Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 04 сарын 07 өдөр

Дугаар 2022/ШЦТ/531

 

 

 

 

 

 

 

 

  2022         04         07                                  2022/ШЦТ/531

 

 

 

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Мөнхцэцэг,

улсын яллагч Н.Өнөрбаяр,

шүүгдэгч Ж.Б нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Ж.Б-т холбогдох эрүүгийн 2233 00023 0877 дугаартай хэргийг 2022 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.   

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1986 оны 8 дугаар сарын 20-ны өдөр Хөвсгөл аймгийн Ханх суманд төрсөн, 34 настай, эмэгтэй, дээд боловсролтой, санхүүгийн менежмент мэргэжилтэй, “Хаан” банкны борлуулалт үйлчилгээний ахлах ажилтан ажилтай, ам бүл 5, нөхөр, 3 хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Улаанхуаран гудамжны 225 дугаар байрны 57 тоотод оршин суух бүртгэлтэй, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар хх000000 Ж.Б.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ж.Б нь Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Улаанхуаран гудамжны 225 дугаар байрны 57 тоот өөрийн гэртээ байхдаа цахим банкны системээр хохирогч Я.Х-гийн Төрийн банкны 140400269420 тоот хадгаламжийн дансанд нэвтэрч, үргэлжилсэн үйлдлээр 2021 оны 08 дугаар сарын 14-ны өдрөөс 10 дугаар сарын 24-ний өдрийг хүртэлх хугацаанд нийт 26.424.000 төгрөгийн мөнгөн хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар өөрийн Хаан банкны 5555555555, 551111111 тоот данс ашиглан авч, улмаар бага хэмжээнээс дээш хохирол буюу 26.424.000 төгрөгийн хохирол учруулсан буюу хулгайлах гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт: 2022 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 431 дүгээр яллах дүгнэлт, түүний хавсралтад дурдсан нотлох баримт, хохирогчийн хохирол төлбөр хүлээн авсан, гомдол санал байхгүй талаарх хүсэлт, шүүгдэгчийн хувийн байдлыг тодруулсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүйг дурдаж, шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзсэн болно.

 

Нэг. Гэм буруутайд тооцох тухайд шүүгдэгч Ж.Б:

1. Шүүх хуралдаанд шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлэн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтээ дэмжиж оролцсон болно.

2. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар мэдүүлгээс дүгнэн үзэхэд нь шүүгдэгч Ж.Б нь Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Улаанхуаран гудамжны 225 дугаар байрны 57 тоот өөрийн гэртээ байхдаа цахим банкны системээр хохирогч Я.Х-гийн Төрийн банкны 140400269420 тоот хадгаламжийн дансанд нэвтэрч, үргэлжилсэн үйлдлээр 2021 оны 08 дугаар сарын 14-ны өдрөөс 10 дугаар сарын 24-ний өдрийг хүртэлх хугацаанд нийт 26.424.000 төгрөгийн мөнгөн хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар өөрийн Хаан банкны 5555555555, 551111111 тоот данс ашиглан авч, улмаар бага хэмжээнээс дээш хохирол буюу 26.424.000 төгрөгийн хохирол учруулсан буюу хулгайлсан үйл баримт тогтоогдлоо.

Энэ нь хохирогч Я.Х-н “...2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр өгсөн “...Би 2000- аад оны үед анх өөрийнхөө нэр дээр банканд хадгаламж нээсэн юм сүүлд 2019 онд Төрийн банкин дахь хадгаламжаа өөрийн төрсөн хүү Жаргалын нэр дээр шилжүүлэх үед 23.000.000 төгрөг байсан юм. Тэгээд тэрнээс хойш хүү нь өссөөр 25.500.000 төгрөг болсон юм. Тухайн хадгаламж нь хугацаатай хадгаламж байж байгаад 2021 оны 05-06 дугаар сард хугацаа нь дууссан юм. Тэгээд сүүлд 2021 оны 10 сард тухайн Төрийн банк дахь хадгаламжаа шалгуултал хадгаламжид байсан мөнгө маань байхгүй үлдэгдэл 200.000 төгрөг л болсон байсан юм. Тэгэхээр нь ямар хүн яаж авсан талаар нь Төрийн банкаар шалгуулаад үзтэл Баярчимэг гэх хүн интернэт банкаар дамжуулаад өөрийнхөө данс уруу шилжүүлээд авчихсан байна гэсэн юм...Манай хүү Жаргал 16 нас хүрээгүй болохоор банк өгөхгүй ганцхан би л тухайн данснаас өөрийн гарын үсгээр мөнгө гаргаж авах эрхтэй хүн байгаа юм /хх-13/,

