Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 04 сарын 14 өдөр

Дугаар 2022/ШЦТ/119

 

 

 

 

 

 

 

                                   2022/ШЦТ/119

 

 

 

 

                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Гандолгор даргалж

Улсын яллагч: Э.Оргилбат

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч: Б.Д

Иргэний нэхэмжлэгч: Ш.Ж

Иргэний хариуцагч: Г.О  

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Ц.Бат-Эрдэнэ  

Шүүгдэгч: А.А

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.О нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн У овогт Аийн Ад холбогдох эрүүгийн 2212000000042 тоот хэргийг хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 2002 оны 06 дугаар сарын 01-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 19 настай, эрэгтэй, ................ суралцдаг, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй,  ам бүл 4, ээж, дүү нарын хамт Архангай аймгийн ............. тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, У овогт Аийн А/РД:АЙ.........../,

 

                             Холбогдсон хэргийн талаар:

 

   Шүүгдэгч А.А нь согтуурсан үедээ 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Архангай аймгийн Хангай сумын ............. гэх газар ............. УНА улсын дугаартай Приус-30 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож яваад Монгол улсын замын хөдөлгөөний дүрэм, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчин Мустанг-5 маркийн мотоциклтой зорчиж байсан Ш.Ж, Б.П нарыг мөргөж  улмаас иргэн Б.П нас барсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав.

           

           *Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Дн шүүх хуралдаанд мэдүүлсэн:

           “...2022 оны 01 дүгээр сарын 03-ны шөнө 12 цагийн үед Ш.Ж ахын хүргэн залгаад ээж аав 2 хөдөөнөөс сумын төв ирж яваад осолд орсон гэнээ, ээж хэцүү болчихсон юм шиг байна гэж хэлсэн. Тэгээд ирээд Ш.Ж ахаас асуухад осол болсны дараа хүүхдүүд тараад алга болчихсон би ногооны талбайн ойролцоох айлд очиж түргэн дуудчихаад буцаад нөгөө айлын хүнтэйгээ эхнэр дээрээ ирсэн тэр үед хүүхдүүд байхгүй байсан гэж хэлсэн. Насанд хүрээгүй 2 хүүхэд байгаа энэ 2 хүүхдэд нь насанд хүртэл нь тэтгэвэр тэтгэмж авах хүсэлтэй байгаа. Мөн хохирогчийн ар гэрч сэтгэл санааны дарамт учруулмааргүй байна. Манайхан руу шүүгдэгчийн талаас гомдолгүй гээд хэлчхэж чадахгүй байна уу? гэж удаа дараа утсаар дарамталж ярьдаг. Би хууль мэдэхгүй, анх удаагаа ийм зүйлтэй тулгарч байгаа болохоор сайн мэдэхгүй байсан, над руу данс руу чинь мөнгө хийе гэхээр нь шүүх хурал дээр нь авч болдог гэсэн , миний хувьд мөнгө авъя гэсэн хүсэл байхгүй, хэдэн хүүхэд дээр нь очоод уулзаад уучлалт гуйгаасай гэж хүссэн. Миний төрсөн нэг эгч маань энэ хэргээс болоод 13 хоног сэтгэцийн эмнэлэгт хэвтсэн. Манай эгч А.А шоронд орчихлоо гээд хямраад байсан, би А.Агийн ээжид нь хүүхдээ ганц удаа ч гэсэн оруулаад ирээч гэж хэлсэн боловч оруулж ирээгүй, тэгсэн хирнээ согтуу хүмүүсээр утсаар яриулж мөнгө авахгүй, гомдолгүй гээл хэлчхэж чадахгүй байна уу, ална даа та нарыг яаж амьдрахыг чинь харна гээд дарамталсан. Амь хохирогчийн хамгийн том банди нь саяхан эхнэртэй болсон, тэгээд хадмууд нь миний хүүхдийг битгий ингэж дарамтлаад бай гээд утсаар ярьсан чинь А.Агийн ээж нь угаасаа бүтэхгүй хүүхэд шүү дээ наадах чинь гэж хадам ээжид нь хэлсэн байсан. Дөнгөж амьдрал нь эхэлж явахдаа эхийгээ алдсан хүүхэд эхнэрээ бараадахгүй хэнийг бараадхав дээ. Тэгэхэд хадмуудад нь ийм зүйл яриад явж болохгүй. Би Г.О эгчид уучлалт гуйчихвал мөнгө авахгүй гэж хэлсэн. Сэтгэл санааны дарамт учруулмааргүй байна...” гэх мэдүүлэг

 

           *Иргэний нэхэмжлэгч Ш.Жийн шүүх хуралдаанд мэдүүлсэн:

           “...2 хүүхдээ яана даа л гэж бодож байна. Тэр 2 жоохондоо л санаа зовж байна. Би таван малаа маллаж, хүнээс царай алдахгүй амьдардаг хүн...” гэх мэдүүлэг,

 

           *Эрүүгийн 2212000000042 тоот хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

 

           *Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Дн өгсөн:

