Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 04 сарын 15 өдөр

Дугаар 2022/ШЦТ/122

 

 

 

 

                                   2022/ШЦТ/122

 

 

                                                                                                        

 

                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Гандолгор даргалж

Улсын яллагч: Э.Оргилбат  

Шүүгдэгч: Н.Б  

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Оюунгэрэл нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Ховогт Нийн Бад холбогдох эрүүгийн 2212000000075 тоот хэргийг хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1970 оны 08 дугаар сарын 13-ны өдөр Архангай аймгийн Батцэнгэл суманд төрсөн, 52 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, мэргэжилгүй, хувийн малаа малладаг, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Архангай аймгийн Эрдэнэбулган сумын ..............гэх газар оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Архангай аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 31 -ны өдрийн 85 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасч хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссэн, Ховогт Нийн Б/РД:АЯ............../

 

                               Холбогдсон хэргийн талаар:

 

 Шүүгдэгч Н.Б нь Монгол улсын Засгийн газрын 2019 оны 01 дүгээр сарын 31- ний өдрийн 57 дугаартай тогтоол, Архангай аймгийн Засаг даргын 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн А/23 дугаартай захирамж зэрэг захиргааны хэм хэмжээний актаар хориглосон үед буюу 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр Архангай аймгийн Ихтамир сумын Эрдэнэтолгой багийн нутаг дэвсгэр Элстэй гэх газарт зохион байгуулагдсан хурдан морины үсэргээнд өөрийн уяж, сойсон их насны морийг насанд хүрээгүй хохирогч М.Сор унуулан уралдуулахдаа Үндэсний морин уралдааны уралдаанч хүүхдийн хамгаалалтын хувцас, морины хэрэгсэлд тавигдах шаардлага МЫЗ 6264:2018 стандартад заасан хамгаалалтын хувцас өмсүүлэлгүй Монголын хурдан морины уралдааны дүрмийн 29 дүгээр зүйлийн 29.8 дахь хэсэгт “...уралдаанч хүүхдийн аюулгүй байдлыг хангаж, стандартын хамгаалалтын хувцсыг заавал өмсүүлэх...” гэж заасныг зөрчсөний улмаас насанд хүрээгүй хохирогч М.С нь мориноос унаж, эрүүл мэндэд нь баруун дунд чөмөг ясны их, бага төвгөр дайрсан, бага төвгөр салсан ташуу, зөрөөтэй хугарал гэмтэл буюу хүндэвтэр хохирол учирсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав.

 

 *Эрүүгийн 2212000000075 тоот хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

 

 *Насанд хүрээгүй хохирогч М.Сын өгсөн:

“...Тэр өглөө би аав М.Мгийн хамт 6-р баг, Хоршооллын Хуурай гэх газраас Элстэй гэх газар Ч.Х ахын гэр рүү моринд ажил хийнэ гэж дагаж явсан. Тухайн газар очсон чинь Н.Б ах аав бид хоёр дээр ирээд их насны морь унаад Ханагар хийгээд өг гэж хэлсэн. Тэгээд аав бид 2 зөвшөөрөөд тухайн хүний морийг унаад 6-7 км газар, 6-7 тооны морьд яваад Ханагар хийж ирээд Тойроод шогшиж байтал худгийн мөсөн дээр морь халтираад газар унахад нь баруун хөлөө даруулсан. Тэгээд хөдөлж болохгүй өвдөөд байсан. Аав, Н.Б хоёр машинд суулгаад Архангай аймагт ирээд эмнэлэгт зураг авахуулсан чинь баруун хөлийн дунд чөмөг хугараад сүүжний яс хугарсан гэж хэлсэн. Тэгээд Улаанбаатар хотод ирж хагалгаанд орсон. Би сайн дураараа унасан, ямар нэгэн албадсан зүйл байхгүй. Би тухайн үед зөвхөн 2 хөлдөө өвдгөвч өмссөн. Өөр зүйл өмсөөгүй, гэрийнхээ хувцастай унасан...” гэх мэдүүлэг/хх-ийн 28-31 дүгээр тал/

 

*Гэрч Д.Бын өгсөн:

