| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мөнхөөгийн Пүрэвсүрэн |
| Хэргийн индекс | 188/2018/0761/Э |
| Дугаар | 1010 |
| Огноо | 2018-11-06 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Т.Нансалмаа |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2018 оны 11 сарын 06 өдөр
Дугаар 1010
М.О, Б.Б нарт холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Д.Оюунчулуун, М.Пүрэвсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Т.Нансалмаа,
шүүгдэгч М.О,
нарийн бичгийн дарга Д.Оргил нарыг оролцуулан,
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Дашдондов даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 787 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор Т.Нансалмаагийн бичсэн 2018 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 48 дугаартай эсэргүүцлийг үндэслэн М.О, Б.Б нарт холбогдох 1808034870986 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Пүрэвсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
1. О овгийн М.О, Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ суманд 19.. оны .. дүгээр сарын ..-ний өдөр төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3; эхнэр, хүүхдийн хамт амьдардаг, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын .. дугаар баг, .. дугаар гудамжны .. тоотод оршин суух хаягтай, Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо, Наран-... дугаар гудамжны ... тоотод түр оршин сууж байсан, ял шийтгэлгүй, /регистрийн дугаар: ....................../;
2. З овгийн Б.Б, Увс аймгийн Өмнөговь суманд 19.. оны .. дугаар сарын ..-ны өдөр төрсөн, ... настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, үсчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, нөхөр, хүүхдийн хамт амьдардаг, Сонгинохайрхан дүүргийн .. дугаар хороо, Алтан-Овоо .. дүгээр гудамжны .. тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, /регистрийн дугаар: ..................../;
Б.Б нь 2018 оны 7 дугаар сарын 22-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн М.О-г “Автомашины шил хагаллаа” гэх шалтгаанаар нүүр, толгойн тус газар цохиж, эрүүл мэндэд нь баруун нүдний ухархайн дотор, доод хана, хамар ясны хугарал, баруун нүдний зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал, цээж, зүүн чихний дэлбээнд зулгаралт бүхий хөнгөн хохирол учруулсан,
М.О нь Б.Б-гийн толгойн тус газар нь цохиж, эрүүл мэндэд нь дагзны хуйхны шарх, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Б.Б, М.О нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.8 дахь заалтад зааснаар М.О-д холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнийг цагаатгаж, Б.Б-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 460,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгуулийн ялыг тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 2 сарын хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахыг Б.Б-д үүрэг болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд хэсэгчлэн төлөөгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдаж, Б.Б, М.О нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.
Прокурор Т.Нансалмаа бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “М.О-н үйлдлийг гэмт хэрэгт тооцохгүй гэж дүгнэн хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгасан нь хууль зүйн үндэслэлгүй, яллагдагчид ял завшуулах боломжийг олгосон гэж үзэж байна.
Мөрдөн байцаалтын шатанд М.О нь хохирогчоор өгсөн мэдүүлэгтээ: “...тэгэхээр нь би, чи хүн амьтан дуудаж яах гэж байгаа юм гэсэн чинь чамайг яадаг юм гээд хар машинаас бууж ирсэн эмэгтэй намайг жолоочтой маргалдаж байхад үед ирээд 2 удаа алгадаад, миний хамар руу цохисон. Би эргүүлээд нөгөө эмэгтэйн толгой руу цохисон. Шил хагаллаа гэж над руу дайран гартаа барьсан зүйлээрээ нүүр рүү 3-4 удаа цохисон. ...” гэж, шүүхийн хэлэлцүүлэгт “...над руу гараа сарвалзуулаад байсан, дараа нь нүд рүү цохисон. ...” гэж тус тус мэдүүлсэн.
Гэтэл шүүх “М.О-н хувьд өөрийн амь нас, эрүүл мэндэд аюул учруулж болохуйц хууль бус халдлага үргэлжилж байхад түүний эсрэг хийсэн үйлдэл нь аргагүй хамгаалалтын шинжтэй, уг үйлдлийг хийх эрхтэй бөгөөд зайлшгүй хийх нөхцөл бүрдсэн байсан” гэж шүүх дүгнэсэн нь хэргийн үйл баримттай зөрчилдөж байна.
Учир нь, хохирогч, шүүгдэгч Б.Б нь М.О-г “автомашины шил хагаллаа” гэж андууран түүний нүүр рүү нь гартаа барьсан эмийн саваар 3-4 удаа цохиод эргэх үед нь М.О толгойн ар хэсэгт гараараа 1 удаа цохиж, хөнгөн хохирол учруулсан нь хавтас хэрэгт авагдсан дараах нотлох баримтаар нотлогдоно.
Хохирогч Б.Б-гийн “...О миний дагз руу нэг удаа цохисон...” гэх мэдүүлэг, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “Б.Б-гийн биед дагзны хуйхны шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой” гэх шинжээчийн №9021 дүгнэлт, шүүгдэгч М.О-н шүүхийн хэлэлцүүлэгт “...би Б.Б-гийн толгойн арын хэсэгт цохисон...” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар М.О нь Б.Б-гийн үйлдэл дууссаны дараа түүний араас цохисон болох нь тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлд “Өөрийн, ойр дотны хүний амь нас, эрүүл мэндийн эсрэг хууль бус ба тулгарсан довтолгооны эсрэг хийсэн гэмт хэргийн шинжтэй үйлдлийг гэмт хэрэгт тооцохгүй...” гэж заасан.
