| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лувсанравжаагийн Дэлгэрцэцэг |
| Хэргийн индекс | 152/2017/00307/и |
| Дугаар | 349 |
| Огноо | 2017-04-25 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 04 сарын 25 өдөр
Дугаар 349
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Увс аймгийн Тэс сумын 6 дугаар баг, 1-31 тоотод оршин суух, 1967 онд төрсөн, 50 настай, эмэгтэй, регистрийн дугаар ОО67010802, Борлууд овогт Ригзэнгийн Цэгмэдийн,
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2017 оны 3 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, 2017 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Р.Цэгмэд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Дашдорж нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Р.Цэгмэд шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие нь 1967 онд төрсөн, нөхөр 3 хүүхдийн хамт амьдардаг. Би Тэс сумын 10 жилийн сургуулийг төгсөөд улмаар 1986 оны 8 дугаар сараас эхлэн Увс аймгийн Тэс сумын Лениний зам нэгдэлд малчин, саальчнаар ажиллаж байгаад 1991 онд нэгдэл хувьчлагдахад ажилгүй болсон. Тэтгэврээ тогтоолгох нас болж бичиг баримтаа бүрдүүлэхэд тухайн үед хөдөлмөрийн дэвтэр надад өгөөгүй бөгөөд падаан дээр цалин бичиж өгдөг байсан. Миний бие уг падаанаа устгаж үгүй хийсэн тул шүүхэд хандаж байна. Иймд миний Тэс сумын Лениний зам нэгдэлд 1986 оны 8 дугаар сараас 1989 оныг дуустал малчин, саальчнаар ажиллаж байсан байдлыг сэргээн тогтоож өгнө үү. Тухайн үед надтай хамт ажиллаж байсан Ж.Насан, Ч.Сувсаа нарыг гэрчээр асууж өгнө үү” гэв.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Р.Цэгмэд нь 1986 оны 8 дугаар сараас 1989 оныг дуустал Увс аймгийн Тэс сумын Лениний зам нэгдэлд малчин, саальчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэгт дараах нотлох баримтууд авагджээ.
Увс аймгийн Архивын тасгийн 2013 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн цалингийн тодорхойлолтод нэхэмжлэгч Ригзэнгийн Цэгмэдийн 1986 оны 8 дугаар сараас 1989 оныг дуустал Увс аймгийн Тэс сумын Лениний зам нэгдэлд ажиллаж, цалин авч байсныг түүвэрлэн ирүүлжээ.
Түүнчлэн шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр гэрч Ж.Насан, Ч.Сувсаа нараас мэдүүлэг авсан бөгөөд гэрч Ж.Насан “Миний бие нь 1971 оноос 1992 он хүртэл Тэс сумын Лениний зам нэгдэлд аж ахуйн нярав, нягтлан бодогч, боловсон хүчний туслахаар ажиллаж байсан. Намайг тус нэгдэлд ажиллаж байхад Р.Цэгмэд нь Лениний зам нэгдэлд 1986 оны 8 дугаар сараас эхлэн саальчнаар ажиллаж эхэлсэн бөгөөд 1989 оныг дуустал ажилласан юм. Р.Цэгмэд нь голдуу үхэр саадаг байсан. Тухайн үед Лениний зам нэгдлийн даргаар Норов, Далай гэх хүмүүс ажиллаж байсан” гэж, гэрч Ч.Сувсаа “Миний бие нь 1975 оноос 1992 оныг дуустал Тэс сумын Лениний зам нэгдэлд малчнаар ажиллаж байсан. Намайг тус нэгдэлд ажиллаж байхад Р.Цэгмэд нь 1986 оны 8 дугаар сараас Лениний зам нэгдэлд малчин, саальчнаар ажиллаж эхэлсэн бөгөөд 1989 оныг дуустал саальчнаар ажилласан юм. Р.Цэгмэд нь бага наснаасаа аав ээжийн хамтаар мал маллаж эхэлсэн бөгөөд их ажилч хичээнгүй, шаргуу хөдөлмөрч хүн юм” гэж тус тус мэдүүлсэн ба тэдний ажилласан байдлыг нотлох хөдөлмөрийн дэвтрийн хуулбар болон цалингийн тодорхойлолт хэрэгт авагджээ.
Нэхэмжлэгч Р.Цэгмэд нь 1986 оны 8 дугаар сараас 1989 оныг дуустал Увс аймгийн Тэс сумын Лениний зам нэгдэлд малчин, саальчнаар ажиллаж байсан болох нь Увс аймгийн Архивын тасгийн 2013 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн цалингийн тодорхойлолт, гэрч Ж.Насан, Ч.Сувсаа нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.
Иймд нэхэмжлэгч Р.Цэгмэдийн хүсэлтийг хангаж, түүний 1986 оны 8 дугаар сараас 1989 оныг дуустал Увс аймгийн Тэс сумын Лениний зам нэгдэлд малчин, саальчнаар 3 /гурав/ жил 5 /тав/ сар ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэв.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч Борлууд овогт Ригзэнгийн Цэгмэдийн 1986 оны 8 дугаар сараас 1989 оныг дуустал Увс аймгийн Тэс сумын Лениний зам нэгдэлд малчин, саальчнаар 3 /гурав/ жил 5 /тав/ сар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч Р.Цэгмэдийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