Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 04 сарын 08 өдөр

Дугаар 2022/ШЦТ/542

 

 

 

 

 

   2022       04          08                                   2022/ШЦТ/542

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн хуралдааныг, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж,

нарийн бичгийн дарга Д.Хонгорзул

Улсын яллагч М.Энхбаатар,

Шүүгдэгч Г.О, түүний өмгөөлөгч Б.Б,

Хохирогч “Б” ХХК-ийн гүйцэтгэх захирал П.Чийн өмгөөлөгч Л.Д,

Хохирогч “И” ХХК болон иргэн Б.А нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б, түүний өмгөөлөгч Б.М,   

Иргэний хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч, АМГТГ-ын Хууль эрх зүйн хэлтсийн хууль зүйн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн Ц.Ж нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан, Мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасныг журамлан, Мөн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Г.Од холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 2202000120028 дугаартай хэргийг 2022 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч Монгол Улсын иргэн Г.О, 1973 оны 7 сарын 16-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 49 настай, эмэгтэй, дээд боловсролтой, ************, *************, **************, ам бүл 4, нөхөр, 2 хүүхдийн хамт ************** тоот оршин суудаг, урьд ял шийтгэлгүй, регистрийн дугаар ****************

 

Холбогдсон хэргийн талаар /Прокурорын яллах дүгнэлтэд дурдсанаар/

            Шүүгдэгч Г.О нь гэмт хэрэг хамтран оролцож, бусадтай бүлэглэн Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаг “И” ХХК-ийн 100 хувийн хувьцаа, мөн “Б” ХХК-ийн 53 хувийн хувьцааг тус тус эзэмшигч БНХАУ-ын иргэн Л нь тус компаниудад шаардлагатай хөрөнгө оруулалтыг хийх зорилгоор урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, бодит байдлын нуух замаар

            2011 оны 10 дугаар сарын 11-ний өдөр “И” ХХК-ийн ********* дугаартай, ********* дугаартай ашигт малтмалын тусгай зөвшөөрөл, “Б” ХХК-ийн ********* дугаартай ашигт малтмалын тусгай зөвшөөрөл, 2000 ширхэг вагон, 12 ширхэг зүтгүүр, баяжуулах үйлдвэрийн тоног төхөөрөмж зэрэг эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг БНХАУ-ын Экспорт Импорт банктай барьцааны гэрээ байгуулах замаар 200.000.000 ам.долларын зээл авах, мөн 2011 оны 10 дугаар сарын 19-ны өдөр БНХАУ-ын Хөгжлийн банканд “Б” ХХК-ийн ********* ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг давхар барьцаалах гэрээг байгуулах замаар БНХАУ-ын Хөгжлийн банкнаас 175,000,000 ам.долларын зээл авахад нь

Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаг “М” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Б” ХХК-ийн байранд 2011 оны 10 дугаар сарын 11-ны өдөр “И” ХХК-ийн *********, ********* дугаартай ашигт малтмалын тусгай зөвшөөрөл, “Б” ХХК-ийн ********* ашигт малтмалын тусгай зөвшөөрөл, 2000 ширхэг вагон, 12 ширхэг зүтгүүр, баяжуулах үйлдвэрийн тоног төхөөрөмж зэрэг эд хөрөнгийг БНХАУ-ын Экспорт Импорт банканд барьцаалуулах гэрээ, 2012 оны 06 дугаар сарын 27-ны өдөр “И” ХХК-ийн 100 хувийн хувьцааг худалдах-худалдан авах, эрх шилжүүлэх гэрээ зэргийг байгуулах

БНХАУ-ын Эрээн хотод бүртгэлтэй “Ш” компанийн захирал БНХАУ-ын иргэн Лий олгосон итгэмжлэлийн дагуу Монгол улсад “М” ХХК-ийн 2011 оны 06 дугаар сарын 10-ны өдөр байгуулсан.

2011 оны 12 дугаар сарын 19-ны өдөр “Б” ХХК-ийн эзэмшлийн ********* дугаартай ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг БНХАУ-ын Хөгжлийн банканд давхар барьцаалуулж, мөн “М” ХХК-ийн тэмдгийг 2012 онд БНХАУ руу явуулах, 2011 оны 10 дугаар сарын 11-ны өдрийн шугамын зээлийн гэрээний нүүр хэсгийн “М” ХХК байсныг “Б” ХХК болгож хуудсыг сольж барьцааны бүртгэлийг АМГТГазарт бүртгүүлэх зэргээр гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлж “И” ХХК болон Б ХХК-д ноцтой хохирол учруулсан гэмт хэрэг,

 

Мөн шүүгдэгч Г.О нь залилах гэмт хэрэг үйлдэж олсон мөнгө гэдгийн мэдсээр байж 2012 оны 5 дугаар сарын 01-ны өдөр “Х” компаниас шилжүүлсэн 2.000.000 ам.доллароос 612,000,000 төгрөгийг өөртөө авч, эзэмшиж, уг мөнгөний хууль бус эх үүсвэрийг нуун далдлах зорилгоор өөрийн нөхөр Ц.Оийн нэр дээр 2014 оны 12-р сарын 22-ны өдөр Улсын бүртгэлийн ************ дугаартай Баянзүрх дүүргийн 26-р хороо, ************тоот хаягт байрлах 5 өрөө орон сууц, Улсын бүртгэлийн  ************ дугаартай Баянзүрх дүүргийн 26-р хороо, ************ тоот хаягт байрлах 2 авто зогсоол зэргийг худалдан авч ашигласан гэмт хэрэгт тус тус холбогджээ. 

 

Шүүгдэгч Г.О шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад болон прокурорын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн. Яллах дүгнэлтийг бүрэн хүлээн зөвшөөрч байна. Хохирол төлбөрийг бүгдийг нөхөн төлсөн. Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна” гэв.

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч “И” ХХК болон иргэн Б.Анарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б мэдүүлэхдээ: “Шүүгдэгч Г.О нь хохирол төлбөрийг нөхөн төлсөн. Одоо нэхэмжлэх зүйлгүй, манай өмгөөлөгч дэлгэрэнгүй үг хэлнэ” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч “И” ХХК болон иргэн Б.А нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Бийн өмгөөлөгч Б.М: “Өмгөөлөгч миний бие хохирогч “И” ХХК болон иргэн Б.А нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б нарын өмгөөлөгчөөр оролцож байна. “И” ХХК болон БНХАУ-ын Экспорт импорт банкны хооронд 2011.11.14-ны өдөр тусгай зөвшөөрлийн барьцааны гэрээ, зээлийн нэмэлт гэрээ байгуулагдсан. Мөн оны 10 дугаар сарын 20-ны өдөр “И” ХХК-ийн 100 хувийн хувьцааг худалдах-худалдан авах гэрээ, эрх шилжүүлэх гэрээ зэрэг хоёр хэлцэл байгуулагдсан. БНХАУ-ын Экспорт импорт банкнаас зээл авна гэдэг гэрээ хэлцэл яригдаад, зээл авах гэрээний дор компанийн эзэмшлийн хоёр тусгай зөвшөөрөл, 100 хувийн хувцаа зэрэг эд хөрөнгийг банканд барьцаалуулсан. Зээл авах гэрээний дагуу БНХАУ-ын Экспорт импорт банкнаас “И” ХХК болон иргэн Б.А нарт нэг ч ам.доллар орж ирээгүй, зээл олгогдоогүй. Энэ бүх гэрээ хэлцлийг байгуулах, хайгуулын болон ашиглалтын хоёр тусгай зөвшөөрлийг барьцаалуулах гэрээ, зээл авах гэрээг нотариатаар гэрчлүүлэх, барьцааг нь Ашигт малтмалын газарт бүтгүүлэх гэх зэрэг ажлыг шүүгдэгч Г.О хариуцаж гүйцэтгэсэн байдаг. “И” ХХК-ийн 100 хувийн хувьцааг худалдах-худалдан авах гэрээг Г.О өөрөө “М” ХХК-аар төлөөлөөд өөрөө шилжүүлж авах гэрээг хийсэн байдаг. Дээрх гэрээнүүдийг байгуулсан боловч зээл олгогдоогүй, банк зөвшөөрөөгүй гэдэг ойлголтын Монгол талын хүмүүст ойлгуулсан. Энэ гэрээ байгуулагдсанаас хойш 8 жилийн дараа БНХАУ-н Экспорт импорт банкны хүмүүс гарч ирсэн. 2011 оны 10 дугаар сарын 19-ны өдөр 200 сая ам.долларыг танай толгой компанид олгосон гэсэн асуудал яригдсан. Зээлийг огт төлөөгүй болохоор одоо барьцааны эд хөрөнгөөр төлүүлнэ гэсэн шаардлага 8 жилийн дараа тавьсан байдаг. Ер нь бол огт аваагүй, өгөөгүй зээлийн барьцаанд бусдын хөрөнгийг барьцаалуулаад, хувьцааг нь шилжүүлж авчхаад хууран мэхэлнэ гэдэг бол өөрөө гэмт хэрэг. Энэ 8 жилийн хугацаанд зээл авсан өгсөн, талаар ямар ч асуудал яригдаагүй нь сонирхол татдаг юм.

“И” ХХК нь одоо ямар нэхэмжлэлийн шаардлага тавьж байна вэ гэхээр “И” ХХК болон БНХАУ-н Экспорт импорт банкны хооронд 2011 оны 11 дүгээр сарын 14-ны өдөр байгуулсан тусгай зөвшөөрлийн барьцааны гэрээ, мөн өдөр байгуулсан зээлийн нэмэлт гэрээ гэдэг энэ хоёр гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоож, ********* дугаартай, ********* дугаартай ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг барьцаалсан бүртгэлийг хүчингүй болгуулах шаардлага тавьж байгаа. Хохирогч иргэн Аын зүгээс 2011 оны 10 дугаар сарын 20-ны өдөр байгуулагдсан “И” ХХК-ийн 100 хувийн хувьцааг худалдах-худалдан авах, эрх шилжүүлэх гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоож, “И” ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигчээр иргэн Аыг тогтоож өгнө үү, мөн “И” ХХК-ийн банкнаас зээл авахын тулд 2012 оны 06 дугаар сарын 27-ны өдөр шинэчлэн боловсруулсан компанийн дүрмийн заалтын 1 дүгээр зүйлийн 3 дахь заалт, 5 дугаар зүйлийн 6 дахь заалтаар барьцааны асуудал шийдвэрлэгдсэн байгаа учраас энэ дүрмийн эдгээр заалтыг хүчин төгөлдөр бус болохыг тогтоож өгнө үү, Эдгээр заалтыг хүчин төгөлдөр бус болохыг тогтоосноор хохирогчийн эд хөрөнгийн эрх ашиг сэргэх боломжтой хууль зүйн үндэслэл болж байгаа учир эдгээр шаардлагыг гаргаж байна.” гэв. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч “Б” ХХК-ийн гүйцэтгэх захирал П.Чийн өмгөөлөгч Л.Д: “Шүүхийн хэлэлцүүлэгт эхлээд прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэн нэг жижиг зүйлд залруулга хийх хүсэлтэй байна. Энэ нь юу бэ гэхээр “Б” ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч БНХАУ-ын иргэн Л гэж тусгагдсан байна, энэ нь БНХАУ-ын иргэн Л нь өөрийн хамаарал бүхий компаниар дамжуулан “Б” ХХК-ийн 53 хувийн хувьцааг эзэмшигч юм” гэж залруулах хүсэлтэй байна. “Б” ХХК-ийн гадаадын хөрөнгө оруулагч Л компанийн Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Хандгайтын нутаг дэвсгэрт байрлах орд газрын үйл ажиллагааг сайжруулна, санхүүжүүлнэ, эргэлтийн хөрөнгийн эх үүсвэр бий болгоно. Энд шаардлагатай зээлийг БНХАУ-ын Экспорт импорт банк, БНХАУ-ын Хөгжлийн банк гэсэн хоёр банкнаас зээл авна гэж хэд хэдэн гэрээг байгуулсан.

Энэ нь 2011 оны 11 дүгээр сарын 11-ны өдөр БНХАУ-ын Экспорт импорт банктай зээлийн гэрээ байгуулахдаа “И” ХХК-ийн *********, ********* дугаартай ашигт малтмалын тусгай зөвшөөрөл “Б” ХХК-ийн ********* ашигт малтмалын тусгай зөвшөөрөл, 2000 ширхэг вагон, 12 ширхэг зүтгүүр, баяжуулах үйлдвэрийн тоног төхөөрөмж зэрэг эд хөрөнгийг БНХАУ-ын Экспорт Импорт банканд барьцаалуулах гэрээ, 2012 оны 6 сарын 27-ны өдөр “И” ХХК-ийн 100 хувийн хувьцааг худалдах худалдан авах, эрх шилжүүлэх гэрээ зэргийг байгуулсан.

