| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пэрлээн Гандолгор |
| Хэргийн индекс | 160/2022/0110/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/129 |
| Огноо | 2022-04-19 |
| Зүйл хэсэг | 24.6.1., |
| Улсын яллагч | С.Батсүх |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2022 оны 04 сарын 19 өдөр
Дугаар 2022/ШЦТ/129
2022/ШЦТ/129
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Гандолгор даргалж
Улсын яллагч: С.Батсүх
Шүүгдэгчийн өмгөөлөгч: М.Алтанчимэг
Шүүгдэгч: Ж.О
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Оюунгэрэл нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Жын От холбогдох 2212000000086 тоот эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1974 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Архангай аймгийн Ихтамир суманд төрсөн, 48 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувийн малаа малладаг, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Архангай аймгийн Ихтамир сумын .........гэх газар оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урд ял шийтгэл эдэлж байгаагүй, Б овогт Жын О/РД:АГ.........../
Холбогдсон хэргийн талаар:
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав.
*Эрүүгийн 2212000000086 тоот хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
*Иргэний нэхэмжлэгч Б.Цийн өгсөн:
“...Ойн санд хохирол учирсан тул хохирлыг нөхөн төлүүлмээр байна. Хохирлыг арагдуулчихвал надад нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг/хх-ийн 38-39 дүгээр тал/
*Гэрч Ж.Сгийн өгсөн:
“...Архангай аймгийн Их тамир сумын Хөхнуур багийн Хужир гэх газарт манай гэр байдаг юм. 2022оны 02 дугаар сарын 12-ны өдөр гэрийн гадна буулгасан байсан галын түлээний модноос хөрөөдөөд хагалж ачаад Архангай аймгийн төв рүү хоёр хүүхдэдээ мод аваачиж өгөх гээд нөхөр бид хоёр цугтаа аймгийн төв рүү ороод Цагаан давааны пост өнгөрөөд явж байтал цагдаа зогсоож шалгаад мод бэлтгэх эрхийн бичгээ шалгуулна уу гэж хэлсэн. Тухайн үед бид хоёрт мод бэлтгэх эрхийн бичиг байхгүй байсан. Тэгээд тээврийн хэрэгсэл түр саатуулах газарт модтой авто машиныг аваачиж саатуулсан. Манай нөхөр өнгөрсөн 2021 оны 11 дүгээр сард бэлтгэж гэрийнхээ гадна татсан. Тухайн үед би гэртээ байхгүй аймагт сургуулийн хоёр хүүхдийн хамт байсан. Мод бэлтгэсэн гэх газраа Урд мод хөтөл гэх газарт ганцаараа моднуудаа бэлтгэж татсан гэж байсан. Гэрийнхээ гадна хоёр Портер мод буулгасан гэж надад утсаар хэлсэн мод бэлтгэх эрхийн бичиг авсан талаар нь би сайн мэдэхгүй байна өөрөө надад хэлээгүй би ч асуугаагүй. Өөрийн эзэмшлийн модны цахилгаан хөрөө ашиглаж, галын түлээ болгож түлэх зориулалтаар ганцаараа бэлтгэн өөрийнхөө эзэмшлийн 45-25 АРА улсын дугаартай хөх өнгийн Портер маркийн тээврийн хэрэгслээр тээвэрлэн гэрийнхээ гадна татсан. Манайх ганц гэр байдаг тухайн үед гэрт нөхрөөс өөр хүн байхгүй байсан...” гэх мэдүүлэг/хх-ийн 09-11 дүгээр тал/
*Гэрч П.Эын өгсөн:
