| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лувсанравжаагийн Дэлгэрцэцэг |
| Хэргийн индекс | 152/2017/00273/и |
| Дугаар | 342 |
| Огноо | 2017-04-24 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн хуулиар бусад, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 04 сарын 24 өдөр
Дугаар 342
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Увс аймгийн Тэс сумын 5 дугаар багт оршин суух, 1989 онд төрсөн, 28 настай, эмэгтэй, регистрийн дугаар ОО89031104, Борлууд овогт Цэдэнбалжирын Оролзодмаагийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Увс аймгийн Тэс сумын Ахлах сургуульд холбогдох,
Ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2017 оны 3 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, 2017 оны 3 дугаар сарын 24-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.Оролзодмаа, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Батгэрэл, хариуцагч Увс аймгийн Тэс сумын Ахлах сургуулийн захирлын үүрэг гүйцэтгэгч Н.Мөнхтуул, хариуцагчийн өмгөөлөгч Ч.Дулмаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Дашдорж нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ц.Оролзодмаа шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие нь 2009-2013 оны хооронд Чингис хаан дээд сургуулийг түүхч, түүхийн багш мэргэжлээр төгссөн. 2013 оны 10-12 дугаар саруудад Тэс сумын Ахлах сургуульд түүх нийгэм судлалын багшаар 3 сар, 2014 оны 9-11 дүгээр саруудад тус сумын цэцэрлэгт багшаар ажиллаж байгаад 2014 оны 12 дугаар сарын 01-нээс Тэс сумын Ахлах сургуульд жирэмсний амралтаа авсан Н.Дэлгэр багшийн оронд түүх нийгэм судлалын багшаар ажиллаж эхэлсэн. Н.Дэлгэр багш 2015 оны 3 дугаар сард ажилдаа эргэж орсон бөгөөд намайг цагийн багшаар үргэлжлүүлэн ажиллуулсан ба 2015 оны 9 дүгээр сарын 01-нээс түүх нийгэм судлалын багшийн үндсэн орон тоон дээр томилон ажиллуулсан. Өөрөөр хэлбэл миний бие тус сургуулийн үндсэн ажилтан болсон. Улмаар миний бие 2016 оны 6 дугаар сараас жирэмсний амралтаа авч хүү Б.Лхагвасүрэнгээ 2016 оны 7 дугаар сарын 26-нд төрүүлсэн ба одоо хүү маань 7 сартай. Би 2017 оны 3 дугаар сард ажилдаа орохоор очсон боловч намайг түүх нийгэм судлалын багшийн ажлын байранд ажиллуулах боломжгүй тус сургуулийн байрны багшаар ажилла гэсэн хариу өгсөн. Тухайн үед нь би байрны багшаар ажиллах боломжгүй гэдгээ сургуулийн захиралд хэлсэн. Гэтэл миний ажлын байран дээр өөр хүнийг томилон ажиллуулсан. Энэ нь Үндсэн хуулинд заасан миний хөдөлмөрлөх эрхийг зөрчиж байна гэж үзэн шүүхэд хандаж байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т заасны дагуу Тэс сумын Ахлах сургуулийн түүх нийгэм судлалын багшийн ажлын байрандаа үргэлжлүүлэн ажиллахаар хүсэлт гаргасан боловч ажил олгогч буюу тус сургуулийн захирал Н.Мөнхтуул нь хуулинд заасан үүргээ биелүүлэхгүй байна. Түүнчлэн Хөдөлмөрийн тухай хүулийн 35 дугаар зүйлд ажил, үүргээ гүйцэтгээгүй үед ажил, албан тушаалыг хэвээр хадгалах нөхцлүүдийг хуульчилж өгсөн байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.4-д “жирэмсний болон амаржсаны амралттай болон хүүхэд асрах чөлөөтэй байгаа” ажилтны ажлын байр хэвээр хадгалагдахаар зохицуулагдсан байгаа атал миний ажлын байранд өөр шинэ хүн томилон ажиллуулж байгаа нь үндэслэлгүй ба хуулийн дээрх шаардлагыг зөрчсөн байна. Иймд нөхцөл байдалд бодитой дүгнэлт хийж намайг Тэс сумын Ахлах сургуулийн түүх нийгэм судлалын багшийн ажилд эгүүлэн тогтоож өгнө үү” гэв.