БНХАУ-ын Хөгжлийн банктай 2011 оны 12 дугаар сарын 19-ны өдөр ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн барьцааны гэрээг байгуулсан. Ингэсэн боловч ямар ч мөнгө, зээл “Б” ХХК-ийн данс руу олгогдоогүй. Гэтэл асуудлыг хэрхэн мэдсэн бэ гэхээр 2019 оны 07 дугаар сарын 24-ны өдөр “Б” ХХК-ийн удирдлагууд болон БНХАУ-ын Хөрөнгө оруулалтын сан, банкны хүмүүстэй уулзсан. Танай компани 2011 онд БНХАУ-ын Экспорт импорт банкнаас хоёр зуун сая ам.долларыг БНХАУ-ын иргэн Л нь “М” ХХК-аар дамжуулж зээлж авсан. 2012 онд БНХАУ-ын Хөгжлийн банкнаас нэг зуун далан таван сая ам.долларын зээл авсан гэдгийг хамтарсан уулзалтаар мэдэгдсэн. Энэ зээлийн барьцаанд “Б” ХХК-ийн ********* ашигт малтмалын тусгай зөвшөөрөл, “И” ХХК-ийн *********, ********* дугаартай ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг тус тус барьцаалсан. Тийм учраас танайх барьцаалагдсан тусгай зөвшөөрлөөрөө энэ зээлийг төлөх шаардлагатай гэсэн асуудал тавьсан. Эндээс л Хятад талын хөрөнгө оруулагч нь Хятадын талаасаа зээл аваад үрсэн гэдгийг нь анх мэдсэн. Аливаа банк нь зээл өгсөн бол зээлийн эргэн төлөлтийн талаар хөөцөлддөг. Гэтэл 2011 онд БНХАУ-ын Экспорт импорт банкны 200 сая ам.доллар, 2011-2012 онд БНХАУ-ын Хөгжлийн банкны 175 сая ам.долларын зээл авсан, олгогдсон талаар “Б” ХХК-нд хэн ч огт мэдэгдэж байгаагүй нь анхаарал татаж байгаа юм. Нэгэнт “Б” ХХК нь нэг ч төгрөгийн, нэг ч центийн зээл аваагүй байж өөрсдийн тусгай зөвшөөрөл, лицензээр буюу Монгол Улсын ашигт малтмалын баялгаар энэ зээлийг төлөх ямар ч боломжгүй, үндэслэл байхгүй гэж үзэж байгаа юм. Шүүгдэгч Г.Огийн оролцооны талаар гэвэл энэ барьцааны гэрээг байгуулах, нотариатаар гэрчлүүлэх, хуулийн дагуу Ашигт малтмалын газар бүртгүүлэх бүх ажлыг Г.О хийж гүйцэтгэсэн байдаг. Зээлийн гэрээ, барьцааны гэрээ, Ашигт малтмалын бүртгэл зэрэг бүх үйлдэл, үйл ажиллагаа нь бол залилан мэхлэх аргаар, залилан мэхлэн гэмт хэргийн замаар хийгдсэн учраас хүчин төгөлдөр бус болохыг шүүхээр тогтоолгож, эрхээ сэргээлгэх хүсэлтэй байна. Ингэснээр “Б” ХХК-ийн зөрчигдсөн эрх сэргэнэ гэж үзэж байна. Эцэст нь хэлэхэд дээрх үндэслэл, шалтгаанаар БНХАУ-ын Экспорт импорт банктай хийсэн 2011 оны 10 сарын 11-ний өдрийн зээлийн гэрээ, 2000 ширхэг вагон, 12 ширхэг зүтгүүр зэрэг эд хөрөнгийг барьцаалах гэрээ, тусгай зөвшөөрлийг барьцааны гэрээ, ********* дугаарын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн барьцааны гэрээ, БНХАУ-ын Хөгжлийн банктай 2011 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хийгдсэн тусгай зөвшөөрлийн барьцааны гэрээ зэргийг тус тус хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгож, барьцааны бүртгэлийг хүчингүй болгуулах хүсэлтэй байна.” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт иргэний хариуцагчийн төлөөлөгч Ц.Ж мэдүүлэхдээ: “Ашигт малтмал, газрын тосны газрын геологи уул уурхай кадастрын хэлтсийн хувьд ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг барьцаалуулах гэрээг үндэслээд өргөдлийн хамт ирүүлсэн тохиолдолд барьцааны бүртгэлийг хийдэг. “Б” ХХК-ийн ********* дугаартай тусгай зөвшөөрлийг БНХАУ-ын Хөгжлийн банканд барьцаалуулсныг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2012 оны 01 сарын 27-ны өдрийн 111 тоот шийдвэрээр бүртгэсэн. БНХАУ-ын Экспорт импорт банканд барьцаалсныг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2014 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 57 тоот шийдвэр бүртгэсэн. БНХАУ-ын Хөгжлийн банк,  БНХАУ-ын Экспорт импорт банканд барьцаалсныг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 203 тоот шийдвэр дахин бүртгэсэн.  “И” ХХК-ийн  ********* тусгай зөвшөөрөл, ********* тусгай зөвшөөрлийг БНХАУ-ын Экспорт импорт банканд барьцаалсныг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2011 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 1009 тоот шийдвэрээр бүртгэсэн. Тусгай зөвшөөрлийг барьцаалуулах асуудлыг Ашигт малтмалын тухай хуулийн 51 дүгээр зүйл дээр зохицуулсан бөгөөд мөн хуулийн 51.3 дахь хэсэгт “Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашигт малтмалын эрэх, хайх, ашиглах үйл ажиллагаа явуулахад шаардагдах санхүүжилт олох, хөрөнгө оруулалтын асуудлыг шийдвэрлэх зориулалтаар барьцаалуулахыг зөвшөөрдөг. Үүнээс өөр зүйлд барьцаалуулсан тохиолдолд хууль зөрчсөн үйлдэл гэж үзнэ. Хэрэв шүүхээс тусгай зөвшөөрлийн барьцааны гэрээг байгуулсан үйлдлийг гэмт хэрэг гэж үзээд, барьцааны гэрээг хууль бус болохыг тогтоосон тохиолдолд барьцааны гэрээг бүртгэсэн Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын холбогдох шийдвэрүүдийг хүчингүй болгох үндэслэл болно.” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой авч үзээд,

 

Нэг. Шүүгдэгч Г.Огийн гэм буруугийн талаар.

1.1. Шүүгдэгч Г.О нь Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаг “И” ХХК-ийн 100 хувийн хувьцааг эзэмшдэг “М" ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, “И’’ ХХК-д шаардлагатай байсан хөрөнгө оруулалтыг оруулж ирнэ хэмээн тус компанийн захирал Б.А, “Б” ХХК-ийн захирал Б.Д нарыг  хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан 2011 оны 10 дугаар сарын 11-ны өдөр “И” ХХК-ийн *********, ********* дугаартай ашигт малтмалын тусгай зөвшөөрөл, “Б“ ХХК-ийн ********* дугаартай ашигт малтмалын тусгай зөвшөөрөл, 2000 ширхэг вагон, 12 ширхэг зүтгүүр, баяжуулах үйлдвэрийн тоног төхөөрөмж зэрэг эд хөрөнгийг БНХАУ-ын Экспорт Импорт банкинд барьцаалуулсан, 2012 оны 6 сарын 27-ны өдөр “И” ХХК-ийн 100 хувийн хувьцааг БНХАУ-ын Экспорт Импорт банканд,

“Б” ХХК-д шаардлагатай байсан хөрөнгө оруулалтыг оруулж ирнэ хэмээн тус компанийн захирал Б.Дыг хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан “Б” ХХК-ийн эзэмшлийн ********* дугаартай ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг БНХАУ-ын Хөгжлийн банканд давхар барьцаалуулах замар дээрх эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг нийт 375,000,000 ам.долларын зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд барьцаалуулж “Б” ХХК болон “И” ХХК-д их хэмжээний хохирол учруулсан.

БНХАУ-ын Экспорт Импорт банкнаас зээл авахад шаардлагатай байна хэмээн М компанийн хувьцаа эзэмшигч бөгөөд захирал Б.Аыг хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан 2011 оны 10 сарын 20-ны өдөр "И’’ ХХК-ийн 100 хувийн хувьцааг “М" ХХК-д шилжүүлэн авч иргэн Б.Ад их хэмжээний хохирол учруулсан болох нь:

 

Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагч Г.О өгсөн мэдүүлэгтээ: “.... 2011 онд М ХХК-ийг би өөрийн нэр дээр байгуулахаас өмнө нэг ч удаа Лг-тэй угсаар холбогдож ярьж байгаагүй. Зөвхөн Б ХХК дээр ирэхэд нь бол ажил хэргийн шугамаар уулзаж, тааралддаг байсан.2011 онд М ХХК-ийг би өөрийн нэр дээр байгуулахаар болох үед Л нь БНХАУ-д байна гэж ярьдаг байсан бөгөөд надтай утсаар холбогдож ярьдаг байсан. Англи хэл дээр бичигдсэн баримтуудыг Монгол Улсад ирж хүнд онгоцоор өгөөд явуулдаг байсан. Ганц нэг удаа шуудангаар ирж байсан. Ирэхдээ Л М компанийн хаягаас ирдэг байсан.

...“М” ХХК-ийг анх бичиг баримтыг миний бие өөрөө бүрдүүлж, гүйцэтгэх захирлаар томилогдож байгуулагдсан компани. Тус компани нь өөрийн гэсэн үйл ажиллагаа явуулаагүй, эд хөрөнгө гэж байхгүй, И ХХК-ийн хувьцааг эзэмшдэг. Түүнээс өөр өмч хөрөнгө байхгүй. И ХХК нь Б ХХК-ийн Баянголын төмрийн уурхайн хажуу залгаа газарт ашиглалтын болон хайгуулын лиценз эзэмшдэг.

.... Б ХХК-ийн хөрөнгө оруулагч Л нь хоёр дахь удаагийн хөрөнгө оруулалтын оруулж ирэхэд Хятадын банкнуудаас зээл авах шаардлагатай болсон учраас компани байгуулна гээд надад итгэмжлэл олгож өгсний дагуу тухайн компани байгуулсан юм. 2 дахь удаагийн хөрөнгө оруулалтын авахын тулд зээл авна, төсөлтэй холбоотой ажлыг намайг хариуцаж Лг-тэй хамтран ажилла гэж Б ХХК-ийн тухайн үеийн захирал Б.Д нь хэлсэн. Үүний дараа төсөлтэй холбоотой ажлыг хөөцөлдөж байхад тус “М” ХХК-ийг байгуулсан. ... 2011 оноос зээл авахтай холбоотой Лг-ийн хийсэн гэсэн болгоныг хийж байсан. 2011-2014 оны хооронд ажил хэргийн шугамаар харилцаж байгаад, 2014 оноос хойш ямар нэгэн холбоогүй болсон.

.... Хятадын банкнуудаас М ХХК- ийн нэр дээр зээл авахаар байсан учраас компани дээр эд хөрөнгөгүй учраас, хөрөнгөтэй харагдуулах хэрэгтэй байгаа учраас шилжүүлж ав гэж Лг-ийн хэлсний дагуу Б.А захиралд энэ талаар хэлж И ХХК-ийн 100 хувь хувьцааг шилжүүлэн авсан. Шилжүүлж авснаар тус И ХХК-ийн эзэмшлийн хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл нь М ХХК-ийн өмч гэдгээр харагдуулж байсан юм... Шилжүүлэн аваад БНХАУ-ын Экспорт импорт банканд барьцаанд тавьсан.... 2011.10.21-ний өдрийн Атай “И” ХХК-ийн 100 хувь хувьцааг шилжүүлэн авахтай холбоотой Хувьцаа худалдах, худалдан авах эрх шилжүүлэх гэрээний төслийг бэлдсэн. Гэрээг боловсруулахдаа мэргэжлийн хүнээс зөвлөгөө авах, түүгээр хийлгээгүй, нийтэд нээлттэй мэдээллийн сайтуудаас гэрээний загварыг татан авч байгаад түүн дээр тулгуурлаж гэрээний төслийг бэлдээд, хоёр талаас гарын үсэг зурж, тамга дарж баталгаажуулсан юм. .... 2012 оны 04 сараас 08 байна уу 09 сар хүртэл миний голомт банкны дансаар 4-5 удаагийн гүйлгээний мөнгө орж ирсэн.

1. 2012.04.30-ны өдөр Хятадын Х компаниас 3.000.000 ам.доллар орж ирсэн. Уг ам.долларыг тухайн өдөр нь /1309 төгрөг/ арилжаад 3,927,000,000 төгрөгийг Б ХХК-ийн төгрөгийн данс руу шилжүүлсэн

2. 2012.05.01-ны өдөр Х компаниас 2,000,000 ам.доллар орж ирсэн. Уг ам.долларыг тухайн өдөр нь 1.000.000 ам.долларыг /1312 төгрөг/ арилжаад 1,312,000,000 төгрөг болгож арилжаад, үүнээс 700.000.000 төгрөгийг Б ХХК-ийн төгрөгийн данс руу шилжүүлсэн. Зөрүү 1 сая ам.доллар болон арилжсан мөнгөний үлдэгдэл 612.000.000 төгрөгийг би өөртөө байлгаж байсан.

3. 2012.09.06-ны өдөр Eкомпаниас 1,000,000 ам.доллар орж ирснийг ам.доллароор нь Б ХХК-ийн кассын орлогод авсан.

4. 2012.09.06-ны     өдөр   Q компаниас 500,000 ам.доллар орж ирснийг ам.доллароор нь Б ХХК-ийн кассын орлогод авсан.

5. 2012.09.11-ний өдөр     Q компаниас 1.500.000 ам.доллар орж            ирснийг ам .доллароор нь Б ХХК-ийн кассын орлогод авсан.

6. 2012.09.14-ний   өдөр   Q компаниас 1.500.000 ам.доллар орж           ирснийг ам.доллароор нь Б ХХК-ийн кассын орлогод авсан.

7. 2012.09.21-ний   өдөр   Q компаниас           3,000.000 ам.доллар орж ирснийг ам.доллароор нь Б ХХК-ийн кассын орлогод авсан.

8. 2012.09.26-ны     өдөр   Q компаниас           1,000,000 ам.доллар орж ирснийг ам.доллароор нь Б ХХК-ийн кассын орлогод авсан.

9. 2012.09.28-ний   өдөр   Q компаниас 1,100,000 ам.доллар орж ирснийг ам.доллароор нь Б ХХК-ийн кассын орлогод авсан.

Ингээд 9 удаагийн гүйлгээгээр нийт 14.600.000 ам.доллар орж ирсэн. Үүнээс 4.627.000.000 төгрөгөөр, 9,600,000 ам.доллароор нь тус тус Б ХХК-д тушаасан. Зөрүү нь өөрт авч үлдсэн 1,000,000 ам.доллар, 612.000.000 төгрөг болж байна.

...Лнь өөртөө хадгалж бай гэсний дагуу би өөртөө бэлнээр хадгалж байсан. Тэгтэл 2012 ондоо байх, он гараад ирснийг санахгүй байна, нэлээдгүй хугацаанд над дээр байж байтал Лнь Монгол Улсад ирэхдээ надаас бэлнээр 1,000,000 ам.долларыг аваад явсан. Хүлээлгэж өгсөн баримт байхгүй. Мөнгийг ирж авахдаа 2 хятад хүнтэй ирсэн. Надаас өөр Монгол хүн байгаагүй. Мөнгийг Б ХХК-ийн гадаа Лг-ийн машин дотор өгч авалцсан. ... Харин үлдэгдэл 612,000,000 төгрөгийг Лнь намайг хувьдаа авч, зарцуулж болно гэж хэлсний дагуу өөртөө бэлнээр хэсэг хугацаанд хадгалж байгаад ********************** тоотод 130 м.кв талбайтай 4 өрөө орон сууц, гараашны хамтаар 400 гаруй сая төгрөгөөр худалдаж авсан. ...Үлдэгдэл 200 гаруй сая төгрөгийг өөрийн хувийн хэрэгцээ, хүүхдүүдийн хичээлийн төлбөр, би өөрийнхөө эмчилгээнд хэрэглээд дуусгасан.

...1,000,000 ам.доллар болон 612,000,000 төгрөгийг бэлнээр хадгалж бай гэсний дагуу хадгалж байгаад, 1,000,000 ам.долларыг Лг-д өгсөн. Түүнд өгсөнтэй холбоотой баримт байхгүй. 612.000.000 төгрөгийг би өөртөө зарцуулсан маань үнэн. Зарцуулалттай холбоотой баримт байхгүй.....М ХХК-ийн тамгыг яаралтай явуулж гэсний дагуу Лг-руу онгоцоор хүнд дайж явуулсан. тамга явуулсан баримт байхгүй. Тамгыг дахиж хараагүй, Улсын бүртгэлд бүртгүүлж тамгыг дахиж аваагүй. ... Уурхайн үйл ажиллагааг өргөжүүлэх, дэд бүтцийг шийдэхийн тулд зээл авах хэрэгтэй байна, зээлийг авахад Монгол Улсаас шаардлагатай бүхий баримт бичгүүдийг бүрдүүлж явуулсан. мөн Лгийн хэлсний дагуу М ХХК-ийг байгуулж, “И ”ХХК /I/-ийн хувьцааг шилжүүлж, компани дээрээ бүртгүүлж, барьцаалбарыг Ашигт малтмалын газарт бүртгүүлж, зээл авах шаардлагатай гэх бүхий л баримтыг Монгол Улсаас бүрдүүлж БНХАУ-руу явуулсан.

