнөөс нь би 15.000 төгрөг авсан. Тэр авсан мөнгө бол Э.Ө бид хоёр зах дээр бараа зараад Э.Ө-аас би авах ёстой тооцоо гээд авсан мөнгө юм. Э.Ө бид хоёр цуг ажилладаг байсан. Өс хонзонгийн зүйл байхгүй. Миний бодлоор Э.Ө намайг Гэрэлээ гээд найз хүүхэнтэйгээ хардсан байж магадгүй. Тэр шөнө 2 давхрын орцыг тохижуулсан газарт намайг хонуулсан.... Би өөрийгөө огт гэм буруугүй гэж хэлэхгүй. Үнэхээр мэдээгүй зөөсөн нь үнэн. Хулгай хийе гэсэн санаа байгаагүй...” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Ө мэдүүлэхдээ: “...Би Ц.Д-тэй хамт хэрэг үйлдсэн нь үнэн... Хэлэх зүйл байхгүй...” гэв.

 

Мөн талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас мөрдөгчийн 2021 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн илтгэх хуудас /1хх-1/, эргүүлийн офицер, цагдаагийн ахлах дэслэгч О.Өсөхбаярын 2021 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн илтгэх хуудас /1хх-4/, хохирогч Ж.Г-н өгсөн мэдүүлэг /1хх-18-19, 132-134/, хөрөнгийн үнэлгээний “Дамно” ХХК-ийн 2021 оны 11 дүгээр сарын 2-ны өдрийн БЗД2-21-1076 дугаартай алдагдсан эд зүйлийг 1.449.140 төгрөгөөр үнэлсэн үнэлгээний тайлан /1хх-26-28/, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2021 оны 11 дүгээр сарын 2-ны өдрийн 02/611 дугаартай шинжээчийн дүгнэлт /1хх-33-35/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-72-78/, хохирогч Ц.П-гийн өгсөн мэдүүлэг /1хх-83-87/, Э.Ө-ын гэрч, яллагдагчаар өгсөн мэдүүлэг /1хх-90, 139-140, 52, 115, 168-169, 2хх-202/, Ц.Д-ийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /1хх-110, 163/, 2022 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-128/, шүүгдэгч Ц.Д-ийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1хх-169/, шүүгдэгч Э.Ө-ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1хх-202/ зэргийг шинжлэн судлав.

 

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан, шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.  

 

Хэргийн үйл баримтын талаар:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дараах нотлох баримтууд, талуудын тайлбар мэдүүлгээс дүгнэхэд шүүгдэгч Э.Ө нь 2021 оны 10 дугаар сарын 15-наас 16-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо, 13 дугаар хороололд үйл ажиллагаа явуулдаг “Тохилог” гэх нэртэй цайны газрын цонхоор буюу үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогчид 1.449.140 төгрөгийн хохирол учруулсан,

мөн шүүгдэгч Ц.Д-тай бүлэглэн 2021 оны 10 дугаар сарын 13-ны шөнө Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэр, 13 дугаар хороололд үйл ажиллагаа явуулдаг “Тохилог” цайны газрын вакум цонхыг гараараа түлхэн онгойлгон 974.255 төгрөгийн үнэ бүхий 2 сетик өндөг, ахуйн хэрэглээний жин, цахилгаан цохилттой дрилл, тасдагч, 40 ширхэг кимчитэй гоймон, “Хаан” банкны пос машин, 30 ширхэг ургамлын тос зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар, хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч, 974.255 төгрөгийн хохирол учруулсан,

          Ц.Д-тай бүлэглэн 2021 оны 10 дугаар сарын 8-наас 9-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэр, 13 дугаар хороололд үйл ажиллагаа явуулдаг “Тохилог” цайны газрын вакум цонхыг хагалж, бэлэн мөнгөний кассын машиныг эвдэж, дотор нь байсан 100.000 төгрөгийг авч, ганцаараа болон Ц.Д-тай үйлдлээрээ санаатай нэгдэж, бүлэглэн, үргэлжилсэн үйлдлээр үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч нийт 2.523.395 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт цугларсан дараахи нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:

 

