Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 05 сарын 22 өдөр

Дугаар 419

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

           Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

          Нэхэмжлэгч: Увс аймгийн Улаангом сумын 11 дүгээр багт оршин суух, 1963 онд төрсөн, 54 настай, эмэгтэй, регистрийн дугаар ОЮ63111909, Таргуд овогт Тогтохын Алтанчимэгийн,

          О.Бэгзжавын ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2017 оны 3 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, 2017 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

          Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Т.Алтанчимэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Дашдорж нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

         Нэхэмжлэгч Т.Алтанчимэг шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:О.Бэгзжав нь 1965 онд төрсөн, 52 настай. 1981 оны 6 дугаар сарын 25-ны өдрөөс 1984 оны 6 дугаар сарын 25-ны өдрийг дуустал Увс аймгийн Барилга угсралтын трестийн тоосгон заводын тоосго шатаах дугуй зуухны ам нээгчээр ажиллаж байгаад цэргийн албанд явж ирээд 1987 оны 6 дугаар сарын 25-наас 1994 оны 12 дугаар сарын 31-нийг дуустал Увс аймгийн Барилга угсралтын трестийн болон Барилгын биржийн тоосгон заводын дугуй зууханд тоосго өрөгчөөр тус тус ажиллаж байсан. Барилга угсралтын трест нь 1992 онд Барилгын бирж болж өөрчлөгдсөн бөгөөдО.Бэгзжав нь хөдөлмөрийн дэвтрээ албан газраасаа аваагүй байтал байгууллага тарсан тул хөдөлмөрийн дэвтрийг нөхөн бичүүлж авах боломжгүй болсон учраас ажилд орсон, ажлаас чөлөөлөгдсөн тушаалуудыг архивын газраас гаргуулж авсан боловч зарим жилийн цалингийн мэдээлэл архивт байхгүй тул зайлшгүй шүүхээр шийдвэрлүүлэх шаардлагатай болсон. Иймд О.Бэгзжавын ажилд орсон, ажлаас чөлөөлөгдсөн тушаалууд, цалингиын тодорхойлолт,хамт ажиллаж байсан гэрч нарын тайлбар зэргийг үндэслэн Увс аймгийн Барилга трестийн тоосгон заводод 1981 оны 6 дугаар сарын 25-ны өдрөөс 1984 оны 6 дугаар сарын 25-ны өдрийг дуустал тоосго шатаах дугуй зуухны ам нээгчээр, Увс аймгийн Барилга угсралтын трест болон Барилгын биржийн тоосгон заводод 1987 оны 6 дугаар сарын 25-наас 1994 оны 12 дугаар сарын 31-нийг дуустал дугуй зууханд тоосго өрөгчөөр тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.

        Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

         Нэхэмжлэгч Т.Алтанчимэг нь О.Бэгзжавын 1981 оны 6 дугаар сарын 25-ны өдрөөс 1984 оны 6 дугаар сарын 25-ны өдрийг дуустал Увс аймгийн Барилга трестийн тоосгон заводын тоосго шатаах дугуй зуухны ам нээгчээр, 1987 оны 6 дугаар сарын 25-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Увс аймгийн Барилга угсралтынтрест болон Барилгын биржийн тоосгон заводын дугуй зууханд тоосго өрөгчөөр ажиллаж байсан байдлыг тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэгт дараах нотлох баримтууд авагджээ.

         Увс аймгийн Архивын тасгийн 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн цалингийн тодорхойлолтод Одонтойн Бэгзжавын 1986 оноос 1993 оны 11 сарыг дуустал Увс аймгийн Барилга угсралтын трест тоосгон заводад ажиллаж, цалин авч байсныг түүвэрлэн ирүүлжээ.

       Увс аймгийн Барилга угсралтын трестийн даргын 1981 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 138 дугаар Ажилд томилох тухай тушаалд: ...Барилга угсралтын трестийн тоосгон заводын тоосго шатаах дугуй зуухны ам нээгчээр Одонтоо овогтой Бэгзжавыг 1981 оны 6 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн авч ажиллуулсугай гэжээ.