Хариуцагч Н.Мөнхтуул шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Түүх, нийгэм судлалын багш Н.Дэлгэр 2017 оны 2 дугаар сарын 17-нд хоёр дахь хүүхдээ төрүүлэхээр жирэмсний амралт авсан тул түүний чөлөөтэй байх хугацаанд түүх, нийгэм судлалын багш мэргэжилтэй Т.Лхамдуламыг ажиллуулахаар томилсон. Гэтэл Ц.Оролзодмаа нь Н.Дэлгэрийн оронд би ажиллах ёстой миний ажлын байранд өөр хүн авч ажиллуулснаар Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.4-д заасан “жирэмсний болон амаржсаны амралттай, хүүхэд харах чөлөөтэй байгаа ажилтны албан тушаалыг хэвээр хадгалах гэсэн заалтыг, мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-д заасан “Хүүхэд харах чөлөө дууссан, эсхүл дуусаагүй боловч эцэг эх өөрөө хүсвэл ажил олгогч нь түүнийг ажил албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах үүрэгтэй бөгөөд хэрэв орон тоо нь хасагдсан, ажилтны тоог цөөрүүлсэн бол түүнд өөр ажил олж өгнө” гэсэн заалтыг зөрчиж Үндсэн хуулиар олгосон миний хөдөлмөрлөх эрхийг захирал Н.Мөнхтуул зөрчлөө гэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Манай сургуулийн түүх, нийгэм судлалын багшийн 4 орон тоон дээр түүх, нийгэм судлалын багш мэргэжилтэй 28 жил ажилласан П.Пагма-Орлом, 10 жил ажилласан Н.Дэлгэр, 9 жил ажилласан Н.Буян, 8 жил ажилласан Ч.Цэнд-Аюуш нар ажилладаг юм. Үндсэн орон тоон дээр ажилладаг багш Н.Дэлгэр 2014 оны 12 дугаар сарын 01-ээс жирэмсний амралтаа авахад түүний чөлөөтэй байх хугацаанд Ц.Оролзодмаа түүх нийгмийн багшаар ажилласан бөгөөд Н.Дэлгэр 2015 оны 3 дугаар сард ажилдаа буцаж орсноор Н.Дэлгэрийн чөлөөтэй байх хугацаанд ажиллах Ц.Оролзодмаагийн хөдөлмөрийн харилцаа дуусгавар болсон. 2017 оны 2 дугаар сарын 17-нд түүх нийгэм судлалын багш Н.Дэлгэр 2 дахь хүүхдээ төрүүлэхээр жирэмсний амралт авахад оронд нь түүх, нийгэм судлалын багш мэргэжилтэй Т.Лхамдуламыг түр ажиллуулахаар шийдвэрлэсэн. Ц.Оролзодмаа нь түүхч, түүхийн багш мэргэжилтэй тул нийгэм судлалын багшаар ажиллах боломжгүй юм. Түүнчлэн Хөдөлмөрийн тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт зааснаар энэ ажлын байр нь Н.Дэлгэрт хамааралтай болохоос Ц.Оролзодмаад хамааралтай ажлын байр биш юм. Ц.Оролзодмаа нь миний гэж өмчлөх боломжгүй гэж үзэж байна. Ц.Оролзодмаа цагийн багшаар ажиллаж байгаад 2015 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн түүх, нийгэм судлалын багшийн үндсэн орон тоон дээр томилогдон ажилласан гэх боловч энэ хугацаанд түүх, нийгэм судлалын багшийн орон тоо нэмэгдээгүй бөгөөд Ц.Оролзодмааг цагийн болон үндсэн багшаар авч ажиллуулсан тухай захирлын тушаал гараагүй байна. Ц.Оролзодмаа нь 2016 оны 6 дугаар сараас жирэмсний амралтаа аваад амралтын хугацаа 2016 оны 12 дугаар сарын 18-нд дууссан бөгөөд 2016 оны 12 дугаар сарын 22, 2017 оны 1 дүгээр сарын 05-нд өмнө нь захирал байсан Журмаа овогтой Оюунчимэг, сургалтын менежер Ганбат овогтой Цогтгэрэл нартай уулзаад “одоогоор ажлын байр, орон тоо, цаг байхгүй” гэсэн хариуг удаа дараа авч байсан. Миний бие 2017 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр захирлын ажил хүлээж авсан. Т.Оролзодмаагийн 1 дүгээр сарын 16-нд бичсэн ажилдаа орно гэсэн хүсэлтээ 2017 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр өгсөн. Би ажилтайгаа танилцаж судлаад “одоогоор орон тоо, ажлын байр байхгүй байна” гэсэн хариуг 2017 оны 1 дүгээр сарын 30-нд Ц.