Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2014 оны 11 сарын 26 өдөр

Дугаар 221/МА2014/0449

 

2014 оны 11 сарын 26 өдөр                    Дугаар 449                                          Улаанбаатар хот

 

 



Б.Э-ын НЭХЭМЖЛЭЛТЭЙ
захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Зоригтбаатар даргалж, шүүгч П.Соёл-Эрдэнэ, шүүгч Б.Тунгалагсайхан нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Б.Оюунбилэг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Л нарыг оролцуулан Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 420 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын дагуу, Б.Э-ын нэхэмжлэлтэй Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдох захиргааны хэргийг шүүгч Б.Тунгалагсайханы илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Э шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Хан-уул дүүргийн 15- р хороо, 60 айлын орон сууцны хотхоны 27А байрны 3 давхрын 105.5 м.кв талбайтай орон сууцны өмчлөгчөөр бүртгүүлэхээр Улсын бүртгэлийн ерөнхий газрын Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн хэлтэст өргөдөл гаргасан боловч хүлээн авахаас татгалзсан. Улсын бүртгэлийн ерөнхий газар болон Хууль зүйн яаманд хуульд заасан хугацаанд гомдол гаргасан боловч гомдлыг хангахаас татгалзсан.

Иймд Нийслэлийн Хан-Уул дүүргийн бүртгэлийн хэлтсийн "мэдүүлэг хүлээн авахаас татгалзсан" шийдвэрийг хүчингүй болгож, Б.Э-ыг Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Үйлдвэр-2, Зайсангийн гудамж 27А байрны 301 тоот орон сууцны өмчлөгчөөр улсын бүртгэлд бүртгэхийг даалгаж өгнө үү" гэжээ.

Хариуцагч Улсын бүртгэлийн ерөнхий газрын шүүхэд гаргасан тайлбартаа: Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1, 14.1.6-д заасан мэдүүлэгт

хавсаргавал зохих баримт бичгийг хавсаргаагүй бол мэдүүлгийг хүлээн авахаас татгалзана гэж заасан тул иргэн Б.Э-ын өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгэх үндэслэлгүй байна. Б.Э нь дээрх орон сууцны төлбөрийг бүрэн төлсөн тухай нотлох баримт байхгүй тул тухайн орон сууцны өмчлөгч гэдэг нь нотлогдохгүй байна.

Түүнчлэн “Г” ХХК-иас орон сууцны төлбөрөө бүрэн төлсөн, өмчлөгчөөр бүртгэгдэх иргэдийн жагсаалтыг манай газарт ирүүлсэн бөгөөд уг жагсаалтад Б.Э-ын нэр байхгүй байна. Б.Э дээр заасан нотлох баримтуудыг мэдүүлэгт бүрэн хавсаргаж өгсөн, эсвэл шүүхээс өмчлөгчөөр тогтоосон тохиолдолд түүний өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгэх үндэслэл бүрдэнэ. Иймд Б.Э-ыг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 420 дугаар шийдвэрээр: Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.5.1, 14 дүгээр зүйлийн 14.1.1, 14.1.6-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Э-оос “Улсын бүртгэлийн ерөнхий газрын мэдүүлэг хүлээн авахаас татгалзсан” шийдвэрийг хүчингүй болгож, Б.Э-ыг Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Үйлдвэр-2, Зайсангийн гудамж 27А байрны 301 тоот орон сууцны өмчлөгчөөр улсын бүртгэлд бүртгэхийг даалгуулахыг хүссэн” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Б давж заалдах гомдолдоо: “Анхан шатны шүүх нь нэхэмжлэгчийн зүгээс гаргаж өгсөн нотлох баримтыг үнэлээгүй, ингэхдээ тус маргааныг шийдвэрлэхэд хэрэглэгдэх Эд хөрөнгийн өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн холбогдох заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн.

Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт "...Улсын бүртгэлийн ерөнхий газрын мэдүүлэг хүлээн авахаас татгалзсан буюу Б.Э-ын орон сууцны өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан үйлдэл хуульд нийцсэн байна. Орон сууцны төлбөрөө бүрэн төлж дуусгасан талаарх баримт, “Г” ХХК-иас төлбөр тооцоо дууссан тул сууцны өмчлөх эрхийг Б.Э-ын нэр дээр гаргаж өгөхийг зөвшөөрсөн зөвшөөрөл байхгүй байгаа нь Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1-т заасан мэдүүлэг гаргагч нь тухайн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч гэдгийг баттай нотлох баримт байхгүй гэсэн үндэслэлд хамаарна. Иймд Б. Энхболдын гаргаж өгсөн баримтуудыг уг орон сууцыг өмчлөх эрхтэйг бүрэн, баттай нотолж чадахгүй байна гэж Улсын бүртгэлийн ерөнхий газрын

 

шийдвэр хууль зүйн үндэслэлтэй байна" гэж тайлбарласан байна.

Нэхэмжлэгчийн зүгээс шүүхэд дээр дурдсан үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр бүртгүүлэх эрхтэй болохоо нотлох үүднээс хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтууд болох "Орон сууц захиалгаар бариулах гэрээ", түүнд өөрчлөлт оруулсан "Нэмэлт Гэрээ", төлбөр төлсөн баримт, Улсын комиссын акт зэргийг шүүхэд гаргаж өгсөн.

Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.5.1-д "тухайн этгээд уг үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх эрхтэйг нотолсон баримт бичиг"-ийг хавсаргахаар заасан.

Харин шүүх хуулийн энэхүү нэр томьёог зөвхөн төлбөр төлсөн баримт гэдгээр явцууруулан ойлгож, нэхэмжлэгчийн гаргаж өгсөн нотлох баримтыг үнэлэлгүй орхисон бөгөөд тус хавтаст хэрэгт авагдсан байгаа ач холбогдол бүхий нотлох баримтыг ямар үндэслэлээр үнэлээгүй талаар үндэслэл хэсэгтээ огт дурдаагүй, үгүйсгээгүй байна.

Нэхэмжлэгчийн зүгээс "орон сууцны өмчлөгч болохыг тогтоолгох, улсын бүртгэлд өмчлөгчөөр бүртгэхийг даалгуулах" нэхэмжлэлийн шаардлагыг гаргасны учир нь Б.Э 2008 оны 02 дугаар сарын 01-ний өдөр “Г” ХХК-тай "Орон сууц захиалгаар бариулах гэрээ" байгуулан 150.000 ам доллароор орон сууц, авто зогсоолын хамт захиалан бариулах захиалга өгч, нийт 94,925 ам долларыг тус компанид төлсөн. Гэвч компанийн зүгээс уг барилгыг улсын комисст хүлээлгэн өгөх хугацаа хожимдуулж зөвхөн орон сууцыг 2011 оны 06 дугаар сарын 13-ны өдөр улсын комисст хүлээлгэн өгч нийт 803 хоногийн хугацааг хэтрүүлсэн.

Гэрээнд заасан ёсоор алданги болон авто зогсоолыг улсын комисс хүлээж аваагүй байгаатай холбоотойгоор Б.Э нь тус компанид ямар нэгэн төлбөр төлөхгүй бөгөөд энэ талаар тухайн компанид хангалттай шаардлага тавьж байсан боловч ямар нэгэн байдлаар хүлээн авахгүй байсаар уг компанийн хувьцаа эзэмшигч, удирдлагууд Монгол Улсаас гарч яваад өнөөдрийг хүртэл эрэн сурвалжлагдаж байгаа.

Б.Э-оос тус компанийн зүгээс ямар нэгэн төлбөр шаардаагүй, төлбөр төлсөн болон гэрээний талаар ямар нэгэн маргаан байхгүй 3 жил өнгөрсөн боловч түүний өмчлөх эрх ноцтой зөрчигдөж байна.

Нэхэмжлэгчийн эрх ашиг ийнхүү зөрчигдөж байгаа нөхцөл байдлыг хангалттай нотлох баримт авагдсан бөгөөд түүнийг уг орон сууцыг өмчлөх эрхтэй болохыг нотлох, тэдгээрт эрх зүйн дүгнэлт өгч "нотлох баримт"-аар үнэлэх боломж байгаа болохыг тогтоолгож, нотлох баримтаар тэдгээрийг үнэлүүлэхийг зорьсон.

