| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пэрлээн Гандолгор |
| Хэргийн индекс | 160/2022/0111/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/128 |
| Огноо | 2022-04-19 |
| Зүйл хэсэг | 24.6.2.3., |
| Улсын яллагч | С.Батсүх |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2022 оны 04 сарын 19 өдөр
Дугаар 2022/ШЦТ/128
2022/ШЦТ/128
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Гандолгор даргалж
Улсын яллагч: С.Батсүх
Шүүгдэгчийн өмгөөлөгч: В.Удвал
Шүүгдэгч: П.А
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Оюунгэрэл нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Пын Ад холбогдох 2212000000085 тоот хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1988 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр Архангай аймгийн Ихтамир суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 7 дугаар баг, .............. тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урд ял шийтгэл эдэлж байгаагүй, Б овогт Пын А/РД:АГ............/
Холбогдсон хэргийн талаар:
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав.
*Эрүүгийн 2212000000085 тоот хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
*Иргэний нэхэмжлэгч Б.Цийн өгсөн:
“...3.387.083 төгрөгийн хохирол учирсан байна. Ойн санд хохирол учирсан тул хохирлыг нөхөн төлүүлмээр байна. Хохирлыг барагдуулчихвал надад нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг/хх-ийн 52-53 дугаар тал/
*Иргэний нэхэмжлэгч О.Бгийн өгсөн:
“...Би хайнагийн шарыг 650.000 төгрөг, харин булхайг би хийхдээ төмөр гагнуулахад 20.000 төгрөг болж байсан, тийм учраас 20.000 төгрөгөөр үнэлнэ. Би хайнагийн шар, булхай хоёрын үнэлгээг нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг/хх-ийн 80-81 дүгээр тал/
*Гэрч Б.Гын өгсөн:
“...П.А нь 2022 оны 02 дугаар сарын 12-ны өдөр Архангай аймгийн Их тамир сумын Хөх нуур баг Шивэрт гэх газарт ганцаараа мод бэлтгэсэн. Бэлтгэж дуусаад намайг гуйгаад мод цагаалаад өгөөч гээд гуйсан. Мод бэлтгэх үед би байгаагүй. Хэний хамт мод бэлтгэснийг мэдэхгүй, модоо уулнаас буулгаж цагаалахдаа намайг гуйгаад би хамт уулнаас цагаалж өгсөн. Мод уулнаас буулгахдаа ганга газар нь гараар чирч цагаалсан. Ганга газраас өөр газарт нь үхэр тэрэг буюу булхай ашиглаж бэлтгэсэн, модоо модноос нь гаргаж цагаалсан. Тухайн үед О.Б гэдэг хүний хар хайнагийн шар үхрийг модон булхайн хамт ашиглаж Залгаа, Улаанаа, П.А бид 4 нийлж цагаалсан. Мод бэлтгэх эрхийн бичиг авсан талаараа яриагүй, бид нар асуугаагүй. Модыг цахилгаан хөрөө ашиглаж ганцаараа бэлтгэсэн, тухайн модыг зүсэж банз болгоно гэж ярьж байсан. Хуурай шинэс төрлийн моднууд байсан. Босоо мод унагаасан байсан. 4 метрийн урттай дүнз моднууд байсан...” гэх мэдүүлэг/хх-ийн 14-17 дугаар тал/
*Гэрч О.Бгийн өгсөн:
“...Архангай аймгийн төвөөс П.А манайд 4 хоногийн өмнө ирээд байшингийн даацын банз зүсүүлэх гэсэн юм, хэдэн ширхэг унанги хийх гэсэн юм, чи найздаа шар булхайгаа өгөөч гээд аваад явсан. Би унаанги их хүнд шүү, цөөхөн тариарай гэж хэлээд өгсөн. Би хөл муутай яваагүй, манай хотноос 2-3 хүн явсан байх би сайн мэдээгүй. Мод хийсэн өдөр 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдөр Архангай аймгийн Ихтамир сумын Хөхнуур багийн Шивэрт гэх ойд мод хийсэн...” гэх мэдүүлэг/хх-ийн 20-21 дүгээр тал/