“...2022 оны 01 сарын 29-ний өдөр Эрдэнэбулган сумын ИТХын дарга Г, Эрдэнэбулган сумын орлогч дарга Б нар манай 6-р багт Эрдэнэбулган сумын аварга малчдын шагналыг гардуулахаар Цагаан ус гэдэг газар ирэхэд нь би багийн даргын хувьд тосож уулзаад хамт явсан. Айлуудаар явсаар байгаад үдээс хойш Элстэй гэдэг газар Я.Цэ гэдэг айлд шагнал гардуулах гээд очих үед тэр айлын хүмүүс Ч.Х гэдэг айлын ойролцоо морь үсэргэж байна гэсэн чинь Эрдэнэбулган сумын ИТХ-ийн дарга Г морь уралдуулах, үсэргэх, сунгаа зэргийг хориглосон байгаа, аймгийн цагдаа руу сүлжээтэй газраас хэлье гэж ярьсан бид нарыг Я.Цэ гэдэг айлаас гарахад сунгаа дуусаад тарсан гэж байсан. Бид нар Элстэйгээс Хуурай гэдэг газарт өвөлжиж байгаа М.Мгийнд шагнал гардуулахаар ирэхэд М.М байхгүй эхнэр нь байсан. М.Мг хаашаа явсан талаар асуухад Элстэй рүү морь үсэргэх гэж явсан гэхээр нь Хүнүйн гол орчихоод буцахдаа шагналыг нь гардуулъя гэж яриад Хүнүйн гол орчихоод орой 23 цаг өнгөрч байхад М.Мгийнд ирэхэд эхнэр нь манай хүүхэд мориноос унаж гэмтээд Улаанбаатар хот руу явсан гэхээр нь шагналыг нь өгөөгүй манайд ирээд би гэртээ үлдээд сумын дарга нар аймаг руу явсан. Миний хувьд засаг даргын захирамжийг багийн иргэдийн 60 гаруй хувьд хүргэсэн. Мөн Тунгалаг тамир хоршоолол группт байршуулсан байгаа. Мориноос унахад хөл нь гэмтсэн гэж М.Мгийн эхнэр ярьсан...” гэх мэдүүлэг/хх-ийн 09-11 дүгээр тал/

 

*Гэрч Ч.Хийн өгсөн:

“...Би М.М, М.С, Нийн Б нартай 2022 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр уулзсан. Би өөрөө морь уядаг хүн байгаа юм тэгээд өөрийн уядаг морьдоо тодорхой хэмжээний газар хоол ундыг нь шингээх зорилгоор тогтмол ажил хийдэг юм. Ажил гэдэг нь уяж сойж буй морьдынхоо зуны уралдаанд бэлтгэх, өвс тэжээл өгсний дараа хөдөлгөөнтэй байлгах, хоол ундыг нь шингээх арга хэмжээг хэлж байгаа. Тэгээд намайг морьдынхоо ажлыг хийх гэж байхад М.М нь хүү Сгийнхоо хамт хар зүсмийн, хүрэн зүсмийн 2 тооны үрээтэй, Н.Б нь хээр зүсмийн азарга, хээр зүсмийн, хар зүсмийн 2 тооны морьтой ирчихсэн байсан санагдаж байна. Тэгээд тухайн хүмүүс нь үрээ, морьдоо хамт нийлүүлж байгаад 3 километр орчим зайд цогиулж, аясаар нь явуулж байгаад үзүүрт нь хурдыг нь нэмэх буюу ханагардах маягаар морьдоо явуулж хөдөлгөөнд оруулсан. Тэгтэл намайг морьдынхоо ажлыг хийж байгаад гэртээ иртэл М.Мгийн хүү С нь унаж явсан морьтойгоо худгийн мөсөн дээр хальтарч унасан гээд М.М хүүхдээ аваад аймаг явсан гэж тэнд байсан хүүхдүүд, томчуул надад хэлсэн. Дээрх өдөр ирсэн хүмүүс нь дандаа манай тэр хавьд нутагладаг хүмүүс байсан. М.М 2 тооны морьтой, Н.Б 3-4 тооны морьтой, О /морьтой, морьгүй ирсэнг мэдэхгүй байна/, Хасу М /морьтой, морьгүй ирсэнг мэдэхгүй байна/ нар ирсэн харагдаж байсан. Би ямар зүсмийн морь унаж яваад яаж унаад бэртсэн талаар мэдэхгүй байна. Намайг ирэхэд Бын морьтой явж байгаад худгийн мөсөн дээр морьтойгоо хальтарч унасан гэж ярьж байсан. 10-аад тооны морь мал байсан байх нарийн тоолж тоог нь гаргасан зүйл байхгүй. 7,8 хүүхэд харагдаж байсан. Би морьдоо тогтмол тэжээж, уяж, сойж байгаа, тэгээд морьдоо хөдөлгөх, хоолыг нь шингээх зорилгоор ажил хийсээр байгаад манай тэнд зам гарсан байсан болохоор тухайн хүмүүс нь манай замыг ашиглах, мөн миний морьдтой хамт явуулах гэж ирцгээсэн байх. Би аймгийн засаг даргын захирамж гарсанг мэдэж байсан...” гэх мэдүүлэг/хх-ийн 14-16 дугаар тал/

