Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 07 сарын 21 өдөр

Дугаар 1627

 

“Прогресс капитал ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Т.Туяа, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 181/ШШ2017/01403 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч “Прогресс капитал ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч П.Солонго, Д.Мягмар нарт холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 48 528 894 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Пүрэв-Очир,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Уранцэцэг,

Хариуцагч Д.Мягмар,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Энхбаяр,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бат-Онон нар оролцов.

 

Нэхэмжлэгч, түүний төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: П.Солонго, Д.Мягмар нар нь 2015 оны 7 дугаар сарын 02-ны өөрийн эзэмшлийн Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо /Бэлх/ зуслангийн зориулалттай 700 м.кв талбайтай газар, Бэлх 21 дүгээр хэсэг гудамж 2160 тоот хаягт байршилтай 322 м.кв талбайтай хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө барьцаалж 40 000 000 төгрөгийн зээлийн хүсэлтийг судлаад хариуцагч нарт хүссэн 40 000 000 төгрөгийн зээлийг сарын 5 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай зээлийн болон баталгаат ипотекийн гэрээ мөн барьцааны гэрээг талууд харилцан тохирч, хүсэл зоригоо чөлөөтэй илэрхийлсний үндсэн дээр байгуулсан ба мөнгийг бэлнээр гарт нь олгосон. Зээлдэгч нар нь зээл авснаас хойш удаа дараа хугацаа хэтрэлттэй зээлээ төлж байсан боловч 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс хойш өнөөдрийг хүртэл нэг ч удаа төлөлт хийгээгүй. Мөн зээлээ яаралтай төлөх талаар удаа дараа шаардаж байсан. Хариуцагч тал нь нэгэнт гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж сайн дураараа зээлээ төлөхгүй гэдэг нь тодорхой болсон тул хариуцагч нараас үндсэн зээлийн үлдэгдэл 25 522 401 төгрөг, зээлийн хүү 15 017 980 төгрөг, нэмэгдүүдсэн хүү 2 628 808 төгрөг, нийт 43 169 190 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн.

2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр 2 215 821 төгрөгөөр, 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр 1 071 940 төгрөгөөр, 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдөр 2 143 881 төгрөгөөр тус тус нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж, нийт 48 528 894 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байна. Д.Мягмар олон удаа зээл авсан. Зээлийн барьцаагаар газрыг 30 000 000 төгрөг, фидуцийн гэрээгээр тоёото хариер маркийн авто машиныг 18 000 000 төгрөг, ипотекийн гэрээгээр хувийн сууцыг 50 000 000 төгрөгөөр талууд харилцан тохиролцож үнэлээд 40 000 000 төгрөгийн зээл гаргасан. Хариуцагч машиныг банк бус санхүүгийн байгууллага хураагаад өөр хүнд зараад зээл дуусгавар болсон гэж байгаа нь үндэслэлгүй. Зээлээ төлөхгүй байсан учир Д.Мягмарт удаа дараа мэдэгдэл, шаардах хуудас өгөөд төлөх боломжгүй гэж хугацаа авч явж байгаад өөрөө өргөдлөө гаргаж зээлийн төлбөртөө шилжүүлэн өгсөн. Тээврийн хэрэгслийн эзэмшигч нь банк бус болсон боловч хурааж авсан асуудал байхгүй. Д.Мягмар нийтдээ 6 063 491 төгрөгийн хүү, 14 477 598 төгрөгийн үндсэн зээлийн төлбөр төлсөн, торгууль 782 909 төгрөг, нийт 21 324 000 төгрөг гэдэг нь түүний дансны хуулгаас харагддаг. Төлөөгүй хугацаа хэтэрсэн гэж аваад үзэх юм бол 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс 2017 оны 02 дугаар сарын 27-ны хооронд 414 хоног хугацаа хэтэрсэн. Энэ машин зараад 40 саяын зээл дуусгавар болсон гэдэг ямар ч үндэслэлгүй. 40 саяын зээлээс өмнөх 10 500 000 төгрөгийн зээлийг төлөхгүй хугацаа хэтэрч явж байгаад уг автомашинаа тооцож шилжүүлэн өгөх өргөдлөө гаргаснаар тэр зээлийн төлбөр төлөгдсөн. Өөрөөр хэлбэл, 14 удаагийн зээл авсан байдгаас 13 дахь удаагийн зээлэнд уг авто машиныг тооцож зээлийн гэрээний үүргийг хангасан. Өнөөдрийн байдлаар 40 000 000 төгрөгийн зээлэнд газар, хувийн сууц барьцаанд байгаа гэсэн үг. Иймд нэхэмжлэлээ бүрэн дэмжиж байна гэжээ.