Оролзодмаад өгсөн. 2017 оны 2 дугаар сарын 02-нд Ц.Оролзодмаа дахин ирж уулзахад биологийн багш Д.Бямбарагчаа нь 3 дахь хүүхдээ төрүүлэхээр жирэмсний амралт авсан тул 3 дугаар байрны багш, биологийн багш мэргэжилтэй Д.Одгэрэлийг биологийн багшаар ажиллуулаад Д.Одгэрэлийн оронд 3-р байрны багшаар, мөн 4 дүгээр сарын 15-наас үргэлжлүүлэн 1 дүгээр байрны багш Г.Оюунтунгалаг жирэмсний амралт авна тэгэхээр 10 дугаар сарын 20-ны өдөр хүртэл чи ажиллах боломжтой, энэ хугацаанд байрны багшаар ажилла гэдэг санал тавихад бодож үзнэ гэж хэлж явчихаад 2 дугаар сарын 03-нд ирэхдээ болилоо би хүний нөхөөсөнд явдаг хүн биш гэж хэлээд гарсан. Ц.Оролзодмаа нь байнгын ажлын байранд ажиллаж байгаагүй тул Хөдөлмөрийн тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт заасан ажлын байр хадгалах тухай ойлголт байхгүй боловч түүнийг ямар нэгэн байдлаар ажилтай болгох гэж 1, 3-р байрны багшаар түр ажиллахыг санал болгосон. Иймд түүх, нийгэм судлалын багшийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай Ц.Оролзодмаагийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ц.Оролзодмаа нь хариуцагч Увс аймгийн Тэс сумын Ахлах сургуульд холбогдуулан түүх, нийгэм судлалын багшийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т “Ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргана” гэж заасан хугацааны дотор ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан нь хуулинд нийцсэн байна.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.
Нэхэмжлэгч Т.Оролзодмаа нь 2013 оны 10 дугаар сарын 11-ний өдрөөс Тэс сумын Ахлах сургуульд иргэншлийн багшаар түр, 2014 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс түүх нийгэм судлалын багш Н.Дэлгэрийн оронд түр ажиллаж байгаад 2015 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн үндсэн багшаар ажиллаж эхэлсэн болох нь Увс аймгийн Тэс сумын Ахлах сургуулийн захирлын 2014 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн “Багш түр ажиллуулах тухай” тушаал, Ц.Оролзодмаагийн 0982617 дугаартай нийгмийн даатгалын дэвтэрт бичигдсэн байдлаар нотлогдож байна.
Нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын дэвтрийн даатгуулагчийн ажил, албан тушаалын өөрчлөлтийн тэмдэглэл хэсэгт “2015 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр түүх нийгмийн багшаар авч ажиллуулав” гэсэн бичилт хийгдэж сургуулийн захирал гарын үсэг зурж, тамга дарагдсан байх тул хариуцагчийн “2015 онд түүх, нийгэм судлалын багшийн орон тоо нэмэгдээгүй бөгөөд Ц.Оролзодмааг үндсэн багшаар авч ажиллуулсан тухай захирлын тушаал гараагүй” гэх тайлбарыг хүлээн авах боломжгүй байна.
Мөн ажил олгогч нь үндсэн ажилтны ажиллаагүй хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн хураамжийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр төлөх үүрэгтэй бөгөөд Ц.Оролзодмаагийн жирэмсний амралттай байх хугацааны буюу 2016 оны 6 дугаар сараас 12 дугаар сарыг дуустал хугацааны нийгмийн даатгалыг шимтгэлийг хариуцагч байгууллага нь төлсөн байх тул нэхэмжлэгчийг Увс аймгийн Тэс сумын Ахлах сургуулийн түүх, нийгэм судлалын багшийн үндсэн орон тоон дээр ажиллаж байсан гэж үзэх үндэслэлтэй.