 

*Гэрч М.Мгийн өгсөн:

“...Би өөрийнхөө хүрэн зүсмийн соёолон насны морийг уяж сойж байсан. Манайхаас 4-5 км зайтай байдаг Ч.Х гэх залуу өдөр бүр морио хөлсөлж ханагар давхил хийдэг /уралдуулдаг/ юм тухай өглөө би өөрийнхөө морио ачаад хүү М.Стой хамт явж очсон чинь Ч.Хийнд уяач Н.Б, Багшийн Баатар гэж дууддаг залуу, О, М нар цугласан байсан. Намайг очиход их насны морьд уралдах гээд гарааны газар руу явах гэж байсан тэгсэн чинь Н.Б ах над дээр ирээд манай хүү М.Сог Их насны морь унаад уралдаад өг гэж гуйсан тэгээд би өмнө нь хүүхдээр нь морио унуулж байсан болохоор зөвшөөрөөд хүүхдээ явуулсан. Тэгээд тухайн үед их насны 8-9 морьд уралдаад ирсэн би Ч.Хийн машинд сууж байтал худгийн хажууд нэг хүүхэд мориноос унахыг харсан би нэг их юм бодолгүй байж байтал машин дотор сууж явсан хүмүүс Н.Бын морины хүүхэд уначихлаа гэж хэлсэн тэгээд машиныг нь унаад хүүхэд дээрээ ирсэн чинь С уйлчихсан сууж байсан. Тэгээд хөл нь өвдөөд болохгүй болохоор нь Архангай аймгийн төвд эмнэлэгт хүргэж ирээд зураг авхуулсан чинь баруун дунд чөмөг нь хугарсан байна гэж хэлсэн тэгээд шууд Улаанбаатар хот руу авч яваад хагалгаанд оруулсан юм. Яг биечлэн зохион байгуулсан хүн байхгүй ямар нэгэн бооцоо тавиагүй, уяачид хоорондоо ярилцаж байгаад морьдоо уралдуулахаар болсон юм.  Ер нь бол 2021 оны өвөлжингөө Ч.Хийнд морьдоо ханагардсан юм. Ямар нэгэн гэрээ хийсэн зүйл байхгүй тухайн үед л надаас гуйгаад би зөвшөөрөөд явуулсан юм. Ямар ч хамгаалах малгай хувцас хэрэглэл өмсүүлээгүй. Зүгээр гэрийнхээ зузаан хувцастай явуулсан юм. Би мэдэж байсан гэхдээ нэг их сүртэй зүйл болохгүй байх гэж бодоод морио уралдуулах гэж очсон юм. Тухайн өдөр Азарга, Их нас, Соёолон гэсэн гурван насны морьд уралдах байсан юм. Миний бие болон Н.Б, Ч.Х, Багшийн Баатар гэх дууддаг залуу, О, М гэх миний таньдаг хүмүүс байсан бусад хүмүүсийг би танихгүй 20 гаруй хүн цугласан байсан. хүүхэд мориноос унаад өөрийнхөө авч очсон морио уралдуулж чадахгүй Архангай аймаг явсан юм. Их насыг 5-6 км зайд уралдуулсан юм...” гэх мэдүүлэг/хх-ийн 24-25 дугаар тал/

