| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лувсанравжаагийн Дэлгэрцэцэг |
| Хэргийн индекс | 152/2017/00325/И |
| Дугаар | 346 |
| Огноо | 2017-04-25 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 04 сарын 25 өдөр
Дугаар 346
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Увс аймгийн Улаангом сумын 6 дугаар багт оршин суух, 1957 онд төрсөн, 60 настай, эмэгтэй, регистрийн дугаар ОЮ57102606, Хар ямаат овогт Данзангийн Бунжаагийн,
Д.Ганбаярын ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2017 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч, 2017 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Бунжаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Дашдорж нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.Бунжаа шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Д.Ганбаяр нь 1959 онд төрсөн, 58 настай. Д.Ганбаяр нь Нэгдэл дундын үйлдвэрийн даргын 1980 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 42 тоот тушаалаар Увс аймгийн Нэгдэл дундын үйлдвэрт тракторчноор ажилд ороод ,1992 оны 12 дугаар сарын 31-нийг дуустал тасралтгүй ажилласан. Д.Ганбаярын ажилд орсон, чөлөөлсөн талаарх бичилттэй хөдөлмөрийн дэвтэр, ажилд орсон, ажлаас чөлөөлөгдсөн тушаалууд байгаа хэдий ч хөдөлмөрийн дэвтрийн тамга тэмдэг нь дутуу дарагдсан зөрчилтэй байгаа, мөн цалингийн мэдээлэл архивт байхгүй тул шүүхээр ажиллаж байсан байдлаа шийдвэрлүүлэх шаардлагатай болсон. Иймд хамт ажиллаж байсан С.Ганболд, Ц.Батхүү нарыг гэрчээр асууж, Нэгдэл дундын үйлдвэрийн даргын 1980 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 42 тоот “тракторчин ажилд авах тухай” тушаал, Увс аймгийн Нэгдэл дундын үйлдвэрийн даргын 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 79 тоот “ажлаас чөлөөлөх” тухай тушаал, Нэгдэл дундын үйлдвэрийн даргын 1986 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 12 тоот, 1984 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн “комисс батлах тухай” тушаал, Нэгдэл дундын үйлдвэрийн даргын 1986 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 43 тоот “ээлжийн амралт олгох тухай” тушаалын хуулбар, Д.Ганбаярт Нэгдэл дундын үйлдвэрийн захиргаанаас 1987 оны 12 дугаар сарын 25-ны өдөр олгосон дипломын хуулбар, Нэгдэл дундын үйлдвэрийн захиргаанаас 1980 оны 6 дугаар сарын 25-ны өдөр Д.Ганбаярт олгосон хөдөлмөрийн дэвтрийн хуулбар зэрэг баримтыг үндэслэн түүнийг Увс аймгийн Нэгдэл дундын үйлдвэрт 1980 оны 6 дугаар сарын 25-ны өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-нийг дуустал тракторчноор ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү” гэв.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.Бунжаа нь Д.Ганбаярын 1980 оны 6 дугаар сарын 25-наас 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Увс аймгийн Нэгдэл дундын үйлдвэрт тракторчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Увс аймгийн Архивын тасгийн 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 361 дүгээр архивын лавлагаанд: “Увс аймгийн Нэгдэл дундын үйлдвэрийн архивын баримтад ажилтан, албан хаагчдын цалингийн болон амралт авсан, шагнал авсан тухай ямар нэгэн баримт материал байхгүй болно” гэжээ.
Увс аймгийн Архивын тасгийн 2017 оны 2 дугаар сарын 08-ны өдрийн 92 дугаар архивын лавлагаанд: “Увс аймгийн Нэгдэл дундын үйлдвэрийн даргын 1984, 1986 оны комисс томилох тухай шийдвэрт Д.Ганбаярын нэр байгаа тул хуулбарлан хүргүүлэв” гэжээ.
Нэгдэл дундын үйлдвэрийн захиргаанаас 1980 оны 6 дугаар сарын 25-ны өдөр Д.Ганбаярт олгосон хөдөлмөрийн дэвтрийн хуулбарт: “1980 оны 6 дугаар сарын 25-ны өдөр цэргийн алба хааж ирсэн тул МТЗ-75 маркийн тракторчнаар авч ажиллуулав, 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдөр өөр газар шилжин ажиллах болсон тул өөрийнх нь хүсэлтээр тракторчны ажлаас чөлөөлөв” гэжээ.
Түүнчлэн Нэгдэл дундын үйлдвэрийн даргын 1980 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 42 дугаар “Тракторчин ажилд авах тухай” тушаалд: “...Цэргийн алба хаагаад ирсэн Дуламжав овогтой Ганбаярыг 1980 оны 6 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн МТЗ-75 маркийн тракторчнаар авч ажиллуулсугай” гэжээ.
эгдэл дундын үйлдвэрийн даргын 1986 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 12 дугаар “Комисс батлах тухай” тушаалд: “...Рамын мастер Бат-Эрдэнэд дараах комиссоор ажил хүлээлцсүгэй. Гишүүдэд: Ганбаяр” гэжээ.