 

Хариуцагч Д.Мягмар, П.Солонго нар шүүхэд гаргасан тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Прогресскапитал ББСБ”-аас 2015 оны 7 сард 40 000 000 төгрөг зээлсэн. Зээлсэн 40 000 000 төгрөгийн 15 000 000 төгрөгийг буцааж төлсөн. Үлдсэн 25 000 000 төгрөгийн хүүг төлж байгаад эдийн засгийн хямралаас болж 2016 онд төлж чадахгүй болсон. Зээлийн хүүг төлж чадахгүй болсныг удаа дараа мэдэгдсэн боловч өдийг хүртэл хүү, алданги тооцож явсан. Иймд миний хувьд уг зээлийн хүү, алданги төлөх боломжгүй. Үлдсэн зээл болох 25 000 000 төгрөгийг төлөх хүсэлтэй. Уг ББСБ нь өндөр хүү алданги тооцож миний 30 000 000 төгрөгийн үнэтэй автомашиныг 10 000 000 төгрөгийн зээл өгсөн нэрээр хурааж авсан. Хэрэгт авагдсан 2015 оны 7 дугаар сарын зээлийн гэрээгээр 40 000 000 төгрөгийн зээлийг хариуцагч нарт олгосон байдаг. Энэ гэрээг үндэслээд үүргийн гүйцэтгэлийг хангуулах буюу фидуцийн гэрээг 26-89 УНИ улсын дугаартай тоёото хариер маркийн автомашин дээр байгуулж уг фидуцийн гэрээгээр 40 000 000 төгрөгийн үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар тохиролцсон. Иймээс фидуцийн гэрээгээр хүлээсэн үүрэг буюу 40 000 000 төгрөгийн барьцаанд байсан Тоёото хариер маркийн авто машиныг өнөөдөр “Прогресс капитал ББСБ” хурааж яваад, өөр иргэнд зараад үндсэндээ фидуцийн гэрээ дуусгавар болсон. Хариуцагчийн зүгээс нэгэнт фидуцийн гэрээгээр хүлээсэн үүрэг дуусгавар болсон учир энэхүү гэрээний үүрэг дуусгавар болсон, мөн зээлийн үүрэг дуусгавар болсон гэж үзэж байгаа. Иймд “Прогресс капитал ББСБ”-д хариуцагч Д.Мягмар. П.Солонго нар төлөх төлбөр байхгүй, гэрээний үүрэг бүрэн дуусгавар болсон учраас нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй юм гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар хариуцагч П.Солонго, Д.Мягмар нараас 48 528 894 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Прогресс капитал ББСБ-д олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгч Прогресс капитал ББСБ-аас тэмдэгтийн хураамжид төлсөн 400 594 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч П.Солонго, Д.Мягмар нараас 400 594 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Прогресс капитал ББСБ-д олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 181/ШШI2017/01403 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч доорх үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн, мөн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Нэхэмжлэгч “Прогресс капитал” ББСБ-аас П.Солонго. Д.Мягмар нарыг хариуцагчаар татаж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оруулсан. Шүүх хуралдаан 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдөр болсон бөгөөд тус хуралдаанд хариуцагч Д.Мягмарын итгэмжлэгдсэн телөөлөгчөөр Ц.Энхбаяр миний бие оролцсон. Шүүхээс шүүх хуралдааны товыг надад мэдэгдсэн бөгөөд хариуцагч П.Солонго болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Мягмар нарт мэдэгдээгүй бөгөөд мэдэгдсэн тухай баримт хэргийн материалд авагдаагүй байгаа нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчиж, хариуцагч П.Солонго болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Мягмар нарыг оролцуулалгүйгээр шүүх хуралдааныг явуулсан. Миний бие 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдөр хариуцагч Д.Мягмараас тус хэргийн шүүх хуралдаанд оролцох тухай итгэмжлэлийг авсан ба харин хариуцагч П.Солонгоос тус хэрэгт түүнийг төлөөлж оролцох талаар ямар ч итгэмжлэл аваагүй. Шүүх шийдвэртээ хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч гэж тусгасан төдийгүй Ц.Энхбаярыг хариуцагч нарын тайлбарын үндэслэлийг дэмжсэн дэд төлөөлөгч гэж үзэх үндэслэлтэй гэж шинэ нэр томъёо гарган ирсэн нь үндэслэлгүй юм.

Нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд 2015 оны 7 дугаар сарын 02-ны өдөр зээлийн болон барьцааны гэрээ байгуулж 40 000 000 төгрөгийг зээлж, зээлийн барьцаанд хашаа байшин, газар болон автомашиныг барьцаалж холбогдох барьцааны гэрээг байгуулсан. Талуудын хооронд байгуулагдсан барьцааны гэрээ тус бүр 40 000 000 төгрөгийн үнийн дүнгээр хийгдсэн бөгөөд үүний нэг нь “Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ”-г 26-89 УНИ улсын дугаартай тоёота хариер маркийн авто машин дээр байгуулсан. Хариуцагчийн зүгээс зээлийн төлбөрийг төлж чадаагүй улмаас нэхэмжлэгч буюу зээлдэгч тал 2016 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр уг автомашиныг хураан авч 17 060 000 төгрөгөөр бусдад худалдан борлуулсан бөгөөд уг мөнгийг нэхэмжлэлийн үнийн дүнгээс хасч тооцоогүй. Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.4-т “Үүрэг хүлээгч мөнгө төлөх үүргээ хугацаанд нь биелүүлж. шилжүүлсэн эд хөрөнгөө буцаан авсан буюу ийнхүү үүргээ биелүүлээгүй бол өмчлөлд шилжүүлсэн эд хөрөнгийг үүрэг гүйцэтгүүлэгч бодитойгоор гаргуулан авснаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ дуусгавар болно.” гэж заасан.

Фидуцийн гэрээний онцлог нь үүргийи гүйцэтгэлийг хангуулж байгаа эд хөрөнгө үүргийн үнийн дүнд хүрэхгүй байвал үүрэг гүйцэтгүүлэгч илүү үнэтэй байвал үүрэг гүйцэтгэгч эрсдэлээ өөрсдөө хүлээдэг. Иймд талуудын хооронд байгуулагдсан 2015 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн “Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ”-ний дагуу үүрэг гүйцэтгүүлэгч барьцааны зүйлийг бодитойгоор гаргуулан авч, гуравдагч этгээдэд худалдан бордуулсан тул уг гэрээ дуусгавар болж, 40 000 000 төгрөгийн үүрэг мөн адил дуусгавар болсон.

Иймд шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

 

Нэхэмжлэгч “Прогресс капитал ББСБ” ХХК нь хариуцагч П.Солонго, Д.Мягмар нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 48 528 894 төгрөг гаргуулахаар нэхэмжилжээ.