Хэдий тийм боловч шүүх хавтаст хэрэгт авагдсан байгаа ач холбогдол бүхий

 

нотлох баримтуудыг орхигдуулан шийдвэр гаргасан нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсэгт заасан захиргааны шүүхийн чиг үүргийг зөрчсөн гэж үзэж байна.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2012 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 04 дугаар бүхий "Захиргааны хэргийг хянан шийдвэрлэхэд нотлох баримт цуглуулах, үнэлэх шүүгчийн ажиллагааны тухай" зөвлөмжид зааснаар нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож байгаа тохиолдолд нэхэмжлэгчийн гаргаж буй нотлох баримтууд нь яагаад нэхэмжлэлийг хангахад хүрэлцээгүй, хангалтгүй болсныг болон эсрэг шийдлийг дэмжиж буй нотлох баримтыг няцааж чадахгүй байгааг тодорхойлон бичвэл зохино гэж заасан.

Харин шүүгч шийдвэрээ гаргахдаа нэхэмжлэлд тодорхойлсон шаардлагын үндэслэлд үнэлэлт дүгнэлт өгөлгүй нотлох баримыг "төлбөр төлсөн баримт" шаардлагатай гэж дүгнэлт хийсэн байна.

Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт "иргэн Б.Э нь энэхүү “Г” ХХК-тай байгуулсан “Орон сууц захиалгаар бариулах’’ гэрээнээс үүссэн маргаанаа иргэний хэргийн шүүх болон холбогдох бусад байгууллагад хандан шийдвэрлүүлж, эрх хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалах боломжтой болно” гэж дурдсан байна.

Бидний зүгээс Хан-Уул дүүргийн иргэний хэргийн шүүхэд зөрчигдөж буй эрх, ашгаа иргэний журмаар сэргээхээр нэхэмжлэл гаргаж байсан боловч хариуцагчийн хаяг тодорхойгүй, тогтоох боломжгүй гэсэн үндэслэлээр хэргийг тус шүүхэд шийдвэрлүүлэх боломжгүй болсон нөхцөл байдал үүссэн. Энэ талаар нэхэмжлэлдээ дурдаж, мөн Хан-Уул дүүргийн шүүхийн 2013 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 483 дугаар бүхий “Г” ХХК-ийн захирал К эрэн сурвалжлуулах тухай шийдвэрийг хэргийн хавтаст нотлох баримтаар гарган өгсөн. Мөн холбогдох бусад байгууллагад гэдэг нь чухам ямар байгууллагыг хэлсэн нь тодорхойгүй, Монгол улсын хэмжээнд өмчлөх эрхийн бүртгэлтэй холбоотой асуудлыг зөвхөн Улсын бүртгэлийн ерөнхий газар шийдвэрлэдэг бөгөөд эдгээр байгууллагад хандсан боловч зөрчигдсөн эрх ашгаа сэргээж чадалгүй өнөөдрийг хүрээд байна.

Тиймээс тус захиргааны хэргийн шүүхэд хандаж Улсын бүртгэгчийн зүгээс хуульд заагаагүй баримт шаардаж байна гэж үзэж энэхүү нэхэмжлэлийг гаргасан. Б.Э болон “Г” ХХК нарын хооронд байгуулсан гэрээ болон төлбөрийн баримтыг хуурамч эсхүл уг баримтуудыг үгүйсгэж буй өөр бусад баримт байхгүй байх бөгөөд эдгээр нь Б.Э-ыг өмчлөгчөөр тогтооход хангалттай гэж үзэж нэхэмжлэгчийн зүгээс нэхэмжлэл гаргасныг шүүх бүх талаас нь бодитой үнэлэлт өгч хэргийг шийдвэрлэсэнгүй.

Зах зээлийн харилцаанд төрөл бүрийн гэрээ байгуулагдаж, тэдгээртэй холбоотой олон төрлийн харилцаанд иргэд оролцох бөгөөд үүнтэй холбоотойгоор хууль тогтоогчийн зүгээс зөвхөн "төлбөр төлсөн баримт"-аар хязгаарлаж болохгүй гэж үзэж илүү өргөн утга агуулгаар "нотлох баримт" гэж хуульчилсан.