Ажил олгогч нь ажилтныг ажилд авах, ажлаас халах тохиолдол бүрт бичгээр шийдвэр гаргах ёстой бөгөөд хариуцагчийн Т.Оролзодмаатай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан талаарх шийдвэрийг бичгээр гаргаж өгөөгүй, ажилтны ажил үүргийг гүйцэтгүүлэхгүй, цалин хөлс олгохгүй байгаа үйлдлийг ажлаас халсантай адилтгаж үзэх нь зүйтэй.
Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.1-д “байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээг хугацаагүй байгуулна”, мөн зүйлийн 23.2.3-д “ажил, албан тушаал нь хууль болон бусад шийдвэрийн үндсэн дээр хэвээр хадгалагдаж байгаа ажилтны оронд ажиллах ажилтантай эзгүй байгаа ажилтныг ажилдаа эргэж орох хүртэл хугацаагаар байгуулна”, 24 дүгээр зүйлийн 24.1-д “ажил олгогч буюу түүний эрх олгосон албан тушаалтан иргэнтэй хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулж, гэрээний нэг хувийг ажилтанд өгөх үүрэгтэй. Байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээнээс бусад төрлийн гэрээ байгуулахыг хориглоно” гэж заасныг ажил олгогч нь зөрчиж Т.Оролзодмааг иргэншлийн болон түүх нийгэм судлалын багшаар ажиллуулахдаа хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй байна.
Түүнчлэн Т.Оролзодмаатай хөдөлмөрийн гэрээ байгуулах үүрэг нь Увс аймгийн Тэс сумын Ахлах сургуульд хуулиар ногдсон бөгөөд энэ үүргээ ажил олгогч хэрэгжүүлээгүй явдалд ажилтан буруугүй юм.
Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.4-д зааснаар ажилтан жирэмсний болон амаржсаны амралттай, хүүхэд асрах чөлөөтэй байгаа тохиолдолд ажил, албан тушаалыг нь ажил олгогч хэвээр хадгалах үүрэгтэй бөгөөд мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3-д “ажил, албан тушаал нь хэвээр хадгалагдаж байгаа ажилтны хөдөлмөрийн гэрээг аж ахуйн нэгж, байгууллага татан буугдсанаас бусад тохиолдолд ажил олгогчийн санаачилгаар цуцлахыг хориглоно” гэж тус тус заажээ.
Т.Оролзодмаа нь 2016 оны 6 дугаар сараас эхлэн жирэмсний амралтаа авч, 2016 оны 7 дугаар сарын 26-ны өдөр хүү Б.Лхагвасүрэнг төрүүлж, амаржсаны амралтаа эдэлж дуусаад ажилд орох тухай хүсэлтээ амаар болон бичгээр илэрхийлсэн боловч хүсэлтийг хүлээн аваагүй нь дээрх хуулинд заасан үүргээ ажил олгогч нь зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна.
Багш Н.Дэлгэр ажилдаа орсны дараа буюу 2015 оны 3 дугаар сараас Ц.Оролзодмаа нь түүх, нийгэм судлалын багшаар үргэлжлүүлэн ажиллаж байсан болох нь түүний нийгмийн даатгалын дэвтэрт бичигдсэн байдлаар тогтоогдож байх тул хариуцагчийн “Н.Дэлгэр багш 2015 оны 3 дугаар сард ажилдаа буцаж орсноор Н.Дэлгэрийн чөлөөтэй байх хугацаанд ажиллах Ц.Оролзодмаагийн хөдөлмөрийн харилцаа дуусгавар болсон” гэх тайлбар няцаагдаж байна.
Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Борлууд овогт Цэдэнбалжирын Оролзодмааг Увс аймгийн Тэс сумын Ахлах сургуулийн түүх, нийгэм судлалын багшийн ажилд эгүүлэн тогтоож шийдвэрлэв.
Нэхэмжлэгчийн ажилд эгүүлэн тогтоолгох шаардлага нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдаж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул хариуцагч Увс аймгийн Тэс сумын Ахлах сургуулиас ажилд эгүүлэн тогтоолгох тухай шаардлагад ногдох улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөг гаргуулж улсын орлогод оруулах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Борлууд овогт Цэдэнбалжирын Оролзодмааг Увс аймгийн Тэс сумын Ахлах сургуульд холбогдуулан түүх, нийгэм судлалын багшийн ажилд эгүүлэн тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдаж, хариуцагч Увс аймгийн Тэс сумын Ахлах сургуулиас улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөг гаргуулж улсын орлогод оруулсугай.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