Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2017 оны 05 сарын 04 өдөр

Дугаар 361

 

  

Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

             Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг би,

            Нэхэмжлэгч: Увс аймгийн Улаангом сумын 9 дүгээр баг, 24-12 тоотод оршин суух, 1981 онд төрсөн, эмэгтэй, регистрийн дугаар ОЗ81041904, Тугтан овогт Янживын Нэмэхбаярын нэхэмжлэлтэй,

           Хариуцагч: Увс аймгийн Улаангом сумын 9 дүгээр баг, 24-12 тоотод оршин суух, 1981 онд төрсөн, эрэгтэй, регистрийн дугаар ОЗ81020217, Монголмууд овогт Долгорын Чимэддоржид холбогдох,

           Гэрлэлт цуцлуулж, хүүхдээ өөрийн асрамжид авч, хүүхдийг тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2017 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч, 2017 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

          Нэхэмжлэгч Я.Нэмэхбаяр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие нь 2012 оны хавар нөхөр Д.Чимэддоржтой танилцаж, улмаар 2013 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр хуримаа хийж, гэрлэлтээ 2015 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр улсын бүртгэлд бүртгүүлж, гэрчилгээ авсан. Би анх нөхөр Д.Чимэдцоржтой суух үедээ 11 настай хүүтэй, 8 настай нэг охинтой байсан. Бид 2 суугаад 2013 оны 10 дугаар сарын 28-ны өдөр хүү Н.Чинзориг, 2015 оны 3 дугаар сарын 09-ний өдөр хүү Ч.Ганзориг нарыг төрүүлсэн. Том хүү Чинзоригийг төрөх үед нөхөр бид 2 гэрлэлтээ бүртгүүлээгүй байсан учир хүүгээ би өөрийн нэрээр овоглосон. Миний 2 том дагуул хүүхэд нөхөр бид 2-той хамт амьдардаг. Нөхөр маань анх гэр бүл болж байхдаа архи дарс бага зэрэг уудаг, уусан үедээ агсам согтуу тавих нь гайгүй байсан. Гэтэл 2015 оноос хойш архи дарс ууж, агсам согтуу тавих нь ихсэж, уусан үедээ намайг хэл амаар доромжилж, зодож цохих болсон. Мөн уусан үедээ миний 2 дагуул хүүхэд рүү агсам тавьж, хүүхдүүдийг минь та 2 миний хүүхдүүд биш, өөр хүний хүүхдүүд та нарыг алсан ч миний дур гэж хэлж, айлгаж дарамталдаг. Энэ бүхнээс болоод 2 том хүүхэд маань сэтгэл санаагаар унаж, сэтгэл зүйн болон хүмүүжил, хичээл сурлагад нь муугаар нөлөөлж байна. Түүнчлэн архи ууж ирэх бүрдээ намайг хүүхдүүдийн хажууд элдвээр харааж, зодож цохидог зэргээс болоод хүүхдүүд маань сэтгэл зүйн дарамтанд орж, миний бие ч байнга өвддөг болсон. Хамгийн сүүлд гэхэд 2017 оны 4 дүгээр сарын 05-ны орой нөхөр маань гэрт хүмүүстэй архи ууж согтчихоод миний 2 том дагуул хүүхэд рүү дайрч та нарыг ална, та нарын нэг нь заавал үхсэн байх ёстой гэж хэлж дайрсан би хүүхдүүдээ хамгаалах гэхэд над руу янз бүрээр харааж, дайрсан. Би аргаа бараад шөнө 12 цаг өнгөрч байхад 4 хүүхдээ дагуулаад өөрийн хүргэн ахын гэрт очиж хоносон. Түүнээс хойш эргэж гэртэй очоогүй. Одоо өөрийн төрсөн аавын гэрт 4 хүүхдийн хамт амьдарч байна. Иймд энэ бүх дарамтнаас болоод Д.Чимэддоржтой хамт амьдрах боломжгүй болоод байна. Би болон миний 2 том хүүхдийн хүмүүжил, сурлага цаашлаад эрүүл мэнд амь насанд аюул учир ч болзошгүй байгаа тул хуулийн дагуу эвлэрүүлэн зуучлалд хандах боломжгүй байдалд ороод шууд шүүхэд хандаж байна. Иймд нөхөр Д.Чимэддорж бид хоёрын гэрлэлтийг цуцалж, миний 4 хүүхдийг миний өөрийн асрамжид үлдээж, 2 бага хүүд маань аав Д.Чимэдцоржоос тэтгэлэг тогтоож өгнө үү гэжээ.

          Нэхэмжлэгч Я.Нэмэхбаяр, хариуцагч Д.Чимэддорж нарын хооронд байгуулсан эвлэрлийн гэрээнд: Я.Нэмэхбаяр, Д.Чимэддорж бид хоёр харилцан ярилцсаны үндсэн дээр эвлэрч 4 хүүхэдтэйгээ хамтдаа амьдрахаар тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсан тул уг хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

          Шүүх зохигчдын тайлбар болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

          Нэхэмжлэгч Я.Нэмэхбаяр нь хариуцагч Д.Чимэддоржид холбогдох, гэрлэлт цуцлуулж, хүүхдээ өөрийн асрамжид авч, хүүхдийг тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

         Шүүхээс зохигчдод эвлэрүүлэх арга хэмжээ авсан ба уг ажиллагааны явцад гэрлэгчид эвлэрсэн болох нь Я.Нэмэхбаяр, Д.Чимэддорж нарын шүүхэд байгуулсан эвлэрлийн гэрээгээр нотлогдож байна. Уг гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, бусдын эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна. Иймд зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй гэж үзлээ.

         Нэхэмжлэгч Я.Нэмэхбаяр нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3 дахь хэсгүүдэд зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс шүүгчийн захирамжаар чөлөөлөгдсөн болохыг дурдах нь зүйтэй.

         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

         1. Нэхэмжлэгч Я.Нэмэхбаяр, хариуцагч Д.Чимэддорж нар эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

          2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3 дахь хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч Я.Нэмэхбаяр нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс шүүгчийн захирамжаар чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ                Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