“...Тухайн орой намайг Тариат суманд байхад шөнө Ш.Ж хүргэн над руу залгаад ээж, аав 2 орой 21 цагийн үед Хангай сумын төвд ажлаар явсан. Замдаа осолд ороод ээж хэцүү болсон юм шиг байна. Эхнэртээ хэлж чадахгүй байна, хэцүү байна гэж хэлсэн. Тэгээд би хямраад юу болсон талаар санахгүй байна. 2022 оны 01 сарын 03-04-нд шилжих шөнө Тариат сумаас Хангай сум руу гарах гэж байхад Улаанбаатар хотоос манай төрсөн эгч залгаад ээж байхгүй болчихсон юм биш үү гээд уйлахаар нь би, ер нь нас барсан юм гэж ойлголт авсан. Тэгээд би Хангай суманд ирээд эгч Б.Пыг нас барсныг мэдсэн. Миний ойлгосноор Арбаясгалан багийн ногооны талбай гэх газар Приус маркийн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөөд осолд орж нас барсан гэж ойлгож байна. Хамгаалах малгай өмсөж явсан эсэхийг би мэдэхгүй байна. Ш.Ж ах нь хөдөөнөөс явахдаа эрүүл явсан гэж байсан. Ш.Ж ахад үнэмлэх байдаг үгүйг би мэдэхгүй. Намайг бага байхад л мотоцикл унадаг байсан. Тухайн мотоцикл гэрэлтэй байсан гэж Ш.Ж ах ярьж байсан. Тухайн машины жолооч архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг шалгуулмаар байна. Цаашдаа санал хүсэлтээ тухай бүр нь өгөөд явах болно. Би гомдолтой байна...” гэх мэдүүлэг/хх-ийн 16-18 дугаар тал/

 

            *Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Дн дахин өгсөн:

            “...Би гомдолтой байна. Миний эгч 4 хүүхэдтэй байсан. 2 хүүхэд нь насанд хүрээгүй учир насанд хүрээгүй  хүртэл нь тэтгэмж гаргуулж авмаар байна...” гэх мэдүүлэг/хх-ийн 157-158 дугаар тал/

 

           *Насанд хүрээгүй гэрч Б.Бн өгсөн:

           “...Тухайн өдөр намайг худаг дээрээс ус авч байхад найз М.Хэ, А.Э  хоёр над дээр ирсэн. Тухайн үед А.А нар Тариат суманд шинэ он гаргаад ирсэн юм. Тэгээд бид 4 уулзаад М.Хэ дэлгүүрээс 1 ширхэг 2,5 литр “Сэрүүн” нэртэй пиво аваад тухайн пивыг А.Агийн машинд дөрвүүлээ хувааж уусан. Тэгээд А.Э Тариат сум яваад ирье гэхээр нь А.А зөвшөөрөөд бид 4 хамт явахаар болоод орой 21 цаг өнгөрч байхад сумын төвөөс Арбаясгалан багийн нутаг Ногооны хашаа гэх газар явж байтал гэнэт юм мөргөөд зогссон. А.Э урд суудал дээр сууж байсан. Түрүүлээд машинаас буугаад явсан. Бид 3 араас нь буугаад би машин тойроод хартал А.Э хүн ухаангүй байна гэж хэлсэн. Тэгээд М.Хэ машин асаагаад эмнэлэг авч явах гэсэн чинь машин асаагүй. М.Хэ, А.Э бид 3 сүлжээтэй газар хайж гүйгээд А.Эын утсаар Хангай сумын Эрүүл мэндийн төвд дуудлага өгөөд буцаад хэргийн газар ирсэн. Удалгүй манай болон А.Эын ар гэрээс хүмүүс ирээд араас нь эмч нар ирээд Б.П эгчийг үзээд нас барсан байна гэж хэлсэн. Би жолоочийн ар хэсэгт сууж явсан хэдэн км цагийн хурдтай явсан эсэхийг мэдэхгүй байна. А.А их согтуу байгаагүй эрүүл байсан.  Гэхдээ пиво уусан болохоор хэвийн бус байсан. Бид 4-ийн биед ямар ч гэмтэл учраагүй, зүгээр байгаа. Миний бодлоор сайн жолооддог гэж бодож байна. Осол болсон газраас 3-4 км орчим газар гүйгээд сүлжээ бариад эмнэлэгт дуудлага өгсөн...” гэх мэдүүлэг/хх-ийн 21-23 дугаар тал/

 

           *Гэрч М.Хийн өгсөн:

           “...Тухайн өдөр найз А.А Тариат суманд шинэ он гаргаад ирсэн. Манай найз Б.Б, А.Э, А.А бид нар уулзаад хуучилсан. А.Эын найз охин Тариат суманд байдаг юм. Шинэ оноор ирж хамт байсан гэж уурлаад байна гэж ярьж байсан.  Тэгээд бид дөрөв 1 ширхэг 2,5 литрийн Сэрүүн нэртэй пиво А.Агийн машинд уусан. Тэгэхдээ А.Э Тариат сум яваад ирье гэж А.А гуйхад зөвшөөрөөд бид дөрөв явахаар болоод орой 21 цагийн үед Тариат сум руу гараад Арбаясгалан багийн нутаг Ногоон талбай гэх газар явж байтал гэнэт юм мөргөөд зогссон. Би тухайн үед Б.Бтай хамт арын суудал дээр, А.Э урд суудал дээр, А.А жолоо барьж байсан. Машинаас түрүүлээд А.Э буугаад мотоцикльтой мөргөлдсөн байна. Хүн ухаан алдчихсан байна гээд уйлаад гүйгээд ирсэн. Бид 3 араас нь буугаад очсон чинь замын хажууд улбар шар ажлын хувцастай хүн хэвтэж байсан. Хажууд нь эрэгтэй хүн байсан яваад очиход Ш.Ж ах байсан. Тэгээд нөгөө хэвтэж байсан хүнийг Б.Паа сэрээрэй гээд орилоод тэврээд байхаар нь эхнэр нь байна гэж мэдсэн. Тэгээд эмч нар ирээд Б.П эгчийг үзээд нас барсан байна гэж хэлсэн. Би яг хянах самбар хараагүй. Гэхдээ 70-80 км цаг хурдтай явсан байх нэлээн хурдтай явсан. Би согтоогүй зүгээр байсан. Гэхдээ халамцуу байсан. Бид нар хөгжим чанга тавиад дуулаад явж байсан юм. Би анзаарч хараагүй тухайн үед чулуу мөргөчихлөө гэж бодсон. Тоормос гишгэсэн эсэхийг мэдэхгүй байна, шууд явж байгаад гэнэт мөргөсөн. А.А надтай адилхан халамцуу байсан, гэхдээ согтоогүй байсан. Би дөрвийн биед ямар нэгэн гэмтэл учраагүй. А.А нэг их сайн жолоо барьж чадахгүй, 2020 оноос эхлээд л машин барьж эхэлсэн. Нүдний хараа зүгээр ямар нэгэн бэрхшээл байхгүй...” гэх мэдүүлэг/хх-ийн 30-32 дугаар тал/

 

           *Гэрч А.Эын өгсөн:

          “...Тухайн өдөр найз А.А Тариат суманд шинэ он гаргаад ирсэн. Манай найз охин намайг шинэ жилээр ирсэнгүй гээд уурлаад байсан болохоор би нэг очоод ирье гэж бодож байсан. Тухайн өдөр найз Б.Б, М.Хэ, А, бид нар уулзаад хуучилж байгаад нэг ширхэг 2,5 литрийн Сэрүүн нэртэй пиво дэлгүүрээс аваад А.Агийн машинд уусан. Тэгээд би машинаараа Тариат сум явах гэж байгаа талаар хэлэхэд манай найзууд А.Агийн машинаар яваад ирэх үү гэж ярилцаад зөвшөөрөөд бид 4 явахаар болоод орой 21 цагийн үед сумын төвөөс Тариат сум руу гараад явсан. Арбаясгалан багийн нутаг Ногоон талбай гэх газар явж байтал гэнэт юм мөргөөд зогссон. Би мал мөргөчихлөө гэж бодоод машинаас буугаад харсан чинь машины ард мотоцикл уначихсан. Цааш нь гүйсэн чинь нэг хүн газар хэвтэж байсан. Хажууд нь нэг хүн сууж байхаар нь буцаж очоод мотоциклтой мөргөлдчихсөн байна гээд орилоод очсон. Манай гурван найз машинаас буугаад нөгөө хоёр хүн дээр очоод буцаад М.Хэ машин асаах гээд чадаагүй. Тэгээд А.Аг үлдээгээд Б.Б, М.Хэ, бид гурав сүлжээтэй газар хайж тусламж дуудах гээд гүйгээд явсан миний утсанд сүлжээ ороод Хангай сумын Эрүүл мэндийн төвд 22 цаг 22 минутад дуудлага өгөөд ар гэртээ болсон асуудлын талаар хэлцгээгээд буцаад нөгөө газраа ирсэн чинь Ш.Ж гэх хүн ухаангүй хэвтэж байсан хүн болон А.А нар танихгүй мотоциклтой хүн ирсэн байсан ойрхон өвөлжөөтэй байсан айлын хүн дуудсан юм шиг байна лээ. Тэгээд бид нарын ар гэрээс хүмүүс ирээд дараа нь Эмнэлгийн машинтай ирсэн эмч үзээд тухайн хүнийг нас барсан байна гэж хэлсэн. Би хянах самбар харахад 79 км цагийн хурдтай явж байсан. Бид нар уусан пивондоо халчихсан хөгжим чанга тавиад дуулаад явж байсан юм. Би анзаарч хараагүй. Тухайн үед мал дайрчихлаа гэж бодсон. Тоормос гишигсэн эсэхийг би мэдэхгүй байна шууд явж байгаад гэнэт юм мөргөөд урд талын дэр задраад сонин дарь шиг үнэр үнэртээд байсан. А.А бараг согтоогүй эрүүл байсан. Бид дөрвийн биед ямар ч гэмтэл учраагүй...” гэх мэдүүлэг/хх-ийн 34-35 дугаар тал/

 

           *Гэрч Ш.Жийн өгсөн:

          “...Тухайн орой 21 цагийн үед эхнэр Б.Пын хамт хөдөө гэр болох Хөшөөтийн өвөлжөөнөөс Хангай сумын төв том гэр рүүгээ өөрийнхөө ногоон өнгийн Мустанг-5 маркийн улсын дугааргүй мотоциклтой явсан. Тэгээд Ногоон талбай гэх газар явж байтал урдаас нэг машин ирж байсан. Тэгээд хажуугаар нь буюу замын баруун гар талаар шахаад явж байтал нөгөө машин яах ийхийн зуургүй өөдөөс орж ирээд намайг зүүн урд хэсгээрээ мөргөсөн. Би тэгээд юу болсныг мэдээгүй нэг ухаан ороход амьсгалж чадахгүй байж байгаад амьсгаа зүгээр болсон. Тэгээд би арай гэж босоод харсан чинь мотоциклын урд дугуй байхгүй байсан. Цаашаа алхаад явтал манай эхнэр ямар ч хөдөлгөөнгүй замын хажуу талд ямар ч хөдөлгөөнгүй баруун талаараа харсан байдалтай хэвтэж байсан. Би очоод цээжнээс нь тэврээд сэрээрэй гээд сэгсэрсэн чинь ямар ч амьсгаа байхгүй ухаангүй байсан. Тэгээд нөгөө намайг мөргөсөн машин дотор ямар ч амьсгаа байхгүй болохоор нь хамгийн ойр байх айл руу алхаад очоод Аавлай гэж дууддаг айлд орсон. Эхнэрт нь түргэн юм  уу цагдаа дуудаад өгөөч гэсэн. Эхнэр нь утсаараа эмч дуудсан гэсэн. Тэгээд би эргээд очсон чинь нөгөө Приус машины хүмүүс ирсэн. Тэгээд удалгүй  машины хүмүүсийн ар гэрийнхэн ирээд араас нь Хангай сумын эмч Ганчимэг, Пагмасүрэн эмч нар ирээд манай эхнэрийг үзээд нас барсан байна гэж хэлсэн. Би ойролцоогоор 30 км цаг хурдтай явж байсан байх. 3 дугаар араандаа хийсэн явж байсан. Би мотоциклынхоо гэрлийг асааж явсан. Би гэрлээ ойр дээр нь шилжүүлж явж байсан. Миний мотоциклийн гэрэл бүдэг шар өнгөтэй хааз нэмэхээр тодордог. Гэхдээ урдах замаа хангалттай гэрэлтүүлдэг юм. Би болон манай эхнэр эрүүл байсан. Эхнэр бид хоёр хамгаалах малгай өмсөөгүй байсан. Миний хоёр хөл гэмтсэн хөндүүрлээд хавдсан байгаа. Цээж өвдөөд хөндүүрлээд байна. Надад мотоцикл жолоодох эрхийн үнэмлэх байхгүй. Би 25 жил мотоцикл жолоодож байна. Би гомдолтой байна. Хуулийн дагуу шийдэж өгнө үү...” гэх мэдүүлэг/хх-ийн 38-39 дүгээр тал/

 

          *Гэрч Ж.Мын өгсөн:

          “...Би тухайн цаг үед зам тээврийн осол гарсан гэх дуудлагын дагуу очсон цагдаагийн байгууллагын алба хаагчийн шаардлага тавьсан. Мөн тухайн тээврийн хэрэгсэл жолоодож явсан гэх А.А , Ш.Ж нарын зөвшөөрснөөр цусыг тухайн шөнө буюу 2022 оны 01 дүгээр сарын 03-ны шөнө Архангай аймгийн Хангай сумын Арбаясгалан багийн нутагт Ногооны талбай гэх газар манай эрүүл мэндийн төвийн 54-58 АРА улсын дугаартай Пургон маркийн тээврийн хэрэгсэл дотор 23 цаг 10 минутад сумын эрүүл мэндийн төвийн их эмч Ганчимэг, бага эмч Пагмасүрэн нарын хамт хуруу шилэнд 5 мл цус авсан. Харин Ш.Жоос 23 цаг 45 минутад 5 мл цус авч сумын эрүүл мэндийн төвийн лабораторийн хөргөгчид хадгалж байгаад цагдаагийн байгууллагад өөрийн биеэр өгсөн. Мөрдөгч техникийн алдаа гаргасан байх. Миний мэдүүлж байгаа үнэн. А.А, Ш.Ж нараас цус авсан нь үнэн. А.Агаас архи согтууруулах ундааны зүйл үнэртэж байсан. Харин Ш.Жоос архи согтууруулах ундааны зүйл үнэртэж мэдэгдэхгүй байсан...” гэх мэдүүлэг/хх-ийн 200-201 дүгээр тал/

 

          *Иргэний хариуцагч Г.Оийн өгсөн:

          “...Манай хүү жолооны эрхийн үнэмлэхтэй учраас машинаа жолоодоод яваад байдаг. Ер нь бол би хүүхдэдээ өгөх зорилготой байсан юм. Би хүүгийнхээ гаргасан хохирлыг хувааж төлөх болно. Тухайн машин нь миний эзэмшлийн машин гэхдээ гэрчилгээ нь Нет Капитал ББСБ-ийн нэр дээр байдаг юм. 2 жил тасралтгүй мөнгийг нь төлчихсөн одоо 12 сар төлөөд гэрчилгээгээ өөрийнхөө нэр дээр шилжүүлж авна. Надад ямар нэгэн нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг/хх-ийн 130-131 дүгээр тал/

 

           *Яллагдагч А.Агийн өгсөн:

“...Би  хүний амь нас хохироосондоо маш их гэмшиж байна...” гэх мэдүүлэг/хх-ийн 163 дугаар тал/

 

*Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 01 сарын 07-ны өдрийн 58 дугаартай:

“...Б.Бн биед гэмтэл тогтоогдсонгүй...” гэх дүгнэлт/хх-ийн 46-47 дугаар тал/

 

*Архангай аймаг дахь Цагдаагийн газрын шинжээч У.Лхагвадоржийн 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 02 дугаартай:

“...Т.Приус маркийн 86-58 УНА улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч А.А нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-д Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино гэсэн заалт, Мөн дүрмийн 11.1-д Эгнээний тоог зорчих хэсэг дээрх тэмдэглэл болон 5.10.а, 5.10.6, 5.11.а, 5.11.6 тэмдгээр тодорхойлно. Хэрэв эдгээр тэмдэг, тэмдэглэл байхгүй бол жолооч харааны баримжаагаар тухайн зорчих хэсгийн өргөн, автомашины өргөний хэмжээ, хажуугийн аюулгүйн зайг харгалзан эгнээний тоог тодорхойлох бөгөөд тухайн зорчих хэсэг эсрэг хөдөлгөөнтэй бол түүний өргөний зүүн гар тал дахь тэн хагасыг эсрэг хөдөлгөөнд зориулагдсанд тооцно гэсэн заалт, Мөн дүрмийн 12.2-д Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна гэсэн заалт, Мөн дүрмийн 3.7.А- д Тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсвэл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байх үндэслэлтэй байна. Жич: Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч, Цагдаагийн ахмад Б.Отгонжаргалын 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 09 дугаартай дүгнэлтэд Иргэн А.Агийн гэх цусад 1,4 промиль спиртийн зүйл илрэв. Энэ нь согтолтын хөнгөн зэрэгт хамаарна гэсэн байна. Мустанг-5 маркийн мотоциклын жолооч Ш.Ж нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.1.А-д Тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхийн хүчинтэй үнэмлэх буюу түр зөвшөөрөл (жолоодлогын дадлага хийж яваа суралцагчид хамаарахгүй) гэсэн заалт, Мөн дүрмийн 3.4.В-д Мотоцикл, мопед жолоодохдоо хамгаалах малгайг зааврын дагуу өмсөх, хамгаалах малгай өмсөөгүй зорчигч тээвэрлэхгүй байх гэсэн заалтуудыг зөрчсөн байх үндэслэлтэй байна.

1.  Т.Приус маркийн 86-58 УНА улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч А.А нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.1-д Эгнээний тоог зорчих хэсэг дээрх тэмдэглэл болон 5.10.а, 5.10.6, 5.11.а, 5.11.6 тэмдгээр тодорхойлно. Хэрэв эдгээр тэмдэг, тэмдэглэл байхгүй бол жолооч харааны баримжаагаар тухайн зорчих хэсгийн өргөн, автомашины өргөний хэмжээ, хажуугийн аюулгүйн зайг харгалзан эгнээний тоог тодорхойлох бөгөөд тухайн зорчих хэсэг эсрэг хөдөлгөөнтэй бол түүний өргөний зүүн гар тал дахь тэн хагасыг эсрэг хөдөлгөөнд зориулагдсанд тооцно гэсэн заалт, Мөн дүрмийн 12.2-д Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна гэсэн заалт, Мөн дүрмийн 3.7.А-Д Тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсвэл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно гэсэн заалтуудыг тус тус зөрчсөнөөс зам тээврийн осол гарсан байх үндэслэлтэй байна.

2.  Осол гарахад замын нөхцөл байдал болон өөр ямар нэгэн хүчин зүйл нөлөөлсөн гэх үндэслэлгүй байна.

3. А.А /АЙ02260116/ регистрийн дугаараас ТР5 программд шүүж үзэхэд В ангиллын 1348765 дугаарын жолооны хүчинтэй үнэмлэхтэй байна. Ш.Ж /АЙ72071013/ регистрийн дугаараар жолоочийн лавлагаа, мэдээллийн сангаас шүүхэд ямар нэгэн мэдээлэл гарч ирэхгүй байгаа нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхгүй байна...” гэх дүгнэлт/хх-ийн 52-53 дугаар тал/

 

*Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 01 сарын 07-ны өдрийн 59 дугаартай:

“...А.Эын биед гэмтэл тогтоогдсонгүй...” гэх дүгнэлт/хх-ийн 58-59 дүгээр тал/

 

*Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 01 сарын 07-ны өдрийн 61дугаартай:

“...М.Хийн биед гэмтэл тогтоогдсонгүй...” гэх дүгнэлт/хх-ийн 64-65 дугаар тал/

 

*Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 01 сарын 07-ны өдрийн 60 дугаартай:

“...А.Агийн биед гэмтэл тогтоогдсонгүй...” гэх дүгнэлт/хх-ийн 72-73 дугаар тал/

*Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 01 сарын 07-ны өдрийн 53  дугаартай:

“...Ш.Жийн биед зүүн хөлийн тавхайнд зөөлөн эдийн няцрал, шилбэний гадна хажуу, дээд хэсэгт цус хуралт, аюулхай орчим зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн цохих, цохигдох үйлчлэлээр үүснэ. Хэрэг болох цаг хугацаанд үүсэх боломжтой. Дээрх гэмтэл тус бүр нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт/хх-ийн 78-79 дүгээр тал/

 

*Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 01 сарын 07-ны өдрийн 08 дугаартай:

“...Ирүүлсэн цус шинжилгээнд тэнцэнэ. Ш.Жийн гэх цусанд спиртийн зүйл илрээгүй...” гэх дүгнэлт/хх-ийн 83-84 дүгээр тал/

 

*Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 01 сарын 07-ны өдрийн 09 дугаартай:

“...Ирүүлсэн цус шинжилгээнд тэнцэнэ. А.Агийн гэх цусанд 1.4 промиль спиртийн зүйл илрэв. Энэ нь согтолтын хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт/хх-ийн 88-89  дүгээр тал/