Нэгдэл дундын үйлдвэрийн даргын 1986 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 43 дугаар “Ээлжийн амралт олгох тухай” тушаалд: “...Тракторчин ажилтай Дуламжав овогтой Ганбаярт 1986 оны ээлжийн амралтыг 1986 оны 7 дугаар сарын 08-ны өдрөөс эхлэн амралт 15 хоног, нэмэгдэл амралт 3 хоног, удаан жилийн нэмэгдэл амралт 2 хоног, бүгд 20 хоногоор олгосугай” гэжээ.
Нэгдэл дундын үйлдвэрийн даргын 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 79 дүгээр “Ажлаас чөлөөлөх тухай” тушаалд: “...Тус үйлдвэрт тракторчнаар ажиллаж байсан Дуламжав овогтой Ганбаяр өөр газар шилжих болсон тул 1992 оны 12 дугаар сарын 31-нээр тасалбар болгон ажлаас нь чөлөөлсүгэй” гэжээ.
Мөн Шинэ жилийн баярын үеэр ажиллах эргүүл жижүүрийн хуваарь, Нэгдэл дундын үйлдвэрийн захиргаанаас 1987 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Д.Ганбаярыг шагнаж байсан диплом зэрэг баримтууд хэрэгт авагдсан байна.
Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр гэрч Ц.Батхүү, С.Ганболд нараас мэдүүлэг авсан бөгөөд гэрч Ц.Батхүү “Миний бие 1982 оноос 1992 оныг дуустал Нэгдэл дундын үйлдвэрт барилгын бригадад туслах ажилтнаар ажиллаж байсан. Намайг тус газарт ажиллаж эхлэхэд Д.Ганбаяр нь Нэгдэл дундын үйлдвэрт тракторчнаар ажиллаж байсан бөгөөд Д.Ганбаяр нь 1992 оныг дуустал тус газарт тракторчнаар ажилласан юм. Тухайн үед Нэгдэл дундын үйлдвэрийн даргаар Дашхүү гэх хүн ажиллаж байсан” гэж, гэрч С.Ганболд “Миний бие 1978 оноос 1992 оныг дуустал Нэгдэл дундын үйлдвэрт тракторчнаар ажиллаж байсан. Намайг тус газарт ажиллаж байхад Д.Ганбаяр нь 1980 оны 6 дугаар сараас эхлэн Нэгдэл дундын үйлдвэрт тракторчнаар ажиллаж эхэлсэн бөгөөд 1992 оныг дуустал тус газарт тракторчнаар ажилласан юм. Тухайн үед Нэгдэл дундын үйлдвэрийн даргаар Дашхүү гэх хүн ажиллаж байсан” гэж тус тус мэдүүлсэн ба тэдний ажилласан байдлыг нотлох Ц.Батхүүг ажилд томилсон тушаалын хуулбар болон Увс аймаг дахь Сум дундын шүүхийн 2017 оны 2 дугаар сарын 09-ний өдрийн 148 дугаар шийдвэрийн хуулбарууд хэрэгт авагджээ.
Хэдийгээр Д.Ганбаярын 1980-1992 онуудад ажиллаж байхдаа авч байсан цалингийн баримт Увс аймгийн Архивын тасагт хадгалагдаагүй байгаа боловч Д.Ганбаяр нь дээрх онуудад Увс аймгийн Нэгдэл дундын үйлдвэрт тркаторчнаар ажиллаж байсан болох нь Нэгдэл дундын үйлдвэрийн захиргаанаас түүнд 1980 оны 6 дугаар сарын 25-ны өдөр олгосон хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Нэгдэл дундын үйлдвэрийн даргын 1980 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 42 дугаар “Тракторчин ажилд авах тухай” тушаал, Нэгдэл дундын үйлдвэрийн даргын 1986 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 12 дугаар “Комисс батлах тухай” тушаал, Нэгдэл дундын үйлдвэрийн даргын 1986 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 43 дугаар “Ээлжийн амралт олгох тухай” тушаал, Нэгдэл дундын үйлдвэрийн даргын 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 79 дүгээр “Ажлаас чөлөөлөх тухай” тушаал, Шинэ жилийн баярын үеэр ажиллах эргүүл жижүүрийн хуваарь, Нэгдэл дундын үйлдвэрийн захиргаанаас 1987 оны 12 дугаар сарын 25-ны өдөр шагнаж байсан диплом, гэрч Ц.Батхүү, С.Ганболд нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.
Иймд нэхэмжлэгч Д.Бунжаагийн хүсэлтийг хангаж, Д.Ганбаярын 1980 оны 6 дугаар сарын 25-наас 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Увс аймгийн Нэгдэл дундын үйлдвэрт тракторчнаар 12 жил 6 сар 6 хоног ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэв.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсгүүдэд зааснаар Сартуул овогт Дуламжавын Ганбаярын 1980 оны 6 дугаар сарын 25-наас 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Увс аймгийн Нэгдэл дундын үйлдвэрт тракторчнаар 12 /арван хоёр/ жил 6 /зургаа/ сар 6 /зургаа/ хоног ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч Д.Бунжаагийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