Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 06 сарын 09 өдөр

Дугаар 40

 

Увс аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Б.Гансүх даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Х.Сувд-Эрдэнэ  
Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Баярмагнай,
Шүүгдэгч: Ж.Эрдэнэ-Очир нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх  хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Булгадар овогт Жамбалын Эрдэнэ-Очирт холбогдох 201620000070 дугаартай эрүүгийн хэргийг 2016 оны 05 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1968 оны 07 дугаар сарын 10-ны өдөр Увс  аймгийн Хяргас суманд төрсөн, 48 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Увс аймгийн Улаангом сумын 5 дугаар баг, 14-33 тоотод оршин суух, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд Увс аймаг дахь Сум дундын шүүхийн 2011 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 112 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5  дахь хэсгүүдэд зааснаар 3 жил 10 хоног хорих ялаар шийтгүүлж, 2 жилийн хугацаагаар тэнсэн хянан харгалзсан, Булгадар овогт Жамбалын Эрдэнэ-Очир / РД:ОР68071015 /,  
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Ж.Эрдэнэ-Очир нь согтуугаар  нь 2016 оны 03 дугаар сарын 29-ний өдөр Улаангом сумын 4 дүгээр багийн нутагт оршин суух иргэн Э.Солонгийн хашаанд байрлуулсан байсан 28-56 УВХ улсын дугаартай аксент загварын автомашины урд салхины шилийг дугуйн дорцоф ашиглан санаатайгаар цохиж гэмтээж, 105.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:                                                                                                                  
    1. Хохирогч Э.Солонгийн мөрдөн байцаалтад өгсөн: 2016 оны 03 дугаар сарын 30-ны өдөр гэртээ ирээд байшингийнхаа хаалгыг онгойлгох гэтэл байшингийн дэргэд зогсож байсан миний нөхөр А.Отгонбаярын Аксент маркийн 28-56 УВХ улсын дугаартай автомашины урд салхины шил хагарсан байсан. Машины орой дээр манай хашаанд байдаг төмөр дорцоф байсан. Тэр дорцоф төмрөөр шилийг хагалсан шинжтэй байсан. Тэр асуудлыг шалгуулахаар цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Би яг хэн хагалсныг нь хараагүй. Гэхдээ аав Ж.Эрдэнэ-Очирыг хагалсан гэж бодож байна. Учир нь хэд хоногийн өмнө Ж.Эрдэнэ-Очир манайд согтуу ирээд ээж Т.Жаргалтай маргалдаад байхаар нь ээж Т.Жаргал цагдаад дуудлага өгч бариулсан. Энэ асуудлаас болж машины шилийг хагалсан гэж бодож байна. Машины шилний үнийг нэхэмжлэж байна гэх мэдүүлэг / хх-ийн 21-22, 23-р тал /,
    2. Гэрч Э.Баян-Очирын мөрдөн байцаалтад өгсөн: Би эмээгийнхээ гэрт амьдардаг бөгөөд 2016 оны 03 дугаар сарын 29-ний орой Ж.Эрдэнэ-Очир ганцаараа согтуу эмээгийн гэрт ирсэн. Эмээ тухайн үед Улаанбаатарт байсан би би эмээгийн гэрт н.Буянхишиг түүний эхнэр н.Байгалмаа нартай хамт байсан. Ж.Эрдэнэ-Очир орж ирэхээр нь Та харьж амар. Битгий энэ газарт яваад бай гэж хэлээд хөөгөөд явуулсан. Дахин эргэж ирээгүй. Хаашаа явж байгаагаа надад хэлээгүй. Миний санаж байгаагаар Ж.Эрдэнэ-Очир бор өнгийн ноосон малгай, бараан өнгөтэй хувцастай явсан. гэх мэдүүлэг / хх-ийн 24, 25-р тал /,