 

*Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 01 сарын 13-ны өдрийн 06 дугаартай:

“...Амь хохирогч Б.Пын биед духны зүүн урд хэсгээс зүүн самалдаг, ухархайн дээд ханыг дайрсан эрвээхэй ясны уулзвар хэсэг, турк эмээл рүү чиглэсэн шугаман хугарал, тархины аалзан бүрхүүл хальсан доорх цус харвалт. Зулайн зүүн урд хэсгийн хуйхан доор цус хуралт, элэгний баруун дэлбэнгийн дээд хэсгийн өнгөц язрал, зүүн бугалга ясны дээд 1/3 хэсгийн далд хугарал, завьж, хэлний үзүүрт язарсан шарх, зүүн шанаанд зулгаралт, хамрын зүүн хэсэг, баруун өвдөг, шагайн дотор хажууд цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. Духны зүүн урд хэсгээс зүүн самалдаг, ухархайн дээд ханыг дайрсан эрвээхэй ясны уулзвар хэсэг, турк эмээл рүү чиглэсэн шугаман хугарал, тархины аалзан бүрхүүл хальсан доорх цус харвалт гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-д зааснаар амь биед аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Элэгний баруун дэлбэнгийн дээд хэсгийн язрал гэмтэл нь 3.1.12-д зааснаар амь биед аюултай гэмтлийн хүнд зэрэгт, зүүн бугалга ясны дээд 1/3 хэсгийн далд хугарал гэмтэл нь 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт, завьж, хэлний үзүүрт язарсан шарх, зулайн зүүн урд хэсгийн хуйхан доор цус хуралт гэмтэл тус бүр нь 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт, зүүн шанаанд зулгаралт, хамрын зүүн хэсэг, баруун өвдөг, шагайн дотор хажууд цус хуралт гэмтэл тус бүр нь 2.6-д зааснаар биеийн нийт гадаргуугийн 1%-д хүрэхгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн цохих, цохигдох үйлчлэлээр үүсэх боломжтой. Осол болох нэг цаг хугацаанд үүснэ. Амь хохирогч Б.П нь гавал тархины битүү гэмтлийн улмаас нас баржээ. Шинжилгээгээр үхэлд хүргэхээр архаг хууч өвчин тогтоогдсонгүй. Нас барах үедээ согтолтгүй байжээ. В(lll)-р бүлгийн цустай байна...” гэх дүгнэлт/хх-ийн 93-96 дугаар тал/

 

*Архангай аймаг дахь Цагдаагийн газрын шинжээч У.Лхагвадоржийн 2022 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 06 дугаартай:

“...Миний 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 02 дугаартай дүгнэлт үндэслэлтэй гэж үзэж байна. Мустанг-5 маркийн мотоциклийн жолооч Ш.Ж нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11 дүгээр бүлэгт заасан “Тээврийн хэрэгслийн байрлан явах” хэсгийн 11.6.Суурин газрын гаднах замд болон 5.1, 5.5 тэмдэг тавигдсан замд тээврийн хэрэгсэл зорчих хэсгийн баруун гар талын захад аль болох ойр явах бөгөөд баруун гар талын зөвшөөрөгдсөн эгнээ чөлөөтэй байхад (зүүн гар тийш буюу буцаж эргэхийн тулд байр эзлэхээс бусад тохиолдолд) түүний зүүн гар талын аль ч эгнээгээр явахыг хориглоно гэсэн заалтыг зөрчсөн гэх үндэслэлгүй байна. Жич: Тухайн замд 4.2а тэмдэг тавигдаагүй ба хэрэв тавигдсан үед баруун гар талын замаар явах байсан...” гэх дүгнэлт/хх-ийн 191 дүгээр тал/

 

* Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 2-6 дугаар тал/,

* Ослын газрын схем зураг, зам тээврийн осол дээр тогтоосон акт, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 7-12 дугаар тал/

* Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 97-101 дүгээр тал/,

* Хөрөнгийн үнэлгээний Damno ХХК-ны 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн №AA2-03 дугаартай Мустанг-5 маркийн мотоциклийн техникийн эвдрэлийн үнэлгээний тайлан, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 140-144 дүгээр тал/,

* Хөрөнгийн үнэлгээний Damno ХХК-ны 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн №AA2-06 дугаартай 86-58 УНА Приус-30 автомашины техникийн эвдрэлийн үнэлгээний тайлан, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 148-151 дүгээр тал/,

* Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт  /хх-ийн 182-187 дугаар тал/,

*Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 118 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд шүүгдэгч А.Ад холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэсэн болно.

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар А.А нь согтуурсан үедээ 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Архангай аймгийн Хангай сумын Арбаясгалант багийн нутаг дэвсгэр Ногооны талбай гэх газар 86-58 УНА улсын дугаартай Приус-30 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож яваад Монгол улсын замын хөдөлгөөний дүрэм, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчин Мустанг-5 маркийн мотоциклтой зорчиж явсан Ш.Ж, Б.П нарыг мөргөсөн зам тээврийн осол гаргасны улмаас иргэн Б.Пын амь насыг хохирсон гэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.

