Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 05 сарын 25 өдөр

Дугаар 428

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

          Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

          Нэхэмжлэгч: Хорих 407 дугаар ангид ял эдэлж байгаа, 1988 онд төрсөн, 29 настай, эмэгтэй, регистрийн дугаар ОМ88040402, Хаснууд овогт Ишийн Отгоогийн нэхэмжлэлтэй,

          Хариуцагч: Увс аймгийн Улаангом сумын 11 дүгээр баг, 8-15 тоотод оршин суух, 1989 онд төрсөн, 28 настай, эрэгтэй, регистрийн дугаар ОЮ89042717, Хартаргад овогт Нямдаваагийн Төмөрхүүд холбогдох,

         Эцэг байх эрхийг хасч, хүүхдийн асран хамгаалагч өөрчлөн тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

         Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч И.Отгоо /цахимаар/, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ө.Нарантуяа, хариуцагч Н.Төмөрхүү, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Дашдорж нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

        Нэхэмжлэгч И.Отгоо шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нь 2016 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр Иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргаад 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдөр 642 дугаар шүүхийн шийдвэрээр гэр бүл цуцалж, 2 хүүхдийг эцэг Н.Төмөрхүүгийн асрамжид үлдээсэн. Шүүх хуралдааны хэлэлцүүлгээр Н.Төмөрхүү нь 2 хүүхдээ эргэж тойролгүй орхиж яваад 1 жил 5 сар болж байгаа бөгөөд охин Т.Хувьзаяа нь эцгээ танихгүй өсөж байгаа талаар тодорхой мэдүүлсэн ба 2 хүүхдээ эргэж тойрдоггүй, Улаанбаатар хот руу удаа дараа явахдаа хүү О.Батцоожтойгоо уулзаагүй, утсаар ч ярьдаггүй талаараа шүүх хурал дээр мэдүүлсэн хурлын тэмдэглэлд тэмдэглэгдсэн байгаа. Мөн найз охинтой болсон талаараа шүүх хурал дээр ярьсан нь facebook-ээр эхнэр хүүхэдтэй нь давхар нотлогдсон. Иймд 2 хүүхдэд эцэг байх эрхгүй гэж бодож байна. Хоёр хүүхэд маань миний төрсөн ах, эгч нар дээр эсэн мэнд бойжиж байгаа бөгөөд энэ талаар нөхцөл байдлын үнэлгээний дүгнэлтээс харагддаг. Ийм учраас миний хувийн байдал, хүү О.Батцоож, охин Т.Хувьзаяа нарын амьдарч байгаа орчин, Н.Төмөрхүүгийн 2 хүүхдээ асран хамгаалахгүй байгаа бодит байдлыг харгалзан үзээд Н.Төмөрхүүгийн эцэг байх эрхийг хасч, хүү О.Батцоожийг эгч И.Норжмаагийн, охин Т.Хувьзаяаг ах И.Хөхөөсүрэнгийн асрамжид үлдээж, хүүхдүүдэд тэтгэлэг олгож өгнө үү гэв.