    3. Гэрч Д.Батзаяагийн мөрдөн байцаалтад өгсөн:  2016 оны 03 дугаар сарын 29-ний орой гэртээ байж байтал 20 цагийн үед манай нохой хуцахаар нь цонхоор хартал Э.Солонгийн хашаан дотор бор өнгөтэй ноосон малгайтай, туранхай, бор царайтай нэг хүн алхаж явж байснаа хашааны хаалгаар гараад явж харагдсан. Би тэр хүнийг урьд нь харж байгаагүй танихгүй хүн байсан. Холоос харсан болохоор царайг нь сайн харж чадаагүй  гэх мэдүүлэг / хх-ийн 26-р тал /,
    4. Гэрч Н.Цэндээгийн мөрдөн байцаалтад өгсөн:  2016 оны 03 дугаар сарын 30-ны 15 цагийн үед Э.Солонготой хамт хүү А.Отгонбаярын гэрт очиход хашааны хаалга нь онгорхой байсан. Би хоёр байшингийнхан дэргэд ирээд хаалгыг нь онгойлгох гэтэл байшингийн гадна зогсож байсан миний хүү А.Отгонбаярын эзэмшлийн 28-56 УВХ улсын дугаартай аксент маркийн автомашины урд салхины шил нь жолооч талын хэсгээрээ хагарч цуурсан байдалтай байсан. Тэр машины орой дээр нь дугуй тайлдаг дорцоф төмөр тавьчихсан байсан. Хүн зориуд цохьчихоод явсан шинжтэй байсан.гэх мэдүүлэг /хх-ийн 29-р тал/
    5.  Гэрч А.Отгонбаярын  мөрдөн байцаалтад өгсөн:  Би 2016 оны 03 дугаар сарын 28-ны өдөр Улаанбаатар хотод сургалтанд суухаар явахад миний машины салхины урд шил бүрэн бүтэн байсан. Намайг явахаас өмнө хадам аав Ж.Эрдэнэ-Очир манайд хэд хэдэн удаа согтуу ирээд агсам тавиад байхаар нь эрүүлжүүлэхийн цагдаа дуудаад өгчихсөн юм. Тэрэнд өширхөөд машины шил хагалсан байх гэж бодож байна. Машины шилийг бүтэн болгочихвол надад гомдол байхгүй гэх мэдүүлэг /хх-ийн 32-33-р тал/
6. Увс финанс-Аудит ХХК-ийн 2016 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн  99 дугаартай  Салхины шил үнэлсэн тухай шинжээчийн  дүгнэлт / хх-ийн 39-40-р тал /,
7. Шүүгдэгчийн хувийн байдал тогтоосон баримтууд / хх-ийн 57, 60, 65, 67-82, 85-86-р тал/,
    8. Шүүгдэгч Ж.Эрдэнэ-Очирыг урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан лавлагаа / хх-ийн 56-р тал /,  
    9. Хохирогч Э.Солонгийн 2016 оны 05 дугаар сарын 24-ний өдөр гаргасан: Аав Ж.Эрдэнэ-Очир нь манай машины шилийг засуулж, хохирлыг барагдуулсан тул надад өөр гомдол, тэмцэл байхгүй. Иймд аав Ж.Эрдэнэ-Очирыг ял шийтгэлээс чөлөөлж өгөхийг хүсэж байна гэх тодорхойлол /хх-ийн 104-р тал/,
10. Шүүгдэгч Ж.Эрдэнэ-Очирын мөрдөн байцаалтанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:  Би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Би 2016 оны 03 дугаар сарын 29-ний орой ээжийн гэрт очиход миний төрсөн хүү Э.Баян-Очир намайг  Юу шиншлээд яваад байгаа пизда бэ? Эндээс зайл гэж хөөхөөр нь гомдоод өөрийн төрсөн охин, Э.Баян-Очирын төрсөн эгч  болох  Э.Солонгоод энэ байдлыг хэлэхээр гэрт нь очсон. Хашааны хаалгыг нь цохиход тайлахгүй болохоор нь намайг ирж байгааг мэдчихээд хаалгаа тайлахгүй байна гэж бодоод энэ байдалд гомдоод хашаанд нь орж дорцоф төмрөөр машиныхан урд салхины шилийг цохиж хагалсан. Тэгээд Э.Солонго гэртээ байхгүй болохоор нь би гараад явсан. Ийм хэрэг үйлдсэндээ гэмшиж байна. Согтуу бас өөрийн уурын мунхагаас болж ийм хэрэг үйлдсэндээ харамсаж байна. Би дахин  гэмт хэрэг үйлдэхгүй байж чадна. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү  гэх мэдүүлэг  зэрэг нотлох баримтууд болно.

          Хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг үнэлэн дүгнэхэд: Шүүгдэгч Булгадар овогт Жамбалын Эрдэнэ-Очир нь согтуугаар  нь 2016 оны 03 дугаар сарын 29-ний өдөр Улаангом сумын 4 дүгээр багийн нутагт оршин суух иргэн Э.Солонгийн хашаанд байрлуулсан байсан 28-56 УВХ улсын дугаартай аксент загварын автомашины урд салхины шилийг дугуйн дорцоф ашиглан санаатайгаар гэмтээж, 105.000 төгрөгийн хохирол учруулсан  гэмт хэрэгт  үйлдсэн болох нь  хохирогч Э.Солонго, гэрч Э.Баян-Очир, Д.Батзаяа, Н.Цэндээ, А.Отгонбаяр нарын мэдүүлэг, Увс финанс-Аудит ХХК-ийн 2016 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн  99 дугаартай Hyunda Accent маркийн 1999 онд үйлдвэрлэгдсэн суудлын автомашины урд салхины шил 105.000 төгрөгийн үнэтэй” гэсэн шинжээчийн  дүгнэлт, шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.
Харин Ж.Эрдэнэ-Очир  нь  Увс аймаг дахь Сум дундын шүүхийн 2011 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 112 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5  дахь хэсгүүдэд зааснаар 3 жил 10 хоног хорих ялаар шийтгүүлж, 2 жилийн хугацаагаар тэнсэн хянан харгалзсан байх бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.1-д зааснаар тэнсэн хянан харгалзах хугацаанд дахин гэмт хэрэг үйлдээгүй тул 2013 оны 11 дүгээр сарын 23-ны өдрөөс эхлэн ялгүйд тооцогдож байна. Иймд шүүгдэгч Ж.Эрдэнэ-Очирыг  анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.
Мөрдөн байцаалтын болон прокурорын хяналтын шатанд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн ноцтой зөрчил гараагүй, хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Ж.Эрдэнэ-Очирт  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэх үндэслэлтэй гэж дүгнэв.
           Шүүгдэгч Ж.Эрдэнэ-Очир нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй,  шүүгдэгчээс гаргуулах хохиролгүй болохыг тус тус дурьдаж, эд мөрийн баримтаар хураагдсан автомашины дугуй тайлах зориулалттай дорцофыг эзэмшигч А.Отгонбаярт шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц  буцаан олгох нь зүйтэй гэж шийдвэрлэв.
             Шүүх ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгаа  гэсэн Эрүүгийн хуулийн  55 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10-д “согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн” гэсэн хүндрүүлэх  нөхцөл байдлуудыг харгалзан үзсэн болно.
              Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн, хувийн байдал зэргийг харгалзан түүнд оногдуулсан ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэн хянан харгалзах хугацаа тогтоох боломжтой гэж шүүх дүгнэлээ.
                Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283-ийн 283.1,  284-ийн 284.1,  294-296 дугаар зүйл, 297 дугаар зүйлийн 297.1- 297.5 дахь хэсэг 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон                                            
ТОГТООХ нь:
1. Булгадар овогт Жамбалын Эрдэнэ-Очирыг  бусдын эд хөрөнгийг санаатайгаар гэмтээх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн  153 дугаар зүйлийн  153.1 дэхь  хэсэгт  зааснаар шүүгдэгч Ж.Эрдэнэ-Очирт 2 / хоёр / жил хорих  ял  шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч Ж.Эрдэнэ-Очирт   оногдуулсан 2 / хоёр / жил хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.
4. Шүүгдэгч Ж.Эрдэнэ-Очир нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохиролгүйг дурьдсугай.
5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-д зааснаар шүүгдэгч Ж.Эрдэнэ-Очирын эд хөрөнгө / 6 ханатай гэр / битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2016 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн тогтоолыг хүчингүй болгосугай.
6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1-д зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн дугуй тайлах зориулалттай дорцофыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эзэмшигч А.Отгонбаярт буцаан олгосугай.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д заасныг баримтлан шүүгдэгч Ж.Эрдэнэ-Очирт оногдуулсан 2 жил хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзах хугацаа тогтоосугай.

7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 65 дугаар зүйлийн 65.1-д зааснаар шүүгдэгч Ж.Эрдэнэ-Очирт өмнө авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар энэ шийтгэх тогтоолыг ялтан,  хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны  шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.


ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                          Б.ГАНСҮХ