| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пүрэвийн Пагма |
| Хэргийн индекс | 168/2022/0135/э |
| Дугаар | 2022/ШЦТ/133 |
| Огноо | 2022-04-14 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ч.Мөнхзул |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2022 оны 04 сарын 14 өдөр
Дугаар 2022/ШЦТ/133
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Пагма даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дашням
Улсын яллагч Ч.Мөнхзул
Хохирогч *******
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Цэрэндолгор
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Суваргачин овогт *******ийн *******т холбогдох эрүүгийн 2221000000103 дугаартай хэргийг 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1977 оны 02 дугаар сарын 18-ны өдөр Дорнод аймгийн Чойбалсан суманд төрсөн, 45 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 7, эх, нөхөр, хүүхдүүдийн хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын 11 дүгээр баг, ******* тоотод оршин суух, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, хөдөлмөрийн чадвараа 79 хувиар алдсан, Суваргачин овогт *******ийн ******* /РД: *******/.
Шүүгдэгч *******ийн ******* нь согтуугаар 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдрөөс 2022 оны 02 дугаар сарын 19-нд шилжих шөнө 04 цагийн орчим Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг, ******* 15 тоотод хохирогч *******тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан улмаар нүүр рүү нь өшиглөж “...биед нь духанд шарх, хамрын нуруунд зулгаралт, зүүн нүдний зовхины дотор буланд цус хуралт...” гэмтэл буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...тухайн үед ажил хэргийн явдлаас болж муудалцсан. намайг шатанхай түлэнхий гэж хэлснээс болж хэрүүл маргаан үүссэн...” гэв.
Хохирогч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...Надаас эмчилгээний зардал гараагүй. Тухайн үед боолт тос л авсан. Би духандаа боолт хийлгээд 7 хоног ажлаа хийж чадаагүй учраас ажилгүй байсан хугацааны олох байсан орлого 750,000 төгрөгийг нэхэмжилж байна. Би шархаа бүрэн эдгэж сорвижсоны дараа сорви арилгах эмчилгээ хийлгэнэ...” гэв.
Хохирогч ******* мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...айлд очих үед цаг шөнийн 1 болж байсан. Гэрт нь орж нэг шил архи ууж нэлээн сууцгааж байгаад 04 цагийн орчим манай найз ******* уурлаж миний үснээс зулгааж толгойг минь доош дарахад хамт байсан хүмүүс салгасан. Тэр үед миний дух хэсэгт нэг удаа өшиглөсөн. Тэр айлд орохдоо бүх хүмүүс гутлаа тайлсан бөгөөд ******* л гутлаа тайлаагүй байсан. Миний дух руу гуталтай хөлөөрөө өшиглөсөн. Уг өшиглөсөн хэсгээс цус гараад байсан учир би цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. ...машин угаалга ажиллуулдаг нэг залуу ирээд өмнө нь энд угаалга ажиллуулдаг түлэнхий нүүртэй эгч манай угаалгын газрын түрээсийг 1,500,000 төгрөгөөр түрээслэнэ гэж ярьсан тухай надад хэлсэн юм. Би энэ талаар өнөөдөр *******т хэлсэн чинь уурлаад чи намайг шатанхай гэж хэллээ гээд үснээс минь зулгааж доошоо дарж байгаад нэг удаа дух хэсэгт өшиглөсөн...” гэжээ. /хх-ийн 09-11/
Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...манай нөхөр , эгч *******, түүний нөхөр , найз нар архи уугаад юм яриад сууцгааж байхад ******* эгч эгч хоёр хоорондоо маргалдаад байх шиг байсан. Би тухайн үед жоохон зүүрмэглээд байсан учир яг юу гэж хэрэлдээд байгааг сайн сонсоогүй. Ямартай ч эгч ******* эгчид хандаж “Чамайг хүмүүс нэрээр чинь мэдэхгүй шатанхай түлэнхийгээр чинь мэддэг” гэх зэргээр хэлэхэд нь “чи миний эмзэг сэдвийг хөндлөө” гэж хэлж байгаа сонсогдсон. Ингээд би хэсэг зүүрмэглээд сэрэхэд ******* эгч эгчийн толгойн үснээс нь зулгаагаад доош нь дараад байсан учир би босоод тэр хоёрыг салгах гэж ******* эгчийн гарнаас татаж болиулах үед эгч дээшээ толгойгоо өндийлгөсөн чинь түүний нүүрний дух хэсгээс нь маш их цус гарч байсан. Тэр хоёр салж гэрийн баруун зүүн талд гарч сууцгаасан. Удалгүй эгч цагдаад дуудлага өгсөн...” гэжээ. /хх-ийн 12-13/
Гэрч Б. мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “... манай эхнэр ******* нар хоорондоо юм яриад сууж байснаа авто угаалгын газар ярьж байгаад хоорондоо маргалдаж эхэлсэн. Тэгснээ гэх эмэгтэй нь манай эхнэрийн нүүрийг шатанхай түлэнхий гэж хэлээд хэл амаар доромжлоод байсан. ...манай эхнэр ******* нар маргалдаад манай эхнэр ын үснээс нь зулгаагаад доош дарахаар нь бид хоёр босоод тэр хоёрыг салгасан чинь л ын духнаас цус гарч байсан. Наад цусаа арч гэж хэлэхэд гэх эмэгтэй нь ******* миний дух руу өшиглөчихлөө, би цусаа арчихгүй, цагдаа дуудна гээд өөрөө дуудлага өгсөн...” гэжээ. /хх-ийн 17-18/
Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 147 тоот дүгнэлтэд:
1. *******ын биед духанд шарх, хамрын нуруунд зулгаралт, зүүн нүдний зовхины дотор буланд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2.3. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг болон хоёр удаагийн үйлчиллээр тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл.
4. Духанд шарх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Бусад гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй.
5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. /хх-ийн 26-27/
Д.******* мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлэхдээ: “...сүүлдээ миний гадаад дүр төрхөөр доромжлоод намайг шатанхай түлэнхий нүүртэй, чамайг Дорнодын бүх хүмүүс мэднэ гээд хэл амаар өдөж хоргоогоод доромжлоод байхаар нь миний уур хүрээд тэсэлгүй ын үснээс зулгаагаад доош нь дараад битгий давраад байгаарай одоо болно шүү гээд барьцалдаад авахад манай нөхөр бид хоёрыг салгасан. аас салахад духнаас нь цус гараад урсаж байсан...” гэжээ. /хх-ийн 39-40/
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 3/
Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 4-6/
Яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 28/
*******ын иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар /хх-ийн 50/
*******ын хөдөлмөрийн чадвар алдалтыг тогтоосон Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэр /хх-ийн 47/
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 43/ болон шүүх хуралдаанд хохирогч *******аас шинээр гаргаж өгсөн ХААН банкин дахь дансны хуулга /7 хуудас/, фото зураг /1 хуудас/ зэрэг тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалж хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр дотоод итгэлээр үнэлж шүүгдэгч *******т холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзлээ.
Хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл байх бөгөөд уг үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хохирол учирсан байх тул гэмт хэрэг гэж үзэв.