Иймд Иргэний хуулийн 238 дугаар зүйлийн 238.2 дахь хэсэгт заасны дагуу гэрээ болон төлбөр төлсөн баримтад үндэслэн талуудын хооронд үүссэн үүргийг дуусгавар болгон, харилцан тооцох замаар нотлох баримтад үнэлэлт өгч Б.Э-ын зөрчигдсөн эрхийг хамгаалах нь зүйтэй юм.

Тус шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт "Иргэн, хуулийн этгээдийн хоорондын “Орон сууц захиалгаар бариулах” гэрээний үүргийн биелэлт, алданги тооцох эсэх зэрэг иргэний эрх зүйн гэрээнээс үүдэлтэй маргаан нь Улсын бүртгэлийн ерөнхий газрын эрх хэмжээ, чиг үүрэгт хамааралгүй юм” гэж дүгнэсэн байна.

Захиргааны хэргийн шүүх нь захиргааны байгууллагын үйлдэл, эс үйлдэхүйг хууль тогтоомжид нийцүүлэн хянаж зөрчигдөж буй эрх ашгийг сэргээх үүрэгтэй. Хэдийгээр Иргэний Хуулийн 238 дугаар зүйлд зааснаар үүргийг харилцан дуусгавар болгох талаар нэхэмжлэлдээ дурдсан нь улсын бүртгэгч нь Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаас бусад үндэслэлээр мэдүүлэг хүлээн авахаас татгалзахыг хориглох бөгөөд өмчлөгч гэдгийг хангалттай нотлох баримт байгаа эсэхэд үнэлэлт өгөх чиг үүрэгтэй юм.

Уг чиг үүргээ хэрэгжүүлэхдээ Эрхийн улсын бүртгэлийн тухай хууль тогтоомж нь Иргэний хуулиас бүрдэж буй тул Иргэний хуулийн дээрх заалтыг хэрэглэн баримтуудыг нотлох баримтаар үнэлэх боломжтой байна.

Дээрх бүгдээс дүгнэн үзэхэд, хэрэг маргааныг шийдвэрлэсэн захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр нь хэргийг бүх талаас нь бүрэн бодитой үнэлж шийдвэрлэж үүргээ хэрэгжүүлээгүйн зэрэгцээ, хуулийн нэр томьёог буруу, явцуу утгаар тайлбарлаж, иргэн Б.Э-ын хууль ёсны эрх ашгийг зөрчигдсөн хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Иймд Б.Э-ын нэхэмжлэлийг Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдох энэхүү захиргааны хэргийг бүхэлд нь хангаж, 2014 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 420 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв байна.

Нэхэмжлэгч Б.Э 2013 оны 08 дугаар сарын 06-ны өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо “Т” хотхоны 27а байрны 301 тоот хаяг бүхий орон сууцны өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгүүлэхээр мэдүүлэг гаргажээ.

Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2-д “Мэдүүлэг, түүнд хавсаргасан баримт нь энэ хуулийн 13 дугаар зүйлийн шаардлагыг хангасан бөгөөд 14 дүгээр зүйлд заасан бүртгэхээс татгалзах үндэслэл байхгүй бол улсын бүртгэгч нь энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан эрхийг эрхийн улсын бүртгэлд бүртгэж, мэдүүлэг хүлээн авсан өдрөөр эрхийн улсын бүртгэлийн дугаар өгч, хувийн хэрэг нээн бичилт хийж, гарын үсэг зуран, хувийн дугаар бүхий тэмдгээ дарна” гэж заасан.

Нэхэмжлэгч Б.Э-оос 2013 оны 08 дугаар сарын 06-ны өдөр Хан-Уул дүүргийн Бүртгэлийн хэлтэст мэдүүлэг гаргахдаа 2008 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн Орон сууц захиалгаар бариулах гэрээ, 2008 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн Орон сууц захиалгаар бариулах гэрээнд оруулах нэмэлт бүхий гэрээ, 2008 оны 02 дугаар сарын 01-ний өдөр 50,000 ам доллар, 2008 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр 44000 ам доллар төлсөн баримтуудыг хавсаргасан байх боловч эдгээрийг тухайн үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч гэдгийг баттай нотлох баримт гэж үзэх үндэслэлгүй байна.