Аргагүй хамгаалалтыг бусдын хууль бус халдлага эхэлсэн, эхлэх гэж байгаа нь тодорхой болсон үед хийнэ. Довтолгоо төгссөн хойно хийсэн үйлдлийг аргагүй хамгаалалтад тооцохгүй гэж хуульчилсан. Гэтэл шүүгдэгч Б.Б-гийн үйлдлийг шүүх хүний амь нас, эрүүл мэндийн эсрэг хууль бус ба тулгарсан довтолгоон хийсэн гэж үзсэн нь үндэслэлгүй. Шүүх эмэгтэй хүний эд хөрөнгөө хамгаалж, нас биед хүрсэн эрэгтэй хүний эсрэг хийсэн үйлдлийг гэмт хэрэгт тооцсон атлаа, эрэгтэй хүний эмэгтэйн эсрэг чиглэсэн үйлдлийг биеэ хамгаалсан аргагүй хамгаалалтын хүрээнд хийгдсэн гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцэхгүй байна.
Мөн анхан шатны шүүх Б.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар торгох ял оногдуулж, уг ялыг 2 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэсэн нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 143 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “шийтгүүлсэн этгээд тухайн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 90 хоногийн дортор торгуулийг бүрэн төлж барагдуулах үүрэгтэй” гэсэн заалтыг зөрчиж, шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан, өөрөөр хэлбэл шүүх торгууль төлөх хугацааг хуульд зааснаас бага хугацаагаар тогтоосон нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг зөрчсөн байна.
Иймд шүүхийн шийдвэр нь тодорхой ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдэх хуулийн шаардлагыг хангаагүй байх тул Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч М.О тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хэлэх зүйл байхгүй. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх хуралдаанаар М.О, Б.Б нарт холбогдох эрүүгийн хэргийг хэлэлцэхдээ прокурорын бичсэн эсэргүүцлийн үндэслэлээр хязгаарлахгүйгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасан эрх хэмжээний хүрээнд хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.
Шүүгдэгч М.О-гийн үйлдлийг аргагүй хамгаалалтын шинжтэй гэж үзэж, түүний холбогдсон хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн тогтоол хэргийн бодит байдалтай нийцээгүй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Өөрийн, ойр дотны хүний амь нас, эрүүл мэндийн эсрэг хууль бус ба тулгарсан довтолгооны эсрэг хийсэн гэмт хэргийн шинжтэй үйлдлийг гэмт хэрэгт тооцохгүй.” гэж, мөн зүйлийн 3 дахь хэсэгт “Аргагүй хамгаалалтыг бусдын хууль бус халдлага эхэлсэн, эхлэх гэж байгаа нь тодорхой болсон үед хийнэ. Довтолгоо төгссөн хойно хийсэн үйлдлийг аргагүй хамгаалалтад тооцохгүй.” гэж тус тус заасан.
Энэ зүйл, хэсгүүдэд аргагүй хамгаалалтыг хэдийд, ямар нөхцөлд хэрэглэхийг тодорхой хуульчлахдаа довтолгооны шинжтэй үйлдэл бүхний эсрэг хэрэглэх эрхийг олгоогүй юм.
“Тулгарсан довтолгоо” гэдэг нь цаг хугацааны хувьд эхэлсэн, үргэжилж байгаа, дуусаагүй, эсхүл довтолгоо хийх нь хэн бүхэнд илэрхий болсон, түүний эсрэг хамгаалах үйлдлийг хойшлуулж болохгүй хийх шаардлага үүссэн хором, мөчөөр хэмжигдэх бөгөөд нийгмийн аюулаар хүний амь нас, эрүүл мэндэд хохирол учруулахуйц нэн аюултай шинжийг агуулсан байдаг онцлогтой.
Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судалж үзэхэд, Б.Б-гийн үйлдэл төгссөний дараа түүний эсрэг М.О араас нь цохиж гэмтээсэн талаар хохирогч, яллагдагч, шүүгдэгч нарын мэдүүлэг, хохирогчийн толгойн ар хэсэгт шарх, гэмтэл учирсан болохыг тогтоосон шинжээчийн №9021 тоот дүгнэлт зэргээр шүүгдэгч М.О-н үйлдэл “довтолгоон эхэлсэн, дуусаагүй байх”, “довтолгоон хүний амь нас, эрүүл мэндэд нэн аюултай” байх аргагүй хамгаалалтын шинжийг хангахгүй байхад шүүх дээрх нотлох баримтуудыг няцаан үгүйсгэсэн дүгнэлт хийлгүйгээр “довтолгоон үргэлжилж байсан” гэж үзсэн нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдсон нөхцөл байдалтай нийцээгүй байна. Энэ талаар улсын яллагчийн эсэргүүцэл хууль зүйн үндэслэлтэй бичигдсэн байх тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийн дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзэв.
Шүүгдэгч нарын гэм буруугийн асуудлыг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн учир Б.Б-д оногдуулсан ялын талаар бичсэн прокурорын эсэргүүцэлд давж заалдах шатны шүүх энэ удаа хууль зүйн дүгнэлт хийгээгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 787 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, М.О, Б.Б нарт холбогдох хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.
2. Хэрэг шүүхэд очтол М.О, Б.Б нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслах сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Т.ӨСӨХБАЯР
ШҮҮГЧИД Д.ОЮУНЧУЛУУН
М.ПҮРЭВСҮРЭН