Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Пүрэвийн Пагма |
Хэргийн индекс | 168/2022/0142/э |
Дугаар | 2022/ШЦТ/138 |
Огноо | 2022-04-20 |
Зүйл хэсэг | 11.4.1., |
Улсын яллагч | Э.Хосбаяр |
Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 04 сарын 20 өдөр
Дугаар 2022/ШЦТ/138
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Пагма даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дашням
Улсын яллагч Э.Хосбаяр
Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Энхтуяа
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хуацай овогт ******* ******* холбогдох эрүүгийн 2221000000112 дугаартай хэргийг 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1995 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр Дорнод аймгийн Дашбалбар суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, фермерийн аж ахуйч мэргэжилтэй, малчин, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Дорнод аймгийн Дашбалбар сумын 1 дүгээр багийн нутаг “Саяг” гэх газарт оршин суух, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Хуацай овогт ******* ******* /РД: *******/.
Шүүгдэгч ******* нь 2022 оны 02 дугаар сарын 02-ны өдөр Дорнод аймгийн Дашбалбар сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр “Цахиуртын өвөр” гэх газарт иргэн ******* хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, улмаар хавсарч унаган, эрүүл мэндэд нь “зүүн шилбэний шаант, тахилзуур ясны ташуу далд хугарал” бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Нэмж хэлэх зүйлгүй” гэв.
Хохирогч ******* мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2022 оны 02 дугаар сарын 02-ны өдөр /Цагаан сарын шинийн 1-ний өдөр/ Дашбалбар сумын 1 дүгээр багт байх хадам аав, ээж хоёртоо эхнэр, хүүхдийн хамт очиж золгоод буцах замдаа Дашбалбар сумын 1 дүгээр багийн нутаг “Цахиуртын өвөр” гэх газар нутагладаг авга эгч гэх айлд золгохоор очсон. Бид нар цаанаас ирэхдээ аавын ах Миш-Иш, түүний эхнэр , аавын эгчийн нөхөр Базар, аавын эгч нарын хамт ирээд гэрт орсон. Бид нар золгоод цай, хоол идэж уугаад цуг ирсэн ах, эгч нар гэртээ харих болоод би гэрээс гарч тэд нарыг гаргаж өгөөд эргээд гэрт орох гээд явж байхад гэрийн зүүн талд нэг хүн хашгираад байсан. Тэгэхээр нь “хэн бэ” гэж асуухад “намайг асуудаг хэн бэ” гээд над руу хүрээд ирэхээр нь харахад манай сумын ******* /Хундай/ гэх залуу байсан. Би “яаж байна чи” гэхэд ******* нь намайг “хөгшин хонины насгүй байж намайг барахгүй” гэж хэлээд согтуурхаад байхаар нь би гэр рүү ороод эхнэр , мөн хоёр охиноо хөдлөх үү гээд гэрт сууж байхад ******* гэх залуу гаднаас орж ирээд намайг таниад “ нагац та намайг барахгүй ээ” гээд агсамнаад байсан. Манай Дашзэвэг ах, эгч нар ******* гэх залууд хандаж “одоо боль” гэж загнахад над руу дайраад байсан. Би эхнэр, хүүхдээ аваад гэрээс гарах гэхэд миний дээлээс зуураад тавихгүй гэрээс цуг гарсан. Гадаа гараад манай эхнэр, хүүхэд машинд суугаад ******* гэх залуу намайг машинд суулгахгүй ийшээ гараад уулзъя гээд миний бүснээс бариад чирэхээр нь би араас нь чирэгдээд явж байхад эргэж хараад миний зүүн хөл рүү хавирахад миний зүүн хөл хугарсан. Би унаад миний хөл хугарчихлаа гэхэд ******* гэх залуу инээгээд хөгжөөд байсан. Манай эхнэр хүний хөл хугалчихлаа гээд намайг машинд арай гэж суулгаад сумын төв рүү хөдөлсөн. ******* гэх залууг эгч цаашаа гэр рүү аваад явсан. Би сумын эмнэлэгт ирээд хөлөө шохойдуулаад гэртээ очоод хэвтсэн. 