         Түүнчлэн Увс аймаг дахь Алтан гадас одонт Барилга трестийн даргын 1984 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 169 дүгээр Ажлаас чөлөөлөх тухай тушаалд: ...Одонтой овогтой Бэгзжавыг 1984 оны 6 дугаар сарын 15-ны өдрөөр тасалбар болгон дугуй зуухны ам нээгч хаагчийн ажлаас чөлөөлүгэй гэжээ.

         Увс аймгийн Барилга угсралтын трестийн даргын 1985 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 120 дугаар Жилийн ажиллагааны үр дүнгээр шагнал олгох тухай тушаалд: ...Ажлын цагийг 85-аас дээш ашиглаж норм биелүүлэн чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэх хөдөлмөрийн өндөр амжилт гаргаж ажилласан ажилчин 75 хүнийг жилийн ажиллагааны үр дүнгээр бүгд 16733 төгрөгөөр шагнасугай. Барилга материалын үйлдвэрийн 1985 оны тоосгон заводын ажилчдын жилийн ажиллагааны үр дүнгийн шагнал: О.Бэгзжав гэжээ.

        Увс аймаг дахь Алтан гадас одонт Барилга трестийн даргын 1987 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 188 дугаар Ажилд томилох тухай тушаалд: ...Цэргийн албанаас халагдаж ирсэн Одонтой овогтой Бэгзжавыг тоосгон заводын дугуй зууханд тоосго өрөгчөөр 1987 оны 6 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн авч ажиллуулсугай гэжээ.

         Мөн Барилга угсралтын трестийн даргын 1988 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 359 дүгээр Ээлжийн амралт олгох тухай тушаалд: ...Тоосго өрөгч О.Бэгзжавын ээлжийн амралтыг 21 хоногоор олгосугай гэжээ.

          Увс аймаг дахь Алтан гадас одонт Барилга трестийн даргын 1988 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 688 дугаар Тасралтгүй ажиллагааны нэмэгдэл олгох тухай тушаалд: ...Дээрх тогтоолын заалтын шаардлага биелүүлсэн ажилчид, үйлдвэрлэлийн инженер техникийн ажилтан 638 хүнийг 184349 төгрөгөөр шагнасугай. Хавсралтын 1-д О.Бэгзжав гэжээ.

         Увс аймгийн Барилгын биржийн Ерөнхий захирлын 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 99 дүгээр Ажлаас чөлөөлөх тухай тушаалын хуулбарт: ...Тус биржийн тоосгон заводын дугуй зуухны тоосго өрөгчО.Бэгзжавыг 1994 оны 12 дугаар сарын 31-нээр тасалбар болгон ажлаас нь чөлөөлсүгэй гэжээ.

        Түүнчлэн шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр гэрч Г.Гангаа, В.Ичинхорлоо нараас мэдүүлэг авсан бөгөөд гэрч Г.Гангаа Миний бие 1981 оноос 1991 оныг дуустал Увс аймгийн Барилга угсралтын трестэд тоосгон заводад тоосго шатаах зуухны галчаар ажиллаж байсан. Намайг тус байгууллагад ажиллаж байхад О.Бэгзжав нь мөн 1981 оноос эхлэн Увс аймгийн барилга угсралтын трестийн тоосгон заводын дугуй зууханд ам нээгчээр ажиллаж эхэлсэн. О.Бэгзжав нь тус газарт ажиллаж байгаад 1984 онд цэргийн албанд татагдсан бөгөөд цэргээс халагдаж ирээд 1987 оноос Увс аймгийн Барилга угсралтын трестэд үргэлжлүүлэн тоосгон заводын дугуй зууханд тоосго өрөгчөөр ажилласан юм. Миний бие 1991 онд ажлаас чөлөөлөгдөхөд О.Бэгзжав нь тус газарт ажиллаад үлдсэн юм. Тухайн үед Увс аймгийн барилга угсралтын трестийн даргаар Батзул, Барилгын биржийн даргаар Цээпэл гэх хүмүүс ажиллаж байсан гэж, гэрч В.Ичинхорлоо Миний бие 1980 оноос 1995 он хүртэл Увс аймгийн Барилга угсралтын трест болон Барилгын биржид бетон армотурчнаар ажиллаж байсан. Намайг тус байгууллагад ажиллаж байхад О.Бэгзжав нь 1981 оноос эхлэн Увс аймгийн барилга угсралтын трестийн тоосгон заводын дугуй зууханд ам нээгчээр ажиллаж эхэлсэн. О.Бэгзжав нь тус газар ажиллаж байгаад 1984 онд цэргийн албанд татагдсан бөгөөд цэргээс халагдаж ирээд 1987 оноос Увс аймгийн Барилга угсралтын трестэд үргэлжлүүлэн тоосгон заводын дугуй зууханд тоосго өрөгчөөр ажилласан юм. Увс аймгийн барилга угсралтын трест нь 1992 онд бүтэц зохион байгуулалтын өөрчлөлтөд орж Барилгын бирж нэртэй болсон бөгөөд О.Бэгзжав нь тус газарт 1994 оныг дуустал тоосгон заводын дугуй зууханд тоосго өрөгчөөр ажилласан болно гэж тус тус мэдүүлсэн ба тэдний ажилласан байдлыг нотлох хөдөлмөрийн дэвтрийн хуулбар болон Увс аймаг дахь Сум дундын шүүхийн 2013 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 1109 дүгээр шийдвэрийн хуулбарууд хэрэгт авагджээ.