*Гэрч П.Эын өгсөн:
“...Архангай аймгийн Ихтамир сумын Хөхнуур баг, Шивэрт гэх газарт хууль бусаар мод бэлтгэсэн талаар би дуулаагүй, мэдэхгүй байна. П.А гэдэг залуу надаас мод бэлтгэх эрхийн бичиг авъя гэж яриагүй. Уг газарт талбай тусгаарлалт хийгдсэн газар байхгүй. Уг газарт мод бэлтгэж болохгүй. Уг газрын Шивэрт гэх газар нь улсын тусгай хамгаалалттай газар нутагт ордоггүй...” гэх мэдүүлэг/хх-ийн 24-25 дугаар тал/
*Гэрч Т.Мийн өгсөн:
“...П.А нь 2022оны 02 дугаар сарын 10-ны өдөр утсаар залгаад хэрэглээний модны мод бэлтгэх эрхийн бичиг авах гэсэн юмаа яаж авах вэ гэж асуусан би тэгэхээр нь сумын засаг даргын захирамж гаргуулсны дараа хэрэглээний мод бэлтгэх эрхийн бичиг олгоно тэр болтол бэлтгэж болохгүй гэж би хэлсэн. Уг газар нь тусгай хамгаалалттай газар нутагт ордоггүй мод бэлтгэсэн газар нь талбай тусгаарлалт хийгдээгүй газар байгаа...” гэх мэдүүлэг/хх-ийн 46-47 дугаар тал/
*Яллагдагч П.Агийн өгсөн:
“...Би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байгаа, хөнгөн ял оноож өгнө үү гэж хүсэж байна...” гэх мэдүүлэг/хх-ийн 111-112 дугаар тал/
*Архангай аймгийн Засаг даргын дэргэдэх сум дундын ойн ангийн дарга Т.Мийн 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 08 дугаартай”...3.3 м3 шоометр модны экологи-эдийн засгийн үнэлгээ тогтооход Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн А/176 дугаар тушаалын 1 дүгээр хавсралт, Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын 2013 оны 11-р сарын 13-ны өдрийн 325 тоот тушаал /төлбөрийн муж тогтоох тухай/ үндэслэн ойн сангийн нэг шоометр модны экологи-эдийн засгийн үнэлгээг ойн нөөцийн төлбөрийн нэгдүгээр муж /Бүх төрлийн хуурай мод/ шууд үр ашгийн 249.877₮, шууд бус үр ашгийн-320339₮, нийт 570.216₮ мод, хэрэглээ хуурай 1.8 итгэлцүүрээр тус тус үржүүлж нийт ойн санд учруулсан хохирлын хэмжээ 3.387.083₮-өөр тогтоогдлоо...” гэх дүгнэлт/хх-ийн 40-42 дугаар тал/
*Мэргэшсэн үнэлгээчин А.Бямбажавын 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 19 дугаартай:
“...Нас нийлсэн хайнагийн шарны үнэ 650.000/зургаан зуун тавин мянга/ төгрөг, цахилгаан хөрөөний үнэ 60.000/жаран мянга/ төгрөг, мод чирэхэд зориулсан булхайн үнэ 20.000/хорин мянга/ төгрөг, 3.3 шоо метр шинэс төрлийн модны үнэ 264.000/хоёр зуун жаран дөрвөн мянга/ төгрөг, нийт 994.000/есөн зуун ерэн дөрвөн мянга/ төгрөг болохыг тодорхойлов...” гэх дүгнэлт/хх-ийн 89 дүгээр тал/
*Хангайн нурууны Байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 03 дугаартай албан бичиг/хх-ийн 29 дүгээр тал/
*Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 66 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлсэн болно.
Гэм буруугийн талаар:
Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар 2022 оны 02 дугаар сарын 12-ны өдөр Архангай аймгийн Ихтамир сумын Хөхнуур баг Шивэрт гэх газраас буюу улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойгоос шүүгдэгч П.А нь 45 ширхэг З.Зм3 шоометр шинэс модыг зохих зөвшөөрөлгүй, хууль бусаар бэлтгэж, хайнгын шар ашиглан булхайгаар зөөж, ойн санд 3.387.083 төгрөгийн хохирол учруулсан гэх үйл баримт шүүх хуралдаанаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх бөгөөд Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг агуулж байна.