Шүүгдэгч Суваргачин овогт *******ийн ******* нь 2022 оны 02 дугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнө 04 цагийн орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг, ******* 15 тоотод хохирогч *******тай согтуугаар маргалдаж улмаар түүний нүүрэн тус газарт өшиглөж духанд шарх, хамрын нуруунд зулгаралт, зүүн нүдний зовхины дотор буланд цус хуралт гэмтэл буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн шүүгдэгч *******ын “...хэл амаар өдөж хоргоогоод доромжлоод байхаар нь миний уур хүрээд тэсэлгүй ын үснээс зулгаагаад доош нь дараад битгий давраад байгаарай одоо болно шүү гээд барьцалдаад авахад манай нөхөр бид хоёрыг салгасан. аас салахад духнаас нь цус урсаж байсан…” гэх, хохирогч *******ын “...машин угаалга ажиллуулдаг нэг залуу ирээд өмнө нь энд угаалга ажиллуулдаг түлэнхий нүүртэй эгч манай угаалгын газрын түрээсийг 1,500,000 төгрөгөөр түрээслэнэ гэж ярьсан тухай надад хэлсэн юм. Би энэ талаар өнөөдөр *******т хэлсэн чинь уурлаад чи намайг шатанхай гэж хэллээ гээд үснээс минь зулгааж доошоо дарж байгаад дух хэсэгт нэг удаа өшиглөсөн...” гэх мэдүүлэг, тэдгээрийн мэдүүлгийг давхар нотолсон мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн гэрч ийн “...би босоод тэр хоёрыг салгах гэж ******* эгчийн гарнаас татаж болиулах үед эгч дээшээ толгойгоо өндийлгөсөн чинь түүний нүүрний дух хэсгээс нь маш их цус гарч байсан...” гэх, гэрч Б.ын “...манай эхнэр *******, нар маргалдаад манай эхнэр ын үснээс нь зулгаагаад доош дарахаар нь бид хоёр босоод тэр хоёрыг салгасан чинь л ын духнаас цус гарч байсан. Наад цусаа арч гэж хэлэхэд гэх эмэгтэй нь ******* миний дух руу өшиглөчихлөө, би цусаа арчихгүй, цагдаа дуудна гээд өөрөө дуудлага өгсөн...” гэх мэдүүлгүүд, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 147 тоот дүгнэлт, яаралтай тусламжийн хуудас, хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Гэмт хэрэг гарахад шүүгдэгч, хохирогч нарын архи ууж согтуурсан, нийгэмд тогтсон хүмүүсийн хоорондын харилцаа, зан заншил, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон, бие биенээ үл хүндэтгэсэн нөхцөл байдал нөлөөлсөн байх бөгөөд шүүгдэгч ******* нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлан хүний эрүүл мэндэд хохирол учрахыг мэдсээр байж зориуд хохирол, хор уршигт хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ.
Шүүгдэгч *******ын үйлдлийн улмаас хохирогч *******ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 147 тоот дүгнэлтээр тогтоогдож байх бөгөөд дээрх шинжээчийн дүгнэлт нь хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан, шинжилгээ хийх эрх бүхий этгээд уг шинжилгээг гаргасан учир Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох баримтаар үнэлэв.
Шүүгдэгч *******ийн *******т холбогдох хэргийн талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч *******ийн *******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүгдэгч *******ын анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа, хөдөлмөрийн чадвараа алдсан хувийн байдал, мөн шүүгдэгчийн гадаад үзэмжтэй холбоотойгоор зүй бусаар хэлсэн хохирогчийн үгнээс үүдэж гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******т 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж дүгнэлээ.
Шүүгдэгч *******ын үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч *******ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх бөгөөд шүүх хуралдаанд хохирогч ******* нь шүүгдэгчээс ажлаа хийж чадаагүй хугацаанд олох байсан орлого 750,000 төгрөгийг нэхэмжилж байх боловч холбогдох нотлох баримтыг мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхийн шатанд ирүүлээгүй тул хохирогчийн ажлаа хийж чадаагүй хугацаанд олох байсан орлого 750,000 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч ******* нь цаашид хийлгэх эмчилгээний зардал, ажлаа хийж чадаагүй хугацаанд олох байсан орлогоо холбогдох нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Суваргачин овогт *******ийн *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ийн *******т 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч *******ын 750,000 төгрөгийн иргэний нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч ******* нь өөрт учирсан гэм хорын хохирлоо холбогдох нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гэм буруутай этгээд *******аас нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн ******* регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ПАГМА