| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лувсанравжаагийн Дэлгэрцэцэг |
| Хэргийн индекс | 152/2017/00305/и |
| Дугаар | 347 |
| Огноо | 2017-04-25 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 04 сарын 25 өдөр
Дугаар 347
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Увс аймгийн Улаангом сумын 2 дугаар баг, 3-1 тоотод оршин суух, 1966 онд төрсөн, 51 настай, эмэгтэй, регистрийн дугаар ОМ66052708, Гөц овогт Цагаанмөрийн Оюунчимэгийн,
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2017 оны 3 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, 2017 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.Оюунчимэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Дашдорж нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ц.Оюунчимэг шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие нь 1966 онд төрсөн, 51 настай. Би Увс аймгийн Улаантолгойн чацарганы аж ахуйд 1982 оны 6 дугаар сараас 1990 оныг дуустал цэцэрлэгчнээр ажилласан юм. Улаантолгойн чацарганы аж ахуй нь 1987 онд бүтэц зохион байгуулалтын өөрчлөлтөд орж Шинжлэх ухаан үйлдвэрлэлийн нэгдэл болоход миний бие нь мөн л цэцэрлэгчнээр ажиллаж байсан. Тухайн үед хөдөлмөрийн дэвтрээ авч чадаагүй байтал Улаантолгойн чацарганы аж ахуй тарсан юм. Одоо өндөр насны тэтгэвэрт орох болсон ба бичиг баримтаа бүрдүүлэхэд Улаантолгойн чацарганы аж ахуйд ажиллаж байсныг нотлох хөдөлмөрийн дэвтрийг нөхөн бичүүлэх боломжгүй болсон тул шүүхэд хандаж байна. Иймд тус байгууллагад цэцэрлэгчнээр ажиллаж байсан байдлыг сэргээн тогтоож өгнө үү. Тухайн үед надтай хамт ажиллаж байсан Т.Цээлэй, Д.Нарантуяа нарыг гэрчээр асууж өгнө үү” гэв.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ц.Оюунчимэг нь 1982 оны 6 дугаар сараас 1990 оныг дуустал Увс аймгийн Улаантолгойн чацарганы аж ахуй болон Шинжлэх ухаан үйлдвэрлэлийн нэгдэлд цэцэрлэгчнээр ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэгт дараах нотлох баримтууд авагджээ.
Увс аймгийн Архивын тасгийн 2013 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн цалингийн тодорхойлолтод нэхэмжлэгч Цагаанмөрийн Оюунчимэгийн 1982 оны 6 дугаар сараас 1990 оныг дуустал Увс аймгийн Улаантолгойн чацарганы аж ахуйд цэцэрлэгчнээр ажиллаж, цалин авч байсныг түүвэрлэн ирүүлжээ.
Түүнчлэн шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр гэрч Д.Нарантуяа, Т.Цээлээ нараас мэдүүлэг авсан бөгөөд гэрч Д.Нарантуяа “Миний бие нь 1981 оноос 1998 оныг дуусталх хугацаанд Увс аймгийн Улаантолгойн чацарганы аж ахуй болон Шинжлэх ухаан үйлдвэрлэлийн нэгдэлд цэцэрлэгчнээр ажиллаж байсан. Намайг ажиллаж байхад Ц.Оюунчимэг нь 1982 оноос эхлэн Улаантолгойн чацарганы аж ахуйд цэцэрлэгчнээр ажиллаж эхэлсэн бөгөөд 1990 оныг дуустал ажилласан. Увс аймгийн Улаантолгойн чацарганы аж ахуй нь 1987 онд бүтэц зохион байгуулалтын өөрчлөлтөд орж Шинжлэх ухаан үйлдвэрлэлийн нэгдэл болсон бөгөөд Ц.Оюунчимэг нь мөн л тус газарт цэцэрлэгчнээр үргэлжлүүлэн ажилласан юм. Тухайн үед Увс аймгийн Улаантолгойн чацарганы аж ахуйн даргаар Ц.Цэвээн, С.Дэчинпил, Шинжлэх ухаан үйлдвэрлэлийн нэгдлийн даргаар Болоож гэх хүмүүс ажиллаж байсан” гэж, гэрч Т.Цээлээ “Миний бие нь 1980 оноос 1998 оныг дуусталх хугацаанд Увс аймгийн Улаантолгойн чацарганы аж ахуй болон Шинжлэх ухаан үйлдвэрлэлийн нэгдэлд цэцэрлэгчнээр ажиллаж байсан. Намайг ажиллаж байхад Ц.Оюунчимэг нь 1982 оноос эхлэн Улаантолгойн чацарганы аж ахуйд цэцэрлэгчнээр ажиллаж эхэлсэн бөгөөд 1990 оныг дуустал ажилласан болно. Улаантолгойн чацарганы аж ахуй нь 1987 онд бүтэц зохион байгуулалтын өөрчлөлтөд орж Шинжлэх ухаан үйлдвэрлэлийн нэгдэл болсон бөгөөд Ц.Оюунчимэг нь мөн л тус газарт цэцэрлэгчнээр ажиллаж байсан болно” гэж тус тус мэдүүлсэн ба тэдний ажилласан байдлыг нотлох хөдөлмөрийн дэвтрийн хуулбарууд хэрэгт авагджээ.
Нэхэмжлэгч Ц.Оюунчимэг нь 1982 оны 6 дугаар сараас 1990 оныг дуустал Увс аймгийн Улаантолгойн чацарганы аж ахуй болон Шинжлэх ухаан үйлдвэрлэлийн нэгдэлд цэцэрлэгчнээр ажиллаж байсан болох нь Увс аймгийн Архивын тасгийн 2013 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн цалингийн тодорхойлолт, гэрч Д.Нарантуяа, Т.Цээлээ нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.
Иймд нэхэмжлэгч Ц.Оюунчимэгийн хүсэлтийг хангаж, түүний 1982 оны 6 дугаар сараас 1990 оныг дуустал Увс аймгийн Улаантолгойн чацарганы аж ахуй болон Шинжлэх ухаан үйлдвэрлэлийн нэгдэлд цэцэрлэгчнээр 8 жил 7 сар ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэв.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч Гөц овогт Цагаанмөрийн Оюунчимэгийн 1982 оны 6 дугаар сараас 1990 оныг дуустал Увс аймгийн Улаантолгойн чацарганы аж ахуй болон Шинжлэх ухаан үйлдвэрлэлийн нэгдэлд цэцэрлэгчнээр 8 /найм/ жил 7 /долоо/ сар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч Ц.Оюунчимэгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