Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 05 сарын 22 өдөр

Дугаар 420

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

           Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

         Нэхэмжлэгч: Увс аймгийн Улаангом сумын 11 дүгээр багт оршин суух, 1963 онд төрсөн, 54 настай, эмэгтэй, регистрийн дугаар ОЮ63111909, Таргуд овогт Тогтохын Алтанчимэгийн,

         Х.Сүхбаатарын ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2017 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч, 2017 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

          Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Т.Алтанчимэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Дашдорж нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

           Нэхэмжлэгч Т.Алтанчимэг шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:Х.Сүхбаатар нь 1961 онд төрсөн, 56 настай. Х.Сүхбаатар нь 1977 оны 11 дүгээр сарын 21-ний өдрөөс 1981 оны 6 дугаар сарын 13-ны өдөр хүртэл Увс аймгийн Барилга угсралтын трестэд кранчнаар ажилд ороод ажиллаж байгаад 1981-1984 онуудад цэргийн алба хааж ирээд 1984 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл Увс аймгийн Барилга угсралтын трест болон Барилгын биржид кранчнаар үргэлжлүүлэнажилласан. Барилга угсралтын трест нь 1992 онд Барилгын бирж болж бүтэц зохион байгуулалтын өөрчлөлтөд орсон бөгөөд Х.Сүхбаатар нь хөдөлмөрийн дэвтрээ албан газраасаа аваагүй байтал байгууллага татан буугдсан тул түүнийг нөхөн авах боломжгүй, аймгийн архивт Барилга угсралтын трестийн тухайн үеийн цалингийн мэдээлэл байхгүй учраас зайлшгүй шүүхээр шийдвэрлүүлэх шаардлагатай болсон. Иймд Х.Сүхбаатарын Увс аймгийн Барилга угсралтын трестэд кранчнаар ажилд орсон, ажлаас чөлөөлөгдсөн тушаалууд, хамт ажиллаж байсан гэрч нарын тайлбар зэргийг үндэслэн 1977 оны 11 дүгээр сарын 21-ний өдрөөс 1981 оны 6 дугаар сарын 13-ны өдөр, 1984 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Увс аймгийн Барилга угсралтынтрест болон Барилгын биржид кранчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү. Тухайн үед Х.Сүхбаатартай хамт ажиллаж байсан Г.Гангаа, З.Нансалжав нарыг гэрчээр асууж өгнө үү гэв.

         Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

         Нэхэмжлэгч Т.Алтанчимэг нь Х.Сүхбаатарын 1977 оны 11 дүгээр сарын 21-ний өдрөөс 1981 оны 6 дугаар сарын 13-ны өдөр хүртэл, 1984 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Увс аймгийн Барилга угсралтын трест болон Барилгын биржид кранчнаар ажиллаж байсан байдлыг тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэгт дараах нотлох баримтууд авагджээ.

         Увс аймгийн Архивын тасгийн 2017 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн цалингийн тодорхойлолтод Хоохдоогийн Сүхбаатарын 1984 оны 5 дугаар сараас 1989 оныг дуустал Увс аймгийн Барилга угсралтын трестэд кранчнаар ажиллаж, цалин авч байсныг түүвэрлэн ирүүлжээ.

         Увс аймаг дахь Алтан гадас одонт Барилга трестийн даргын 1977 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 119 дүгээр Ажилд томилох тухай тушаалын хуулбарт: ...Кранчны курс төгсөж ирсэн Х.Сүхбаатарыг 1977 оны 11 дүгээр сарын 25-ны өдрөөс эхлэн кранчнаар авч ажиллуулсугай гэжээ.

         Түүнчлэн Увс аймаг дахь Алтан гадас одонт Барилга трестийн даргын 1981 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 211 дүгээр Ажлаас чөлөөлөх тухай тушаалын хуулбарт: ...Цэргийн албанд тэнцсэн Хоохдоо овогтой Сүхбаатарыг 1981 оны 6 дугаар сарын 13-наар тасалбар болгон кранчны ажлаас чөлөөлсүгэй гэжээ.