 

*Яллагдагч Н.Бын өгсөн:

  “...2022 оны 01 дүгээр сарын 28-ний өдөр Архангай аймгийн Ихтамир сумын Эрдэнэтолгой багийн Элстэй гэх газар оршин суудаг Ч.Х гэх хүн нь “маргааш 5-6 километр зайд өөрийнхөө морьдыг үсэргэнэ, ухас хийлгэнэ” гэж ярихаар би түүний морьдтой хамт тэжээж байсан их насны хээр зүсмийн морио үсэргэх талаар хэлэхэд Ч.Х нь зөвшөөрсөн. Тэгээд би маргааш нь буюу 2022 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 11 цагийн орчимд дээрх Ихтамир сумын Эрдэнэтолгой багийн Элстэй гэх газар байх Ч.Хийнд өөрийн уяж, сойж, тэжээж байсан азарга, их нас, соёолон зэргийн 3 насны морьтойгоо очсон. Тухайн үед тэнд М.М соёолон насны үрээ, Ч.Х нь угаасаа тэндээ морь тэжээдэг олон тооны морьтой хүн юм, мөн ойр хавьд нь нутагладаг хэдэн хүмүүс ирчихсэн байсан, би яг хэн, хэн хэдэн морь, малтай ирсэн талаар нь сайн хэлж мэдэхгүй байна. Тэгээд эхлээд Ч.Х нь их насны морьдоо үсэргэнэ гэж хэлж байсан болохоор М.Мгийн хүү С нь аавын хамт явж байхаар нь морь унуулах хүүхэдгүй байсан учир өөрийнхөө их насны хээр зүсмийн морийг унуулсан. Тухайн үед 5 тооны их насны морьд байсан санагдаж байна Ч.Хийн гэрийн ойролцоогоос 4, 5 километр орчим зайд яваад дээрх их насны морьдыг буцаж үсэргэсэн, би тухайн үедээ хамгийн ард нь машинтайгаа М.Сыг дагаад хамаагүй давхиулж болохгүй шүү гэж хэлээд дагаад явж байсан. Тэгтэл Ч.Хийн морьд гэрийнх нь ойроос буюу гарсан газраасаа хэтрээд явчихаар нь би морь гарсан газраа М.Сыг морьтой нь хашаа руу шахаж байгаад зогсоогоод намайг машинаас буухын хооронд М.С тухайн газар байх худгийн мөсөн дээр унаад хэвтсэн байдалтай байхаар нь түүн дээр гүйгээд очиход уйлсан, баруун хөлөө барьсан байдалтай хөл өвдөөд байна гэж хэлж байсан. Тэгээд би өөрийн автомашинд М.С, түүний аав М.М нарыг суулгаад аймгийн төвийн Нэгдсэн эмнэлэгт үзүүлэхэд хөл нь хугарсан талаар хэлсэн. Тэгтэл М.М нь Улаанбаатар хотод хүүхдээ үзүүлнэ гэх шийдвэр гаргаад авч явж байсан. М.Сын унаж байсан дээрх хээр зүсмийн их насны морь нь миний өөрийн эзэмшлийн уяж, тэжээж байсан морь юм.  Тухайн үед миний мэдэхээр их Ч.Х бид хоёроос өөр хүн үсэргээгүй байсан тэгээд би удалгүй явсан учир өөр хэн, хэдэн тооны морь малтай ирсэн талаар мэдэхгүй байна. Би өмнө ял шийтгүүлж байсан...” гэх мэдүүлэг/хх-ийн 71-73 дугаар тал/

 

*Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 101 дугаартай“...М.Сын биед баруун дунд чөмөг ясны их, бага төвгөр дайрсан, бага төвгөр салсан ташуу зөрөөтэй хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн цохих, цохигдох үйлчлэлээр үүсэх боломжтой. Хэрэг болох цаг хугацаанд үүсэх боломжтой. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээний үр дүн ба эдгэрэлтээс хамаарна...” дүгнэлт /хх-ийн 49-50 дугаар тал/

