Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 16 өдөр

Дугаар 2022/ШЦТ/397

 

 

 

 

 

 

 

   2022        03         16                                    2022/ШЦТ/397

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж,

       Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Пүрэвдагва,

   Улсын яллагч М.Эрдэнэзаяа,

   Шүүгдэгч Э.Б нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С овогтой Э-ийн Б-д холбогдох эрүүгийн 2106 03234 0286 дугаартай хэргийг 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

            Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 2001 оны 04 дүгээр сарын 31-ний өдөр Завхан аймагт төрсөн, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, Улаанбаатар их сургуулийн 4 дүгээр курсийн оюутан, ам бүл 6, эцэг, эх, дүүгийн хамтаар Завхан аймгийн Алдархаан сумын 1 дүгээр баг, Алдарт оршин суух хаягтай боловч Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Булгачины 00 тоотод түр оршин суудаг гэх, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэл эдэлж байгаагүй, регистрийн дугаар хх000000, С овогтой Э-ийн Б.

 

           Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

 

         Шүүгдэгч Э.Б нь 2021 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “F&В” /Эф энд Би/ нэртэй зочид буудлын 405 тоот өрөөнд хамт үйлчлүүлсэн хохирогч М.Х-гийн түрийвчнээс бэлэн 400 доллар буюу 1.139.200 төгрөгийг нууцаар, хууль бусаар хулгайлан авч бусдад бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

        Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

        Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Б мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв учир нэмж мэдүүлэг өгөхгүй... Хувийн байдлыг харгалзан тэнсэн харгалзах ял оногдуулж өгнө үү.” гэв.

 

Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудаас мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч М.Х-гийн өгсөн мэдүүлэг /хх-10/, гэрч Т.Ибрахимын  мэдүүлэг /хх-22/,  шүүгдэгч Э.Б-гийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-80-81/, Э.Б-гийн Хаан банкны 5779159649 дугаартай дансны хуулга /хх-63/, шүүгдэгч Э.Б-гийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-39/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.

 

Гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Э.Б нь 2021 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “F&В” /Эф энд Би/ нэртэй зочид буудлын 405 тоот өрөөнд хамт үйлчлүүлсэн хохирогч М.Х-гийн түрийвчнээс бэлэн 400 доллар буюу 1.139.200 төгрөгийг нууцаар, хууль бусаар хулгайлан авч бусдад бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт цугларсан дараахи нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:

 

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч М.Х-гийн өгсөн: “...Би ахтайгаа хамт Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Эф энд Би нэртэй зочид буудалд өрөө авч орсон. Удалгүй гаднаас 2 охин орсон. Тэгээд би 4 буудалд 2 хоног хамт байсан. Өглөө нь буюу 09 дүгээр сарын 02-ны өглөө 06 цагийн үед Эмма гэх охин буудлаас гараад явсан. Би буудлын тооцоо хийх гэхэд надад байсан 500 доллар, 110.000 төгрөгийн хамт аваад явсан байсан. Би мөнгөө өөрийн барьж явсан бор өнгийн спорт цүнхний дотор талд цаасанд боогоод хийсэн байсан.” мэдүүлэг /хх-10/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Т.Ибрахимын  өгсөн: “...Бид 2 Төв аймагт ажил хийгээд 400 доллар 110.000 төгрөгийг буудлын цонхны тавцан дээр мөнгөний дугтуйнд хийгээд тавьсан.” мэдүүлэг /хх-22/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагч Э.Б-гийн өгсөн: “...2021 оны 8 дугаар сарын 31-ний өдөр М.Х гэх казак залуутай түүний ах өөрийн найзын хамт буудалд хоносон. Тэгээд архи согтууруулах ундаа хэрэглээд хоносон. Тэгээд би өглөө нь сэрэхдээ М.Хгийн жижиг цүнхнээс сул байсан мөнгөнүүдийг нь аваад явсан.” гэх мэдүүлэг /хх-80-81/,

 

Шүүгдэгч Э.Б-гийн Хаан банкны 5779159649 дугаартай дансны хуулга /хх-63/,

Шүүгдэгч Э.Б-гийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-39/  зэрэг болно.

 

 Ийнхүү шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсэгт дурдагдсан байдлаар шүүгдэгч Л.Өлзийжаргал нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан буюу хулгайлах гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч, яллагдагчийн мэдүүлэг, “Дамно” ХХК-ийн хөрөнгө үнэлгээний тайлан болон бусад хавтас хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд зэргээр нотлогдон тогтоосон байх тул шүүх дээрхи нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно.

 

Иймд шүүгдэгч Э.Б нь 2021 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “F&В” /Эф энд Би/ нэртэй зочид буудлын 405 тоот өрөөнд хамт үйлчлүүлсэн хохирогч М.Х-гийн түрийвчнээс бэлэн 400 доллар буюу 1.139.200 төгрөгийг нууцаар, хууль бусаар хулгайлан авч бусдад бага хэмжээнээс дээш хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.  

 

Хулгайлах гэмт хэрэг нь бусдын өмчлөх эрхэд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.

 

Түүнчлэн энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй.

 

  Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Э.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон гэж үзлээ.

 

Дээрхи байдлаар шүүгдэгч Э.Б-гийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруу тогтоогдсон учир түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй.

 

Шүүгдэгч Э.Б нь хохирогч М.Х-д учруулсан хохирол буюу 1.139.200 төгрөгийг төлж барагдууласн байх тул бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзлээ.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-д заасан “эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэж хуульчилжээ.

 

Шүүх шүүгдэгч Э.Б-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.

 

            Шүүхээс шүүгдэгч Э.Б-д ял шийтгэл оногдуулахад хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлж хор уршгийг арилгасан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т заасан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэж уг ялыг тэнсэхээр шийдвэрлэв.

 

            Энэ хэрэгт эд мөрийн баримаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй болно.

 

                Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

           1.Шүүгдэгч С овогтой Э-ийн Б-г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан буюу хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Э.Б-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 6 сарын хугацаагаар тэнсэж, хяналт тогтоохыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

           3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5-д зааснаар Э.Б нь тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг дурдсугай.

 

4. Энэ хэрэгт эд мөрийн баримт хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, Э.Б нь бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

           

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба Э.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

     7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл Э.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ,

                                             ШҮҮГЧ                                Э.ЧИНГИС