Дээрх гэмт хэргийг шүүгдэгч П.А үйлдсэн гэм буруутай болох нь иргэний нэхэмжлэгч Б.Цийн”...3.387.083 төгрөгийн хохирол учирсан байна. Ойн санд хохирол учирсан тул хохирлыг нөхөн төлүүлмээр байна...” гэх мэдүүлэг, иргэний нэхэмжлэгч О.Бгийн”...Би хайнагийн шарыг 650.000 төгрөг, харин булхайг би хийхдээ төмөр гагнуулахад 20.000 төгрөг болж байсан, тийм учраас 20.000 төгрөгөөр үнэлнэ...” гэх мэдүүлэг, гэрч Б.Гын”...П.А нь 2022 оны 02 дугаар сарын 12-ны өдөр Архангай аймгийн Их тамир сумын Хөх нуур баг Шивэрт гэх газарт ганцаараа мод бэлтгэсэн. Бэлтгэж дуусаад намайг гуйгаад мод цагаалаад өгөөч гээд гуйсан. Мод бэлтгэх үед би байгаагүй. Хэний хамт мод бэлтгэснийг мэдэхгүй, модоо уулнаас буулгаж цагаалахдаа намайг гуйгаад би хамт уулнаас цагаалж өгсөн. Мод уулнаас буулгахдаа ганга газар нь гараар чирч цагаалсан. Ганга газраас өөр газарт нь үхэр тэрэг буюу булхай ашиглаж бэлтгэсэн, модоо модноос нь гаргаж цагаалсан...” гэх мэдүүлэг, гэрч О.Бгийн”...Архангай аймгийн төвөөс П.А манайд 4 хоногийн өмнө ирээд байшингийн даацын банз зүсүүлэх гэсэн юм, хэдэн ширхэг унанги хийх гэсэн юм, чи найздаа шар булхайгаа өгөөч гээд аваад явсан. Би унаанги их хүнд шүү, цөөхөн тариарай гэж хэлээд өгсөн...” гэх мэдүүлэг, гэрч П.Эын”...П.А гэдэг залуу надаас мод бэлтгэх эрхийн бичиг авъя гэж яриагүй. Уг газарт талбай тусгаарлалт хийгдсэн газар байхгүй. Уг газарт мод бэлтгэж болохгүй...” гэх мэдүүлэг, гэрч Т.Мийн”...П.А нь 2022оны 02 дугаар сарын 10-ны өдөр утсаар залгаад хэрэглээний модны мод бэлтгэх эрхийн бичиг авах гэсэн юмаа яаж авах вэ гэж асуусан би тэгэхээр нь сумын засаг даргын захирамж гаргуулсны дараа хэрэглээний мод бэлтгэх эрхийн бичиг олгоно тэр болтол бэлтгэж болохгүй гэж би хэлсэн...” гэх мэдүүлэг, гэмт хэргийн улмаас байгаль орчинд 3.387.083 төгрөгийн хохирол учирсан болохыг тогтоосон Архангай аймгийн Засаг даргын дэргэдэх сум дундын ойн ангийн дарга Т.Мийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх бөгөөд шүүгдэгч П.Агийн зохих зөвшөөрөл, гарал үүслийн гэрчилгээгүйгээр улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойд мод бэлтгэсэн, тээвэрлэсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн 24.6 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна.
Архангай аймгийн прокурорын газраас шүүгдэгч П.Агийн улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойд хууль бусаар мод бэлтгэж, тээвэрлэсэн үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих асуудлыг тогтоосон гэж дүгнэв. Иймд шүүгдэгч П.Аг улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойд хууль бусаар хууль бусаар зохих зөвшөөрөл, гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод бэлтгэж, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Хохирол хор уршгийн талаар:
Гэмт хэргийн улмаас байгаль орчинд 3.387.083 төгрөгийн хохирол учирсан болохыг шинжээчийн дүгнэлтээр тогтоосон байна. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1-д ойн санд учирсан хохирлыг экологи эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр тогтооно гэж заасан бөгөөд уг хохирол болох 10.161.249 төгрөгийн хохирол төлөгдөөгүй байна.
Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1-д ойн санд учирсан хохирлыг экологи эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр тогтооно гэж заасан байх тул гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг /3.387.083*3=10.161.249/арван сая нэг зуун жаран нэгэн мянга хоёр зуун дөчин ес/ төгрөгөөр тогтоож, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь байгаль орчин болон байгалийн нөөцөд хохирол учруулсан бол нөхөн төлбөр төлөх бөгөөд нөхөн төлбөрийг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлд зааснаар Байгаль орчин, уур амьсгалын санд оруулна...” гэж заасан тул шүүгдэгчээс 10.161.249/арван сая нэг зуун жаран нэгэн мянга хоёр зуун дөчин ес/ төгрөг гаргуулан Байгаль орчин, уур амьсгалын тусгай санд оруулахаар шийдвэрлэв.
Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч П.А нь өөрийн гэм буруу болон прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлагын талаар хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн үндэслэлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр улсын яллагчтай тохиролцсон бөгөөд шүүгдэгч нь дээрх гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлөхөө илэрхийлсэн байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой байна.
Шүүхээс шүүгдэгч П.Аг улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойд хууль бусаар мод бэлтгэж, тээвэрлэсэн гэмт хэрэгт гэм буруутайд тооцсон, Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлого гэж.....гэмт хэрэг үйлдэж шууд, болон шууд бусаар олсон эдийн хөрөнгө, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгслийг ойлгоно ...” гэж заасан бөгөөд мөн зүйлийн 3 дахь хэсэгт хураан авсан хөрөнгө орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна гэж заасан байна. Шүүгдэгч П.Агийн гэмт хэрэг үйлдэхэд ашигласан хайнагийн шар үхэр болон булхай зэрэг нь О.Б гэх хүний өмчлөлийнх болох нь тогтоогдож байх тул шийтгэх тогтоол хүчин төгөлдөр прокурорын эд хөрөнгө битүүмжлэх тухай 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 29 дугаартай тогтоолыг хүчингүй болгож, хар зүсмийн хайнагийн шар үхэр, булхай зэргийг эзэмшигч О.Бд буцаан олгож, шүүгдэгч П.Агаас гэмт хэрэг үйлдэхэд ашигласан Хайнагийн шарны үнэ 650.000/зургаан зуун тавин мянга/ төгрөг, мод чирэхэд зориулсан булхайн үнэ 20.000/хорин мянга/ төгрөгийг гаргуулан, мөн 60.000/жаран мянга/ төгрөгийн үнэлгээ бүхий цахилгаан хөрөө, 264.000/хоёр зуун жаран дөрвөн мянга/ төгрөгийн үнэлгээ бүхий 3.3 шоо метр шинэс төрлийн мод зэргийг Байгаль орчин, уур амьсгалын тусгай санд төлөх 10.161.249/арван сая нэг зуун жаран нэгэн мянга хоёр зуун дөчин ес/ төгрөгийн хохирлыг нөхөн төлөхөд зарцуулахаар шийдвэрлэв.
Шүүгдэгч П.А нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн түүнд эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдохгүй байх бөгөөд анх удаа гэмт хэрэг үйлдсэнг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцон, шүүгдэгчийн хувийн байдал, прокурорын санал зэргийг харгалзан ял оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэж, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.4 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Пын Аг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт заасан улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойд хууль бусаар хууль бусаар зохих зөвшөөрөл, гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод бэлтгэж, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Аг 1/нэг/ жил 6/зургаа/ сарын хугацаагаар тэнсэж, шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5, 7.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.А нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдвэл шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг тайлбарласугай.
5. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1, 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Агаас 10.161.249/арван сая нэг зуун жаран нэгэн мянга хоёр зуун дөчин ес/ төгрөг гаргуулан Байгаль орчин уур амьсгалын санд оруулсугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц прокурорын эд хөрөнгө битүүмжлэх тухай 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 29 дугаартай тогтоолыг хүчингүй болгож, хар зүсмийн хайнагийн шар үхэр, булхай зэргийг эзэмшигч О.Бд буцаан олгож, шүүгдэгч П.Агаас гэмт хэрэг үйлдэхэд ашигласан Хайнагийн шарны үнэ 650.000/зургаан зуун тавин мянга/ төгрөг, мод чирэхэд зориулсан булхайн үнэ 20.000/хорин мянга/ төгрөгийг гаргуулан, мөн 60.000/жаран мянга/ төгрөгийн үнэлгээ бүхий цахилгаан хөрөө, 264.000/хоёр зуун жаран дөрвөн мянга/ төгрөгийн үнэлгээ бүхий 3.3 шоо метр шинэс төрлийн мод зэргийг Байгаль орчин, уур амьсгалын тусгай санд төлөх 10.161.249/арван сая нэг зуун жаран нэгэн мянга хоёр зуун дөчин ес/ төгрөгийн хохирлыг нөхөн төлөхөд зарцуулсугай.
7. Шүүгдэгч П.А нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.
8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, шүүгдэгчийн өмгөөлөгч, иргэний нэхэмжлэгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч П.Ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ГАНДОЛГОР