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ж.Г-н өгсөн: “...Би нөхөр Пүрвээгийн хамт 2021 оны 10 дугаар сарын 15-ны орой 22 цагийн орчим “Тохилог” цайны газраа хаагаад гэр рүүгээ явсан. Өнөөдөр 11 цагт цайны газраа ирсэн чинь хойд талын цонхны төмөр хаалгыг хөшиж, цонхыг маань хагалаад хулгайч орж ... эд зүйл алга болсон. Эд зүйлээ хэдэн төгрөгөөр үнэлэх талаараа мэдэхгүй байна. Манай цайны газарт 2021 оны 10 дугаар сарын 17-ны өдөр, 8-ны өдрүүдэд 2 удаа хулгай орсон. Энэ 3 дахь удаа болж байгаа ба тухай бүрт нь цагдаагийн байгууллагад хандсан... ” гэх мэдүүлэг /1хх-18-19/, ... 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдөр цайны газраа онгойлгоход манай хойд талын цонхыг цөмлөөд хулгай орсон байна гэж надад хэлсэн, тэгээд манай нөхөр 09:30 цагийн үед түрүүлж ирсэн. Манай цайны газраас 2 хайрцаг өндөг буюу 720 ширхэг өндөг, 1 ширхэг нь 400 төгрөгөөр авсан. Ахуйн кг буюу жин 60,000 төгрөгөөр 2 жилийн өмнө авч байсан, тасдагч, цахилгаан гар дрилл, 2 хайрцаг кимчитэй гоймон, 80,000 төгрөг, хаан банкны пос машин, 2 хайрцаг ургамлын тос, 1 хайрцаг нь дотроо 15 ширхэг, нийт 30 ширхэг тос, 1 ширхэг нь 4800 төгрөгийн үнэтэй...” гэх мэдүүлэг /1хх-132-134/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ц.П-гийн өгсөн: “...2021 оны 10 дугаар сарын 8-ны өдрийн 22 цагийн үед цайны газраа хаагаад явсан. Тэгээд өнөөдөр өглөө 8 цагийн үед кассчин С.Сүрэнрагчаа ирэхэд хулгай орсон байсан гэх над руу хэлсэн. Тэгэхээр би эхнэр Ж.Г-н хамт ирэхэд цайны газрын арын битүүлсэн цонхыг хагалаад, төмөр хаалтыг эвдэж дотогш орчихсон байсан. ...Цайны газартаа ороход кассанд байсан бэлэг 100.000 төгрөгийг хулгайлсан кассны машин эвдчихсэн байсан тул цагдаад дуудлага өгсөн. ...Кассны машин 2012 онд шинээр 550.000 төгрөгөөр авч байсан. Одоо кассны машинаа 1.000.000 төгрөгөөр эвдэрсэн төмөр хаалт, хагархай шил, дотор талын толь зэргийг нийлээд 1.000.000 төгрөгөөр үнэлнэ. Нийт 2.100.000 төгрөгийн хохирол учраад байна...” гэх мэдүүлэг /1хх-83-87/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч С.Сүрэнрагчаагийн өгсөн: “...2021 оны 10 дугаар сарын 14-ний өглөө 08 цаг 20 минутанд ажил дээр ирсэн. Намайг ирэхэд үүдний сандал хөдөлсөн, хойд талын цонх онгорхой, ард талын түмбүүшиг онгорхой, гоймон газар шидэгдсэн, хөргөгчинд байсан ундааг гаргаад шидсэн байсан. Тэгээд би Ж.Г эгч рүү залгасан...” гэх мэдүүлэг /1хх-136/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд Э.Ө-ын гэрч, яллагдагчаар өгсөн: “...Би 2021 оны 10 дугаар сарын 9-ний Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Тохилог” цайны газар өөрийн хам болох Ц.Д-ийн хамт цонхоор нь нэвтэрч орсон. Тухайн газрын мөнгө хийдэг касс машиныг хөшиж дотроос нь бэлэн байсан 100,000 төгрөгийг хулгайлсан. Тэр санааг Ц.Д гаргасан. Бид хоёр нэг шил архи авч хувааж уусан. Үлдсэнийг нь Ц.Д өөртөө хувцас авна гээд авсан... Дараа нь 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдөр дахин тухайн цайны газрын цонхоор Ц.Д-ийн хамт орсон. Цайны газраас 2 хайрцаг өндөг, цахилгаан дрилл, тасдагч, кимчитэй гоймон, Хаан банкны пос машин, 2 хайрцаг ургамлын тос зэрэг эд зүйл хулгайлаад тэргэн дээр тавиад аваад явсан. ...2 хайрцаг өндгийг Ц.Д машиндаа хийгээд явсан. 2 хайрцаг ургамлын тосыг Нарантуул зах дээр худалдсан. Бэлэн гоймонг мөн Нарантуул зах дээр зарсан. Үлдсэн эд зүйлийг Ц.Д аваад явсан...” гэх мэдүүлэг /1хх-24, 52, 90, 115, 139-140, 168/,