         Увс аймаг дахь Алтан гадас одонт Барилга трестийн даргын 1984 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 239 дүгээр Ажилд томилох тухай тушаалын хуулбарт: ...Цэргийн алба хаагаад ирсэн Хоохдоо овогтой Сүхбаатарыг 1984 оны 6 дугаар сарын 15-наас эхлэн кранчнаар авч ажиллуулсугай гэжээ.

        Увс аймаг дахь Алтан гадас одонт Барилга трестийн даргын 1984 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 348 дугаар Трестийн 1984 оны жилийн эцсийн эд хөрөнгийн тооллого явуулах тухай тушаалд: ...1984 оны жилийн эцсийн тооллогыг 1984 оны 10 дугаар сарын 26-ны өдрөөс 1984 оны 11 дүгээр сарын 06-ны өдрүүдэд багтаан тоолж дуусгасугай. Хавсралтын 7-д Барааны агуулах, тэжээлийн агуулах гишүүдэд: Сүхбаатар гэжээ.

         Мөн Увс аймаг дахь Алтан гадас одонт Барилга трестийн даргын 1984 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 399 дүгээр Авто механизмын ажилчдад 3 дугаар улирлын ажиллагааны үр дүнгээр шагнал олгох тухай тушаалд: ...Байгууллагын улирлын төлөвлөгөөт зорилтыг биелүүлэхэд идэвхи зүтгэл гаргаж, үр бүтээлтэй ажилласан жолооч, засварчид, механизмын ажилчид 49 хүнийг хавсралт ёсоор бүгд 4968 төгрөгөөр шагнасугай. Хавсралтын 5-д Сүхбаатар гэжээ.

         Увс аймаг дахь Алтан гадас одонт Барилга трестийн даргын 1987 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 577 дугаар Ажилчдад жилийн ажиллагааны үр дүнгээр шагнал олгох тухай тушаалд: ...Байгууллагын төлөвлөгөөт зорилтыг биелүүлэхэд бүтээлч хувь нэмэр оруулж ажлын цагийг үр дүнтэй ашиглан норм төлөвлөгөөгөө биелүүлсэн ажилчид 391 хүнийг хавсралт ёсоор бүгд 33201 төгрөгөөр шагнасугай. Авто гражийн жолооч нарын 1987 оны жилийн ажиллагааны шагнал: Хавсралтын 13-т Сүхбаатар гэжээ.

        Түүнчлэн Увс аймаг дахь Алтан гадас одонт Барилга трестийн даргын 1989 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 459 дүгээр Авто гражийн жолооч нарт төлөвлөгөө биелүүлсний шагнал олгох тухай тушаалд: ...4, 5, 6 сарын төлөвлөгөөг биелүүлсэн жолооч ажилчин 6 хүнд, бүгд 727 төгрөгийн шагнал олгосугай. Хавсралтын 5-д Сүхбаатар гэжээ.

       Увс аймгийн Барилгын биржийн Ерөнхий захирлын 1993 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 82 дугаар Буцалтгүй тэтгэмж олгох тухай тушаалд: ...Улаанбаатар хот ээж болон хүүхдээ эмчилгээнд авч явах өндөр настан Хандсүрэнд 5000 төгрөг, кранчин Сүхбаатарт 4000 төгрөгийг буцалтгүй тэтгэмж олгосугай гэжээ.

        Увс аймгийн Барилгын биржийн Ерөнхий захирлын 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 121 дүгээр Ажлаас чөлөөлөх тухай тушаалын хуулбарт: ...Хоохдоо овогтой Сүхбаатарыг 1994 оны 12 дугаар сарын 31-нээр тасалбар болгон ажлаас нь чөлөөлсүгэй гэжээ.