... тухайн үед Лг-ий өгсөн үүргийн дагуу л барьцааны гэрээг бүртгүүлэхэд шаардлагатай материалыг бэлдэж өгч байсан. ... Б ХХК-ийн эзэмшлийн ******** тоот тусгай зөвшөөрлийг БНХАУ-ын Хөгжлийн банканд барьцаалуулах гэрээг Лнад руу   явуулсан, тусгай зөвшөөрлийн барьцааг бүртгүүлэх талаар албан тоотын төсөл боловсруулж Б.Д захирлаар гарын үсэг зуруулснаа санаж байна. ... Л хөрөнгө нэмж барьцаалахгүй бол зээл олгогдохгүй байна гэж хэлээд И ХХК-ийн хувьцаа, Б ХХК-ийн өмчлөлийн 2000 ширхэг вагон, 12 ширхэг зүтгүүрийг бас нэмж барьцаалуулсан санагдаж байна. Би барьцааны гэрээг хийж явуулсан. ...  Ли захирал Эксим банкнаас зээл авахад шаардлагатай байна хэмээн И ХХК-ийн хувьцааг М  ХХК-руу шилжүүлэн авах гэрээ байгуулахыг надад даалгасан. Би Ли захирлын хэлсний дагуу И ХХК-ийн хувьцааг худалдах худалдан авах эрх шилжүүлэх гэрээг 2011 оны 11 сарын 20-ны өдөр Б.Атай байгуулан хувьцааг “М” ХХК-д шилжүүлэн авсан.

....“И” ХХК-ийн 100 хувийн хувьцааг М ХХК-д шилжүүлэн авсны дараа хувьцааг БНХАУ-ын Экспорт импорт банкны зээлд давхар барьцаалуулах шаардлагатай гэдгийг Л надад хэлсэн. Ли захирлын хэлсний дагуу “И” ХХК-ийн хувьцааг барьцаалуулсан талаарх дүрмийн өөрчлөлтийг бүртгүүлэх албан тоотын төслийг бэлтгэн Б.Ааар гарын үсэг зуруулж Улсын бүртгэлийн ерөнхий газрын хуулийн этгээдийн бүртгэлийн газарт бүртгүүлсэн. И” ХХК-ийн хувьцааг бусдад шилжүүлэх болон захиран зарцуулах тохиолдолд БНХАУ-ын Экспорт импорт банкнаас зөвшөөрөл авахаар дүрэмд тусгасан. ...

... Би М” ХХК-ны тамгыг Лгээс буцааж авсан талаараа урьд нь мэдүүлэхдээ андуурч будилсан тул буруу мэдүүлэг өгсөн байна. Л2012 онд бил үү Монголд ирэх үеэрээ надаас 1,000,000 ам.долларыг авахдаа “М” ХХК-ны тамгыг надад өгсөн. Түүнээс хойш би уг тамгыг ашиглаж албан бичгүүдийг Улсын бүртгэлийн ерөнхий газарт хүргүүлж байсан” гэх мэдүүлэг / 3 хх-ийн 171-183, 192-215-р тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч “Б” ХХК-ийн төлөөлөгч П.Чулуунхүү өгсөн мэдүүлэгтээ: “2011 онд “Б” ХХК-ийн ******** тоот ашиглалтын тусгай зөвшөөрлийг БНХАУ-ын Экспорт Импорт болон Хөгжлийн банкнуудад давхар барьцаалан зээл авах гэсэн боловч зээл бүтээгүй гэсэн шалтгаанаар компанид энэ зээл нь орж ирээгүй болох нь санхүүгийн тайлангаар нотлогдож байгаа .... Л БНХАУ-ын Экспорт Импорт банкнаас зээл авна хэмээн итгүүлж манай компанийн эзэмшлийн Чичихарын вагоны үйлдвэрийн вагонууд болон Далианы үйлдвэрийн вагоны зүтгүүрүүдийг барьцаалуулсан ... Дээрх байдлаар манай компанийг залилан мэхэлсэн ... үйлдлийн улмаас ********, тоот ашиглалтын тусгай зөвшөөрөл вагон, зүтгүүр зэрэг эд хөрөнгөө захиран зарцуулах боломжгүйд хүрч, цаашилбал аваагүй, зарцуулаагүй, хүртээлгүй зээлийн өрөнд эд хөрөнгөө алдах бодит эрсдэл үүсээд байна...

... Б ХХК-ийн эзэмшлийн ******** тоот тусгай зөвшөөрлийг БНХАУ-ын Хөгжлийн банк, БНХАУ-ын Экспорт Импорт банканд барьцаалуулсан, Чичихарын вагоны үйлдвэрийн вагонууд болон Далианы үйлдвэрийн вагоны зүтгүүрүүдийг БНХАУ-ын Экспорт импорт банканд барьцаалуулсан гэрээнүүд нь залилан мэхлэх гэмт хэргийн үндсэн дээр байгуулагдсан хэлцлүүд тул хүчин төгөлдөр бусад тооцогдох үндэслэлтэй гэж үзэж байна...” гэх мэдүүлэг/ 3 хх-ийн 52-72-р тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч “И” ХХК-ийн төлөөлөгч Д.Бийн : “.... Зээл хөөцөлдөх асуудлыг Б ХХК-ийн гадаад хөрөнгө оруулагч болох Лхариуцан ажиллаж байсан бөгөөд БНХАУ-ын Экспорт импорт банкнаас зээл авах гэж байна, зээлийн барьцаанд Иийн тусгай зөвшөөрөл, Б ХХК-ийн тусгай зөвшөөрлийг барьцаалуулах шаардлагатай, Иийн хувьцааг шилжүүлэх барьцаалуулах шаардлагатай гэж хэлснийх нь дагуу бүх гэрээг хийж өгсөн байдаг.

Ингээд Л манай талаас шаардлагатай бүх гэрээ хэлцлүүдийг байгуулуулж авсан боловч БНХАУ-ын экспорт импорт банкнаас авах зээл бүтэхгүй байна, хүлээгдэж байна гэсээр хөрөнгө оруулалтын асуудал шийдвэрлэгдэлгүй өнгөрсөн.

.... 2019 оны 12 сарын сүүл үеэр БНХАУ-ын Олон Улсын Эдийн Засаг, Худалдааны Арбитрын Хорооноос БНХАУ-ын Экспорт Импорт Банкны нэхэмжлэлээр үүссэн Х20191265 тоот арбитрын хэрэгт хариуцагчаар татсан материалыг шуудангаар ирүүлсэн.

Энэ хэргийн материалыг судалж үзтэл Л2011 оны 11 сарын 11-ны өдөр “М” ХХК-иар БНХАУ-ын Экспорт импорт банкнаас 200 сая ам.доллар авахаар байгуулсан зээлийн гэрээ, зээлийн мөнгийг Британийн Виржиний Аралд бүртгэлтэй М компанид шилжүүлсэн баримтууд гарч ирсэн.

Гэтэл Монгол Улсад 2011 оны 11 сарын 14-ны өдөр хийгдсэн, Ашигт малтмал газрын тосны газарт хадгалагдаж буй Зээлийн нэмэлт гэрээ, Тусгай зөвшөөрөл барьцаалах тухай нэмэлт гэрээ нь БНХАУ-ын Экспорт импорт банк И ХХК-ийн хооронд хийгдсэн гэрээнүүд байдаг.

Энэ гэрээнд И ХХК-ийн хувьцааг худалдах худалдан авах талаар ямар ч зүйл заалт байхгүй. Жишээ нь Зээлийн нэмэлт гэрээнд: “Монгол Улсын Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Хандгайтын нутаг дэвсгэрт байрлах орд газрын үйл ажиллагааг санхүүжүүлэх, эргэлтийн хөрөнгийн эх үүсвэр бий болгох зээл авна гэж заасан.

Тэгэхээр Иийн хувьцааг Б.Ааас ВVI-д бүртгэлтэй М компанид шилжүүлсэн, энэ компаниас цааш нь Монголд бүртгэлтэй М ХХК-д шилжүүлсэн, И ХХК-ийн *********, ********* тоот тусгай зөвшөөрлүүд болон хувьцааг банканд барьцаалуулсан, банкны зээлийг төлөлгүй өөрийгөө дампууруулсан Лгийн үйлдлүүд бол анхнаасаа залилан мэхлэх санаа зорилгоор хийгдсэн байгаа юм. Дахин хэлэхэд И ХХК болон Монгол талын хөрөнгө оруулагч бид БНХАУ-ын Экспорт импорт банкнаас нэг ч центийн зээл аваагүй, энэ мөнгөнөөс сохор зоос ч Монгол Улсад орж ирээгүй

... И ХХК-ийн хувьцааг шилжүүлэх гэрээ байгуулсан, *********, ********* тоот тусгай зөвшөөрлийг барьцаалуулах гэрээ байгуулсан, хувьцааг барьцаалуулах гэрээ байгуулсан асуудал иргэний эрх зүйн гэрээний харилцаа бус залилан мэхлэх гэмт хэргийн шинжтэй байгаа учраас энэ асуудлаар цагдаагийн байгууллага мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна гэж ойлгож байгаа. Хэрэв энэ асуудал залилан мэхлэх гэмт хэрэг болох нь тогтоогдвол хувьцаа шилжүүлэх гэрээ, хувьцаа барьцаалах гэрээ, тусгай зөвшөөрөл барьцаалах барьцааны гэрээг хууль ёсны хэлцэл гэж үзэх ямар ч боломжгүй.

.... Гадаадын хөрөнгө оруулагчийн хийсэн энэ бүх хууль бус үйлдлийн улмаас Б.А И ХХК-ийнхаа 100 хувийн хувьцааг шилжүүлж хохирсон, И ХХК-ийн *********, ********* тоот тусгай зөвшөөрлийг аваагүй зээлийн өрөнд барьцаалуулсны улмаас тусгай зөвшөөрлөө эдийн засгийн эргэлтэд оруулах, үйл ажиллагаа явуулах боломжоо хязгаарлуулсан. Энэ бүхний хохирлыг мөнгөөр илэрхийлэх юм бол маш их тоо гарна” гэх мэдүүлэг/ 3 хх-ийн 73-83-р тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд Б.А гэрчээр өгсөн мэдүүлэгтээ: “.... И ХХК-ийг 2011 оны 04 дүгээр сард ашгийн төлөө 1 хүний үүсгэн байгуулалттайгаар үүсгэн байгуулагдсан. Анх үүсгэн байгуулагдахад Гадаад, дотоод худалдааны чиглэлээр байж байгаад, улмаар ашигт малтмалын хайгуулын чиглэлээр зөвшөөрөл авч, үйл ажиллагаанд өөрчлөлт орсон.

... Манай захирал Б.Д, Л хоёр уурхайн төсөлдөө нэмэлт хөрөнгө оруулалт хийхээр харилцан тохиролцож, надад нэг шинэ компани байгуулж, хариуцаж ажиллахыг зөвлөснөөр улмаар “И" ХХК-ийг 2011 онд үүсгэн байгуулж, "Б" ХХК-ийн уурхайн залгаа лицензийг эзэмшиж эхэлсэн.

... 2011 оны 4-р сарын үед “ ” /ВVI/ гадаадын аж ахуйн нэгжийг байгуулахдаа “Б" ХХК-ийн хөрөнгө оруулагч болох Лг-ийн зөвлөсний дагуу Хонгконгд оффис дээр нь биечлэн очиж аж ахуй нэгжийг би өөрийн биеэр байгуулсан. Уг компанийг байгуулах болсон зорилго гадаадын хөрөнгө оруулалт татахын тулд гадаадад аж ахуй нэгжтэй, тус нэгж дээрээ данстай тохиолдолд хөрөнгө оруулалт орж ирэх боломжтой гэсний дагуу байгуулсан.

....Ингээд Их британийн Виржиний арлуудад бүртгүүлсэн байсан “МЛ" ХХК-ийг И ХХК-ийн 100 хувийн хөрөнгө оруулагчаар 2011 оны 4 сарын 27-ны өдөр бүртгүүлж, хувьцаа эзэмшигчийн бүртгэлд өөрчлөлт оруулсан. Нэг үгээр бол гадаад улсад би өөрийн нэр дээр байгуулсан компанийг өөрийн И ХХК-ийн өмчлөгч болгосон юм.

Уг шийдвэр гарснаас хойш 5 сар орчмын дараа, 2011 оны 10 сарын 21-нд И ХХК-ийн 100 хувийн хувьцааг “МЛ” /ВVI/ компаниас хөрөнгө оруулагч Л нь өөрийн 100 хувийн хувьцаа эзэмшдэг Гадаадын хөрөнгө оруулалттай “М” ХХК-д шилжүүлэх хэрэгтэй гэсний дагуу зохих журмын дагуу Хувьцааг худалдах, худалдан авах эрх шилжүүлэх гэрээгээр шилжүүлж бүртгэл хийлгэсэн ...

Ингэж И ХХКомпанийн 100 хувийн хувьцаа эзэмшигч нь “М лимитэд” ХХК болсон бөгөөд 2011 оны 10 сард БНХАУ-ын Экспорт Импорт банктай Зээлийн гэрээ байгуулж, энэ гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангахын тулд компанийн хувьцаа, ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг барьцаалуулж, барьцааны гэрээ байгуулсан ба дүрэмд Зээлдүүлэгчийн зөвшөөрөлгүйгээр компанийн хувьцаа болон бусад эрхийг шилжүүлэхгүй, захиран зарцуулахгүй байх талаар дүрмийн өөрчлөлтийг оруулсан юм.

...“И” ХХКомпанийн төсөлд хөрөнгө оруулалт хийхэд шаардлагатай хөрөнгийг гаргахын тулд хувьцааг эзэмшиж буй И ХХК-ийн эзэмшлийн ашиглалтын *********, хайгуулын ********* зөвшөөрлүүдийг барьцаалж, БНХАУ-ын Экспорт импорт банкнаас зээл авахад барьцаална гэсний дагуу 2011 оны 10 дугаар сард Лнь Хятадын Экспорт, Импорт банктай зээлийн гэрээг байгуулсан ирсэн тул уг зээлийн гэрээний барьцаанд бүртгүүлэхээр барьцааны гэрээг А миний бие БНХАУ-ын Экспорт Импорт банктай байгуулсан юм. Ингэхдээ И ХХК-ийн эзэмшлийн ашиглалтын *********, хайгуулын ********* тусгай зөвшөөрлийг барьцаалсан талаар Ашигт малтмал газрын тосны газарт бүртгүүлсэн юм.

... Нэмэлт хөрөнгө оруулалтын зээл авахаар тусгай зөвшөөрлүүдээ барьцаалуулснаас хойш хөрөнгө оруулагчаасаа зээлийн талаар лавлахад зээл бүтээгүй байна, яриа хэлэлцээр хийж байна гэсэн тайлбар хэлсээр байсан. Гэтэл 2019 онд гэнэт БНХАУ-ын Экспорт импорт банкны төлөөлөгч зээл, хүүгийн хамт манай компаниар төлүүлнэ гэж яриад эхэлсэн. 2019 оны сүүлчээр Хятадын арбитраас манай компанийн тусгай зөвшөөрлүүдээр барьцааны үүргийг хангуулах агуулгатай шаардлага нэхэмжлэл ирүүлж, гуравдагч этгээдээр татсан талаарх баримт материал ирүүлсэн.

Энэ үед “М” ХХК-ийн нэр дээр Экспорт импорт банкнаас зээл авч, улмаар миний нэр дээр гадаад улсад байгуулсан “МЛ /ВVI/ -ийн НSВС /Хонгконг Шанхай банкинг корпорац/ -ийн нэр дээрх дансанд 200,0 сая ам.долларын 2011 оны 10 сарын 19-ны өдрөөр огноолсон гүйлгээний баримт ирсэн.

Гүйлгээний баримт дээр шилжүүлэгч талаас шилжүүлэгчийн гарын үсэг дээр Лгийн гарын үсэг байснаас гадна "М” ХХК-ийн тамга дарагдсан байсан.