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2021 оны 11 дүгээр сарын 2-ны өдрийн 2/611 дугаартай шинжээчийн “...бэхжүүлсэн 5 дугаартай гарын мөр нь Энхжаргал овогтой Өсөхбаярын баруун гарын дунд хурууны хээний дардастай ерөнхий болон хувийн онцлог шинжүүдээрээ тус тус тохирч байна” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-32-35, 36-39/,

 

Хөрөнгийн үнэлгээний “Дамно” ХХК-ийн 2021 оны 11 дүгээр сарын 2-ны өдрийн БЗД2-21-1076 дугаартай алдагдсан эд зүйлийг 1.449.140 төгрөгөөр үнэлсэн үнэлгээний тайлан /1хх-26-28/,

Хөрөнгийн үнэлгээний “Дамно” ХХК-ийн алдагдсан эд зүйлийг 983.500 төгрөгөөр үнэлсэн үнэлгээний тайлан /1хх-95-96/,

Хөрөнгийн үнэлгээний “Дамно” ХХК-ийн 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн БЗД2-21-1014 дугаартай алдагдсан эд зүйлийг 974.255 төгрөгөөр үнэлсэн үнэлгээний тайлан /1хх-142-143/,

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1хх-1, 70, 121/,

Мөрдөгчийн хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-5-9, 72-78, 124-127/,

Эргүүлийн офицер, цагдаагийн ахлах дэслэгч О.Өсөхбаярын 2021 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн илтгэх хуудас /1хх-4/,

Эд зүйл /баримт, бичиг, тээврийн хэрэгсэл ачаа тээш, мал, амьтан/-д үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-10-13/,

Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /1хх-14, 128-129/,

2022 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-128/,

Шүүгдэгч Ц.Д-ийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1хх-169/,

Шүүгдэгч Э.Ө-ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1хх-202/ зэрэг нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэргийн хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Д мэдүүлэхдээ: Үнэхээр мэдээгүй зөөсөн нь үнэн. Хулгай хийе гэсэн санаа байгаагүй.” мөн түүний өмгөөлөгч Ц.Мандалын зүгээс: “...Шүүгдэгч Ц.Д-ийн хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэх тайлбарыг тус тус гарган мэтгэлцэх боловч мөрдөн шалгах ажиллагаанд шүүгдэгч Э.Ө-ын өгсөн: “... Би 2021 оны 10 дугаар сарын 9-ний Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Тохилог” цайны газар өөрийн хам болох Ц.Д-ийн хамт цонхоор нь нэвтэрч орсон. Тухайн газрын мөнгө хийдэг касс машиныг хөшиж дотроос нь бэлэн байсан 100,000 төгрөгийг хулгайлсан. Тэр санааг Ц.Д гаргасан. Бид хоёр нэг шил архи авч хувааж уусан. Үлдсэнийг нь Ц.Д өөртөө хувцас авна гээд авсан... Дараа нь 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдөр дахин тухайн цайны газрын цонхоор Ц.Д-ийн хамт орсон. Цайны газраас 2 хайрцаг өндөг, цахилгаан дрилл, тасдагч, кимчитэй гоймон, Хаан банкны пос машин, 2 хайрцаг ургамлын тос зэрэг эд зүйл хулгайлаад тэргэн дээр тавиад аваад явсан. ...2 хайрцаг өндгийг Ц.Д машиндаа хийгээд явсан. 2 хайрцаг ургамлын тосыг Нарантуул зах дээр худалдсан. Бэлэн гоймонг мөн Нарантуул зах дээр зарсан. Үлдсэн эд зүйлийг Ц.Д аваад явсан...” гэх мэдүүлэг /1хх-24, 52, 90, 115, 139-140, 168/, 2022 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-128/ болон бусад хавтаст хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн гаргасан тайлбарыг хүлээн авах боломжгүй байна.

 

Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Ц.Д, Э.Ө нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, мөн хуулийн ерөнхийн ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон гэж үзлээ.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд “Хулгайлах” гэмт хэргийг хуульчилж, энэ зүйлийн 1 дэх хэсэгт “...бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан бол” гэж гэмт хэргийн үндсэн шинжийг заасан.