 

*Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 88 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, нотлох баримтын хэмжээнд эрх зүйн дүгнэлт хийж шүүгдэгч Н.Бад холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар Н.Б нь Засгийн газрын 2019 оны 01 дүгээр сарын 31- ний өдрийн 57 дугаартай тогтоол, Архангай аймгийн Засаг даргын 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн А/23 дугаартай захирамж зэрэг захиргааны хэм хэмжээний актаар хориглосон үед буюу 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр Архангай аймгийн Ихтамир сумын Эрдэнэтолгой багийн нутаг дэвсгэр Элстэй гэх газарт зохион байгуулагдсан хурдан морины үсэргээнд их насны морийг насанд хүрээгүй хохирогч М.Сор унуулан уралдуулахдаа Үндэсний морин уралдааны уралдаанч хүүхдийн хамгаалалтын хувцас, морины хэрэгсэлд тавигдах шаардлага МЫЗ 6264:2018 стандартад заасан хамгаалалтын хувцас өмсүүлэлгүй Монголын хурдан морины уралдааны дүрмийн 29 дүгээр зүйлийн 29.8 дахь хэсэгт “...уралдаанч хүүхдийн аюулгүй байдлыг хангаж, стандартын хамгаалалтын хувцсыг заавал өмсүүлэх...” гэж заасныг зөрчсөний улмаас насанд хүрээгүй хохирогч М.С нь мориноос унаж, эрүүл мэндэд нь баруун дунд чөмөг ясны их, бага төвгөр дайрсан, бага төвгөр салсан ташуу, зөрөөтэй хугарал гэмтэл буюу хүндэвтэр хохирол учирсан гэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.

 

Дээрх гэмт хэрэгт шүүгдэгч Н.Б гэм буруутай болох нь насанд хүрээгүй хохирогч М.Сын”...Тухайн газар очсон чинь Н.Б ах аав бид хоёр дээр ирээд их насны морь унаад Ханагар хийгээд өг гэж хэлсэн. Тэгээд аав бид 2 зөвшөөрөөд тухайн хүний морийг унаад 6-7 км газар, 6-7 тооны морьд яваад Ханагар хийж ирээд Тойроод шогшиж байтал худгийн мөсөн дээр морь халтираад газар унахад нь баруун хөлөө даруулсан. Тэгээд хөдөлж болохгүй өвдөөд байсан. Аав, Н.Б хоёр машинд суулгаад Архангай аймагт ирээд эмнэлэгт зураг авахуулсан чинь баруун хөлийн дунд чөмөг хугараад сүүжний яс хугарсан гэж хэлсэн...” гэх мэдүүлэг, гэрч Д.Бын”...Бид нар Элстэйгээс Хуурай гэдэг газарт өвөлжиж байгаа М.Мгийнд шагнал гардуулахаар ирэхэд М.М байхгүй эхнэр нь байсан. М.Мг хаашаа явсан талаар асуухад Элстэй рүү морь үсэргэх гэж явсан гэхээр нь Хүнүйн гол орчихоод буцахдаа шагналыг нь гардуулъя гэж яриад Хүнүйн гол орчихоод орой 23 цаг өнгөрч байхад М.Мгийнд ирэхэд эхнэр нь манай хүүхэд мориноос унаж гэмтээд Улаанбаатар хот руу явсан гэхээр нь шагналыг нь өгөөгүй манайд ирээд би гэртээ үлдээд сумын дарга нар аймаг руу явсан...” гэх мэдүүлэг, гэрч Ч.Хийн”...Н.Б нь хээр зүсмийн азарга, хээр зүсмийн, хар зүсмийн 2 тооны морьтой ирчихсэн байсан санагдаж байна. Тэгээд тухайн хүмүүс нь үрээ, морьдоо хамт нийлүүлж байгаад 3 километр орчим зайд цогиулж, аясаар нь явуулж байгаад үзүүрт нь хурдыг нь нэмэх буюу ханагардах маягаар морьдоо явуулж хөдөлгөөнд оруулсан. Тэгтэл намайг морьдынхоо ажлыг хийж байгаад гэртээ иртэл М.Мгийн хүү С нь унаж явсан морьтойгоо худгийн мөсөн дээр хальтарч унасан гээд М.М хүүхдээ аваад аймаг явсан гэж тэнд байсан хүүхдүүд, томчуул надад хэлсэн...” гэх мэдүүлэг, гэрч М.Мгийн”...Н.Б ах над дээр ирээд манай хүү М.Сог Их насны морь унаад уралдаад өг гэж гуйсан тэгээд би өмнө нь хүүхдээр нь морио унуулж байсан болохоор зөвшөөрөөд хүүхдээ явуулсан. Тэгээд тухайн үед их насны 8-9 морьд уралдаад ирсэн би Ч.Хийн машинд сууж байтал худгийн хажууд нэг хүүхэд мориноос унахыг харсан би нэг их юм бодолгүй байж байтал машин дотор сууж явсан хүмүүс Н.Бын морины хүүхэд уначихлаа гэж хэлсэн тэгээд машиныг нь унаад хүүхэд дээрээ ирсэн чинь С уйлчихсан сууж байсан. Тэгээд хөл нь өвдөөд болохгүй болохоор нь Архангай аймгийн төвд эмнэлэгт хүргэж ирээд зураг авхуулсан чинь баруун дунд чөмөг нь хугарсан байна гэж хэлсэн тэгээд шууд Улаанбаатар хот руу авч яваад хагалгаанд оруулсан...” гэх мэдүүлэг, өөрийн гэм бурууг хүлээн мэдүүлсэн яллагдагч Н.Бын мэдүүлэг, хохирогчийн биед хүндэвтэр хохирол учирсан болохыг тогтоосон Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 101 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх ба Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол болгоомжгүй учруулах гэмт хэргийн шинжийг хангаж байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлсэн болно.