... Уг баримтуудаас “И” ХХК-ийн хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлүүдийг БНХАУ-ын Экспорт импорт банкнаас "М” компанийн нэр дээр авсан 200,0 сая ам.долларын зээлийн барьцаанд тавьж, уг мөнгийг Л ашигласан байна гэдгийг мэдсэн. Анх Л нь тусгай зөвшөөрлүүдийг барьцаалж зээл авна гэж яригдаж байсан боловч мөнгөн дүн тодорхойгүй байсан. Сүүлд л арбитрын шүүхээс ирсэн материалаас 200.0 сая ам.долларыг авсан гэдгийг мэдсэн.

Экспорт импортын банк, Л болон М ХХК-аас төслийн компани болох И ХХК-нд ямар ч хөрөнгө оруулалт орж ирээгүй.

....Ер нь одоо эргээд И ХХК-ийг М компанид шилжүүлсэн үйлдлийн огноог харахад Л БНХАУ-ын Экспорт импорт банкнаас зээлээ авч 2011 оны 10 сарын 19-ний өдөр М компани руу мөнгө шилжүүлмэгцээ лиценз эзэмшигч компани болох И ХХК-ийн 100 хувийн хувьцааг өөрийнхөө Шн хөрөнгө оруулалттай компанийнхаа доор байгуулсан М компанид 2011 оны 10 сарын 21-ний өдөр шилжүүлүүлэн авч, лицензийг ч барьцаанд үлдээж, зээлийн мөнгийг ч өөрөө завшсаныг зальт аргаар манай компанийг хохироож, өөрөө хожих гэсэн Хятад хүний нарийн ухаан байсныг сүүлд ойлгосон. ....

...Эдгээр гэрээг Г.О надад авчирч өгч гарын үсэг зуруулсан. Энэ миний гарын үсэг мөн байна. ... Зээлийн нэмэлт гэрээ болон Тусгай зөвшөөрөл барьцаалах тухай нэмэлт гэрээнээс гадна БНХАУ-ын Экспорт импорт банкнаас зээл авахад шаардлагатай байна хэмээн И ХХК-ийн 100 хувийг хувьцааг М ХХК-руу шилжүүлэхийн тулд худалдах, худалдан авах, эрх шилжүүлэх гэрээг 2011 оны 11 сарын 20-ны өдөр М компанийг төлөөлөн Г.О нь надтай байгуулсан.

...Огт аваагүй зээлийн барьцаанд И ХХК-ийн эзэмшлийн *********, ********* тоот хоёрын хоёр тусгай зөвшөөрөл барьцаалагдсаны улмаас эдгээр тусгай зөвшөөрлөө компани өөрийн хүсэл зоригийн дагуу захиран зарцуулах боломжгүй байдалд орсон. Мөн нэг төгрөг ч аваагүй хэр нь И ХХК-ийнхаа 100 хувийн хувьцааг М компани руу шилжүүлээд өгчихсөн, хувьцааг шилжүүлж авангуутаа БНХАУ-ын экспорт импорт банканд барьцаалчихсан ийм л байдалтай байна. Тиймээс И ХХК-ийнхаа 100 хувийн хувьцааг буцааж авах, хувьцаа, *********,********* тоот тусгай зөвшөөрлөө барьцаанаас чөлөөлүүлэх шаардлага гаргаж байна” гэх мэдүүлэг/ 3 хх-ийн 85-89-р тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор Б.Аөгсөн мэдүүлэгтээ: “... Нэгдүгээрт М компаниас нэг ч төгрөг аваагүй байж Лг-д зальдуулан И ХХК-ийнхаа 100 хувийн хувьцааг алдчихсан учраас хувьцаагаа буцааж авмаар байна. Хоёрдугаарт БНХАУ-ын Экспорт импорт банкнаас нэг ч центийн зээл аваагүй учраас И ХХК-ийн хувьцааг барьцаанаас чөлөөлүүлэх хүсэлтэй байна. ... Л БНХАУ-ын Экспорт импорт банкнаас хөрөнгө оруулалтын зээл авахад шаардлагатай байна гэж И ХХК-ийнхаа хувьцааг М ХХК-д шилжүүлэн авсан. Энэ гэрээг Г.О Ли-г төлөөлөн надтай байгуулсан. И ХХК-ийн хувьцааг М ХХК-д шилжүүлж авсныхаа дараа хувьцааг давхар барьцаалуулахгүй бол зээл бүтэхгүй байна гэсээр хувьцаа барьцаалсан талаар компанийн дүрэмд тусган улсын бүртгэлд бүртгүүлсэн.

.... И ХХК-ийг би өөрөө үүсгэн байгуулсан, хувьцааг нь оффшорт бүртгэлтэй компани эзэмших шаардлагатай байна гэж Лгээс хэлснийх нь дагуу би өөрөө BVI-д М нэртэй компани байгуулан И ХХК-ийнхаа хувьцааг шилжүүлсэн. BVI-д бүртгэлтэй байсан М компани 2016 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр Их Британы Виржинын Арлуудын Компанийн бүртгэлээс хасагдсан тул И ХХК-ийн хувьцаа иргэн Б.А надад буцаж олгогдох ёстой гэж үзэж байна. ... И ХХК-ийнхаа 100 хувийн хувьцааг буцааж авах, хувьцааг БНХАУ-ын Экспорт импорт банканд барьцаалуулсан бүртгэлийг хүчингүй болгуулах шаардлагатай байна” гэх мэдүүлэг/ 3 хх-ийн 119-125-р тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Д өгсөн мэдүүлэгтээ: “... Л надад БНХАУ-ын Экспорт импорт банкнаас зээл авахаар болсон, тусгай зөвшөөрлүүдээ барьцаалуулах шаардлагатай байна гэсэн. Тийм учраас Иийн тусгай зөвшөөрлүүдийг барьцаалж авсан нэмэлт зээлээр шинээр байгуулах нойтон баяжуулах үйлдвэр гэх мэт бүтээн байгуулалт нь Лгтэй хамтарсан Б компаниас тусдаа байвал, нэгт өмнө нь авсан 700 сая ам.долларын зээлээс бодитоор орж ирсэн 381.5 сая ам.долларын зээлтэй холилдохгүй, хоёрдугаарт зээлээ эргүүлэн төлсний дараагаар бий болох ашиг нь Монгол Улсын 100 хувь эзэмшлийн компанийн өмч болж үлдэх зэрэг үр дагаврыг тооцоолж энэ компаниар эзэмшүүлж, үүнтэй холбоотой асуудлыг Б.Аыг хариуцаж ажиллахыг даалгасан.Түүнчлэн өөрийн ажилтан Гомбын Ог Л болон Б.Анарыг холбож зээл авахад нь бололцоотой бүхий л дэмжлэг үзүүлж хамтран ажиллахыг даалгасан юмаа.

....БНХАУ-ын Экспорт импорт банкнаас Б ХХК, И ХХК-иуд ямар ч зээл аваагүй. Баянголын уурхай дээр байгуулсан хуурай соронзон аргаар баяжуулах үйлдвэрүүдийн тоног төхөөрөмж хэдэн жил ажиллаад муудсан, манай уурхайгаас гарч байгаа хүдэр нь хүхэр ихтэй, арай л гэж 50 хувийн агууламж хүрдэг, ийм хүдрийг зөөхөөр тал нь шороо тээвэрлээд байна, цаашдаа нойтон баяжуулах үйлдвэр байгуулаад явъя гэж Ли-д 2011 онд санал тавьсан, тэр ч мөн зөвшөөрсөн тул дахиад хөрөнгө босгох шаардлага гарч, зээл авахаар болсон талаар дээр дурдсан. Л нь энэ ажлыг хариуцаж байсан учраас И компанийг ВVI-д бүртгүүлэх хэрэгтэй байна гээд М компанийг байгуулж, түүний доор И компанийн 100 хувьцааг шилжүүлэх хэрэгтэй байна гэж Б. Ад хэлсэн байсан. А надаас энэ талаар асуухад нь би хэлснийх нь дагуу хийх нь зөв байх гэж зөвлөсөн. Тэр дагуу ч 2011 оны 4-р сард Аыг Хонг Конг-д дуудаж гэрээ хийж түүнийгээ Монголд ирж бүртгүүлсэн байсан.

Үүний дараа 2011 оны 6-р сард Од өөрийн эзэмшлийн Эрээн Хотын Шн Хөрөнгө Оруулалттай компаниас итгэмжлэх олгон 100 хувийн гадаадын хөрөнгө оруулалттай М ХХК-г Монгол улсад байгуулж бүртгүүл гэж хэлсэн талаар О надад танилцуулж зөвлөмж хүсэхэд нь би зээл авахад хэрэгтэй гэж үзэж байгаа бол саад болох хэрэггүй, бүхий л талаар хууль ёсны дэмжлэг үзүүлэхийг зөвлөж байсан. Тэр битгий хэл өнөө маргаашгүй зээл орох гэж байна, И компани БНХАУ-ын Экпорт Импорт банк хоёрын хооронд зээлийн гэрээ байгуулах хэрэгтэй байна, Ид зээл орж ирэхээр болсон гэж нэг удаа, И компанийг эзэмшиж байгаа ВVI-д бүртгэлтэй М компанийн хувьцааг Монголд бүртгэлтэй М ХХК-д нэн дариу шилжүүлэх шаардлагатай байна гэж О хэлээд байна гэж А надаас асуухад нь үнэхээр танай компанийн нэр дээр зээл орж ирэх юм бол сайн л биз гээд, хэлснийх нь дагуу хийхийг зөвлөж байсан.

Ингээд хэзээ мөдгүй БНХАУ-ын Экспорт Импорт банкнаас зээл бүтэх гэж байна гэж 11 сард ярьж байснаа, 12 сард нь энэ зээл авах ажил удаашралтай болоод байна, одоо БНХАУ-ын Хөгжлийн банкнаас зээл авах ажлыг давхар хөөцөлдье, үүндээ Б ХХК-ын ******** тоот ашиглалтын лицензийг нэмж барьцаалуулахаар болж, манай компани тус лицензийг аль хэдийн хоёр барьцаалагч (БНХАУ-ын Экспорт Импорт банк, БНХАУ-ын Банк оф Чайна) барьцаалсан байсан тул, өмнөх барьцаануудад холбогдох өөрчлөлтүүдийг оруулж зээлийн барьцааг нь хангаж хүргүүлсэн.

Энд би нэг зүйлд эргэлзэж Лгээс нэг лицензийг олон банканд зэрэг барьцаалуулж болох юм уу, тэрнээс болоод зээл бүтэхгүй байгаа юм биш биз дээ гэж асуухад, би банкнуудтай бүгдийг яриад тохирчихсон, чи санаа зоволтгүй, барьцаагаа хийгээд л явуулчих гэдэг байсан.

... Гэтэл 2019 оны 7-р сарын 24-нд БНХАУ-ын Хөрөнгө Оруулалтын Сан буюу CIC-гийн .... Гурван банкны уулзалтад Монголын талаас миний биеийг оролцохыг урихад нь би Б ХХК-ийн гүйцэтгэх захирал П.Ч, миний хүү Д.Б, орчуулагч Э нарийн хамт очсон. Энэ уулзалтаар БНХАУ-ын Хөрөнгө Оруулалтын Сан буюу СIC-гийн 700 сая ам.долларын зээлээс гадна, 2011 онд БНХАУ-ын Экспорт Импорт банкнаас Л нь М компаниараа 200 сая ам.доллар, 2012 онд БНХАУ-ын Хөгжлийн банкнаас 175 сая ам.долларын зээл авсан талаар Хятадын талаас мэдэгдэж энэ зээлийн барьцаанд “Б” ХХК-ийн ******** тоот ашиглалтын лиценз, “И” ХХК-ийн *********, ********* тоот тусгай зөвшөөрлүүдийг тус тус барьцаалсан тул танайх төлөх шаардлагатай гэж банкнууд бидэнд мэдэгдэхэд нь Л дээрх зээлүүдийг аваад өөртөө хэрэглэсэн болохыг мэдсэн. Тухайн банкнуудад дээрх хоёр зээлүүдийг бид аваагүй, бидэнд хөрөнгө оруулалт гэж орж ирээгүй учраас төлөх үндэслэлгүй тухайгаа тайлбарласан.

Үүний дараа би Лгтэй уулзаж "чи зээл бүтээгүй гэж хэлээд байсан чинь банкнууд ийм зээлүүдээ нэхээд байна ямар учиртай юм бэ" гэхэд “энийг би өөрөө хариуцаж төлнө" гэж хэлэхэд нь би их уурлаж анхнаасаа тохирч, гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй, бидний итгэлийг эвдэж залилан мэхэлсэн байна гэдгийг нь хэлсэн.

....2011 оноос 2013 БНХАУ-ын Экспорт Импорт банкнаас олгогдсон 200 сая ам.доллар, БНХАУ-ын Хөгжлийн банкнаас олгогдсон 175 сая ам.долларын зээлүүдийн эргэн төлөлтийн талаар Л болон БНХАУ-ын Экспорт Импорт банк, БНХАУ-ын Хөгжлийн банк төдийгүй ямар нэгэн этгээд энэ талаар бидэнд огт мэдэгдэж байгаагүй.

.... Б ХХК БНХАУ-ын Экспорт Импорт банктай тусгай зөвшөөрөл барьцаалуулах тухай гэрээг байгуулсан.  Зээлийг манай уурхайн хоёр дахь ээлжийн хөрөнгө оруулалтад зарцуулах учраас манай компани авах ёстой гэсэн шаардлагыг Лид тавьсан. Л энэ шаардлагын дагуу зээлийг Б ХХК-аар авахаар болсон гэж Г.О надад хэлсэн. Тэгээд Г.О надад БНХАУ-ын Экспорт Импорт банк болон Б ХХК-ийн 2011 оны 10 дугаар сарын 11-ний өдөр байгуулагдсан зээлийн гэрээн дээр гарын үсэг зуруулсан. Би БНХАУ-ын Экспорт Импорт банк зээлийг манай компанид олгох юм байна гэж ойлгож байсан.

... БНХАУ-ын банкнуудаас зээл авч, хоёр дахь шатын хөрөнгө оруулалтыг хийхдээ өмнөх зээлтэй холих ёсгүй байсан тул Г.Од энэ хоёр дахь шатын хөрөнгө оруулалтыг хариуцан Лтэй хамтарч ажиллахыг зөвлөсөн. Г.О ч энэний дагуу Лтэй ойр дотно хамтарч ажилласан. Тухайн үедээ Ли-гийн хэлсний дагуу ажиллаж байна гээд, зарим бичиг баримт, гэрээн дээр гарын үсэг зуруулж байсан тохиолдол бий. БНХАУ-ын Экспорт-Импорт Банк, Б ХХК-ийн хооронд байгуулсан “Зээлийн Гэрээ” /Англи/, БНХАУ-ын Экспорт-Импорт Банк, Б ХХК-ийн хооронд байгуулсан “Зээлийн Гэрээ” /Монгол/, БНХАУ-ын Экспорт-Импорт Банк, И ХХК-ийн хооронд байгуулсан “Зээлийн нэмэлт гэрээ” /Англи/ зэрэг гэрээнүүдийг хуурамчаар үйлдсэн гэдгийг одоо танаас сонсож байна.