          Увс аймгийн Барилга угсралтын трестийн даргын 1981 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 138 дугаар Ажилд томилох тухай тушаал, 1984 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 169 дүгээр Ажлаас чөлөөлөх тухай тушаалуудад зурагдсан даргын гарын үсэг нь засвартай байх тул эдгээр тушаалуудыг шийдвэрийн үндэслэл болгох боломжгүй юм.

        Хэдийгээр О.Бэгзжавын 1986-1993 онуудын цалингийн баримтаас бусад ажиллаж байсан жилүүдийнцалингийн баримт Увс аймгийн Архивын тасагт хадгалагдаагүй байгаа боловч нэхэмжлэгч нь 1981-1994 онуудад Увс аймгийн Барилга угсралтын трест болон Барилгын биржийн тоосгон заводын тоосго шатаах дугуй зуухны ам нээгч, тоосгон заводад тоосго өрөгчөөр тус тус ажиллаж байсан болох нь Увс аймгийн Архивын тасгийн 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн цалингийн тодорхойлолт, Увс аймгийн Барилга угсралтын трестийн даргын 1985 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 120 дугаар Жилийн ажиллагааны үр дүнгээр шагнал олгох тухай, 1987 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 188 дугаар Ажилд томилох тухай, 1988 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 359 дүгээр Ээлжийн амралт олгох тухай, 1988 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 688 дугаар Тасралтгүй ажиллагааны нэмэгдэл олгох тухай тушаалууд, Увс аймгийн Барилгын биржийн Ерөнхий захирлын 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 99 дүгээр Ажлаас чөлөөлөх тухай тушаалын хуулбар, гэрч Г.Гангаа, В.Ичинхорлоо нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

       Иймд нэхэмжлэгч Т.Алтанчимэгийн хүсэлтийг хангаж, О.Бэгзжавын 1981 оны 6 дугаар сарын 25-ны өдрөөс 1984 оны 6 дугаар сарын 25-ны өдрийг дуустал Увс аймгийн Барилга трестийн тоосгон заводын тоосго шатаах дугуй зуухны ам нээгчээр 3 жил, 1987 оны 6 дугаар сарын 25-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Увс аймгийн Барилга угсралтын трест болон Барилгын биржийн тоосгон заводын дугуй зууханд тоосго өрөгчөөр 7 жил 6 сар 6 хоног, нийт 10 жил 6 сар 6 хоног ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэв.

        Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

        1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсгүүдэд зааснаар Боргууд овогт Одонтойн Бэгзжавын 1981 оны 6 дугаар сарын 25-ны өдрөөс 1984 оны 6 дугаар сарын 25-ны өдрийг дуустал Увс аймгийн Барилга трестийн тоосгон заводын тоосго шатаах дугуй зуухны ам нээгчээр 3 /гурав/ жил, 1987 оны 6 дугаар сарын 25-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Увс аймгийн Барилга угсралтын трест болон Барилгын биржийн тоосгон заводын дугуй зууханд тоосго өрөгчөөр 7 /долоо/ жил 6 /зургаа/ сар 6 /зургаа/ хоног, нийт 10 /арав/ жил 6 /зургаа/ сар 6 /зургаа/ хоног ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

      2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч Т.Алтанчимэгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                     Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