Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 05 сарын 04 өдөр

Дугаар 352

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

            Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

           Нэхэмжлэгч: Увс аймгийн Улаангом сумын 10 дугаар баг, 18-19 тоотод оршин суух, 1961 онд төрсөн, 56 настай, эмэгтэй, регистрийн дугаар ОЗ61020104, Гүн долоонууд овогт Норовын Эрхэмбаярын,

           Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2017 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч, 2017 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

          Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Н.Эрхэмбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Дашдорж нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

           Нэхэмжлэгч Н.Эрхэмбаяр шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нь 1961 онд төрсөн, 57 настай. Би Увс аймгийн Наранбулаг сумын Пионер нэгдлийн Алдар бригадад 1981 оны 1 дүгээр сараас 1992 оны 8 дугаар сарыг дуустал малчнаар ажилласан. Архиваас тухайн үеийн ажиллаж байсныг нотлох баримтыг шүүлгэхэд ямар нэгэн баримт гараагүй, хөдөлмөрийн дэвтэр байгаа боловч ажилд орсон, гарсан тушаал олдохгүй байгаа тул шүүхэд хандах шаардлагатай болсон. Иймд миний Наранбулаг сумын Пионер нэгдэлд 1981 оны 1 дүгээр сараас 1992 оны 8 дугаар сарыг дуустал малчнаар ажилласныг сэргээн тогтоож өгнө үү. Тухайн үед надтай хамт ажиллаж байсан М.Батхүрэл, С.Баттөмөр нарыг гэрчээр асууж өгнө үү гэв.

          Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

          Нэхэмжлэгч Н.Эрхэмбаяр нь 1981 оноос 1992 оны 8 дугаар сарыг Увс аймгийн Наранбулаг сумын Пионер нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэгт дараах нотлох баримтууд авагджээ.

          Увс аймгийн Архивын тасгийн 2017 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 183 дугаар архивын лавлагаанд:Наранбулаг сумын Пионер нэгдлийн Алдар бригадын 1981-1992 оны цалинг шүүн үзэхэд Норов овогтой Эрхэмбаяртай холбогдох баримт гараагүй нь үнэн болно гэжээ.

         Увс аймгийн Наранбулаг сумын Пионер нэгдлийн захиргаанаас Н.Эрхэмбаярт 1981 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр олгосон хөдөлмөрийн дэвтрийн хуулбарт: Түүний 1981 оноос 1990 оныг дуустал ажилласан хоног, цаг, авсан цалин хөлс бичигджээ.

         Түүнчлэн Увс аймгийн Наранбулаг сумын Пионер нэгдлийн захиргаанаас Н.Эрхэмбаярт 1991 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр олгосон хөдөлмөрийн дэвтрийн хуулбарт: Түүний 1991 оноос 1992 оны 8 дугаар сарыг дуустал ажилласан хоног, цаг, авсан цалин хөлс бичигджээ.

          Мөн шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр гэрч М.Батхүрэл, С.Баттөмөр нараас мэдүүлэг авсан бөгөөд гэрч М.Батхүрэл Миний бие 1970 оноос 1993 оны хооронд Увс аймгийн Наранбулаг сумын Пионер нэгдэлд малчнаар ажиллаж байсан. Намайг ажиллаж байхад Н.Эрхэмбаяр нь 1981 оноос Пионер нэгдэлд малчнаар ажиллаж эхэлсэн ба 1990 оныг дуустал тус нэгдэлд малчнаар ажилласан. Н.Эрхэмбаяр бид хоёр хамт Наранбулаг сумын 2 дугаар бригадад малчнаар ажиллаж байсан учир түүний ажиллаж байсан байдлын талаар сайн мэдэж байна. Наранбулаг сумын Пионер нэгдлийн даргаар Цэвээн, Доржсүрэн, Орших, Сайнжаргал гэх хүмүүс ажиллаж байсан гэж, гэрч С.Баттөмөр Миний бие 1981 оноос 1992 оныг дуустал Увс аймгийн Наранбулаг сумын Пионер нэгдэлд малчнаар ажиллаж байсан. Намайг ажиллаж байхад Н.Эрхэмбаяр нь 1981 оноос Пионер нэгдэлд малчнаар ажиллаж эхэлсэн ба 1992 оны 8 дугаар сарыг дуустал тус нэгдэлд малчнаар ажилласан юм. Н.Эрхэмбаяр бид хоёр хамт Наранбулаг сумын Алдар бригадад малчнаар ажиллаж байсан учир түүний ажиллаж байсан байдлын талаар сайн мэдэж байнагэж тус тус мэдүүлсэн ба тэдний ажилласан байдлыг нотлох хөдөлмөрийн дэвтрийн хуулбарууд хэрэгт авагджээ.

          Хэдийгээр Н.Эрхэмбаярын 1981-1992 онуудад ажиллаж байхдаа авч байсан цалингийн баримт Увс аймгийн Архивын тасагт хадгалагдаагүй байгаа боловч нэхэмжлэгч нь дээрх онуудад Увс аймгийн Наранбулаг сумын Пионер нэгдэлд малчнаар ажиллаж байсан болох нь Увс аймгийн Наранбулаг сумын Пионер нэгдлийн захиргаанаас түүнд 1981 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр, 1991 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр олгосон хөдөлмөрийн дэвтрийн хуулбарууд, гэрч М.Батхүрэл, С.Баттөмөр нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

         Иймд нэхэмжлэгч Н.Эрхэмбаярын хүсэлтийг хангаж, түүний 1981 оноос 1992 оны 8 дугаар сарыг Увс аймгийн Наранбулаг сумын Пионер нэгдэлд малчнаар 11 жил 8 сар ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэв.

          Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

        1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч Гүн долоонууд овогт Норовын Эрхэмбаярын 1981 оноос 1992 оны 8 дугаар сарыг Увс аймгийн Наранбулаг сумын Пионер нэгдэлд малчнаар 11 /арван нэг/ жил 8 /найм/ сар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

         2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч Н.Эрхэмбаярын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

       Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                 Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