        Мөн шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр гэрч Г.Гангаа, З.Нансалжав нараас мэдүүлэг авсан бөгөөд гэрч Г.Гангаа Миний бие 1981 оноос 1991 оныг дуустал Увс аймгийн Барилга угсралтын трестийн тоосгон заводад тоосго шатаах зуухны галчаар ажиллаж байсан. Намайг тус газарт ажиллаж эхлэх үед Х.Сүхбаатар нь кранчнаар ажиллаж байсан бөгөөд 1981 он хүртэл ажиллаж байгаад цэрэгт татагдсан ба 1984 онд цэргээс халагдаж ирээд Барилга угсралтын трестэд үргэлжлүүлэн кранчнаар ажилласан болно. Миний бие 1991 онд ажлаас чөлөөлөгдөхөд Х.Сүхбаатар нь тус байгууллагад ажиллаад үлдсэн юм. Тухайн үед Увс аймгийн барилга угсралтын трестийн даргаар Батзул гэх хүн ажиллаж байсан гэж, гэрч З.Нансалжав Миний бие 1982 оноос 1994 оныг дуустал Увс аймгийн Барилга угсралтын трест болон Барилгын биржид будагчин, шаварчнаар ажиллаж байсан. Намайг тус газарт ажиллаж эхлэх үед Х.Сүхбаатар нь кранчнаар ажиллаж байсан бөгөөд 1981 он хүртэл ажиллаж байгаад цэрэгт татагдсан ба 1984 онд цэргээс халагдаж ирээд 1984-1994 оныг дуустал Увс аймгийн Барилга угсралтын трест болон Барилгын биржид үргэлжлүүлэн кранчнаар ажилласан болно. Увс аймгийн барилга угсралтын трест нь 1992 онд бүтэц зохион байгуулалтын өөрчлөлтөд орж Барилгын бирж нэртэй болсон гэж тус тус мэдүүлсэн ба тэдний ажилласан байдлыг нотлох хөдөлмөрийн дэвтрийн хуулбар болон Увс аймаг дахь Сум дундын шүүхийн 2013 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 1109 дүгээр шийдвэрийн хуулбарууд хэрэгт авагджээ.

         Хэдийгээр Х.Сүхбаатарын 1984-1989 онуудын цалингаас бусад ажиллаж байсан жилүүдийн цалингийн баримт Увс аймгийн Архивын тасагт хадгалагдаагүй байгаа боловч нэхэмжлэгч нь 1977-1994 онуудад Увс аймгийн Барилга угсралтын трест болон Барилгын биржид кранчнаар ажиллаж байсан болох нь Увс аймгийн Архивын тасгийн 2017 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн цалингийн тодорхойлолт, Увс аймаг дахь Алтан гадас одонт Барилга трестийн даргын 1977 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 119 дүгээр Ажилд томилох тухай, 1981 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 211 дүгээр Ажлаас чөлөөлөх тухай, 1984 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 348 дугаар Трестийн 1984 оны жилийн эцсийн эд хөрөнгийн тооллого явуулах тухай, 1984 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 399 дүгээр Авто механизмын ажилчдад 3 дугаар улирлын ажиллагааны үр дүнгээр шагнал олгох тухай, 1987 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 577 дугаар Ажилчдад жилийн ажиллагааны үр дүнгээр шагнал олгох тухай, 1989 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 459 дүгээр Авто гражийн жолооч нарт төлөвлөгөө биелүүлсний шагнал олгох тухай тушаалууд, Увс аймгийн Барилгын биржийн Ерөнхий захирлын 1993 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 82 дугаар Буцалтгүй тэтгэмж олгох тухай, 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 121 дүгээр Ажлаас чөлөөлөх тухай тушаалын хуулбар, гэрч Г.Гангаа, З.Нансалжав нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

       Иймд нэхэмжлэгч Т.Алтанчимэгийн хүсэлтийг хангаж, Х.Сүхбаатарын 1977 оны 11 дүгээр сарын 25-ны өдрөөс1981 оны 6 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл, 1984 оны 6 дугаар сарын 15-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Увс аймгийн Барилга угсралтын трест болон Барилгын биржид кранчнаар 14 жил 1 сар 3 хоногажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэв.

         Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

      1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсгүүдэд зааснаар Цагаагчид овогт Хоохдоогийн Сүхбаатарын 1977 оны 11 дүгээр сарын 25-ны өдрөөс1981 оны 6 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл, 1984 оны 6 дугаар сарын 15-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Увс аймгийн Барилга угсралтын трест болон Барилгын биржид кранчнаар 14 /арван дөрөв/ жил 1 /нэг/ сар 3 /гурав/ хоног ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

       2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч Т.Алтанчимэгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

       Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ               Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