Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2017 оны 04 сарын 25 өдөр

Дугаар 344

 

Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

              Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг би,

             Нэхэмжлэгч: Нэхэмжлэгч: Увс аймгийн  Баруунтуруун сумын Сум хөгжүүлэх сангийн нэхэмжлэлтэй,

           Хариуцагч: Увс аймгийн Баруунтуруун сумын 2 дугаар баг, Оргил хорооллын 1-4 тоотод оршин суух, 1981 онд төрсөн, 36 настай, регистрийн дугаар ОА81033002, Харганыхан овогт Доржпаламын Одмаад холбогдох,

            Зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 5.150.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч, 2017 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэгч Увс аймгийн Баруунтуруун сумын Сум хөгжүүлэх сангийн зөвлөлийн дарга, Баруунтуруун сумын Засаг дарга С.Лхагвасүрэн шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Д.Одмаа нь Сум хөгжүүлэх сангаас хөнгөн полистрол блок, боржур нэртэй төслийн хүрээнд 15.000.000 төгрөгийг жилийн 2% хүүтэй, 3 жилийн хугацаатайгаар авсан болно. Зээлийнгэрээний дагуу төлөгдөх 5.000.000 төгрөгийг хариуцагч нь төлөөгүй бөгөөд 9 сарын хугацаа хэтрэлттэй байна. Энэ хугацаанд ажлын хэсэг гэрт нь 1 удаа очиж уулзан, албан мэдэгдэл, Засаг даргын албан шаардлага хүргүүлэн ажилласан боловч зээлээ төлж барагдуулахгүй байна. Иймд хариуцагчаас үндсэн зээл болох 5.000.000 төгрөг, алданги 150.000 төгрөг, нийт 5.150.000 төгрөгийг нэхэмжилж байгаа болно. Мөн улсын тэмдэгтийн хураамж болон бусад зардлыг хариуцагч өөрөө хариуцах болно гэжээ.            Нэхэмжлэгч Увс аймгийн Баруунтуруун сумын Засаг дарга С.Лхагвасүрэн шүүхэд гаргасан тайлбартаа: Хариуцагч Д.Одмаа нь Сум хөгжүүлэх сангаас авсан үндсэн зээл болох 5.000.000 төгрөг, алданги 150.000 төгрөг, нийт 5.150.000 төгрөгийг төлж барагдуулсан тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

           Шүүх зохигчдын тайлбар болон хавтаст хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

          Нэхэмжлэгч Увс аймгийн Баруунтуруун сумын Сум хөгжүүлэх сан нь хариуцагч Д.Одмаагаас зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 5.150.000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

          Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Д.Одмаа нь нэхэмжлэгч Увс аймгийн Баруунтуруун сумын Сум хөгжүүлэх сангийн нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 5.150.000 төгрөгийг төлж барагдуулсан болох нь нэхэмжлэгчийн тайлбараар нотлогдож байна. Иймд хариуцагч Д.Одмаа нь нэхэмжлэгч Увс аймгийн Баруунтуруун сумын Сум хөгжүүлэх сангийн нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

        Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэгч Увс аймгийн Баруунтуруун  сумын Сум хөгжүүлэх сангийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн ба хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж байгаа тул нэхэмжлэлийн шаардлага 5.150.000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 97.350 төгрөгийг тал хувиар бууруулан тооцож, хариуцагч Д.Одмаагаас 48.675 төгрөг гаргуулан төрийн санд оруулах нь зүйтэй.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч Увс аймгийн Баруунтуруун сумын Сум хөгжүүлэх сангийн зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 5.150.000 /таван сая нэг зуун тавь/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Д.Одмаа биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэгч Увс аймгийн Баруунтуруун сумын Сум хөгжүүлэх сангийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар хариуцагч Д.Одмаагаас улсын тэмдэгтийн хураамж 48.675 /дөчин найман мянга зургаан зуун далан тав/ төгрөг гаргуулан төрийн сангийн 150000941 тоот дансанд оруулсугай.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигчидшүүгчийн захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.

 

 

ШҮҮГЧ Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