 

Шүүгдэгч А.А нь согтуурсан үедээ авто тээврийн хэрэгслийн аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон гэмт хэрэг  үйлдсэн гэм буруутай болох нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Дн”...Тухайн орой намайг Тариат суманд байхад шөнө Ш.Ж хүргэн над руу залгаад ээж, аав 2 орой 21 цагийн үед Хангай сумын төвд ажлаар явсан. Замдаа осолд ороод ээж хэцүү болсон юм шиг байна. Эхнэртээ хэлж чадахгүй байна, хэцүү байна гэж хэлсэн. Тэгээд би хямраад юу болсон талаар санахгүй байна. 2022 оны 01 сарын 03-04-нд шилжих шөнө Тариат сумаас Хангай сум руу гарах гэж байхад Улаанбаатар хотоос манай төрсөн эгч залгаад ээж байхгүй болчихсон юм биш үү гээд уйлахаар нь би, ер нь нас барсан юм гэж ойлголт авсан. Тэгээд би Хангай суманд ирээд эгч Б.Пыг нас барсныг мэдсэн. Миний ойлгосноор Арбаясгалан багийн ногооны талбай гэх газар Приус маркийн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөөд осолд орж нас барсан гэж ойлгож байна...” гэх мэдүүлэг, насанд хүрээгүй гэрч Б.Бн”...Тэгээд А.Э Тариат сум яваад ирье гэхээр нь А.А зөвшөөрөөд бид 4 хамт явахаар болоод орой 21 цаг өнгөрч байхад сумын төвөөс Арбаясгалан багийн нутаг Ногооны хашаа гэх газар явж байтал гэнэт юм мөргөөд зогссон. А.Э урд суудал дээр сууж байсан. Түрүүлээд машинаас буугаад явсан. Бид 3 араас нь буугаад би машин тойроод хартал А.Э хүн ухаангүй байна гэж хэлсэн. Тэгээд М.Хэ машин асаагаад эмнэлэг авч явах гэсэн чинь машин асаагүй. М.Хэ, А.Э бид 3 сүлжээтэй газар хайж гүйгээд А.Эын утсаар Хангай сумын Эрүүл мэндийн төвд дуудлага өгөөд буцаад хэргийн газар ирсэн. Удалгүй манай болон А.Эын ар гэрээс хүмүүс ирээд араас нь эмч нар ирээд Б.П эгчийг үзээд нас барсан байна гэж хэлсэн...” гэх мэдүүлэг,  гэрч М.Хийн”...Тариат сум руу гараад Арбаясгалан багийн нутаг Ногоон талбай гэх газар явж байтал гэнэт юм мөргөөд зогссон. Би тухайн үед Б.Бтай хамт арын суудал дээр, А.Э урд суудал дээр, А.А жолоо барьж байсан. Машинаас түрүүлээд А.Э буугаад мотоцикльтой мөргөлдсөн байна. Хүн ухаан алдчихсан байна гээд уйлаад гүйгээд ирсэн. Бид 3 араас нь буугаад очсон чинь замын хажууд улбар шар ажлын хувцастай хүн хэвтэж байсан. Хажууд нь эрэгтэй хүн байсан яваад очиход Ш.Ж ах байсан. Тэгээд нөгөө хэвтэж байсан хүнийг Б.Паа сэрээрэй гээд орилоод тэврээд байхаар нь эхнэр нь байна гэж мэдсэн. Тэгээд эмч нар ирээд Б.П эгчийг үзээд нас барсан байна гэж хэлсэн...” гэх мэдүүлэг, гэрч А.Эын”...Арбаясгалан багийн нутаг Ногоон талбай гэх газар явж байтал гэнэт юм мөргөөд зогссон. Би мал мөргөчихлөө гэж бодоод машинаас буугаад харсан чинь машины ард мотоцикл уначихсан. Цааш нь гүйсэн чинь нэг хүн газар хэвтэж байсан. Хажууд нь нэг хүн сууж байхаар нь буцаж очоод мотоциклтой мөргөлдчихсөн байна гээд орилоод очсон...” гэх мэдүүлэг, гэрч Ш.Жийн”...Тэгээд Ногоон талбай гэх газар явж байтал урдаас нэг машин ирж байсан. Тэгээд хажуугаар нь буюу замын баруун гар талаар шахаад явж байтал нөгөө машин яах ийхийн зуургүй өөдөөс орж ирээд намайг зүүн урд хэсгээрээ мөргөсөн. Би тэгээд юу болсныг мэдээгүй нэг ухаан ороход амьсгалж чадахгүй байж байгаад амьсгаа зүгээр болсон. Тэгээд би арай гэж босоод харсан чинь мотоциклын урд дугуй байхгүй байсан. Цаашаа алхаад явтал манай эхнэр ямар ч хөдөлгөөнгүй замын хажуу талд ямар ч хөдөлгөөнгүй баруун талаараа харсан байдалтай хэвтэж байсан. Би очоод цээжнээс нь тэврээд сэрээрэй гээд сэгсэрсэн чинь ямар ч амьсгаа байхгүй ухаангүй байсан...” гэх мэдүүлэг, гэрч Ж.Мын”...Би тухайн цаг үед зам тээврийн осол гарсан гэх дуудлагын дагуу очсон цагдаагийн байгууллагын алба хаагчийн шаардлага тавьсан. Мөн тухайн тээврийн хэрэгсэл жолоодож явсан гэх А.А, Ш.Ж нарын зөвшөөрснөөр цусыг тухайн шөнө буюу 2022 оны 01 дүгээр сарын 03-ны шөнө Архангай аймгийн Хангай сумын Арбаясгалан багийн нутагт Ногооны талбай гэх газар манай эрүүл мэндийн төвийн 54-58 АРА улсын дугаартай Пургон маркийн тээврийн хэрэгсэл дотор 23 цаг 10 минутад сумын эрүүл мэндийн төвийн их эмч Ганчимэг, бага эмч Пагмасүрэн нарын хамт хуруу шилэнд 5 мл цус авсан. Харин Ш.Жоос 23 цаг 45 минутад 5 мл цус авч сумын эрүүл мэндийн төвийн лабораторийн хөргөгчид хадгалж байгаад цагдаагийн байгууллагад өөрийн биеэр өгсөн. А.А, Ш.Ж нараас цус авсан нь үнэн. А.Агаас архи согтууруулах ундааны зүйл үнэртэж байсан. Харин Ш.Жоос архи согтууруулах ундааны зүйл үнэртэж мэдэгдэхгүй байсан...” гэх мэдүүлэг, Талийгаач Б.Пын цогцост хийсэн шинжилгээгээр талийгаач нь гавал тархины битүү гэмтлийн улмаас осол болох цаг хугацаанд нас барсан болохыг тогтоосон Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 06 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Архангай аймгийн Прокурорын газраас шүүгдэгч А.Агийн согтуурсан үедээ авто тээврийн хэрэгслийн аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.1 хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж дүгнэв.

