Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 05 сарын 22 өдөр

Дугаар 418

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

           Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

          Нэхэмжлэгч: Увс аймгийн Өлгий сумын Хөдөлмөр багт оршин суух, 1967 онд төрсөн, 50 настай, эмэгтэй, регистрийн дугаар ОИ67022107, Таргад овогт Чимэдийн Чулууны,

         Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2017 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч, 2017 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

         Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ч.Чулуун, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Дашдорж нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

        Нэхэмжлэгч Ч.Чулуун шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нь 1967 онд төрсөн, 51 настай. Би Увс аймгийн Өмнөговь сумын 8 жилийн дунд сургуулийн 8 дугаар анги төгсөөд аав ээжийнхээ хамт Өмнөговь сумын Цог нэгдэлд 1983 оны 7 дугаар сараас эхлэн мал маллаж байгаад 1986 онд хүнтэй сууж улмаар 1986 оны 7 дугаар сард гэр бүлийн хамт Өлгий сумын Энххөдөлмөр нэгдэлд малчнаар ажиллахболсон. Тус нэгдэлд 1989 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд мал маллаж байгаад 1990 онд нэгдэл тарж, гэр бүлийн хамт хувиараа мал маллан амьдрах болсон. Тухайн үед хөтлөгдөж байсан хөдөлмөрийн дэвтрээ үрэгдүүлсэн бөгөөд нэгдэл тарсан тул нөхөн бичүүлэх боломжгүй байгаа тул ажиллаж байсан байдлаа шүүхээр тогтоолгох шаардлагатай болсон. Иймд намайг 1983 оны 7 дугаар сараас 1986 оны 7 дугаар сар хүртэл Увс аймгийн Өмнөговь сумын Цог нэгдэлд малчнаар, 1986 оны 7 дугаар сараас 1989 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд Увс аймгийн Өлгий сумын Энххөдөлмөр нэгдэлд малчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү. Надтай хамт мал маллаж байсан Х.Чулуун, Б.Гончиг нарыг гэрчээр асууж өгнө үү гэв.

         Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

         Нэхэмжлэгч Ч.Чулуун нь 1983 оны 7 дугаар сараас 1989 оныг дуустал Увс аймгийн Өмнөговь сумын Цог нэгдэлболон Өлгий сумын Энххөдөлмөр нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэгт дараах нотлох баримтууд авагджээ.

         Увс аймгийн Архивын тасгийн 2017 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн цалингийн тодорхойлолтод нэхэмжлэгч Чимэдийн Чулууны 1983 оны 7 дугаар сараас 1989 оныг дуустал Увс аймгийн Өмнөговь сумын Цог нэгдэл болон Өлгий сумын Энххөдөлмөр нэгдэлд малчнаар ажиллаж, цалин авч байсныг түүвэрлэн ирүүлжээ.

       Ч.Чулууныг Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргаа, Эмэгтэйчүүдийн зөвлөл, Ардын хурлын тэргүүлэгчдээс 1987 оны 2 дугаар сарын 11-ний өдөр, 1988 оны 2 дугаар сарын 20-ны өдөр шагнаж байсан байрын бичиг, сайшаалын үнэмлэхүүд хэрэгт авагдсан байна.

       Түүнчлэн шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр гэрч Б.Гончиг, Х.Чулуун нараас мэдүүлэг авсан бөгөөд гэрч Б.Гончиг Миний бие 1972 оноос 1992 оныг дуустал Увс аймгийн Өлгий сумын Энххөдөлмөр нэгдэлд малчин, тракторчнаар ажилладаг байсан. Намайг тус нэгдэлд ажиллаж байхад Ч.Чулуун нь 1986 оноос эхлэн Энххөдөлмөр нэгдэлд мал маллаж эхэлсэн бөгөөд 1989 оныг дуустал нэгдэлд малчнаар ажилласан юм. Ч.Чулуун нь голдуу тэмээ малладаг байсан. Тухайн үед Өлгий сумын Энххөдөлмөр нэгдлийн даргаар Г.Хөхөө гэх хүн ажиллаж байсан гэж, гэрчХ.Чулуун Миний бие 1971 оноос 1990 оныг дуустал Увс аймгийн Өмнөговь сумын Цог нэгдэлд малчнаар ажиллаж байсан. Намайг тус нэгдэлд ажиллаж байхад Ч.Чулуун нь 1983 оноос эхлэн Цог нэгдэлд мал маллаж эхэлсэн бөгөөд 1986 оны 7 дугаар сар хүртэл тус нэгдэлд малчнаар ажилласан юм. Тухайн үед Өмнөговь сумын Цог нэгдлийн даргаар Юнгэр, Дүүдэй гэх хүмүүс ажиллаж байсан гэж тус тус мэдүүлсэн ба тэдний ажилласан байдлыг нотлох хөдөлмөрийн дэвтрийн хуулбар болон цалингийн тодорхойлолтууд хэрэгт авагджээ.

       Нэхэмжлэгч Ч.Чулуун нь 1983 оны 7 дугаар сараас 1989 оныг дуустал Увс аймгийн Өмнөговь сумын Цог нэгдэл болон Өлгий сумын Энххөдөлмөр нэгдэлд малчнаар ажиллаж байсан болох нь Увс аймгийн Архивын тасгийн 2017 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн цалингийн тодорхойлолт, Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргаа, Эмэгтэйчүүдийн зөвлөл, Ардын хурлын тэргүүлэгчдээс 1987-1988 онуудад түүнийг шагнаж байсан байрын бичиг, сайшаалын үнэмлэхүүд, гэрч Б.Гончиг, Х.Чулууннарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

         Иймд нэхэмжлэгч Ч.Чулууны хүсэлтийг хангаж, түүний 1983 оны 7 дугаар сараас 1989 оныг дуустал Увс аймгийн Өмнөговь сумын Цог нэгдэл болон Өлгий сумын Энххөдөлмөр нэгдэлд малчнаар 6 жил 6 сар ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэв.

       Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3 дахь хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч Ч.Чулуун нь улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөг төлөхөөс тус шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 988 дугаар шүүгчийн захирамжаар чөлөөлөгдсөн болохыг дурдах нь зүйтэй.

       Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

        1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч Таргад овогт Чимэдийн Чулууны 1983 оны 7 дугаар сараас 1989 оныг дуустал Увс аймгийн Өмнөговь сумын Цог нэгдэл болон Өлгий сумын Энххөдөлмөр нэгдэлд малчнаар 6 /зургаа/ жил 6 /зургаа/ сар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

        2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3 дахь хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч Ч.Чулуун улсын тэмдэгтийн хураамж 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөг төлөхөөс тус шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 988 дугаар шүүгчийн захирамжаар чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