 

Я.Х-гийн эзэмшлийн Төрийн банкны 140400269420, 140600161344 тоот дансны хуулга, (хх-ийн 5-7-р хуудас), түүнд үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл /хх-8-9/,

Хаан банкны 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 5048/21 тоот албан бичиг /хх-21/,

 Ж.Б-ийн эзэмшлийн Хаан банкны 5555555555, 551111111 тоот депозит дансанд үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл /хх-22-23/,

Хаан банкны 5555555555, 551111111 тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-24-36/,

 

Шүүгдэгч Ж.Б-ийн яллагдагчаар өгсөн “...Хангай ах 2020 оны эхээр хорих ял авч шоронд суусан. Хангай ахыг шоронд сууснаас хойш би хадгаламж нь юу болж байгаа талаар үзэж, дансыг нь хянаж явж байгаад 2021 оны 8 дугаар сараас хойш би Эрдэнэс таван толгойгоос бонд авахаар Хангай ахын хадгаламжийн дансанд байсан мөнгөнөөс өөрийнхөө 5555555555 дугаарын данс руу 10 удаагийн гүйлгээгээр 22.240.000 төгрөг, 551111111 дугаарын данс руу 5 удаа 5.804.000 төгрөгийг тус тус шилжүүлэн авсан...” гэсэн мэдүүлгээр /хх-61/ тус тус нотлогдож байна.

 

3. Шүүгдэгчийн хувьд үргэлжилсэн үйлдлээр хулгайлах энэхүү гэм буруутай үйлдлээ сайн дураар хүлээн зөвшөөрч, хохирогч Я.Х-д 26.424.000 төгрөгийн хохирлыг төлж барагдуулсан байна. Хохирогч Я.Х нь хохирлыг 5048010520 дугаарын дансаар хүлээн авсан, гомдол, саналгүй гэдгээ илэрхийлсэн байна.

4. Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нөхцөл байдал бүрэн хангагдсан гэж дүгнэлээ.

5. Иймд улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Ж.Б-ийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үргэлжилсэн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан буюу хулгайлах үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

6. Улсын яллагчаас шүүгдэгч Ж.Б-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх зорчин явахдаа хяналт хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэх дүгнэлтийг гаргасан бөгөөд шүүгдэгч нь улсын яллагчийн гаргасан ялыг хүлээн зөвшөөрч буйгаа илэрхийлсэн болно.  

7. Шүүгдэгч Ж.Б нь хохирогч Я.Х-н баримтаар нэхэмжилсэн хохирол төлбөрийг төлж барагдуулсныг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба энэ хэрэгт эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлд ...заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заажээ.

Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” мөн зүйлийн 3 дахь хэсэгт “...Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан энэ хуулийн 7.3 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасан хэд хэдэн үүрэг хүлээлгэж, хязгаарлалт тогтооно” мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл ... хөнгөн гэмт хэрэг гэнэ” гэж тус тус хуульчилжээ.

9. Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан үйлдэл нь хуульд зааснаар хөнгөн гэмт хэрэгт хамаарах бөгөөд шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирогчид учирсан хохирлыг төлсөн нь хялбаршуулсан журмаар шийдвэрлэх хуульд заасан шаардлагыг хангажээ.

10. Улсын яллагч нь эрүүгийн хариуцлагын талаар урьд тохиролцсоны дагуу саналаа гаргасан, санал нь гэмт хэрэг үйлдэгдсэн хэргийн нөхцөл байдалд тохирсон байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэв.

11. Тэнсэж шийдвэрлэж байгаатай холбоотойгоор шүүгдэгч Ц.Үүрцайхад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар “оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэхээр шийдвэрлэлээ.

Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:

12. Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдав.

13. Мөн шүүгдэгч нь тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг анхааруулах нь зүйтэй.

14. Түүнчлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх уг албадлагын арга хэмжээ авагдсан шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.1 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулдаг, мөн зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар мөн хугацаанд болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн бол тухайн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, шүүхээс хүлээлгэсэн үүрэг, хязгаарлалтыг биелүүлсэн байдлыг харгалзан уг албадлагын арга хэмжээг хүчингүй болгох эсэхийг шүүх шийдвэрлэдэг болохыг шүүгдэгчид анхааруулж байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Ж.Б-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар үргэлжилсэн үйлдлээр бусдын эд хөрөнгийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан буюу хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Б-т хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар “оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүргийг шүүгдэгчид хүлээлгэсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн, тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

 

5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдсугай.

 

            6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба Ж.Б-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Э.ЧИНГИС