          Хариуцагч Н.Төмөрхүү шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Би өөрийн охин Хувьзаяаг 1 жил 5 сар болоход 3 удаа эргэж очсон. Миний эцэг эх, төрсөн дүү, аавын дүү Тогтох гэдэг эгч нар нэг удаа эргэж очсон. Тэгэхэд яагаад эргэж очихгүй байна гээд байгааг ойлгохгүй байна. Төрсөн ах нь хүртэл тайлбар хийхдээ эргэж очоогүй гэсэн байдаг. Төрсөн ахтай нь уулзахад юм дуугарахгүй, хажууд байсан төрсөн эгч Цэрэннадмид нь эргээгүй бол эргээгүй гэж над руу уурласан. Охин Т.Хувьзаяаг Хөхөөсүрэнгийн гэрт очсоны дараа нүүрс авмаар байна гэхэд нь би нүүрсний мөнгө цалин буух болгондоо 40.000-50.000 төгрөг явуулдаг, бусад жижиг ойр зуурын хэрэгцээний зүйл өгч байсан. Сүүлд бэр эгч нь хүртэл залгаад И.Хөхөөсүрэнд битгий хэлээрэй, чамд 200.000 төгрөг байна уу, хүнд мөнгө өгөх ёстой юм, нэхээд байна гээд ярьж байсан. Сүүлд би 200.000 төгрөг И.Хөхөөсүрэн ахын данс руу хийж өгч байсан. Тэгэхэд яагаад хүүхдээ эргэдэггүй, хүүхдэдээ анхаарал тавьдаггүй гээд байгааг гайхаж байна. Бэр эгч нь сүүлд түлэгдэхэд И.Отгоогийн өмгөөлөгч над руу ярьж хэлэхэд нь би хоол, цай, 20.000 төгрөгтэй очиж эргэсэн мөн эмнэлгээс гарахад нь унаа байхгүй гэхээр нь би бас хүргэж өгсөн. Сүүлд 9 дүгээр сард охиндоо чихэр, үзэм, И.Хөхөөсүрэнгийн гэрт будаа, гоймон аваад эргээд ирсэн. Ах дүү нар бүгд И.Отгоогийн үгээр байгаад сурчихсан, бодвол И.Отгоо ах дүү нартаа мөнгө төгрөг өгдөг болоод ингэж байгаа байлгүй. Тэр үед эмнэлэгт байхад нь би И.Хөхөөсүрэн ахтай уулзаад та энд эмнэлэгт хоол, цай зөөж байхад тэнд хүүхэд харах хэцүү, дүү охиноо аваад асрая гэхэд өгөөгүй. Эрдэнэт хотод байгаа хүүхдээ цагаан сараар авья гэхэд цэцэрлэг тартал байж байг гээд явуулаагүй. Манай аав хот хооронд автобусны жолооч хийдэг. Хадам эгчтэй хотод байхад нь аав яриад би хотод байна, О.Батцоожийг аваад явах уу гэхэд өгөөгүй. Цэцэрлэг тарахаар бол гэсэн. Цэцэрлэг тарахаар нь би ярихад энд хувийн цэцэрлэгт өгөх гэж байна гээд өгөөгүй. Тэр үед И.Отгоо салах өргөдөл өгчихсөн эвлэрүүлэн зуучлал дээр байх үед Эрдэнэт рүү яриад О.Батцоожийг өгч болохгүй гэж ярьсан. Тэрнээс хойш залгахаар утсаа авахгүй, ажилтай байна гэдэг. Хүүхдээ авья гэхэд өгөөгүй. Тэгээд ах, эгч нар нь худал мэдүүлэг өгөөд эргэж байгаагүй гээд байх юм. Миний эргэсэн үйлдлүүд бүгд гэрчтэй. И.Отгоогийн талын хүмүүс мэдэж байгаа шүү дээ. Энд байгаа, Тариаланд байгаа аав ээжийг хүртэл үсний даахь авах өдөр Отгоогийн төрлийн эгч гэртээ оруулж цай уулгасан байдаг. Цагаан сараар И.Хөхөөсүрэн эхнэртэйгээ О.Хувьзаяатай хамт манай аавынд золгож ирээд 2016 оны 2 дугаар сарын 17-нд Хувьзаяагийн үсний даахинд ирж цай уу гээд тамхи хүртэл нэрээд дараа нь аав, ээж, дүү, аавын дүү Тогтох гээд хүмүүс очсон байдаг. Түүний дараа И.Хөхөөсүрэн О.Хувьзаяатай 5 хоногийн дараа орж ирэхэд нь би очиж охиноо эргэж очиж ойр зуурын юм, 15.000 төгрөгтэй өгөөд явуулсан. Охиныг Тариалангаас И.Хөхөөсүрэн И.Отгоотой уулзуулахаар ирэхэд нь би байнга уулзаж байсан. Ирэх болгонд нь би охинтойгоо уулзаад бензиний мөнгө гэж доод тал нь 5000 төгрөг, дээд тал нь 10.000 төгрөг өгдөг байсан. Хоолны махгүй, хоол хийх боломжгүй үед нь би захын гуанзнаас хоол зээлдэж өгөөд эргэлтээр оруулдаг байсан. Би баян цатгалан биш амьдрах гээд л явж байна. Би хоёр хүүхдээ өөр дээрээ авч асрах хүсэлтэй байна. Эцэг эх хоёрын аль нэгэн дээрээ өсвөл хүүхэд цааш айх, ичих зүйлгүй хайр халамжаар дутахгүй амьдрах байх. Хүний гар дээр өссөн хүүхэд яаж ч бодсон ойлгомжтой. Иймд миний саналыг харгалзан үзэж хоёр хүүхдийг минь над дээр үлдээж өгнө үү гэв.

        Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

      Нэхэмжлэгч И.Отгоо нь хариуцагч Н.Төмөрхүүд холбогдуулан эцэг байх эрхийг хасч, хүүхдийн асран хамгаалагч өөрчлөн тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

      И.Отгоо, Н.Төмөрхүү нар 2011 оны 10 дугаар сарын 10-ны өдөр гэр бүл болж, гэрлэлтээ батлуулан, тэдний дундаас 2011 оны 2 дугаар сарын 17-ны өдөр хүү О.Батцоож, 2014 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр охин Т.Хувьзаяа нар төрсөн болох нь хэрэгт авагдсан төрсний бүртгэлийн лавлагаанууд болон зохигчдын тайлбараар нотлогдож байна.

        И.Отгоо, Н.Төмөрхүү нарын хүү О.Батцоож, охин Т.Хувьзаяа нарыг Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 87 дугаар шийтгэх тогтоолоор эцэг Н.Төмөрхүүгийн асрамжид үлдээж шийдвэрлэсэн бөгөөд Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 642 дугаар шийдвэрээр тэдний гэрлэлтийг цуцалж, хүүхдүүдийн асрамжийг хэвээр үлдээжээ.

        Шүүх хүү О.Батцоож, охин Т.Хувьзаяа нарыг эцэг Н.Төмөрхүүгийн асрамжид байлгахаар шийдвэрлэсэн боловч хариуцагч нь хүүхдүүдээ өөрийнхөө асрамжид аваагүй, хүү О.Батцоож нь Орхон аймгийн Жаргалант суманд И.Отгоогийн эгч И.Норжмаагийнд, охин Т.Хувьзаяа нь Увс аймгийн Тариалан суманд И.Отгоогийн ах И.Хөхөөсүрэнгийнд өсөж, хүмүүжиж байгаа болох нь Увс аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтэс, Увс аймгийн Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтэс, Увс аймгийн Цагдаагийн газрын гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх байцаагч нарын 2016 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн нөхцөл байдлын үнэлгээ, Орхон аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтэс, Орхон аймгийн Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтэс, Орхон аймгийн Цагдаагийн газрын гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх байцаагч нарын 2016 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн дүгнэлт, гэрч М.Ишийн О.Батцоож нь охин И.Норжмаагийн асрамжид байгаа. Одоо Орхон аймгийн Жаргалант сумын Жаргалант багийн 16 дугаар гудамжны 5-02 тоотод амьдарч байгаа. О.Батцоож нь одоо 6 настай цэцэрлэгт явдаг. Ээж И.Отгоо нь Улаанбаатар хотын хорих ангид байгаа, аав Н.Төмөрхүү нь Увс аймагт байдаг. О.Батцоож нь энд ирээд 2 жил болж байхад Н.Төмөрхүү нь нэг ч удаа уулзаагүй мөн утсаар ярьдаггүй. Хүүхдээ гэсэн эцэг хүний сэтгэл байхгүй. И.Отгоо нь миний хүүхдийн эрүүл мэнд сайн байна уу, хүүхдийг минь сайн харж байгаарай гэж захиж хэлдэг. Н.Төмөрхүү өөрөө ажилтай, түүний аав, ээж нь тэтгэвэрт байдаг, хүүхдээ харах боломжгүй байсан учраас И.