2021 оны 06 дугаар сард адуунд дайруулаад зүүн хөлөө хугалсан байсан. Тэр хугархай маань дахин хугарсан байх гэж бодоод байсан. Аймагт очоод хөлийн зураг авхуулаад эмчид үзүүлэхэд миний хөлийг шинээр хоёр өөр газраараа хугарсан байна гэж хэлсэн...” гэжээ. /хх-ийн 12-14, 16-17/
Гэрч Т. мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...******* /Хундай/ гэх залуу бид нарыг машиндаа суухаар явж байхад араас гарч ирээд манай нөхрийн бүснээс зулгаагаад машинд суулгаагүй. Би “боль” гээд хориход ******* нь “Та байж бай, нагац бид хоёр учраа олох гэж байна, эр улсууд юм ярих гэж байна” гээд манай нөхрийг машинаас баруун урагшаа бүснээс нь чирээд зуураад явсан. Манай нөхөр ******* хоёрын араас манай охин , эгч хоёр дагаад очсон. Би машинаа асаагаад машин дотроосоо хараад гэрэл тусгаад байж байсан. Намайг харж байхад манай нөхрөөс зуураад тавихгүй юм яриад л байсан. Манай охин , эгч хоёр бүснээс нь тавиулах гээд байхад тавьж өгөхгүй байсан. Тэгж байгаад манай нөхрийн бүснээс зуурсан чигээрээ буцаад машины урд ирэхэд нь би бууж очоод “бүсийг нь тавиач ээ” гээд байж байхад гэнэт манай нөхрийн зүүн хөлөнд нь маш хүчтэй хавсрахад тас гээд дуу гараад манай нөхөр , ******* нар нь давхралдаад унасан. Унахад манай нөхөр доод талд нь ******* дээд талд нь унасан. Манай нөхөр унаад “хөл хугарчихлаа” гээд дээшээ хараад хөлөө бариад орилоод байсан. Би босгох санаатай хоёр талаас нь охины хамт өргөхөд хөлөө тулж чадахгүй өндийж босож чадахгүй байсан. Манай нөхрийн хөлийг ******* хавсарч унагаагаад гэмтээсэн. Бид нар аймгийн төв орж зураг авхуулахад хоёр газар хугарсан байсан...” гэжээ. /хх-ийн 26-28/
Гэрч Д. мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “... ******* /Хундай/ нар нь гэрийн урд талд ******* ын бүснээс нь нэг гараараа барьсан байдалтай “Ахтайгаа хүндэтгэлгүй харьцлаа, намайг уучлаарай” гээд юм яриад зогсож байсан. Хажууд нь ын эхнэр “машиндаа суу, явъя” гээд байсан. Тэгэхэд ******* нь ын бүснээс нь нэг гараараа зуураад тавихгүй байсан. Би ******* хандаж ыг тавиад явуул гэхэд юм хэлэхгүй ын бүснээс нь бариад тавихгүй байсан. ******* ын бүснээс нь нэг гараараа зуурсан байж байгаад ыг хойш нь газарт унагасан. газарт унаад “миний хөл хугарчихлаа, хөл салчихлаа” гээд байсан. Би ын хөлийг харахад цэх байх ёстой хөл нь хажуу тийшээ болчихсон эвгүй харагдаж байсан...” гэжээ. /хх-ийн 19-21/
Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 176 тоот дүгнэлтэд:
1. *******ын биед зүүн шилбэний шаант, тахилзуур ясны ташуу далд хугарал гэмтэл тогтоодлоо.