“...Ж.О гэдэг хүн надаас 2021 оны 11 дүгээр сард мод бэлтгэх эрхийн бичиг бичүүлж аваагүй. 2022 оны 02 дугаар сарын 12-ны өдөр надаас мод бэлтгэх эрхийн бичиг авъя гэж яриагүй. Уг газарт талбай тусгаарлалт хийгдсэн газар байхгүй. Уг газарт мод бэлтгэж болохгүй...” гэх мэдүүлэг/хх-ийн 26-27 дугаар тал/
*Яллагдагч Ж.Оын өгсөн:
“...Би өөрийн үйлдлээ хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг/хх-ийн 46-47 дугаар тал/
*Архангай аймгийн Засаг даргын дэргэдэх сум дундын ойн ангийн дарга Т.Мөнх-Эрдэнийн 2022 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 05 дугаартай: ”...1.6 м3 шоометр модны экологи-эдийн засгийн үнэлгээ тогтооход Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн А/176 дугаар тушаалын 1 дүгээр хавсралт, Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын 2013 оны 11-р сарын 13 өдрийн 325 тоот тушаал /төлбөрийн муж тогтоох тухай/ үндэслэн ойн сангийн нэг шоометр модны экологи-эдийн засгийн үнэлгээг ойн нөөцийн төлбөрийн Хоёрдугаар муж /Бүх төрлийн хуурай мод/ шууд үр ашгийн -48.098₮, шууд бус үр ашгийн-61.662₮, нийт 109.760₮ мод, түлээ хуурай 1.0 итгэлцүүрээр тус тус үржүүлж нийт ойн санд учруулсан хохирлын хэмжээ 175.616₮-өөр тогтоогдлоо...” гэх дүгнэлт/хх-ийн 33-34 дүгээр тал/
*Архангай аймгийн Засаг даргын дэргэдэх сум дундын ойн ангийн дарга Т.Мөнх-Эрдэнийн 2022 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 05 дугаартай: ”...1.4 м3 шоометр модны экологи-эдийн засгийн үнэлгээ тогтооход Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн А/176 дугаар тушаалын 1 дүгээр хавсралт, Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын 2013 оны 11-р сарын 13 өдрийн 325 тоот тушаал /төлбөрийн муж тогтоох тухай/ үндэслэн ойн сангийн нэг шоометр модны экологи-эдийн засгийн үнэлгээг ойн нөөцийн төлбөрийн Хоёрдугаар муж /Бүх төрлийн хуурай мод/ шууд үр ашгийн -48.098₮, шууд бус үр ашгийн-61.662₮, нийт 109.760₮ мод, түлээ хуурай 1.0 итгэлцүүрээр тус тус үржүүлж нийт ойн санд учруулсан хохирлын хэмжээ 153.664₮-өөр тогтоогдлоо...” гэх дүгнэлт/хх-ийн 69 дүгээр тал/
*Мэргэшсэн үнэлгээчин А.Бямбажавын 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 18 дугаартай: “...2021 оны 11 сарын зах зээлийн ханшаар 32 ширхэг шинэс төрлийн 1.6 шоо метр модны үнэ 128.000/нэг зуун хорин найман мянга/ төгрөг, цахилгаан хөрөөний үнэ 40.000/дөчин мянга/ төгрөг, төмөр сүхний үнэ 25.000/хорин таван мянга/ төгрөг, жижиглэж ачсан модны үнэ 80.000/наян мянга/ төгрөг, 2003 онд үйлдвэрлэгдэж, 2017 онд Монгол улсад орж ирсэн 45-25 АРА улсын дугаартай бага оврын ачааны Хюндей Портер маркийн автомашины үнэлгээг 1.500.000/нэг сая таван зуун мянга/ төгрөг болохыг тус тус тодорхойлов...” гэх дүгнэлт/хх-ийн 70 дугаар тал/
*Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хууль бусаар бэлтгэсэн модонд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд мөрийн баримтаар хураан авах тогтоол, битүүмжлэх тогтоол/хх-ийн 12-15, 16-23, 85, 82-83 дугаар тал/
*Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 88 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, нотлох баримтын хэмжээнд эрх зүйн дүгнэлт хийж шүүгдэгч Ж.От холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.