...БНХАУ-ын Экспорт Импорт банктай байгуулсан гэрээ хэлэлцээрүүдтэй адил Г.О хариуцаж ажилласан, гэрээний төслийг надад танилцуулж, гарын үсэг зуруулсан, нотариатаар гэрчлүүлэх, бүртгүүлэх талаар ажлуудыг бүгдийг нь Г.О манайхыг төлөөлж хийсэн. Ер нь БНХАУ-ын Экспорт Импорт банкнаас зээл авчихсан байсан тохиолдолд, Хөгжлийн банкнаас нэмж зээл авах шаардлага байгаагүй. Гэтэл БНХАУ-ын Экспорт Импорт банкнаас авах зээл бүтэхгүй, хойшлогдоод байна, тийм учраас Хөгжлийн банкнаас зээл авахаар боллоо гэж байгаад, дээрх гэрээнүүдийг байгуулуулсан” гэх мэдүүлэг/ 3 хх-ийн 126-143-р тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ч.Оюунгэрэл өгсөн мэдүүлэгтээ: “ ... 2011 оноос хойш хоёр дах шатны хөрөнгө оруулалт орж ирнэ гэсэн боловч одоо болтол мөнгөн болон биет зүйлээр ямар нэгэн хөрөнгө оруулалт БНХАУ-ын Экспорт Импорт банкнаас авсан зээлийн хөрөнгө оруулалт нэрээр манай Б ХХК-д орж ирээгүй. ... Мөн... 2011 оноос хойш БНХАУ-ын Хөгжлийн банкнаас “Б” ХХК-ийн эзэмшлийн ******** дугаартай тусгай зөвшөөрлийг барьцаалж авсан зээл нэрээр 175.000.000 ам доллар болон түүнтэй тэнцэх хэмжээний ямар нэгэн биет зүйлс хөрөнгө оруулалт нэрээр орж ирээгүй.

... “И” ХХК-д гадаад улсаас ямар нэгэн хөрөнгө оруулалт орж ирээгүй. Санхүүгийн тайланд Б ХХК, И ХХК хооронд худалдан авалтууд хийж байсан баримтууд байгаа. ... БНХАУ-ын Хөгжпийн банк, БНХАУ-ын Экспорт импорт банкнаас зээл авахаар тусгай зөвшөөрлүүд барьцаалуулсан боловч ямар ч мөнгө, эд хөрөнгө хүлээж аваагүй, эдгээр банктай холбоотой ямар нэгэн хөрөнгө оруулалт орж ирээгүй” гэх мэдүүлэг/ 3 хх-ийн 111-118-р тал/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ө.Алтангадас өгсөн мэдүүлэгтээ: “... БНХАУ-ын иргэн Л нь 2011 онд “Б” ХХК-ийн эзэмшлийн ******** дугаартай, мөн "И" ХХК-ийн эзэмшлийн *********, ********* дугаартай ашигт малтмалын тусгай зөвшөөрлүүдийг барьцаалан БНХАУ-ын Экспорт импорт банкнаас 200.000.000 ам.долларын зээлийг авахтай холбоотой асуудал дээр орчуулга хийсэн.

БНХАУ-ын Экспорт импорт банкнаас 200,000,000 ам.долларын зээл авахтай холбоотой зээлийн гэрээ бол Монгол Улсад байгуулагдаагүй. Би хараагүй. Харин зээлийг авахтай холбоотой “Б” ХХК-ийн эзэмшлийн ******** дугаартай, мөн “И” ХХК-ийн эзэмшлийн *********, ********* дугаартай ашигт малтмалын тусгай зөвшөөрлүүдийг барьцаалахтай холбоотой тусгай зөвшөөрлийг орчуулах, зээл авч компанид хөрөнгө оруулах БНХАУ-ын иргэн Лг, Монгол талыг ажлыг хариуцах Г.О нарын хоорондын яриаг өгүүллийг орчуулах, БНХАУ-ын Экспорт импорт банкнаас Монгол Улсад ирж уурхайн үйл ажиллагаатай танилцсан хүмүүсийг дагуулж явахад орчуулагчаар орж байсан.

БНХАУ-ын иргэн Лг, Г.О нарын хооронд компаниудын тусгай зөвшөөрлүүдийг барьцаалж зээл авахтай холбоотой асуудал л яригддаг байсан. Мөн Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаг “И” ХХК-ийн эзэмшлийн *********, ********* дугаартай ашигт малтмалын тусгай зөвшөөрлүүдийг барьцаалахтай холбоотойгоор Г.Огийн нэр дээр “М” ХХК-ийг байгуулах талаар яригдаж байсан. Ингэхдээ Лг-ээс шаардлагатай баримтууд ирлээ гээд, түүнийг нь Г.О надаар орчуулуулдаг байсан. Зээл авахтай холбоотой яригдаж байсан асуудлууд 10 жилийн өмнөх асуудал учраас нарийн хэн хэн юу гэж ярьж байсныг сайн санахгүй байгаа боловч тусгай зөвшөөрлүүдийг барьцаалж зээл авна, Монгол Улсаас шаардлагатай баримт материалыг Г.О нь хариуцаж хийнэ, Хятад улсаас зээл авч, хөрөнгө оруулалт хийхээ Л нь өөрөө хариуцна л гэж яригддаг байсан.

... Лг-тэй яг хэзээ гэдгийг санахгүй байна, 5-6 жилийн өмнө байх, Монгол Улсад ирэхэд нь уулзаж байсан. Тэгэхэд нь Б.Д захиралтай хамт орчуулагчаар очиж уулзсан. Тэр үед “Б” ХХК- ийн эзэмшлийн ******** дугаартай, мөн “И” ХХК-ийн эзэмшлийн *********, ********* дугаартай ашигт малтмалын тусгай зөвшөөрлүүдийг барьцаалан БНХАУ-ын Экспорт импорт банкнаас 200,000,000 ам.доллар, БНХАУ-ын хөгжлийн банкнаас 175,000,000 ам.долларын зээлүүд яагаад гарахгүй байгаа, яагаад удаашраад байгаа талаар Б.Д захирал асуухад Л нь хүндрэлтэй байна, хүлээж бай, одоохондоо зээл гарах боломж муутай гэх утгатай зүйл ярилцаж байсан. зээлтэй холбоотой асуудлын талаар л уулзаж ярилцсан. Тэрнээс хойш ерөөсөө Лг-тэй уулзаагүй. 2011 оноос хойш зээл авахтай холбоотой асуудлаар компани дээр ирж уулзах, эсвэл Г.Отэй уулзахдаа орчуулагч гэж Өвөр монгол Баяраа гэж хүн дагуулж ирдэг байсан. гэхдээ Баярааг уулзахдаа байлцуулахгүй гаргаад, намайг орчуулагчаар оруулж ярилцдаг байсан.

...“М” ХХК-ийг байгуулахаар буюу Лгийн өгсөн баримт бичгийн дагуу Г.О нь компани байгуулж, улсын бүртгэлд бүртгүүлэхээр явж байхдаа Лгээс компани дээр ямар нэр өгөх талаар асуухад Л нь “М” компани гээд нэр өгчих гэсний дагуу нэрийг өгч байсан. Мөн “И” ХХК-ийн хувьцааг шинээр байгуулсан “М” ХХК -руу шилжүүлэх холбоотой хувьцааг шилжүүлэх авах гэрээ, компанийн дүрэм зэргийг хятад хэл дээр орчуулга хийж, Лг-д танилцуулж байсан. БНХАУ-ын Хөгжлийн банк, БНХАУ-ын Экспорт, импорт банкнаас зээл авах асуудлаар Г.О, Л нарын уулзалт, утсаар ярихад ярилцсан яриаг орчуулах, Монгол Улсад үйлдэгдэж байгаа бичиг баримтыг хятад хэл рүү орчуулж Лг-д танилцуулах, БНХАУ-ын Хөгжлийн банк, БНХАУ-ын Экспорт, импорт банкнуудаас зохих хүмүүс ирж уурхайтай танилцахад орчуулагчаар ажилласан. БНХАУ-д явагдсан ажиллагаатай холбоотой нэг ч удаа орчуулга хийгээгүй.

... Л нь компаниудын 3 тусгай зөвшөөрлийг барьцаалж зээл авна, уг зээлийг авахын тулд Монгол Улсаас шаардагдах бүхий л ажлыг О хариуцаж гардаж хийж байсан. О л Лгтэй харилцдаг байсан. ... Монгол Улсаас шаардагдах бүхий л бичиг баримтуудыг гарган өгч явуулсны дараа Л нь зээл авах асуудлаа өөрөө хариуцахаар байсан учраас надаар дамжуулан О зээл гарсан уу, яагаад удаад байгаа гэж байнгын асуулгадаг байсан. Б.Д захирал хүртэл асуулгадаг байсан. Тэгэхээр Л нь хүндрэлтэй байна, хүлээгдэж байна, хэлэлцээрийн шатандаа байна, одоохондоо гараагүй л гэсэн хариуг өгдөг байсан” гэх мэдүүлэг/ 3 хх-ийн 144-147-р тал/,

 

Иргэний хариуцагчийн төлөөлөгч Ц.Ж мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “Монгол улсын Ашигт малтмалын тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1-д “Хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь ашигт малтмал эрэх, хайх, ашиглах үйл ажиллагаа явуулахад шаардагдах санхүүжилт олох, хөрөнгө оруулалтын асуудлыг шийдвэрлэхийн тулд тусгай зөвшөөрлийг эрэл, хайгуулын ажлын үр дүнгийн тайлан, геологийн судалгааны мэдээлэл, техник, эдийн засгийн үндэслэл зэрэг холбогдох баримт бичиг болон хууль тогтоомжоор барьцаалахыг хориглоогүй эд хөрөнгийн хамтаар банк, банк бус санхүүгийн байгууллагад, эсхүл тусгай зөвшөөрөл эзэмшигчийн татварын өрийг хураах зорилгоор татварын албанд барьцаалж болох бөгөөд тусгай зөвшөөрөл нь дангаараа барьцааны зүйл болохгүй” гэж заасны дагуу барьцаалах эрх нь нээгдэж байгаа юм.

            Уг хууль тогтоомжийн дагуу Б ХХК, И ХХК-иуд нь өөрсдийн эзэмшиж буй тусгай зөвшөөрлийг банк, банк бус санхүүгийн байгууллагад барьцаалах эрх нь нээгдэж байгаа юм.

            Тусгай зөвшөөрлийг банк, банк бус санхүүгийн байгууллагад барьцаалж болно гэж заасан байгаа. Гадаад улсын санхүүгийн байгууллагад барьцаалж болохгүй гэсэн хуулийн зохицуулалт байхгүй.

            Тусгай зөвшөөрлийг эзэмшиж буй хуулийн этгээд нь өөрийн тусгай зөвшөөрлөө барьцаалах гэж байгаа талаараа өргөдлийг Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтэст хандан гаргасан. АМТХуулийн 51 зүйлийн 51.2-д заасны дагуу:

  • Тусгай зөвшөөрлийг барьцаалсан тухай гэрээ,
  • Тусгай зөвшөөрлийн эх хувь /хавсралтуудын хамт/
  • Тухайн зээл олгох гэж буй банкнаас АМГТГ хандсан барьцаалбарыг бүртгэж өгөхийг хүссэн утга бүхий албан бичиг,
  • Тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, компанийн дүрэм, бусад баримт бичгүүдийг ирүүлсний үндсэн дээр хариуцсан мэргэжилтэн томилж, дотоод хяналтын  хуудас нээн шалгаад, улмаар хууль эрх зүйн хэлтэст ирүүлнэ. Түүнийг хянаж үзээд Ашигт малтмалын тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.3-т заасан үндэслэл тогтоогдож байвал , Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтэст буцаан хүргүүлж, барьцаалбарт бүртгэдэг юм. 

Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашигт малтмал эрэх, хайх, ашиглах үйл ажиллагаа явуулахад шаардагдах санхүүжилт олох, хөрөнгө оруулалтын асуудлыг шийдвэрлэхийн тулд зөвхөн банк, банк бус санхүүгийн байгууллагад барьцаалуулахыг хуулиар зөвшөөрдөг. Ашигт малтмалын тусгай зөвшөөрлөө барьцаалуулсан олон аж ахуйн нэгжүүд бий. Манай байгууллага  ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг  барьцаалуулах тухай гэрээний  бүрдүүлбэрийг шалгаад Ашигт малтмалын тухай хуулийн 51 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангасан  тохиолдолд барьцааны гэрээг  бүртгэдэг.

Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.14 дэх хэсэгт Геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь “хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй холбоотой үйл ажиллагаанд нэгдсэн хяналт тавих” чиг үүргийг хэрэгжүүлнэ, энэ чиг үүргийг Кадастрын асуудал хариуцсан нэгж эрхэлнэ гэж заасан. Гэвч нэгдсэн хяналт тавих чиг үүргийг  ингэж хэрэгжүүлнэ, ийм журам  баримтална гэсэн нарийвчилсан зохицуулалт  байхгүй учраас хяналт, шалгалт хийгдээгүй.

Ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл шинээр олгох, дахин олгох, цуцлах, шилжүүлэх, барьцаалах, талбайг хэсэгчлэн болон бүхэлд нь буцаан өгөх, шилжүүлэх ажиллагааг олон нийтийн хяналтын дор явуулж байсан туршлага одоогоор манайд байхгүй.

Ашигт малтмалын  тухай хуулийн 11.2-т зааснаар ... кадастрын асуудал хариуцсан нэгж нь энэ зүйлийн 11.1.13 – 11.1.23-т заасан асуудлыг эрхэлнэ гэсэн  хуулийн заалтыг хэрэгжүүлэх  ёстой боловч урьд нь энэ хуулийн заалтыг хэрэгжүүлж байсан  практик байгаагүй учраас энэ чиглэлээр хяналт, шалгалт хийгдээгүй.

Ашигт малтмалын тухай хуулийн 11.1.14 дэх хэсэгт заасан  хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй холбоотой үйл ажиллагаанд нэгдсэн хяналт тавих, 11 дүгээр зүйлийн 11.1.15-т заасан  ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл шинээр олгох, дахин олгох, цуцлах, шилжүүлэх, барьцаалах, талбайг хэсэгчлэн болон бүхэлд нь буцаан өгөх, шилжүүлэх ажиллагааг олон нийтийн хяналтын дор явуулах нөхцөлийг бүрдүүлэх чиг үүргээ хэрэгжүүлж ажиллах талаар гаргасан заавар, журам одоогоор байхгүй байгаа, цаашид  хуулийн хэрэгжилтийг хангахын тулд заавар журам гаргаж, мөрдөж ажиллах ёстойг ойлголоо, энэ талаар удирдлагууддаа танилцуулъя.

Тусгай зөвшөөрөл эзэмшигч компаниуд банктай байгуулсан зээл, барьцааны гэрээндээ уурхайд шаардагдах техник, хэрэгсэл, тоног төхөөрөмж, дэд бүтцийн хөрөнгө оруулалтын асуудлыг шийдвэрлэх зориулалтаар тусгай зөвшөөрлөө барьцаалуулж байгаа талаар тусгасан хэр нь цаанаа өөр зүйлд барьцаалуулсан тохиолдол анх удаа илэрч байгаа учраас энэ талын хяналт, шалгалт зайлшгүй хийгдэж байх шаардлагатай болж байна.  Ялангуяа гадаад улсын  банк санхүүгийн байгууллагад  ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг барьцаалсан тохиолдолд олгосон зээл зориулалтын дагуу ашиглагдаж байгаад хяналт тавих асуудлыг цаашид онцгой анхаарах ёстой юм байна гэх мэдүүлэг /3хх-ийн 96-110-р тал/.