2. Дээрх тогтоогдсон гэмтлүүд нь мохоо зүйлийн 1-2 удаагийн үйлчлэлээр үүссэн шинэ гэмтэл байна.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар тогтоогдсон гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна гэжээ. /хх-ийн 33-34/
******* мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлэхдээ: “...2022 оны 02 дугаар сарын 02-ны өдөр ... миний санаж байгаагаар ах намайг ганц хоёр удаа хэвлий хавьд цохисон санаад байна. Яг юунаас болж муудалцсанаа мэдэхгүй байна. Тэгээд би “болиочээ ахаа” гэж хэлэхэд ах уурлаад байх шиг байсан. Би л согтуу ахыг явуулахгүй юм ярих гээд байсан гэсэн. Тэгэхэд би согтуу байж байгаад гэнэт сэргэхэд ахыг эхнэр нь явъя гээд байсан ба ахын хөлийг нь хавирч унагаад гэмтээчихсэн. ...миний хувьд ахад учруулсан гэмтлийг хүлээн зөвшөөрч байна. ...хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэжээ. /хх-ийн 40-41/
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 9/
Эмчийн анхны үзлэгийн тодорхойлолт /хх-ийн 32/
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 42/
*******ийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар /хх-ийн 44/
*******ын шүүхэд гаргасан нэхэмжлэл /1 хуудас/
Т.ийн ХААН банкин дахь дансны хуулга /4 хуудас/
Хохирол төлбөртэй холбоотой 23 ширхэг баримт /1хуудас/ зэрэг тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалж хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр дотоод итгэлээр үнэлж шүүгдэгч *******т холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзлээ.
Хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл байх бөгөөд уг үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хохирол учирсан байх тул гэмт хэрэг гэж үзэв.
Шүүгдэгч Хуацай овогт ******* ******* нь 2022 оны 02 дугаар сарын 02-ны өдөр Дорнод аймгийн Дашбалбар сумын 1 дүгээр багийн нутаг “Цахиуртын өвөр” гэх газарт хохирогч ******* хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, улмаар түүнийг хавсарч унаган биед нь зүүн шилбэний шаант, тахилзуур ясны ташуу далд хугарал гэмтэл буюу эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн шүүгдэгч *******ийн “...би согтуу байж байгаад гэнэт сэргэхэд ахыг эхнэр нь явъя гээд байсан ба ахын хөлийг нь хавирч унагаад гэмтээчихсэн байсан. Би ахад учруулсан гэмтлийг хүлээн зөвшөөрч байна. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг, түүний мэдүүлгийг нотолсон мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн хохирогч *******ын “...******* гэх залуу намайг машинд суулгахгүй ийшээ гараад уулзъя гээд миний бүснээс бариад чирэхээр нь би араас нь чирэгдээд явж байтал эргэж хараад миний зүүн хөл рүү хавирахад миний зүүн хөл хугарсан. Би унаад миний хөл хугарчихлаа гэхэд ******* гэх залуу инээгээд хөгжөөд байсан...” гэх, гэрч Т.ийн “...манай нөхрийн бүснээс зуурсан чигээрээ буцаад машины урд ирэхэд нь би бууж очоод “бүсийг нь тавиач ээ” гээд байж байхад гэнэт манай нөхрийн зүүн хөлөнд нь маш хүчтэй хавсрахад тас гээд дуу гараад манай нөхөр , ******* нар нь давхралдаад унасан. Унахад манай нөхөр доод талд нь ******* дээд талд нь унасан. Манай нөхөр унаад “хөл хугарчихлаа” гээд дээшээ хараад хөлөө бариад орилоод байсан. Би босгох санаатай хоёр талаас нь охины хамт өргөхөд хөлөө тулж чадахгүй өндийж босож чадахгүй байсан...” гэх, гэрч Д.ийн “...Би ******* хандаж ыг тавиад явуул гэхэд юм хэлэхгүй ын бүснээс нь бариад тавихгүй байсан. ******* ын бүснээс нь нэг гараараа зуурсан байж байгаад ыг хойш нь газарт унагасан. газарт унаад “миний хөл хугарчихлаа, хөл салчихлаа” гээд байсан. Би ын хөлийг харахад цэх байх ёстой хөл нь хажуу тийшээ болчихсон эвгүй харагдаж байсан...” гэх мэдүүлгүүд, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 176 тоот дүгнэлт, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл, эмчийн анхны үзлэгийн тодорхойлолт болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч ******* хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлан хүний эрүүл мэндэд хохирол учрахыг мэдсээр байж зориуд хохирол, хор уршигт хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ.
