Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 04 сарын 25 өдөр

Дугаар 348

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

          Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

          Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 4 дүгээр хороо, Их наран 14 гудамжны 24-б тоотод оршин суух, 1966 онд төрсөн, 51 настай, эмэгтэй, регистрийн дугаар ОЙ66091309, Тугтан овогт Дарьжавын Цэвэлмаагийн,

         Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2017 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, 2017 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

          Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Цэвэлмаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Дашдорж нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ  нь:

         Нэхэмжлэгч Д.Цэвэлмаа шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие нь 1966 онд төрсөн, 51 настай. Би 1981 оноос эхлэн Увс аймгийн Өмнөговь сумын Цог нэгдэлд малчнаар ажиллаж эхэлсэн билээ. Цог нэгдэлд 1989 оныг дуустал ажилласан ба одоо тэтгэвэрт гарах нас болж, тэтгэврийн бичиг баримтаа бүрдүүлэхэд тухайн үед ажиллаж байсныг нотлох хөдөлмөрийн дэвтэр байхгүй учраас шүүхэд хандаж ажиллаж байсан байдлаа тогтоолгох шаардлагатай болсон юм. Иймд миний Увс аймгийн Өмнөговь сумын Цог нэгдэлд 1981 оны 1 дүгээр сараас 1989 оныг дуустал малчнаар ажиллаж байсныг сэргээн тогтоож өгнө үү. Тухайн үед надтай хамт ажиллаж байсан Р.Пүрвээ, Л.Басан нарыг гэрчээр асууж өгнө үү” гэв.

         Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

         Нэхэмжлэгч Д.Цэвэлмаа нь 1981 оноос 1989 оныг дуустал Увс аймгийн Өмнөговь сумын Цог нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

         Увс аймгийн Архивын тасгийн 2011 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн цалингийн тодорхойлолтод нэхэмжлэгч Дарьжавын Цэвэлмаагийн 1981 оноос 1989 оныг дуустал Увс аймгийн Өмнөговь сумын Цог нэгдэлд малчнаар ажиллаж, цалин авч байсныг түүвэрлэн ирүүлжээ.

         Мөн Увс аймгийн Өмнөговь сумын Цог нэгдлийн зөвлөл, Намын хороо, Ардын депутатуудын гүйцэтгэх захиргаа, Үйлдвэрчний эвлэлийн зөвлөл, Хувьсгалт залуучуудын эвлэлийн хорооноос 1987 оны 7 дугаар сарын 11-ний өдөр Д.Цэвэлмааг шагнаж байсан баярын бичиг хэрэгт авагдсан байна.

        Түүнчлэн шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр гэрч Р.Пүрвээ, Л.Басан нараас мэдүүлэг авсан бөгөөд гэрч Р.Пүрвээ “Миний бие нь 1974-1992 оны хооронд Тэс сумын Тэжээлийн аж ахуй болон Өмнөговь сумын Цог нэгдэлд тракторчнаар ажиллаж байсан. Намайг тус нэгдэлд ажиллаж байхад Д.Цэвэлмаа нь 1981 оноос 1989 оныг дуустал Өмнөговь сумын Цог нэгдэлд малчнаар ажиллаж байсан болно. Д.Цэвэлмаа нь голдуу бог мал малладаг байсан. Тухайн үед миний бие нь нэгдлийн малчдыг нүүлгэж, хадлан өвсийг хүргэж өгч, өтөг бууцыг нь хатгаж бэлтгэх ажлуудыг хийдэг байсан. Иймд Д.Цэвэлмаагийн ажиллаж байсан байдлын талаар сайн мэдэж байна. Тухайн үед Өмнөговь сумын Цог нэгдлийн даргаар Юнгэр, Дүүдэй гэх хүмүүс ажиллаж байсан” гэж, гэрч Л.Басан “Миний бие нь 1974-1990 он хүртэл Өмнөговь сумын 8 жилийн сургуульд цэвэрлэгчээр ажиллаж байсан. Намайг тус сургуульд ажиллаж байхад Д.Цэвэлмаа нь Өмнөговь сумын Цог нэгдэлд малчнаар 1981 оноос 1989 оныг дуустал малчнаар ажиллаж байсан болно. Би хэдий Д.Цэвэлмаатай Цог нэгдэлд хамт ажиллаж байгаагүй ч бид нар нэг нутаг усанд айл саахалт амьдарч байсан учраас би Д.Цэвэлмаагийн ажиллаж байсан байдлыг -сайн мэдэж байна” гэж тус тус мэдүүлсэн ба тэдний ажилласан байдлыг нотлох хөдөлмөрийн дэвтрийн хуулбарууд хэрэгт авагджээ.

       Нэхэмжлэгч Д.Цэвэлмаа нь 1981 оноос 1989 оныг дуустал Увс аймгийн Өмнөговь сумын Цог нэгдэлд малчнаар ажиллаж байсан болох нь Увс аймгийн Архивын тасгийн 2011 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн цалингийн тодорхойлолт, Увс аймгийн Өмнөговь сумын Цог нэгдлийн зөвлөл, Намын хороо, Ардын депутатуудын гүйцэтгэх захиргаа, Үйлдвэрчний эвлэлийн зөвлөл, Хувьсгалт залуучуудын эвлэлийн хорооноос Д.Цэвэлмааг шагнаж байсан баярын бичиг, гэрч Р.Пүрвээ, Л.Басан нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна. 

      Иймд нэхэмжлэгч Д.Цэвэлмаагийн хүсэлтийг хангаж, түүний 1981 оноос 1989 оныг дуустал Увс аймгийн Өмнөговь сумын Цог нэгдэлд малчнаар 9 жил ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэв.

      Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.               

       Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч Тугтан овогт Дарьжавын Цэвэлмаагийн 1981 оноос 1989 оныг дуустал Увс аймгийн Өмнөговь сумын Цог нэгдэлд малчнаар 9 /ес/ жил ажиллаж байсан байдлыг тогтоосугай.           

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсгүүдэд  зааснаар нэхэмжлэгч Д.Цэвэлмаагийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.  

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.  

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