Норжмаа өөрийн асрамжиндаа авсан. Мөн хүүхдийн эрхийн байгууллагаас шалгаад асрах боломжтой гэж үзсэн. О.Батцоож нь ээжийнхээ талаар ярьж асуудаг. Н.Төмөрхүү нь эцэг байх боломжгүй. Яагаад гэвэл энд байх хугацаанд хүүхдээ нэг ч удаа эргэж ирээгүй. Мөн өөрийн эхнэр И.Отгоотой уулзаагүй, хүүхдээ өөрийн асрамжид авах талаар яриагүй. Н.Төмөрхүүгийн эцэг байх эрхийг хасах нь зөв, И.Нормжмаагийн асрамжид байх нь зүйтэй гэх мэдүүлэг, гэрч И.Норжмаагийн О.Батцоож нь өвөө М.Ишийн хамт миний асрамжид байдаг. Одоо Орхон аймгийн Жаргалант сумын Жаргалант багийн 16 дугаар гудамжны 5-02 тоотод амьдарч байгаа. О.Батцоожийн аав Н.Төмөрхүү нь Увс аймагт Хилийн цэрэгт хөгжимчин ажилтай, ээж И.Отгоо нь Улаанбаатар хотын хорих 407 дугаар ангид ял эдэлж байгаа. Н.Төмөрхүү хамгийн сүүлд 2016 оны 5 дугаар сарын 31-ний өдөр утсаар ярьсан. И.Отгоо нь боломжтой үед хүүхдүүдтэйгээ утсаар ярьдаг. Аав Н.Төмөрхүү нь ажил хийж байгаа учраас хүүхдийг харах боломжгүй байсан. Тэгээд ч хүүхэд нь манайд байх дуртай байдаг. Би өөрөө бага ангийн багш, удахгүй О.Батцоож сургуульд орох учраас боловсрол, эрүүл мэндийн байдлыг харгалзан үзсэний улмаас өөрийн асрамжид авсан. Н.Төмөрхүү утсаар ярьдаггүй, мөн Улаанбаатар хотод ирсэн боловч хүүхэдтэйгээ ирж уулзаагүй учраас хүүхдээ асрамжиндаа байлгах эрхгүй гэж үзэж байна. Увс аймгийн шүүхийн шийдвэрээр Т.Хувьзаяа, О.Батцоож нарыг Н.Төмөрхүүгийн асрамжид үлдээхээр шийдвэрлэсэн, гэхдээ О.Батцоож нь энд байдаг. Т.Хувьзаяа миний төрсөн ах И.Хөхөөсүрэнгийн асрамжид байдаг гэх мэдүүлэг, гэрч И.Хөхөөсүрэнгийн Миний төрсөн дүү И.Отгоо нь 2015 оны 7 дугаар сарын 08-ны өдөр залилангийн гэмт хэрэг үйлдсэн хэмээн шийтгүүлж 10 жил 6 сарын хорих ял авч Увс аймгийн цагдан хорих байранд хоригдож эхэлсэн. Тухайн үед Н.Төмөрхүү, И.Отгоо нар нь хүү Т.Батцоож, охин Т.Хувьзаяа нарын хамт амьдарч байсан ба И.Отгоог ял авсны дараа буюу 2, 3 хоногийн дараа Н.Төмөрхүү нь охин Т.Хувьзаяаг манай хүргэн Баастынд би ажилтай учраас охиноо харж хандаж чадахгүй байна, охиныг маань хараад өг гээд аваачиж өгсөн гэсэн. Н.Төмөрхүү, И.Отгоо нарын охин Т.Хувьзаяа нь хүргэн Баастынд 2-3 хоносон ба Баастынх боломж муутай учир миний бие очиж охин Т.Хувьзаяаг гэртээ авчирсан. Тэр үед Т.Хувьзаяа 8 сартай байсан ба түүнээс хойш Т.Хувьзаяа манай гэрт эхнэр, хүүхдүүдтэй маань хамт амьдарч, эхнэр Тогтохбаярын мөөмийг хөхөж эрүүл саруул бойжиж байгаа. Миний дүүгийн нөхөр Н.Төмөрхүү нь охиноо нэг ч удаа эргэж ирж байгаагүй. Т.Хувьзаяа одоо эхнэр бид хоёрыг аав, ээжээ гэж дууддаг. Манай эхнэр Тариалан сумын цэцэрлэгт цэцэрлэгийн багшаар ажилладаг бөгөөд Т.Хувьзаяа одоо цэцэрлэгт манай эхнэрийн ангид явж байгаа гэх мэдүүлгээр нотлогдож байна.

          Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдөр гарсан хэдий ч энэ хугацаанаас хойш эцэг Н.Төмөрхүү нь хүүхдүүдээ өөрийнхөө асрамжид аваагүй, хариуцагч нь Хүүхдүүдээ эргэж очиж байсан. И.Норжмаа, И.Хөхөөсүрэн нар нь хүүхдүүдийг өгөхгүй байна гэж тайлбарладаг боловч энэ нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байх тул хариуцагчийг хүүхдээ эрүүл чийрэг өсгөн хүмүүжүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх үүргээс зайлсхийсэн гэж үзнэ.

         Иймд Н.Төмөрхүүгийн эцэг байх эрхийг хасч, охин Т.Хувьзаяаг И.Хөхөөсүрэнгийн, хүү О.Батцоожийг И.Норжмаагийн асрамжид үлдээж, Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.1.1, 40.1.2 дахь хэсгүүдэд зааснаар охин Т.Хувьзаяа, хүү О.Батцоож нарыг 11 нас хүртэл нь хүүхдийн амьдарч байгаа тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 /суралцаж байгаа бол 18/ нас хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тус тус тэтгэлэг тогтоож, эцэг Н.Төмөрхүүгээр сар бүр тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэв.

          Нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс шүүгчийн захирамжаар чөлөөлөгдсөн ба нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул хариуцагч Н.Төмөрхүүгээс эцэг байх эрхийг хасч, хүүхдийн асран хамгаалагч өөрчлөн тогтоолгох тухай шаардлагад ногдох улсын тэмдэгтийн хураамж 70200 төгрөг, хүүхдийн тэтгэлэгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 47168 төгрөгийг тус тус гаргуулж улсын орлого болгох нь зүйтэй.

         Асран хамгаалагч нар нь үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй, Н.Төмөрхүүгийн эцэг байх эрхийг сэргээсэн тохиолдолд хариуцагч Н.Төмөрхүү нь хүүхдүүдийн асрамжийг өөрчлөх талаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрх нь нээлттэй болно.

         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

         1. Гэр бүлийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1-д зааснаар Хар таргад овогт Нямдаваагийн Төмөрхүүгийн эцэг байх эрхийг хассугай.

          2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар 2011 оны 2 дугаар сарын 17-ны өдөр төрсөн хүү О.Батцоожийг И.Норжмаагийн, 2014 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр төрсөн охин Т.Хувьзаяаг И.Хөхөөсүрэнгийн асрамжид тус тус үлдээсүгэй.

         3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар хүү О.Батцоож, охин Т.Хувьзаяа нарыг 11 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэг тогтоож, сар бүр эцэг Н.Төмөрхүүгээр тэжээн тэтгүүлсүгэй.

         4. Гэр бүлийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.3-д зааснаар энэхүү шийдвэр хүчин төгөлдөр болмогц шийдвэрийн хувийг ажлын гурван өдрийн дотор Увс аймгийн Улаангом сумын Засаг даргын Тамгын газрын Иргэний бүртгэлийн ажилтанд хүргүүлэхийг шүүгчийн туслах Ц.Баясгаланд даалгасугай.

         5. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.3, 60 дугаар зүйлийн 60.1дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч И.Отгоо нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс шүүгчийн захирамжаар чөлөөлөгдсөнийг дурдаж, хариуцагч Н.Төмөрхүүгээс улсын тэмдэгтийн хураамж 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөг, хүүхдийн тэтгэлэгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 47168 /дөчин долоон мянга нэг зуун жаран найм/ төгрөг, нийт 117368 /нэг зуун арван долоон мянга гурван зуун жаран найм/ төгрөг гаргуулж улсын орлогод буюу Төрийн сангийн 150000941 тоот дансанд оруулсугай.

         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                   Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