Шүүгдэгч *******ийн үйлдлийн улмаас хохирогч *******ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан болох нь Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 176 тоот дүгнэлтээр тогтоогдож байх бөгөөд дээрх шинжээчийн дүгнэлт нь хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан, шинжилгээ хийх эрх бүхий этгээд уг шинжилгээг гаргасан учир Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох баримтаар үнэлэв.
Шүүгдэгч ******* ******* холбогдох хэргийн талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, Дорнод аймгийн Прокурорын газрын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч ******* *******ийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүгдэгч *******ийн анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа, хохирол төлбөрт 1,000,000 төгрөг өгсөн, суманд мал малладаг зэрэг хувийн байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******т 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж дүгнэлээ.
Шүүгдэгч *******ийн үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч *******ын биед зүүн шилбэний шаант, тахилзуур ясны ташуу далд хугарал гэмтэл учирсан байх бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч ******* нь шүүгдэгчээс гэмт хэргийн улмаас учруулсан хохиролд 4,330,000 төгрөгийг нэхэмжилж шүүгдэгч ******* нь хохирогчид 1,000,000 төгрөгийг төлсөн байна. Шүүхийн шатанд хохирогч ******* нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд гаргасан 4,330,000 төгрөгийн нэхэмжлэлээ дэмжиж байгаагаа илэрхийлээд хохирол төлбөртэй холбоотойгоор эхнэр Т.ийн 2022 оны 02 дугаар сарын 01-нээс 04 дүгээр сарын 18-ны өдрийг хүртэлх дансны дэлгэрэнгүй хуулгыг шатахуун, эм, бусад зүйлд зарцуулсан гэх 23 ширхэг баримтын хамт ирүүлжээ.
Шүүх хохирол төлбөртэй холбоотой нотлох баримтуудыг шинжлэн судлаад хохирогч *******ын гаргаж өгсөн дансны дэлгэрэнгүй хуулга, 23 ширхэг хохирлын баримт нь нотлох баримтын шаардлагыг хангахгүй, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нотолж чадахгүй байх тул үнэлэх боломжгүй гэж үзлээ. Учир нь дээрх 23 ширхэг баримт нь бүдгэрэн баларч хэзээ хаана хэдэн төгрөгөөр юу авсан нь тодорхойгүй, гэмт хэргийн хохирогч болсон эсэхээс шалтгаалахгүй хүний өдөр тутмын хэрэгцээ, хоол хүнс, ахуйн хэрэглээнд зарцуулагдсан, шатахуун авсан баримт нь цаг хугацааны хувьд болон бусад байдлаар энэ гэмт хэргийн улмаас учирсан хохиролд тооцох боломжгүй, мөн эм, эмчилгээний зүйл авсан баримтууд нь хэзээ юунд хэрэглэх талаар эмчийн бичиг байхгүй зэргээс гадна Т.ийн данснаас гарсан зарлагыг энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол гэж үзэх боломжгүй юм. Иймд хохирогч *******ын 4,330,000 төгрөгийн нэхэмжлэлийг энэхүү шүүх хуралдаанаар шийдвэрлэх боломжгүй байх тул хэлэлцэхгүй орхиж, хохирогч нь энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэм хорын хохирлоо холбогдох нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болох, шүүгдэгч нь хохирогчид гэмт хэргийн улмаас учруулсан хохиролд 1,000,000 төгрөгийг төлсөн болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Хуацай овогт ******* *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* ******* 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч *******ын 4,330,000 төгрөгийн иргэний нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч ******* нь өөрт учирсан гэм хорын хохирлоо холбогдох нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гэм буруутай этгээд *******оос нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдоогүй, хохирогч *******од гэмт хэргийн улмаас учруулсан хохиролд 1,000,000 төгрөгийг төлсөн болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ПАГМА