 

Монгол Улсын Үндсэн хуулийн арван зургаадугаар зүйлийн 3-т “Монгол Улсын иргэн хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй. Хувийн өмчийг хууль бусаар хураах, дайчлан авахыг хориглоно. Төр, түүний эрх бүхий байгууллага нь нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн хувийн өмчийн эд хөрөнгийг дайчлан авбал нөхөн олговор, үнийг төлнө” гэж, Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д “Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй” гэж тус тус зааснаар бусдын өмчлөх эрхийг баталгаажуулсан байдаг.

 

Хулгайлах гэмт хэрэг нь бусдын өмчлөх эрхэд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.  Хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч үйлдсэн гэж бусдын эд хөрөнгийг хууль бусаар авахыг тулд эзэмшигч, өмчлөгчийн орон байранд түлхүүр тааруулах, багаж хэрэгсэл ашиглах, цонх хаалга, түгжээг эвдэх, цуургыг сугалах, онгорхой байхад сэм орох, нуугдах зэрэг аргаар нэвтэрч үйлдсэн байхыг хэлнэ.

 

Шүүгдэгч Э.Ө-ын 2021 оны 10 дугаар сарын 15-наас 16-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо, 13 дугаар хороололд үйл ажиллагаа явуулдаг “Тохилог” гэх нэртэй цайны газрын цонхоор буюу үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогчид 1.449.140 төгрөгийн хохирол учруулсан,

мөн шүүгдэгч Ц.Д-тай бүлэглэн 2021 оны 10 дугаар сарын 13-ны шөнө Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэр, 13 дугаар хороололд үйл ажиллагаа явуулдаг “Тохилог” цайны газрын вакум цонхыг гараараа түлхэн онгойлгон 974.255 төгрөгийн үнэ бүхий 2 сетик өндөг, ахуйн хэрэглээний жин, цахилгаан цохилттой дрилл, тасдагч, 40 ширхэг кимчитэй гоймон, “Хаан” банкны пос машин, 30 ширхэг ургамлын тос зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар, хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч 974.255 төгрөгийн хохирол учруулсан,

           Ц.Д-тай бүлэглэн 2021 оны 10 дугаар сарын 8-наас 9-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэр, 13 дугаар хороололд үйл ажиллагаа явуулдаг “Тохилог” цайны газрын вакум цонхыг хагалж, бэлэн мөнгөний кассын машиныг эвдэж, дотор нь байсан 100.000 төгрөгийг авч, ганцаараа болон Ц.Д-тай үйлдлээрээ санаатай нэгдэж, бүлэглэн, үргэлжилсэн үйлдлээр үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч нийт 2.523.395 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, мөн хуулийн ерөнхийн ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг агуулан тодорхойлж байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар “... нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдлээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно”... Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-д “...гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх” гэж хуульчилсан. Шүүгдэгч нарын гэмт үйлдлүүд нь хуулийн дээрх зохицуулалтад нийцнэ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1-д “...Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас... шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно” гэж хуульчилсан байх хохирогчид шууд төлөх 2.523.935 төгрөг, иргэний нэхэмжлэлтэй холбоотой 983.500 төгрөгөөс учруулсан хохирлын хэмжээгээр шүүгдэгч Э.Ө-аас 2.478.017 төгрөгийг, шүүгдэгч Ц.Д-аас 1.028.878 төгрөгийг тус тус гаргуулж хохирогчид Ц.П-д олгохоор шийдвэрлэв.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

 

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,

мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан Шударга ёсны зарчимыг удирдлага болголоо.

 

            Энэ хэрэгт эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

  Шүүхээс шүүгдэгч Ц.Д, Э.Ө нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан тэдэнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, мөн хуулийн ерөнхийн ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 2 жилийн хорих ялыг оногдуулах нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх нь шударга ёсны зарчимд нийцнэ гэж шүүхээс үзлээ.

 

            Шүүгдэгч Э.Ө нь урьд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 1077 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял, 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял, нийт эдлэх ялыг нэмж нэгтгэн 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Сэлэнгэ аймаг Мандал сум дахь Сум дундын шүүхийн шүүгчийн 2021 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 358 дугаартай захирамжаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 5 сар 28 хоногийн хорих ялыг Өршөөлийн тухай хуульд хамруулж 5 cap 28 хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольсон байна. /1хх-203-207/

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  ...ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн бол  гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно гэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дугаар зүйлийн  2 дахь хэсэгт ...шүүх хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял оногдуулсан бол энэ хуулийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан журмаар нэгтгэх, эсхүл тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж болно гэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь хэсэгт: ...зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг... гэж тус тус хуульчилсан байна.