 

Шүүгдэгч А.Агийн замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт буюу Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн зохих заалтыг зөрчсөн үйлдэл  болон уг үйлдлийн улмаас хүний амь нас хохирсон, гэмт үйлдэл хохирол хоёрын хооронд шалтгаант холбоотой,  “жолооч” гэдэгт тээврийн хэрэгсэл жолоодож байгаа жолоодох эрхийн үнэмлэхтэй, үнэмлэхгүй аливаа этгээдийг ойлгоно гэж тайлбарласан байх тул шүүгдэгч А.А нь тухайн  гэмт хэргийн субъект мөн байна.

 

Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 01 сарын 07-ны өдрийн 09 дугаартай дүгнэлтээр шүүгдэгч А.Агийн гэх цусанд 1.4 промиль спиртийн зүйл илэрсэн нь тогтоогдож байх тул түүнийг согтуурсан үедээ дээрх гэмт хэргийг үйлдсэн гэж дүгнэх үндэслэлтэй байна.

 

Иймд шүүгдэгч А.Аг согтуурсан үедээ авто тээврийн хэрэгслийн аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон гэмт хэрэгт гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.

 

Хохирол хор уршгийн талаар:

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт хуульчилсан, энэ гэмт хэргийн улмаас хохирогч Б.П нь гавал тархины битүү гэмтлийн улмаас нас барсан болох нь Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 06 дугаартай дүгнэлтээр тогтоогдсон. Шүүгдэгч А.А нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч болон иргэний нэхэмжлэгч нарт хохирол төлбөрт 16.000.000/арван зургаан сая/ төгрөг төлсөн байх бөгөөд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь амь хохирогчийн насанд хүрээгүй 2 хүүхдийн тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүүг нэхэмжлэх талаар шүүх хуралдаанд мэдүүлсэн боловч энэ талаар нотлох баримт ирүүлээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдах нь зүйтэй байна.

 

      Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч А.А болон түүний өмгөөлөгч нар нь “хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй бөгөөд шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршиг, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан шүүгдэгч А.А нь тохиолдлын шинж чанартай нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол төлбөрийг төлсөнг Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож түүнд Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан  эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдохгүй байгааг дурдах нь зүйтэй байна.

Шүүгдэгч нь  өөрийн гэм буруу болон прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлагын талаар хүлээн зөвшөөрсөн үндэслэлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр прокуророос шүүхэд шилжүүлсэн бөгөөд, шүүгдэгч А.А нь дээрх гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид хохирол төлбөрийг төлсөн, цаашид нэхэмжилсэн хохирол төлбөрийг төлөхөө илэрхийлсэн тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан прокурорын саналын хүрээнд 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй байна.

 

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Ад оногдуулсан тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 5 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг түүнд оногдуулсан хорих ялыг эдэлж дууссан үеэс тоолж, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулахаар хэрэг хянан шийдвэрлэх  ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэгт хураагдсан шүүгдэгчийн 1348765 дугаар бүхий жолооны үнэмлэхийг Архангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгчид цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахаар шийдвэрлэсэн болно.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.4, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8  дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч У овогт Аийн Аг Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 4.1 дэх хэсэгт заасан, согтуурсан үедээ авто тээврийн хэрэгслийн аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь насыг хохироосон гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.

 

            2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Аг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 /тав/ жилийн хугацаагаар хасаж, 1/нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Ад оногдуулсан 1/нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 5/тав/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг түүнд оногдуулсан хорих ялыг эдэлж дууссан үеэс эхлэн тоолсугай.

          

           5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг 2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдрөөс эхлэн тоолсугай.

 

           6. Шүүгдэгч А.А нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдаж, хэрэгт хураагдсан шүүгдэгчийн 1348765 дугаар бүхий жолооны үнэмлэхийг Архангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

 

            7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, шүүгдэгчийн өмгөөлөгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч  нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

            8. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч А.Ад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   П.ГАНДОЛГОР