Учир нь Б.Э болон “Г” ХХК-тай байгуулсан 2008 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн Орон сууц захиалгаар бариулах гэрээний 3 дугаар зүйлд орон сууцны нийт үнэ 150,000 ам доллароор тохиролцсон байх ба үүнээс урьдчилгаа 50000 ам долларыг гэрээ хийхэд буюу 2008 оны 02 дугаар сарын 01-нд, үлдэгдэл 100000 ам долларыг 2008 оны 05 дугаар сарын 20-ны өдөр гэхэд буюу байранд орохдоо төлөхөөр тохиролцжээ. Уг гэрээнд 2008 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр гэрээнд нэмэлт оруулахдаа дөрөвдүгээр зүйлийн 1-д “орон сууцыг 2009 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр иж бүрэн барьж дуусгах, 2-д 2008 оны 05 дугаар сарын 20-ны өдөр бэлэн болгож хүлээлгэж өгөөгүй 170 хоногийн хугацаа хэтрүүлсний алданги 7650 ам долларыг тооцож, төлөх үлдэгдэл мөнгөнөөс суутгах, 3-д Алдангийг суутган тооцсон үлдэгдэл нь 89850 ам доллар байх бөгөөд уг үлдэгдэл мөнгөний 50 хувь буюу 44925 ам долларыг 2008 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр гэрээнд заасан байранд орохоос өмнө урьдчилж төлнө” гэж заасны дагуу байрны урьдчилгаа 50000 ам доллар болон 44925 ам долларыг төлсөн байна.

Харин нэхэмжлэгч Б.Э-оос 2010 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр, 2010

 

оны 12 дугаар сарын 20-ны өдөр орон сууцыг хугацаанд нь ашиглалтад оруулаагүйтэй холбогдуулан гэрээнд заасны дагуу алданги тооцох талаар “Г” ХХК-д хүсэлт хүргүүлсэн боловч энэ талаар тайлбар ирүүлээгүй, холбогдох баримт хэрэгт авагдаагүй байх учир үлдэгдэл болох 44925 ам долларыг “Г” ХХК хэрхэн тооцсон нь тодорхойгүй байна.

Түүнчлэн Орон сууц захиалгаар бариулах гэрээний 7 дугаар зүйлийн 2-д зааснаар захиалагч буюу Б.Э нь төлбөрөө бүрэн төлсний дараа “Г” ХХК нь улсын бүртгэлийн газарт бүртгүүлэхээр заасны дагуу тус компаниас 2011 оны 06 дугаар сарын 27-ны өдөр Үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн газарт үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гаргуулахаар “Т” 101 дүгээр байранд оршин суугчдын нэрсийг хүргүүлсэн байх боловч үүнд нэхэмжлэгчийн нэр ороогүй, харин 301 тоот хаягт “урьдчилсан тэмдэглэгээтэй” гэж тэмдэглэжээ.

Дээрхээс үзэхэд Орон сууц захиалгаар бариулах гэрээний дагуу “Г” ХХК, Б.Э нарын хооронд орон сууцны төлбөрийн зөрүү байгаа эсэх, өмчлөх эсэхийг хүлээн зөвшөөрч байгаа эсэх талаар хангалттай баримт байхгүй учир хариуцагчаас Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1-д зааснаар мэдүүлгийг хүлээн авахаас татгалзсаныг буруутгах үндэслэлгүй байна.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс “хариуцагч байгууллага нь өмчлөгч гэдгийг хангалттай нотлох баримт байгаа эсэхэд үнэлэлт өгөх чиг үүрэгтэй" гэж тайлбарлаж байгаа боловч Улсын бүртгэлийн ерөнхий хууль, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуульд гэрээний үүргийг дуусгавар болсонд тооцох, өмчлөгчөөр тогтоох эрх хариуцагчид байхгүй учир анхан шатны шүүхээс “гэрээнээс үүдэлтэй маргааныг иргэний шүүхээр шийдвэрлүүлэх боломжтой” гэж дүгнэсэн нь үндэслэлтэй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 420 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн
 

итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн
  1. дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж үзвэл нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан өдрөөс, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:

 

ШҮҮГЧ

ШҮҮГЧ

ШҮҮГЧ

Э.ЗОРИГТБААТАР

 

П.СОЁЛ-ЭРДЭНЭ

Б.ТУНГАЛАГСАЙХА