Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 05 сарын 04 өдөр

Дугаар 353

 

    

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

           Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

            Нэхэмжлэгч: Увс аймгийн Улаангом сумын 4 дүгээр баг, 13-44 тоотод оршин суух, 1971 онд төрсөн, 46 настай, эмэгтэй, регистрийн дугаар ОЮ71010266, Борлууд овогт Төрбатын Цэцэгмаагийн,

             Т.Хандхүүгийн ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2017 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч, 2017 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Т.Цэцэгмаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Дашдорж нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Т.Цэцэгмаа шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний авга эгч Төвцэнгэл овогтой Хандхүү нь 1961 онд Увс аймгийн Улаангом суманд төрсөн. 1982 онд Говь-Алтай аймгийн Анагаах ухааны дунд сургуулийг төгсөөд Увс аймгийн Нэгдсэн эмнэлгийн арьс өнгөний тасаг болон 103 хүлээн авах тасагт сувилагчаар, 1988 оноос төрөх тасагт эх баригч бага эмчээр тус тус ажиллаж байгаад 2000-2004 онуудад Налайхын Эрүүл мэндийн нэгдэлд эх баригчаар, 2004 оноос Улаанбаатар хотын 2 дугаар амаржих газарт эх баригч бага эмчээр ажиллаж байна. Т.Хандхүүгийн тэтгэвэрт гарах нас болж, тэтгэврийн бичиг баримтаа бүрдүүлэхэд тухайн үед ажиллаж байсныг нотлох хөдөлмөрийн дэвтэр, ажилд орсон тушаал байгаа боловч ажлаас чөлөөлөгдсөн тушаал олдохгүй байгаа учраас шүүхэд хандаж ажиллаж байсан байдлаа тогтоолгох шаардлагатай болсон юм. Иймд Т.Хандхүүгийн Увс аймгийн Нэгдсэн эмнэлгийн арьс өнгөний тасаг болон 103 хүлээн авах зэрэг тасгуудад 1982 оноос 1988 оныг дуустал сувилагчаар ажиллаж байсныг сэргээн тогтоож өгнө үү. Тухайн үед Т.Хандхүүтэй хамт ажиллаж байсан Г.Лхагва, Д.Цэвээндарь нарыг гэрчээр асууж өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Т.Цэцэгмаа нь Т.Хандхүүгийн 1982 оноос 1988 оныг дуустал Увс аймгийн Нэгдсэн эмнэлгийн арьс өнгөний болон хүлээн авах тасгуудад сувилагчаар ажиллаж байсан байдлыг тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэгт дараах нотлох баримтууд авагджээ.

Увс аймгийн Архивын тасгийн 2017 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 199 дүгээр архивын лавлагаанд: Увс аймгийн Нэгдсэн эмнэлгийн 1982-1987 оны цалингийн баримт манай архивт шилжиж ирээгүй тул Төвцэнгэл овогтой Хандхүүгийн цалинг шүүн үзэх боломжгүй байна. Нэгдсэн эмнэлгийн 1988 оны төрөх тасгийн цалинг шүүн үзэхэд Т.Хандхүүгийн цалин гараагүй нь үнэн болно гэжээ.

Увс аймгийн Нэгдсэн эмнэлгийн захиргаанаас Т.Хандхүүд 1987 оны 10 дугаар сарын 22-ны өдөр олгосон хөдөлмөрийн дэвтрийн хуулбарт: 1982 оны 7 дугаар сарын 20-ны өдөр Арьс өнгөний тасагт сувилагчаар ажиллуулав, 1986 оны 5 дугаар сарын 01-ний өдөр Арьс өнгөний сувилагчийн ажлаас чөлөөлж, хүлээн авах тасагт сувилагчаар ажиллуулав, 1988 оны 2 дугаар сарын 19-ний өдөр сувилагчийн ажлаас чөлөөлж, төрөх тасагт эх баригч бага эмчээр ажиллуулав гэжээ.

Түүнчлэн Увс аймгийн төвийн Нэгдсэн эмнэлгийн даргын 1982 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 71 дүгээр Ажилд томилох тухай тушаалд: ...Хандхүүг ажиллах бага эмчийн орон тоогүй учир өөрийнх нь хүсэлтээр арьс өнгөний тасагт сувилагч Оюун өвчтэй байгаа учир оронд нь 7 дугаар сарын 20-ны өдрөөс арьс өнгөний тасагт сувилагчаар түр ажиллуулсугай гэжээ.