 

Хариуцагч П.Солонгоос хариуцагч Д.Мягмарт 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдөр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өөрийгөө төлөөлж оролцох итгэмжлэлийг бусдад шилжүүлэх эрхгүйгээр олгосон, мөн 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдөр хариуцагч Д.Мягмар нь зөвхөн өөрийгөө төлөөлөх итгэмжлэлийг Ц.Энхбаярт тус тус олгосон байна. /хэргийн 24, 62 дугаар тал/

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.1 дэх хэсэгт “Зохигч, түүнчлэн шүүх хуралдаанд ирвэл зохих бусад оролцогчдод шүүх хуралдаан хэзээ, хаана болохыг шүүхийн мэдэгдэх хуудсаар тэдгээрийн оршин суугаа буюу ажлын газрын хаягаар мэдэгдэнэ. Хүрэлцэн ирээгүйгээс гарах үр дагавар болон энэ хуулийн 100 дугаар зүйлд зааснаар хэргийг хянан шийдвэрлэж болохыг шүүхийн мэдэгдэх хуудсанд заана.” гэж заажээ.

 

Гэтэл шүүх 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн шүүх хуралдааны товыг хариуцагч Д.Мягмарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Энхбаярт мэдэгдсэн байх ба хариуцагч П.Солонго болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчид шүүх хуралдааны товыг мэдэгдсэн баримтгүй байна. /хэргийн 130 дугаар тал/

 

Хэдийгээр анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэг эхлэх үед хариуцагч П.Солонгын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Мягмартай утсаар ярьж шүүх хуралдааны талаар мэдэгдсэн гэж хуралдааны тэмдэглэлд тусгасан байх боловч хуульд заасны дагуу хариуцагчид боломжит хугацаанд шүүх хуралдааны товыг мэдэгдэж, шүүх хуралдаанд биечлэн оролцох, мэтгэлцэх эрхээр нь хангалгүй хэргийг шийдвэрлэсэн нь буруу болжээ.

 

Энэхүү зөрчил нь хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг хангаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 4, 6 дугаар зүйлд заасан шүүхийн өмнө эрх тэгш байх болон мэтгэлцэх зарчмын үндсэн дээр хэрэгжээгүй гэх үндэслэл болох юм.

 

Түүнчлэн хариуцагч 2015 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 11-15061895 тоот болон мөн оны 8 дугаар сарын 04-ний өдрийн 11-15071922 тоот тус тус зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээний дагуу нэхэмжлэгчид барьцаалсан УНИ26-89 улсын дугаартай TOYOTA HARRIER маркийн автомашиныг дээрх 2 зээлийн гэрээний хэдэн төгрөгийн зээлийн төлбөрт тооцон шилжүүлсэн буюу маргаан бүхий 11-15061895 тоот 40 000 000 төгрөгийн зээлийн гэрээний дагуу хариуцагчийн төлөх төлбөрөөс уг автомашиныг бусдад худалдан борлуулсны үнэ хасагдсан эсэхийг шүүх тодруулж, дүгнэлт хийх нь хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой байжээ. Өөрөөр хэлбэл, талуудын хооронд байгуулагдсан 11-15071922 тоот 10 500 000 төгрөгийн зээлийн гэрээний төлбөрт хариуцагч нар нь хэдэн төгрөгийн төлбөр нэхэмжлэгчид төлөх үүрэгтэйгээс уг автомашиныг худалдан борлуулсан үнэ тооцогдож хасагдсан болон үнийн зөрүү гарсан эсэхийг тодруулах шаардлагатай юм.

 

Иймд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журам, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг ноцтой зөрчсөн гэх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3-т заасан үндэслэлээр хариуцагч Д.Мягмарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хүлээн авч, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.3-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 181/ШШ2017/01403 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч хариуцагчийн гаргасан давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 400 594 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсгүүдэд зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            А.МӨНХЗУЛ                      

 

                                         ШҮҮГЧИД                             Т.ТУЯА       

 

                                                                                      С.ЭНХТӨР