Гэм буруугийн талаар:
Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар нь 2022 оны 02 дугаар сарын 12-ны өдөр Архангай аймгийн Ихтамир сумын Хөхнуур баг Хужир гэх газраас шүүгдэгч Ж.О нь 32 ширхэг, хагалсан түлээ 3 м3 шоометр шинэс модыг зохих зөвшөөрөлгүй, хууль бусаар бэлтгэж, Портер маркийн 45-25 АРА улсын дугаартай тээврийн хэрэгслээр тээвэрлэж, ойн санд 329,280 төгрөгийн хохирол учруулсан гэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг агуулж байна.
Дээрх гэмт хэрэгт шүүгдэгч Ж.О гэм буруутай болох нь иргэний нэхэмжлэгч Б.Цийн”...Ойн санд хохирол учирсан тул хохирлыг нөхөн төлүүлмээр байна. Хохирлыг арагдуулчихвал надад нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг, гэрч Ж.Сгийн”...2022оны 02 дугаар сарын 12-ны өдөр гэрийн гадна буулгасан байсан галын түлээний модноос хөрөөдөөд хагалж ачаад Архангай аймгийн төв рүү хоёр хүүхдэдээ мод аваачиж өгөх гээд нөхөр бид хоёр цугтаа аймгийн төв рүү ороод Цагаан давааны пост өнгөрөөд явж байтал цагдаа зогсоож шалгаад мод бэлтгэх эрхийн бичгээ шалгуулна уу гэж хэлсэн. Тухайн үед бид хоёрт мод бэлтгэх эрхийн бичиг байхгүй байсан. Тэгээд тээврийн хэрэгсэл түр саатуулах газарт модтой авто машиныг аваачиж саатуулсан. Манай нөхөр өнгөрсөн 2021 оны 11 дүгээр сард бэлтгэж гэрийнхээ гадна татсан. Тухайн үед би гэртээ байхгүй аймагт сургуулийн хоёр хүүхдийн хамт байсан. Мод бэлтгэсэн гэх газраа Урд мод хөтөл гэх газарт ганцаараа моднуудаа бэлтгэж татсан гэж байсан...” гэх мэдүүлэг, гэрч П.Эын”...Ж.О гэдэг хүн надаас 2021 оны 11 дүгээр сард мод бэлтгэх эрхийн бичиг бичүүлж аваагүй. 2022 оны 02 дугаар сарын 12-ны өдөр надаас мод бэлтгэх эрхийн бичиг авъя гэж яриагүй. Уг газарт талбай тусгаарлалт хийгдсэн газар байхгүй...” гэх мэдүүлэг, гэмт хэргийн улмаас байгаль орчинд 329.280 төгрөгийн хохирол учирсан болохыг тогтоосон Архангай аймгийн Засаг даргын дэргэдэх сум дундын ойн ангийн дарга Т.Мөнх-Эрдэнийн 05, 15 дугаартай дүгнэлтүүд зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх бөгөөд шүүгдэгч Ж.Оын зохих зөвшөөрөл, гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод бэлтгэж, тээвэрлэсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна.
Архангай аймгийн прокурорын газраас шүүгдэгч Ж.Оын хууль бусаар мод бэлтгэж, тээвэрлэсэн үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих асуудлыг тогтоосон, хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж дүгнэв. Иймд шүүгдэгч Ж.Оын хууль бусаар зохих зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэж, гарал үүслийн гэрчилгээгүйгээр тээвэрлэж, ойн санд хохирол учруулсан гэж дүгнэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Хохирол хор уршгийн талаар
Гэмт хэргийн улмаас байгаль орчинд 329.280 төгрөгийн хохирол учирсан болохыг экологи эдийн засгийн үнэлгээгээр тогтоосон байна.
Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1-д ойн санд учирсан хохирлыг экологи эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр тогтооно гэж заасан байх тул гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг /329.280*3=987.840/есөн зуун наян долоон мянга найман зуун дөч/ төгрөгөөр тогтоож, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь байгаль орчин болон байгалийн нөөцөд хохирол учруулсан бол нөхөн төлбөр төлөх бөгөөд нөхөн төлбөрийг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлд зааснаар Байгаль орчин, уур амьсгалын санд оруулна...” гэж заасан тул шүүгдэгчээс 987.840/есөн зуун наян долоон мянга найман зуун дөч/ төгрөг гаргуулан Байгаль орчин, уур амьсгалын тусгай санд оруулахаар шийдвэрлэв.
Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн зүгээс гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй бөгөөд шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршиг, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан Шүүгдэгч Ж.О нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн түүнд эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдохгүй байх бөгөөд анх удаа гэмт хэрэг үйлдсэнг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцон, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан торгох ял оногдуулах боломжтой гэж дүгнэв.
Шүүгдэгчийн орлого олох боломжийг харгалзан оногдуулсан торгох ялыг гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэж, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдэж, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдан шийдвэрлэх нь зүйтэй байна.
Шүүхээс шүүгдэгч Ж.Оыг хууль бусаар мод бэлтгэсэн гэмт хэрэгт гэм буруутайд тооцсон, Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлого гэж.....гэмт хэрэг үйлдэж шууд, болон шууд бусаар олсон эдийн хөрөнгө, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгслийг ойлгоно ...” гэж заасан бөгөөд мөн зүйлийн 3 дахь хэсэгт хураан авсан хөрөнгө орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна гэж заасан байна. Иймд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Ж.Оаас гэмт хэрэг үйлдэхэд ашигласан 1.500.000/нэг сая таван зуун мянга/ төгрөгийн үнэлгээ бүхий 45-25 АРА улсын дугаартай улсын дугаартай Портер маркийн тээврийн хэрэгслийг хурааж, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол болох 987.840/есөн зуун наян долоон мянга найман зуун дөч/ төгрөгийг төлүүлэн, үлдсэн 512.160/таван зуун арван хоёр мянга нэг зуун жар/ төгрөг, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 40.000/дөчин мянга/ төгрөгийн үнэ бүхий цахилгаан хөрөө, 128.000/нэг зуун хорин найман мянга/ төгрөгийн үнэ бүхий 32 ширхэг шинэс төрлийн 1.6 шоо метр мод, 25.000/хорин таван мянга/ төгрөгийн үнэ бүхий төмөр сүх, 80.000/наян мянга/ төгрөгийн үнэ бүхий жижиглэж ачсан модыг тус тус улсын орлого болгохоор шийдвэрлэв.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Жын Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зохих зөвшөөрөлгүй хууль бусаар ойд мод бэлтгэж, гарал үүслийн гэрчилгээгүйгээр тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Оыг 450/дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000/дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.О нь шүүхээс оногдуулсан 450/дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000/дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3/гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.О нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15/арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1/нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1, 4 дэх хэсгийн 1-д зааснаар шүүгдэгч Ж.Оаас 987.840/есөн зуун наян долоон мянга найман зуун дөч/ төгрөг гаргуулан Байгаль орчин уур амьсгалын санд оруулсугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц прокурорын 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Ж.Оаас гэмт хэрэг үйлдэхэд ашигласан 1.500.000/нэг сая таван зуун мянга/ төгрөгийн үнэлгээ бүхий 45-25 АРА улсын дугаартай улсын дугаартай Портер маркийн тээврийн хэрэгслийг хурааж, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол болох 987.840/есөн зуун наян долоон мянга найман зуун дөч/ төгрөгийг төлүүлэн, үлдсэн 512.160/таван зуун арван хоёр мянга нэг зуун жар/ төгрөг, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 40.000/дөчин мянга/ төгрөгийн үнэ бүхий цахилгаан хөрөө, 128.000/нэг зуун хорин найман мянга/ төгрөгийн үнэ бүхий 32 ширхэг шинэс төрлийн 1.6 шоо метр мод, 25.000/хорин таван мянга/ төгрөгийн үнэ бүхий төмөр сүх, 80.000/наян мянга/ төгрөгийн үнэ бүхий жижиглэж ачсан модыг тус тус улсын орлого болгосугай.
7. Шүүгдэгч Ж.О нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.
8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, шүүгдэгчийн өмгөөлөгч, иргэний нэхэмжлэгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Ж.От авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ГАНДОЛГОР