Архангай аймгийн прокурорын газраас шүүгдэгч Н.Бын хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол болгоомжгүй учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судалсан дээрх нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, эдгээр баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэв.

 

   Хохирол хор уршгийн талаар

Гэмт хэргийн улмаас насанд хүрээгүй хохирогч М.Сын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан бөгөөд насанд хүрээгүй хохирогч болон түүний хууль ёсны төлөөлөгчийн зүгээс гомдол саналгүй, хохирол төлбөрөө бүрэн авсан гэж мэдүүлсэн тул шүүгдэгч Н.Быг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв. Харин насанд хүрээгүй хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан, шинжээчийн дүгнэлтээр эрүүл мэндийг нь удаан хугацаагаар сарниулна гэж заасан тул насанд хүрээгүй хохирогч болон түүний хууль ёсны төлөөлөгч нь хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохиролтой холбогдуулан цаашид гарах зардлыг иргэний  хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу шүүгдэгчээс нэхэмжлэх эрхтэй талаар дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

 

Шүүгдэгч  нь “хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй бөгөөд шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршиг, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдохгүй байх бөгөөд гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлсөнг Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

 

Шүүгдэгч Н.Б нь өөрийн гэм буруу болон прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн үндэслэлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн бөгөөд, шүүгдэгч Н.Б нь дээрх гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, хохирол төлбөрийг төлсөн тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой байна.

Иймд шүүгдэгч Н.Бын хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол болгоомжгүй учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, прокурорын санал зэргийг харгалзан торгох ял оногдуулж, уг ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.4, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг,  36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

         

          1.  Шүүгдэгч Ховогт Нийн Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол болгоомжгүй учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.

 

            2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Быг 600/зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000/зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б нь шүүхээс оногдуулсан 600/зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000/зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3/гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15/арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1/нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

           

            5. Шүүгдэгч Н.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, насанд хүрээгүй хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нар нь хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохиролтой холбогдуулан цаашид гарах зардлыг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг  тус тус дурдсугай.  

 

            6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, насанд хүрээгүй хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

            7. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Н.Бад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   П.ГАНДОЛГОР