 

Шүүгдэгч Э.Ө нь Сэлэнгэ аймаг Мандал сум дахь Сум дундын шүүхийн шүүгчийн 2021 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 358 дугаартай захирамжаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 5 сар 28 хоногийн хорих ялыг Өршөөлийн тухай хуульд хамруулж зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлж сольсноос 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн байдлаар 23 хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялын үлдэгдэлтэй болох нь  Сэлэнгэ аймаг Мандал сум дахь Сум дундын шүүхийн 2021 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 358 дугаартай  шүүгчийн захирамж /1хх-207/, Нийслэлийн  Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх газрын  2022 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 4/3723 дугаартай  албан тоотоор /2хх-10/ тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Э.Ө-т энэ шийтгэх тогтоолоор буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, мөн хуулийн ерөнхийн ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 2 жилийн  хорих ял дээр, Сэлэнгэ аймаг Мандал сум дахь Сум дундын шүүхийн шүүгчийн 2021 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 358 дугаартай захирамжаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 5 сар 28 хоногийн хорих ялыг Өршөөлийн тухай хуульд хамруулж зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлж сольсноос эдлээгүй үлдсэн 23  хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж нэгтгэн нийт түүний биечлэн эдлэх ялыг 2 жил 23 хоногийн хорих ялаар тогтоохоор шийдвэрлэв.

 

         Шүүгдэгч Э.Ө энэ хэрэгтээ 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдрөөс яллагдагчаар  цагдан  хоригдож,   2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр хүртэл 75 хоног цагдан хоригдсон, шүүгдэгч Ц.Д нь энэ хэрэгтээ 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдрөөс яллагдагчаар цагдан хоригдож, 2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр хүртэл 71 хоног цагдан хоригдсон ба тэдний цагдан хоригдсон хоногийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар тэдний ял эдэлсэн хугацаанд оруулах нь тооцохоор тогтоов.

 

Шүүгдэгч нарт оногдуулсан хугацаатай хорих ялыг гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

         Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.4 дэх хэсэгт тус тус зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн 1 ширхэг сидиг хэргийг хугацаа дуустал хэрэгт хавсарган хадгалах, 1 метрийн урттай төмөр 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газарт даалгах нь зүйтэй байна.

 

            Энэ хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч Б овогтой Э-ын Ө, Б овогтой Ц-ын Д нарыг үргэлжилсэн үйлдлээр бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан буюу хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

            2. Шүүгдэгч Ц.Д, Э.Ө нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, мөн хуулийн ерөнхийн ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар тус тус  2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсугай.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар Э.Ө-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, мөн хуулийн ерөнхийн ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар оногдуулсан  2  жилийн  хорих ял дээр Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын шүүхийн шүүгчийн 2021 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 358 дугаартай захирамжаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 5 cap 28 хоногийн хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольсон ялаас эдлээгүй үлдсэн  23 хоногийн   ялыг  нэмж нэгтгэн биечлэн эдлэх  ялыг 2 жил 23 хоногийн хугацаагаар тогтоосугай.    

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дахь хэсэгт тус тус зааснаар Ц.Д-ид оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ял, Э.Ө-т оногдуулсан 2 жил  23 хоногийн хугацаагаар хорих ялыг тус тус нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2-д тус тус зааснаар шүүгдэгч Ц.Д-ийн цагдан хоригдсон 71 хоног, шүүгдэгч Э.Ө-ын цагдан хоригдсон 75 хоногийг тус тус тэдний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

 

           6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Э.Ө-аас 2.478.017 төгрөгийг, шүүгдэгч Ц.Д-аас 1.028.878 төгрөгийг гаргуулж хохирогч Ц.П-д тус тус олгосугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.4 дэх хэсэгт тус тус зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн 1 ширхэг Си-Ди-г хэргийг хугацаа дуустал хэрэгт хавсарган хадгалах, 1 метрын урттай төмөр 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газарт даалгасугай.

 

8. Энэ хэрэгт битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

           

9. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба Ц.Д, Э.Ө нарт урьд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

10. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

11. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл Ц.Д, Э.Ө нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.                       

 

 

 

 

                                       ДАРГАЛАГЧ, 

                                             ШҮҮГЧ                          Э.ЧИНГИС