 

 “Их Монгол хөлөг аудит ХХ-ийн 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн Ш/Т-2022/03 дугаартай: “Б ХХК, И ХХК-уудын шинжээчид ирүүлсэн банкны хуулга, мөнгөн гүйлгээний журнал, авлага өглөгийн дэлгэрэнгүй бүртгэлд бүртгэгдсэн гүйлгээг шалгахад 2011-2020 онд БНХАУ-ын Хөгжлийн банкнаас 175,000,000 ам.доллар, БНХАУ-ын Экспорт импорт банкнаас 200,000,000 ам.долларын ажил гүйлгээ бүртгэгдээгүй байна ...” гэх дүгнэлт/ 3 хх-ийн 244-250,  4 хх-ийн 1-80-р тал/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 02 сарын 24-ны өдрийн 023 дугаартай: “Их Монгол хөлөг аудит ХХ-ийн 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн Ш/Т-2022/03 дугаартай дүгнэлтийг үндэслэлтэй гэж үзэхээр байна. ... Шинжилгээнд ирүүлсэн хэргийн хавтаст авагдсан арилжааны банкнуудын лавлагаа, “Б” ХХК, “И” ХХК-уудын 2011-2020 оны нягтлан бодох бүртгэл, анхан шатны баримтууд, санхүүгийн болон холбогдох бусад тайлангууд зэрэгт шинжилгээ хийхэд БНХАУ-ын Хөгжлийн банкнаас 175,000,000,000 ам доллар, Экспорт Импорт банкнаас 200,000,000 ам долларын зээл мөнгөн болон биет байдлаар олгогдсон гэх баримт байхгүй байна” гэх шинжээчийн дүгнэлт/4 хх-ийн 80-211-р тал/,

 

Б ХХК болон БНХАУ-ын Хөгжлийн банкны хооронд 2011 оны 12 дугаар сарын 19-ний өдөр байгуулагдсан барьцааны гэрээ/1 хх-ийн 61-99-р тал/,

Б ХХК болон БНХАУ-ын Экспорт импорт банкны хооронд 2011 оны 10 сарын 11-ны өдөр байгуулагдсан зээлийн гэрээ / 1 хх-ийн 100-121-р тал/,

Б ХХК болон БНХАУ-ын Экспорт импорт банкны хооронд 2011 оны 10 сарын 11-ны өдөр байгуулагдсан тусгай зөвшөөрлийн барьцааны гэрээ/ 1 хх-ийн 122-157-р тал/,

И ХХК болон БНХАУ-ын Экспорт импорт банкны хооронд 2011 оны 10 сарын 14-ны өдөр байгуулагдсан тусгай зөвшөөрлийн барьцааны гэрээ нэмэлт гэрээ/ 2 хх-ийн 58-78-р тал/,

 И ХХК болон БНХАУ-ын Экспорт импорт банкны хооронд 2011 оны 10 сарын 14-ны өдөр байгуулагдсан зээлийн нэмэлт гэрээ/ 2 хх-ийн 79-88-р тал/,

И ХХК-ийн шинэчилсэн дүрэм/ 2 хх-ийн 141-146-р тал/,

МХХК болон М ХХК-ийн хооронд 2011 оны 10 дугаар сарын 20-ны өдөр байгуулагдсан Хувьцаа худалдах, худалдан авах, эрх шилжүүлэх гэрээ/ 2 хх-ийн 173-175-р тал/,

Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 203 дугаар шийдвэр /11 хх-ийн 201-202-р тал/

Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2011 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 1009 дугаар шийдвэр /11 хх-ийн 143, 149-156-р тал/

 

Эрдэс баялаг, эрчим хүч, дэд бүтцийн хамтын ажиллагааны Монгол, Хятадын хамтарсан зөвлөлийн 3 дугаар хуралдааны тэмдэглэл/ 10 хх-ийн 115-126-р тал/,

Монгол Улсын Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны 2021 оны 10 дугаар сарын 26-ний өдрийн 03/2655 дугаар Б ХХК, И ХХК нарт хүргүүлсэн “Мэдээлэл, тайлбар хүсэх тухай” албан тоот/ 1 хх-ийн 12-р тал/,

Монгол Улсын Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 03/2615 дугаар Монгол Улсын Ерөнхий прокурорт хүргүүлсэн “Материал уламжлах тухай” албан тоот/ хх-ийн ...-...р тал/,

Хонгконгийн захиргааны тусгай бүсийн анхан шатны дээд шүүхийн дампуурлын шийдвэр, 2018 оны 6083 дугаар /2019 оны 11-р сарын 15-ны өдөр/ 2 хх-ийн 233-249-р тал/,

Дампуурсан тухай шийдвэрийг мэдээлэх нь, Засаг захиргааны онцгой бүс Хонгконгийн Дээд шүүх, Дампуурлын асуудлыг хэлэлцэх анхан шатны шүүх, 2018 он. Дугаар 6083. 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр, /сонингийн 2019 оны 48 дахь улирлын 6 дугаар/ 2 хх-ийн 250, 3 хх-ийн 1-2-р тал/,

Кайманы арлын дээд шүүх, Санхүүгийн хэлтэс, Татан буулгах тушаал, 2019 оны 08 дугаар сарын 16-ны өдөр/3 хх-ийн 3-6-р тал/,

Л ХХК /албан ёсоор татан буулгах/, албан ёсны татан буулгагчийн томилгооны тухай мэдээлэх нь, 2019 оны 08 дугаар сарын 23-ны өдөр, /сонингийн нийтлэл/ /3 хх-ийн 7-9-р тал/,

Британы Виржини арлуудын албан ёсны хэвлэлд “Монголиа Лалэгаоти айран майнинг” компанийг бүртгэлээс хассан талаарх нийтлэл /3 хх-ийн 31-42-р тал/,

“Б” ХХК-ийн 2011-2020 оны санхүүгийн тайлан, баланс/ 1 хх-ийн 21-60-р тал/,

“И” ХХК-ийн 2011-2020 оны санхүүгийн тайлан, баланс/2 хх-ийн 24-57-р тал/,

“Б” ХХК-ийн дансны хуулга/9 хх-ийн 92-177-р тал/,

 “И” ХХК-ийн дансны хуулга/ 9 хх-ийн 92-177-р тал/,

“Б” ХХК-ийн М тоот тусгай зөвшөөрлийн хувийн хэргийн материал/ 10 хх-ийн 138-250-р тал, 11 хх-ийн 1-250-р тал, 12 хх-ийн 1-141-р тал/,

“И” ХХК-ийн *********, ********* тоот тусгай зөвшөөрлийн хувийн хэргийн материал/ 12 хх-ийн 142-229-р тал/,

“Б” ХХК-ийн хуулийн этгээдийн бүртгэлийн хувийн хэргийн материал/ 9 хх-ийн 242-244-р тал/,

“И” ХХК-ийн хуулийн этгээдийн бүртгэлийн хувийн хэргийн материал/ 9 хх-ийн 240-241-р тал/,

 “Б” ХХК-д ирүүлсэн БНХАУ-ын олон улсын эдийн засаг, худалдааны арбитрын комисс, Арбитрын шүүхийн хэргийн тухай мэдэгдэл, 2019-12-02/ 3 хх-ийн 10-16-р тал/,

“И” ХХК-д ирүүлсэн БНХАУ-ын олон улсын эдийн засаг, худалдааны арбитрын комисс, Арбитрын шүүхийн хэргийн тухай мэдэгдэл, 2019-12-02/ 3 хх-ийн 17-23-р тал/

“Б” ХХК-д ирүүлсэн БНХАУ-ын олон улсын эдийн засаг, худалдааны арбитрын комисс, Арбитрын шүүхийн хэргийн тухай мэдэгдэл, 2019-12-06 / 3 хх-ийн 24-30-р тал/,

Чингэлтэй дүүргийн нотариатч Алтанцоожийн 2011 оны 10-р сарын 17-ний өдрийн бүртгэлийн дэвтэр /3 хх-ийн 150-158-р тал/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

 

“Б” ХХК, “И” ХХК-ийн хувьцаа эзэмшигч буюу БНХАУ-ын хөрөнгө оруулагч нь эдгээр компанийн хамтран хэрэгжүүлж буй Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутаг дэвсгэрт байрлах Баянголын төмрийн хүдрийн уурхайн төсөлд шаардлагатай байсан хөрөнгө оруулалтыг оруулж ирнэ хэмээн Монгол талын хувьцаа эзэмшигчийн төлөөлөл болох иргэн Б.Д, Б.А нарыг хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж Б ХХК-ийн ********* дугаартай ашигт малтмалын тусгай зөвшөөрөл,  И ХХК-ийн *********, ********* дугаартай ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг барьцаалуулах замаар 2011 онд БНХАУ-ын Экспорт Импорт банкнаас 200,000,000 ам.доллар, 2012-2013 онд БНХАУ-ын Хөгжлийн банкнаас 175,000,000 ам.доллар, нийт 375,000,000 ам.долларын зээл авсан боловч зээлийг зориулалтын дагуу зарцуулалгүй, хувьдаа ашиглан банкны зээлийн өрөнд барьцааны эд хөрөнгийг хураалгах нөхцөлийг бүрдүүлэхэд шүүгдэгч Г.О нь дараах байдлаар идэвхтэй үйлдлээр хамтран оролцсон байна.

Тэрээр Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаг “М" ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, “И’’ ХХК-д шаардлагатай байсан хөрөнгө оруулалтыг оруулж ирнэ хэмээн тус компанийн захирал Б.А, “Б” ХХК-ийн захирал Б.Д нарыг  хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан 2011 оны 10 дугаар сарын 11-ны өдөр “И” ХХК-ийн *********, ********* дугаартай ашигт малтмалын тусгай зөвшөөрөл, “Б“ ХХК-ийн ********* дугаартай ашигт малтмалын тусгай зөвшөөрөл, 2000 ширхэг вагон, 12 ширхэг зүтгүүр, баяжуулах үйлдвэрийн тоног төхөөрөмж зэрэг эд хөрөнгийг БНХАУ-ын Экспорт Импорт банканд барьцаалуулах, 2012 оны 6 сарын 27-ны өдөр “И” ХХК-ийн 100 хувийн хувьцааг БНХАУ-ын Экспорт Импорт банканд,

“Б” ХХК-д шаардлагатай байсан хөрөнгө оруулалтыг оруулж ирнэ хэмээн тус компанийн захирал Б.Дыг хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан “Б” ХХК-ийн эзэмшлийн ********* дугаартай ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг БНХАУ-ын Хөгжлийн банканд тус тус барьцаалуулах үйлдлийг биечлэн гүйцэтгэсэн байна.

Мөн БНХАУ-ын Экспорт Импорт банкнаас зээл авахад шаардлагатай байна хэмээн М компанийн хувьцаа эзэмшигч бөгөөд захирал Б.Аыг хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан 2011 оны 10 сарын 20-ны өдөр "И’’ ХХК-ийн 100 хувийн хувьцааг “М" ХХК-д шилжүүлэн авсан байна. Шүүгдэгч Г.Огийн эдгээр үйлдэлд холбогдуулан Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан, Мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хуулийн зүйл хэсэгтэй тохирч байна. 

 

Ашигт малтмалын тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт: “Хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь ашигт малтмал эрэх, хайх, ашиглах үйл ажиллагаа явуулахад шаардагдах санхүүжилт олох, хөрөнгө оруулалтын асуудлыг шийдвэрлэхийн тулд тусгай зөвшөөрлийг эрэл, хайгуулын ажлын үр дүнгийн тайлан, геологийн судалгааны мэдээлэл, техник эдийн засгийн үндэслэл зэрэг холбогдох баримт бичиг болон хууль тогтоомжоор барьцаалахыг хориглоогүй эд хөрөнгийн хамтаар банк, банк бус санхүүгийн байгууллагад ... барьцаалж болох бөгөөд тусгай зөвшөөрөл нь дангаараа барьцааны зүйл болохгүй” гэж зааснаас үзэхэд ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг “ашигт малтмал эрэх, хайх, ашиглах үйл ажиллагаа явуулахад шаардагдах санхүүжилт олох, хөрөнгө оруулалтын асуудлыг шийдвэрлэх”-ээс өөр зүйлд барьцаалж болохооргүй байна. Гэтэл “Б ХХК-ийн ********* дугаартай ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг БНХАУ-ын Экспорт Импорт банк болон БНХАУ-ын Хөгжлийн банканд, И ХХК-ийн *********, ********* дугаартай ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг БНХАУ-ын Экспорт Импорт банканд барьцаалуулах гэрээнд Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутаг дэвсгэрт байрлах Баянголын төмрийн хүдрийн уурхайн төсөлд шаардлагатай байсан хөрөнгө оруулалтын асуудлыг шийдвэрлэхэд барьцаалуулж байгаа талаар заасан боловч зээлийн хөрөнгө оруулалт огт орж ирээгүй болох нь мөрдөн шалгах ажиллагаагаар цугларсан нотлох баримтаар тогтоогдсон байна.

 

Ашигт малтмалын тухай хуулийн 52 дугаар зүйлд “тусгай зөвшөөрлийг барьцааны гэрээний дагуу бусдад шилжүүлэх”, 52.1 дэх хэсэгт: “барьцаалуулагч нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд барьцаалагч нь хүсвэл барьцаалагдсан хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийг эрх бүхий этгээдэд шилжүүлэх тухай өргөдлийг энэ хуулийн 49 дүгээр зүйлд заасны дагуу төрийн захиргааны байгууллагад гаргаж ...” гэсэн заалтаар тусгай зөвшөөрлийг захиран зарцуулах эрхийг барьцаалагчид олгосон. Мөн Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсгийн: “Үүрэг гүйцэтгэгч барьцаагаар хангагдсан үүргийг хууль буюу гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол барьцаалагч буюу үүрэг гүйцэтгүүлэгч нь бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн элжинд барьцааны зүйлийн үнээс шаардлага хангуулах эрхтэй” гэсэн заалт, 153.2 дахь хэсгийн: “барьцааны эрх үүссэнээр тухайн этгээд үүргийн гүйцэтгэлийг шаардах давуу эрх эдэлнэ” гэсэн заалтаар хөдлөх эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг захиран зарцуулах эрхийг барьцаалагчид олгосон байна. Тиймээс “И” ХХК-ийн *********, ********* дугаартай ашигт малтмалын тусгай зөвшөөрөл, 100 хувийн хувьцаа, “Б“ ХХК-ийн ********* дугаартай ашигт малтмалын тусгай зөвшөөрөл, 2000 ширхэг вагон, 12 ширхэг зүтгүүр, баяжуулах үйлдвэрийн тоног төхөөрөмж зэрэг эд хөрөнгийг БНХАУ-ын Экспорт Импорт банканд барьцаалуулах, “Б” ХХК-ийн эзэмшлийн ********* дугаартай ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг БНХАУ-ын Хөгжлийн банканд барьцаалуулах гэрээ байгуулагдсанаар залилах гэмт хэрэг үйлдэгдсэн байна.

Шүүгдэгч Г.О нь БНХАУ-ын Экспорт Импорт банкнаас зээл авахад шаардлагатай байна хэмээн Мкомпанийн хувьцаа эзэмшигч бөгөөд захирал Б.Аыг хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан 2011 оны 10 сарын 20-ны өдөр Худалдах, худалдан авах, эрх шилжүүлэх гэрээг “М" ХХК-г төлөөлөн байгуулж,  "И’’ ХХК-ийн 100 хувийн хувьцааг шилжүүлэн авсан байна. Энэхүү гэрээ нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсгийн: “гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй” гэсэн заалтын дагуу хүсэл зоригоо чөлөөтэй илэрхийлж байгуулсан хэлцэл бус залилах гэмт хэргийн улмаас байгуулагдсан хэлцэл байх тул хуулийн хүчин төгөлдөр гэж үзэх үндэслэлгүй байна. Тиймээс хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг арилгаж иргэн Б.Аыг "И’’ ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигчээр тогтоох нь зүйтэй байна. Британийн Виржиний арлуудад бүртгэлтэй байсан М компани 2016 оны 4 сарын 14-ны өдөр компанийн бүртгэлээс хасагдсан болохыг дурдаж байна.