Мөн шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр гэрч Г.Лхагва, Д.Цэвээндарь нараас мэдүүлэг авсан бөгөөд гэрч Г.ЛхагваМиний бие 1984 оноос одоог хүртэл Увс аймгийн Нэгдсэн эмнэлгийн төрөх тасагт асрагчаар ажиллаж байгаа болно. Намайг ажиллаж байхад Т.Хандхүү нь Нэгдсэн эмнэлгийн арьс өнгөний тасагт сувилагчаар ажиллаж байсан бөгөөд тус тасагт 1986 он хүртэл ажиллаж байгаад 1986 оноос 1988 он хүртэл Нэгдсэн эмнэлгийн хүлээн авах тасагт сувилагчаар тус тус ажиллаж байсан болно. Тухайн үед Нэгдсэн эмнэлгийн байранд бүх тасгууд байрлаж үйл ажиллагаагаа явуулдаг байсан учраас би Т.Хандхүүгийн ажиллаж байсан байдлын талаар сайн мэдэж байна. Тухайн үед Нэгдсэн эмнэлгийн даргаар Буяндэлгэр, Батжаргал гэх хүмүүс ажиллаж байсан гэж, гэрч Д.Цэвээндарь Миний бие 1982 оноос одоог хүртэл Увс аймгийн Нэгдсэн эмнэлгийн төрөх тасагт асрагчаар ажиллаж байгаа болно. Намайг анх 1982 оны 8 дугаар сард Нэгдсэн эмнэлэгт асрагчаар ажилд ороход Т.Хандхүү нь тус эмнэлгийн арьс өнгөний тасагт сувилагчаар ажиллаж байсан бөгөөд тус тасагт 1986 он хүртэл ажилласан. Т.Хандхүү нь 1986 оноос 1988 он хүртэл Нэгдсэн эмнэлгийн хүлээн авах тасагт сувилагчаар ажиллаж байгаад 1988 оноос төрөх тасагт эх баригч бага эмчээр ажиллахаар болж байсан. Тухайн үед Нэгдсэн эмнэлгийн бүх тасгуудын үйл ажиллагаа 3 давхар нэг л байранд явагддаг байсан учраас бид нар хэн хаана, ямар ажил хийж байсан талаар сайн мэдэх тул Т.Хандхүүгийн ажиллаж байсан байдлын талаар сайн мэдэж байна гэж тус тус мэдүүлсэн ба тэдний ажилласан байдлыг нотлох хөдөлмөрийн дэвтрийн хуулбарууд хэрэгт авагджээ.

Хэдийгээр Т.Хандхүүгийн 1982-1988 онуудад ажиллаж байхдаа авч байсан цалингийн баримт Увс аймгийн Архивын тасагт хадгалагдаагүй байгаа боловч Т.Хандхүү нь дээрх онуудад Увс аймгийн Нэгдсэн эмнэлгийн арьс өнгөний болон хүлээн авах тасгуудад сувилагчаар ажиллаж байсан болох нь Увс аймгийн Нэгдсэн эмнэлгийн захиргаанаас түүнд 1987 оны 10 дугаар сарын 22-ны өдөр олгосон хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Увс аймгийн төвийн Нэгдсэн эмнэлгийн даргын 1982 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 71 дүгээр Ажилд томилох тухай тушаал, гэрч Г.Лхагва, Д.Цэвээндарь нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

Иймд нэхэмжлэгч Т.Цэцэгмаагийн хүсэлтийг хангаж, Т.Хандхүүгийн 1982 оны 7 дугаар сарын 20-ноос 1986 оны 5 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Увс аймгийн Нэгдсэн эмнэлгийн арьс өнгөний тасагт сувилагчаар 3 жил 9 сар 10 хоног, 1986 оны 5 дугаар сарын 01-нээс 1988 оны 2 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл Увс аймгийн Нэгдсэн эмнэлгийн хүлээн авах тасагт сувилагчаар 1 жил 9 сар 18 хоног, нийт 5 жил 6 сар 28 хоног ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэв.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсгүүдэд зааснаар Цагаач овогт Төвцэнгэлийн Хандхүүгийн 1982 оны 7 дугаар сарын 20-ноос 1986 оны 5 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Увс аймгийн Нэгдсэн эмнэлгийн арьс өнгөний тасагт сувилагчаар 3 /гурав/ жил 9 /ес/ сар 10 /арав/ хоног, 1986 оны 5 дугаар сарын 01-нээс 1988 оны 2 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл Увс аймгийн Нэгдсэн эмнэлгийн хүлээн авах тасагт сувилагчаар 1 /нэг/ жил 9 /ес/ сар 18 /арван найм/ хоног, нийт 5 /тав/ жил 6 /зургаа/ сар 28 /хорин найм/ хоног ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч Т.Цэцэгмаагийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                 Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