 

Иймд шүүгдэгч Г.Ог урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, шаардлагатай байсан хөрөнгө оруулалтыг оруулж ирнэ хэмээн хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан бусдад их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шүүх шийдвэрлэв.

 

БНХАУ-ийн Экспорт импорт банк болон “И” ХХК, “Б“ ХХК-ийн хооронд байгуулагдсан зээлийн гэрээ, “И” ХХК-ийн *********, ********* дугаартай ашигт малтмалын тусгай зөвшөөрөл, “Б“ ХХК-ийн ********* дугаартай ашигт малтмалын тусгай зөвшөөрөл, 2000 ширхэг вагон, 12 ширхэг зүтгүүр, баяжуулах үйлдвэрийн тоног төхөөрөмж зэрэг эд хөрөнгийг БНХАУ-ын Экспорт Импорт банканд барьцаалуулах гэрээ, “Б” ХХК-ийн эзэмшлийн ********* дугаартай ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг БНХАУ-ын Хөгжлийн банканд барьцаалуулах гэрээ, "И’’ ХХК-ийн Хувьцаа худалдах худалдан авах эрх, шилжүүлэх гэрээ, "И’’ ХХК-ийн 100 хувийн хувьцааг барьцаалсан талаарх дүрмийн өөрчлөлт зэрэг нь залилах гэмт хэргийн улмаас байгуулагдсан хүчин төгөлдөр бус хэлцэл байна.

 

Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.14 дэх хэсгийн: “хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй холбоотой үйл ажиллагаанд нэгдсэн хяналт тавих”, 11.1.15 дахь хэсгийн: “ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл шинээр олгох, дахин олгох, цуцлах, шилжүүлэх, барьцаалах, талбайг хэсэгчлэн болон бүхэлд нь буцаан өгөх, шилжүүлэх ажиллагааг олон нийтийн хяналтын дор явуулах нөхцөлийг бүрдүүлэх” чиг үүргийг хэрэгжүүлнэ гэсэн заалт, 51 дүгээр зүйлийн 51.3 дэх хэсгийн: “Тусгай зөвшөөрлийг барьцаалсан гэрээ энэ хуульд заасан шаардлагыг хангаж байвал төрийн захиргааны байгууллага түүнийг бүртгэж ...” гэсэн заалтыг хэрэгжүүлээгүйтэй холбоотойгоор Ашигт малтмал, газрын тосны газрыг иргэний хариуцагчаар татан оролцуулсан нь үндэслэлтэй байна. Хүчин төгөлдөр бус гэрээ хэлцлийг үндэслэн “Б“ ХХК-ийн ********* дугаартай ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг БНХАУ-ын Хөгжлийн банк болон БНХАУ-ын Экспорт импорт банканд барьцаалуулсан бүртгэл, “И” ХХК-ийн *********, ********* дугаартай ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг  БНХАУ-ын Экспорт импорт банканд барьцаалуулсан бүртгэл хийгдсэн байх тул эдгээр барьцааг бүртгэсэн Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын шийдвэрийг тус тус хүчингүй болгож шийдвэрлэв.

 

1.2. Шүүгдэгч Г.О нь залилах үйлдлийг биечлэн гүйцэтгэсний хариуд “И’’ ХХК болон “Б” ХХК-ийн гадаад хөрөнгө оруулагчаас 2012 оны 5 сарын 01-ны өдөр 612,000,000/зургаан зуун арван хоёр сая/ төгрөгийг гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж авсан, ашигласан,  түүний хууль бус эх үүсвэрийг нуун далдлах зорилгоор  өөрийн нөхөр Ц.Оийн нэр дээр 2014 оны 12-р сарын 22-ны өдөр Улсын бүртгэлийн ************ дугаартай Баянзүрх дүүргийн 26-р хороо, ************тоот хаягт байрлах 5 өрөө орон сууц, Улсын бүртгэлийн  ************ дугаартай Баянзүрх дүүргийн 26-р хороо, ************ тоот хаягт байрлах 2 авто зогсоол зэргийг худалдан авч эзэмшигчийг нуун далдалсан, улмаар уг үл хөдлөх эд хөрөнгийг бусдад түрээслүүлэх байдлаар мөнгө угаасан болох нь:

Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Г.Огийн өгсөн: “********************** тоотод 130 м.кв талбайтай 4 өрөө орон сууц болон гараашны хамт байрандаа амьдрахгүй, бусдад түрээслүүлж байгаа. Орон сууц, гарааш хоёр дээр би хамтрангаар байхгүй, нөхөр Ц.Оийн нэр дээр дангаар явдаг. Гэр бүлийн хүн учраас нөхрийнхөө нэр дээр авсан.

... А ХХК-тай гэрээ байгуулж, Улсын бүртгэлийн ************ дугаартай Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, ************тоот хаягт байрлах 5 өрөө орон сууцыг 352,000,000 төгрөгийг бэлэн мөнгийг өгөөд авсан. Төлбөрийг хийхдээ Голомт банкны салбар дээрээс бэлнээр тус компанийн захирал Т.Тын дансанд шилжүүлсэн. ... Улсын бүртгэлийн ************ дугаартай Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, ******************** тоот хаягт байрлах 2 авто зогсоолыг авсан. Авто зогсоолыг хэдэн төгрөгөөр худалдаж авсан би сайн санахгүй байна. Манай нөхөр санаж байж магадгүй. Би А ХХК-иас төлбөрийн баримт байвал гаргаад өгөөч гээд гуйчихсан байгаа. Түүний талаар хариуг авбал авчирч өгье. 1 зогсоолыг 20 орчим сая төгрөгөөр авсан байх. Үлдэгдэл 200 орчим сая төгрөгийг хүүхдүүдийн сургалтын төлбөр,өөрийн эмчилгээний зардалд хэрэглэсэн. Том охин Д нь 2014-2019 оны хооронд АНУ-ын Клорадо мужын Ситию их сургуульд Бизнесийн удирдлага мэргэжлээр 5 жил сурсан. 5 жилийн сургалтын төлбөрт ойролцоогоор 112 сая төгрөгийг зарцуулсан. Өөртөө байгаа бэлэн мөнгөнөөсөө хүүхэд рүүгээ шилжүүлдэг байсан. Дунд охин Г нь Япон улсад 2016-2020 оны хооронд Нигата хотын Хүнсний технологийн коллежид 4 жил сурч төгссөн. Түүний сургалтын төлбөрт 40000 ам.доллар буюу 60 орчим сая төгрөгийг зарцуулсан. Би Хүзүүний С-4 нугалмын үений дискийг солиулж имплант үе сургуулах хагалгааг 2018 онд Тайван улсын Цү Чи эмнэлэгт хийлгэсэн. Түүнд үлдэгдэл мөнгийг нь зарцуулсан. Эмчилгээний зардалтай холбоотой баримт байхгүй байгаад байна.

... Харин орлого байдлаар бусад орж ирж байгаа түрээсийн төлбөр гэсэн мөнгөнүүд нь өмнө мэдүүлэгтээ би хэлсэн. Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, ************тоот хаягт байрлах 5 өрөө орон сууцыг бусдад түрээсэлдэг гэж. Уг байрыг түрээсэлсэн түрээсийн мөнгө орж ирж байгаа. Байрыг бусдад түрээсэлж байгаад хугацаа нь 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдөр дуусаж байрнаас гарсан. Одоо байранд хүн байхгүй байгаа.

... Уг орон сууцанд би өөрөө огт амьдарч байгаагүй бөгөөд бусдад түрээсэлдэг юм. ... гэр бүлийн хэрэгцээндээ зарцуулаад дуусгасан. Сард дунджаар 2,000,000 орчим төгрөгөөр түрээсэлдэг бөгөөд нийт хэдэн төгрөг олсон талаар би хэлж мэдэхгүй байна” гэх мэдүүлэг / 3 хх-ийн 192-215-р тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ц.Оийн өгсөн: “...2014 онд орон сууц, 2 гараашийг худалдаж авсан нь үнэн. Бэлэн мөнгөө өгөөд би өөрийнхөө нэр дээр авсан. Орон сууц болон 2 гараашийг 400 орчим сая төгрөгөөр авсан. Мөнгийг эхнэр О нь гаргасан. ... Л нь эхнэр Од 612 сая төгрөгийг өгсөн гэдэг. Тэр мөнгөөр эхнэр бид хоёр орон сууц, 2 гарааш авч, үлдэгдэл мөнгөөр 2 хүүхдийнхээ сургалтын төлбөрийг төлсөн, Тайван улсад маш хүнд хагалгаанд орсон тэрэндээ зарцуулсан. Яг юунд зарцуулсныг сайн мэдэхгүй байна. ... Миний ойлгосноор бол Л нь чи өөртөө зарцуулаарай л гэж өгсөн гэсэн. Яагаад өгснийг мэдэхгүй. Тухайн үедээ урамшуулал гээд өглөө л гэж байсан санагдаж байна. Олон жилийн өмнөх асуудал учраас сайн санахгүй байна. Б ХХК-д тушаах ёстой мөнгө гэдгийг би мэдээгүй. Би удирдлагын түвшний ажил хийдэггүй, мөнгө санхүүд оролцдоггүй учраас мэдэхгүй, надад мэдэх ч шаардлага байхгүй.

... Энэ 3 машин, 1 чиргүүлийг миний нэр дээр байгаа нь үнэн. Үүнээс ******** улсын дугаартай Хар өнгийн Лексус 570 маркийн тээврийн хэрэгсэл нь Б ХХК-ийн өмчлөлийн машин. 2019 байна уу 2020 онд компанийн нэр дээр байж байгаад түр миний нэр дээр шилжүүлэх шаардлагатай болоод гүйцэтгэх захирал П.Чтэй ярьж байгаад шилжүүлсэн. Миний өмчлөлийн эд хөрөнгө бол биш. /Б ХХК-ийн хашаанд байгаа/. ... ********* улсын дугаартай Тоёота Тундра маркийн тээврийн хэрэгслийг би 2020 оны 07 сард хувь хүнээс 20 сая төгрөгөөр худалдан авч байсан. 2007 оны буюу хөгшин онтой машин бөгөөд одоо Дархан-Уул аймагт айлын хашаанд эвдрэлтэй задалчихсан байгаа. машин худалдаж авсан 20 сая төгрөгийг цалингаа хуримтлуулж байгаад авсан. Би Б гэж хүнд 20 сая төгрөгөөр 2021 онд зарсан. Нэрийг нь шилжүүлж өгөөгүй байгаа. .... ********* улсын дугаартай Цагаан өнгийн Тоёота Ланд крузьер 78 маркийн машиныг 2022 оны 01 сард 170 сая төгрөгөөр хувь хүнээс худалдаж авсан. Уг мөнгийг Хаан банканд байрлах хадгаламжаасаа авч өгсөн. ... ********* дугаартай Shandong black series маркийн чиргүүлийг 2021 оны 07 сард Аll Road Mongolia Компаниас 80 сая төгрөгөөр худалдаж авсан. Уг 80 сая төгрөгийг өөрийн цуглуулж байсан бэлэн мөнгөнөөсөө өгсөн. Бэлнээр хадгалж байсан. /Чиргүүл Төв аймгийн Аргалант суманд хөдөө айлд гадаа байгаа” гэх мэдүүлэг/3 хх-ийн 162-164-р тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Ды өгсөн: “... Манай компани Г.Од хангалттай хэмжээний цалин хөлс өгч, хангалттай хэмжээгээр тусалж дэмжиж байсан учраас Лээс мөнгө авахын тулд энэ бүгдийг хийсэн гэдэгт итгэхгүй байна. Өөрөөс нь л энэ бүгдийн талаар асууж тодруулж учрыг нь олъё гэж бодож байна” гэх мэдүүлэг /3 хх-ийн 143-р тал/,

Иргэн Ц.Оийн өмчлөлд улсын бүртгэлийн ************ дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, *********** тоот хаягт байрлах орон сууц, улсын бүртгэлийн ************ дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, ************** тоот хаягт байрлах авто зогсоол, улсын бүртгэлийн ************ дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүрэг 26 дугаар хороо, *********** тоот хаягт байрлах авто зогсоол зэрэг үл хөдлөх эд хөрөнгийн лавлагаа,

Шүүгдэгч Г.Огийн дансны хуулга /13 хх-ийн 65-106-р тал/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг тодорхой тогтоосон баримтууд байх бөгөөд хохирогч, шүүгдэгч, гэрч нараас мэдүүлэг, тайлбар авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байна.

 

Шүүгдэгч Г.О шунахай зорилгын үүднээс залилах гэмт хэргийг биечлэн гүйцэтгэснийхээ  хариуд “И’’ ХХК болон “Б” ХХК-ийн гадаад хөрөнгө оруулагчаас 2012 оны 5 сарын 01-ны өдөр 612,000,000/зургаан зуун арван хоёр сая/ төгрөг хүлээн авч, гэмт хэргийн улмаас олсон энэхүү мөнгөний хууль бус эх үүсвэрийг нуун далдлах зорилгоор өөрийн нөхөр Ц.Оийн нэр дээр 2014 оны 12-р сарын 22-ны өдөр Улсын бүртгэлийн ************ дугаартай Баянзүрх дүүргийн 26-р хороо, ************тоот хаягт байрлах 5 өрөө орон сууц, Улсын бүртгэлийн  ************ дугаартай Баянзүрх дүүргийн 26-р хороо, ************* хаягт байрлах 2 авто зогсоол зэргийг худалдан авч эзэмшигчийг нуун далдалсан, улмаар уг үл хөдлөх эд хөрөнгийг бусдад түрээслүүлсэн үйлдэлд нь холбогдуулан Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасныг журамлан, Мөн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна.

 

Иймд шүүгдэгч Г.Ог гэмт хэргийн улмаас олсон мөнгө гэдгийг мэдсээр байж түүнийг авсан, эзэмшсэн, ашигласан, энэхүү мөнгөний хууль бус эх үүсвэрийг нуун далдлах зорилгоор өөрчилсөн, эзэмшигчийг нуун далдалж мөнгө угаасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шүүх шийдвэрлэв.

 

Хоёр. Хэргийн хөөн хэлэлцэх хугацааны талаар

“И” ХХК-ийн *********, ********* дугаартай ашигт малтмалын тусгай зөвшөөрөл, “Б“ ХХК-ийн ********* дугаартай ашигт малтмалын тусгай зөвшөөрөл, 2000 ширхэг вагон, 12 ширхэг зүтгүүр, баяжуулах үйлдвэрийн тоног төхөөрөмж зэрэг эд хөрөнгийг БНХАУ-ын Экспорт Импорт банканд барьцаалуулах гэрээг 2011 оны 10 сарын 11-ны өдөр байгуулсан, “Б” ХХК-ийн эзэмшлийн ********* дугаартай ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг БНХАУ-ын Хөгжлийн банканд давхар барьцаалуулах гэрээг 2011 оны 12 сарын 19-ны өдөр байгуулсан, “И” ХХК-ийн 100 хувийн хувьцааг худалдах, худалдан авах гэрээг 2011 оны 10 сарын 20-ны өдөр байгуулсан, “И” ХХК-ийн 100 хувийн хувьцааг БНХАУ-ын Экспорт Импорт банканд барьцаалуулсан дүрмийн өөрчлөлтийг 2012 оны 6 сарын 27-ны өдөр бүртгүүлснээр өдөр залилах гэмт хэрэг төгссөн байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт заасан залилах гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа 5 жил бөгөөд уг хугацаа өнгөрөөгүй байхад 2014 оны 12 сарын 22-ны өдөр залилах гэмт хэргийн улмаас олсон мөнгөөр орон сууц, авто зогсоол зэрэг үл хөдлөх эд хөрөнгө худалдан авсан буюу гэмт хэргийн улмаас олсон мөнгө гэдгийг мэдсээр байж түүнийг авсан, эзэмшсэн, ашигласан, энэхүү мөнгөний хууль бус эх үүсвэрийг нуун далдлах зорилгоор өөрчилсөн, эзэмшигчийг нуун далдалж мөнгө угаах гэмт хэргийг үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн: “Гэмт хэрэг үйлдсэн этгээд энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан хугацаа өнгөрөөгүй байхад гэмт хэрэг санаатай дахин үйлдвэл хөөн хэлэлцэх хугацааг сүүлийн гэмт хэрэг үйлдсэн үеэс гэмт хэрэг тус бүрд шинээр тоолно” гэсэн заалтын дагуу залилах гэмт хэргийн хугацаа тасалдана.

Мөнгө  угаасан үйлдэл нь гэмт хэргийн улмаас олсон мөнгө, эд хөрөнгийг ил болгосноор төгсдөг. Шүүгдэгч Г.О нь залилах гэмт хэргийн улмаас олсон 612,000,000 /зургаан зуун арван хоёр сая/ төгрөгөөр орон сууц, автомашины зогсоол зэрэг эд хөрөнгийг нөхөр Ц.Оийн нэрээр худалдан авч, бусдад түрээслүүлэн ашиг олж, эзэмшигчийг нуун далдлах байдлаар гэмт үйлдэл үргэлжилж байгаа тул залилах болон мөнгө угаах гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байхад яллагдагчаар татсан байна гэж дүгнэв.   

 

Гурав. Эрүүгийн хариуцлагын  талаар

Шүүгдэгч Г.О нь өөрт холбогдох хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг прокурорт гаргаж, прокуророос Эрүүгийн хэрэг хянах шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан үндэслэл хангагдсан гэж үзэж, шүүгдэгч Г.Од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар 40,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 40,000,000 төгрөгийн торгуулийн ял,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 7 сарын хугацаагаар Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ял тус тус оногдуулж, торгуулийн ялыг 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэх санал гаргасныг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн болох нь шүүгдэгчээс прокурорт гаргасан хүсэлт, тэмдэглэл зэргээр тогтоогдож байна.

 

Мөн шүүгдэгч Г.О прокурорт гаргасан хүсэлтдээ гэмт хэргийн улмаас олсон мөнгө болон эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн байх бөгөөд 2022 оны 4 сарын 07-ны өдөр гэмт хэргийн улмаас олсон хууль бус мөнгө болох 612,000,000 төгрөг, гэмт хэргийн улмаас олсон ашиг орлого болох 48,640,000 төгрөг буюу нийт 660,640,000 төгрөгийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тамгын газрын, Төрийн сангийн 100900005406 дансанд, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд 1,600,000 төгрөгийг төрийн сангийн 100900012005 тоот дансанд, 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр 10,000,000 төгрөгийг төрийн сангийн 100900000707 тоот дансанд тус тус төлсөн байна. 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлд “яллагдагч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг прокурорт гаргаж болно” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт: “яллагдагч энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүсэлтийг шүүхэд хэргийг шилжүүлэхээс өмнө гаргана” гэж, 3 дахь хэсэгт: “яллагдагч энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүсэлтэд хохирлоо нөхөн төлсөн баримтыг хавсаргана” гэж заасан.

Хуулийн эдгээр заалтуудын дагуу шүүгдэгч хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасан болох нь тогтоогдож байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт: “прокурор хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзвэл хэргийн зүйлчлэл, түүнд оногдуулах ялын төрөл, хэмжээ, эсхүл ялаас чөлөөлөх, эсхүл ял оногдуулахгүй тэнсэж албадлагын арга хэмжээ хэрэглэх тухай саналыг яллагдагч, түүний өмгөөлөгчид танилцуулж, яллагдагч зөвшөөрвөл гарын үсэг зуруулж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд даруй шилжүүлнэ” гэж,

Эрүүгийн хэрэг хянан  шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт: “шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахад энэ хуульд заасан ердийн журмаас гадна энэ бүлэгт заасан тусгай журмыг баримтална” гэж,

17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт: “шүүх тухайн хэргийг шууд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл хүлээн авсан даруй эсхүл 7 хоногийн дотор ял оногдуулах хуралдаан зарлан явуулж болно” гэж,

17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт: “шүүх хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасан.

Иймд шүүхээс шүүгдэгч Г.Од эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасан: “.... прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэх заалтыг баримтлан прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага болон бусад саналуудыг хууль зөрчөөгүй гэж үзэв. Тухайлбал бусад саналууд буюу гэрээ хэлцэл, бүртгэл хүчин төгөлдөр бусад тооцох тухай асуудал нь залилах гэмт хэргийн хүссэн үр дагавар бөгөөд уг үр дагавруудыг хууль ёсоор үүссэн гэж дүгнэх боломжгүй байлаа. Иргэний эрх зүйн гэрээ хэлцэл нь гэмт хэрэг үйлдэх гэм буруутай санаанд үндэслэгддэггүй бөгөөд талуудын харилцан ашигтай, тэгш боломж олгох диспозитив зарчимд үндэслэгддэг болно. Иймээс уг гэрээ хэлцэл, барьцаалбаруудыг хүчингүй болгох тухай саналуудыг залилан мэхлэх гэмт хэргийн урьдчилж хүрэхийг хүссэн үр дагавар мөн гэж үзэж болно.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар 40,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан торгуулийн ялыг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс хойш 3 жилийн дотор хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, мөн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.О нь шүүхээс оногдуулсан торгуулийн ялыг шүүхийн тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгуулийн ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг сануулав.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 7 сарын хугацаанд Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглож, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүрэг хүлээлгэж, түүнд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулав.

 

Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу шүүгдэгч Г.Огээс гэмт хэрэг үйлдэж олсон мөнгө болох 660,640,000 төгрөгийг хурааж улсын орлогод оруулахаар шийдвэрлэв.

 

Дөрөв. Бусад асуудлын талаар.

Шүүгдэгч Г.О нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг нөхөн төлсөн байх тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд төлөх төлбөргүй болно. Түүнд Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг авсан ба уг таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож шийдвэрлэв.

 

 Шүүгдэгч Г.Огийн өмчлөлд улсын бүртгэлийн ******** дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, *************** тоот хаягт байрлах хувийн сууц, иргэн Ц.Оийн өмчлөлд улсын бүртгэлийн ************ дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, ************* тоот хаягт байрлах орон сууц, улсын бүртгэлийн ************ дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, **************** тоот хаягт байрлах авто зогсоол, улсын бүртгэлийн ************ дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүрэг 26 дугаар хороо, ************** тоот хаягт байрлах авто зогсоол, 2021 онд үйлдвэрлэгдсэн, ************* арлын дугаартай, ********* улсын дугаартай, цагаан өнгийн Тоёота Ландкруйзер 200 маркын автомашин, 2016 онд үйлдвэрлэгдсэн, ******** арлын дугаартай, 1192 УНҮ улсын дугаартай, хар өнгийн Тоёота лексус 570 маркын автомашин, 2007 онд үйлдвэрлэгдсэн, ******** арлын дугаартай, ********** улсын дугаартай, саарал өнгийн Тоёота тундра маркын автомашин, 2021 онд үйлдвэрлэгдсэн, ******** арлын дугаартай, ************ улсын дугаартай, хар саарал өнгийн Стандарт блак сериес маркын автомашин зэрэг эд хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан хязгаарлалтыг хүчингүй болгож шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Г.Ог урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, шаардлагатай байсан хөрөнгө оруулалтыг оруулж ирнэ хэмээн хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт гүйцэтгэгчээр хамтран оролцсон буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан, Мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь хэсэгт заасан “Залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

 

Мөн гэмт хэргийн улмаас олсон мөнгө гэдгийг мэдсээр байж түүнийг авсан, эзэмшсэн, ашигласан, энэхүү мөнгөний хууль бус эх үүсвэрийг нуун далдлах зорилгоор өөрчилж, эзэмшигчийг нуун далдалсан буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасныг журамлан, Мөн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Мөнгө угаах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан, Мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Од 40,000 /дөчин мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 40,000,000/ дөчин сая/ төгрөгөөр торгох ял,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасныг журамлан, Мөн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Од 7 /долоо/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Од оногдуулсан торгох ял болон зорчих эрхийг хязгаарлах ялыг тус тусад нь эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Од оногдуулсан 40,000,000 /дөчин сая/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 3 /гурван/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Г.О нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ог зайлшгүй тохиолдолд эмнэлгийн тусламж, үйлчилгээ авахаас бусад тохиолдолд Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглож, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүрэг хүлээлгэж, түүнд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.О нь зорчих эрх хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрх хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг сануулсугай.

 

8. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэгт хавсарган ирүүлсэн ярианы аудио бичлэг хуулбарласан 1 ширхэг сиди /ажиллагаагүй/, банкны дансны хуулга бүхий 3 ширхэг сиди-г /хэвийн ажиллагаатай/ эрүүгийн хэргийг хадгалах хугацаанд хэрэгт хавсарган үлдээж, шүүгдэгч Г.О нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

9. Шүүгдэгч Г.О нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар иргэн Ц.Оийн өмчлөлд улсын бүртгэлийн ************ дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, ************* тоот хаягт байрлах орон сууц, улсын бүртгэлийн ************ дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, ************** тоот хаягт байрлах авто зогсоол, улсын бүртгэлийн ************ дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүрэг 26 дугаар хороо, ********** тоот хаягт байрлах авто зогсоол зэрэг үл хөдлөх эд хөрөнгө,

2021 онд үйлдвэрлэгдсэн, ******** арлын дугаартай, ********* улсын дугаартай, цагаан өнгийн Тоёота Ландкруйзер 200 маркийн автомашин, 2016 онд үйлдвэрлэгдсэн, ******** арлын дугаартай, *********** улсын дугаартай, хар өнгийн Тоёота лексус 570 маркийн автомашин, 2007 онд үйлдвэрлэгдсэн, ******** арлын дугаартай, ************* улсын дугаартай, саарал өнгийн Тоёота тундра маркийн автомашин, 2021 онд үйлдвэрлэгдсэн, ******** арлын дугаартай, *********** улсын дугаартай, хар саарал өнгийн Стандарт блак сериес маркийн автомашин зэрэг тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах шийдвэрийг хүчингүй болгож, битүүмжлэлээс чөлөөлсүгэй.

 

10. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Огээс Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тамгын газрын, Төрийн сангийн 100900005406 дансанд төлсөн 660,640,000 /зургаан зуун жаран сая зургаан зуун дөчин мянган/ төгрөгийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц улсын төсөвт шилжүүлэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

11. Шүүгдэгч Г.О нь залилах гэмт хэргийг гэрээний аргыг ашиглан үйлдсэн байх тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх хэсэгт зааснаар Б ХХК болон БНХАУ-ын Экспорт импорт банкны хооронд 2011 оны 10 дугаар сарын 11-ны өдөр байгуулагдсан зээлийн гэрээ,

-Б ХХК болон БНХАУ-ын Экспорт импорт банкны хооронд 2011 оны 10 дугаар сарын 11-ны өдөр байгуулагдсан барьцааны гэрээ /2000 ширхэг вагон, 12 ширхэг зүтгүүр барьцаалуулсан/,

-Б ХХК болон БНХАУ-ын Экспорт импорт банкны хооронд 2011 оны 10 дугаар сарын 11-ны өдөр байгуулагдсан тусгай зөвшөөрлийн барьцааны гэрээ,

-И ХХК болон БНХАУ-ын Экспорт импорт банкны хооронд 2011 оны 11 дүгээр сарын 14-ны өдөр байгуулагдсан тусгай зөвшөөрлийн барьцааны нэмэлт гэрээ,

-“И ХХК болон БНХАУ-ын Экспорт импорт банкны хооронд 2011 оны 11 дүгээр сарын 14-ны өдөр байгуулагдсан зээлийн нэмэлт гэрээ,

-Б ХХК болон БНХАУ-ын Хөгжлийн банкны хооронд 2011 оны 12 дугаар сарын 19-ний өдөр байгуулагдсан тусгай зөвшөөрлийн барьцааны гэрээ,

-“Монголиа Лалэгаоти Айрон Майнинг" компани болон “М" ХХК-ийн хооронд 2011 оны 10 дугаар сарын 20-ны өдөр байгуулагдсан “И ХХК-ийн 100 хувийн хувьцааг худалдах, худалдан авах эрх шилжүүлэх гэрээ,

-“И ХХК-ийн шинэчилсэн дүрэм /2012 оны 6 дугаар сарын 27-ны өдөр/-ийн нэгдүгээр зүйлийн 3 дахь заалт, тавдугаар зүйлийн 6 дахь заалтыг тус тус хүчин төгөлдөр бус болохыг тогтоосугай.

12. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэг, Ашигт малтмалын тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэлд үндэслэн гаргасан “Б” ХХК-ийн ********* дугаартай тусгай зөвшөөрлийг БНХАУ-ын Хөгжлийн банканд барьцаалсныг бүртгэсэн Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2012 оны 01 сарын 27-ны өдрийн 111 тоот шийдвэр, БНХАУ-ын Экспорт импорт банканд барьцаалсныг бүртгэсэн Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2014 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 57 тоот шийдвэр, БНХАУ-ын Хөгжлийн банк,  БНХАУ-ын Экспорт импорт банканд барьцаалсныг дахин бүртгэсэн Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 203 тоот шийдвэр, “И” ХХК-ийн  ********* тусгай зөвшөөрөл, ********* тусгай зөвшөөрлийг БНХАУ-ын Экспорт импорт банканд барьцаалсныг бүртгэсэн Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2011 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 1009 тоот шийдвэрүүдийг тус тус хүчингүй болгосугай.

13. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэг, 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэг, 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэг, 106.3 дахь хэсэгт зааснаар "И’’ ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигчээр иргэн Б.Аыг тогтоосугай.

14. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу шүүгдэгч Г.О нь шинжээчийн ажлын хөлс болох 1,600,000 төгрөгийг Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Төрийн сан 100900012005 дугаарын дансанд төлсөн, Төрийн сангийн 100900000707 тоот дансанд 10,000,000 төгрөгийг иргэний нэхэмжлэгч Д.Бд тус тус төлсөн болохыг дурдсугай.

15. Шүүгдэгч Г.Од оногдуулсан торгуулийн ялыг биелүүлж дуусах хүртэл хугацаанд түүний өмчлөлд улсын бүртгэлийн ******** дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, ************** тоот хаягт байрлах хувийн сууцны шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан шийдвэрийг хэвээр үргэлжлүүлсүгэй.

16. Шүүгдэгч Г.Од урьд авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоосон таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн хүчингүй болгосугай.

17. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.

18. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Г.Од урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              Т.ШИНЭБАЯР