Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 01 сарын 25 өдөр

Дугаар 2022/ШЦТ/13

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Сарантуяа даргалж

         Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Нармандах

         Улсын яллагч Ц.Батзаяа

         Шүүгдэгч А.П, түүний өмгөөлөгч Х.Энхбат нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Говь-Алтай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж  ирүүлсэн  шүүгдэгч  А.Пт нарт холбогдох 2116001680010 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 01 дүгээр сарын 12-ны  өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, халх, ...-ны өдөр төрсөн, .. настай, эрэгтэй,  бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, Говь-Алтай аймгийн Халиун сумын Чацран багийн иргэдийн нийтийн хурлын дарга ажилтай, ам бүл 3, ээж, дүү нарын хамт Говь-Алтай аймгин Халиун сумын Чацран багт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ...регистрийн дугаартай, Ж овогтой А-н П.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох:

           Шүүх хуралдаанаар тогтоогдсон нөхцөл байдлаас үзвэл шүүгдэгч А.П нь Говь-Алтай аймгийн Халиун сумын Ёлтоны систем гэх газарт хохирогч Б.Мын эзэмшлийн 1 тооны соёолон насны хээр зүсмийн адууг бусдын эзэмшилд байгааг мэдсээр байж 2021 оны 10 дугаар сарын 11-ний орой Б.Өд миний адуу гэж худалдахаар тохиролцож, тээврийн хэрэгсэл дээр ачуулж, бусдын адууг завшиж 1.100.000 төгрөгний хохирол учруулсан үйлдэл нь бусдын эд хөрөнгийг завшин бага хэмжээнээс дээш хохирол учруулж, өмчлөх эрхэд халдсан шинжээрээ Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна гэж шүүх дүгнэлээ.

Тухайн гэмт хэрэгт шүүгдэгч А.П гэм буруутай болох нь:

Шүүгдэгч А.Пын шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхийг зөвшөөрч байна гээд мэдүүлсэн “...2021 оны 10 дугаар сарын 11-ний өдөр багийн хурал болсон. Тэр Ө гэдэг хүнд 3 тооны адуу өгөх ёстой байсан. Миний 4 адуутай нэг адуу нийлээд 5 адуу болсон явж байна гэж нэг хоногийн өмнө сонсоод Э гэдэг хүнд миний адуу усанд ороод явж байна гэсэн. Ёлтон дээр тууж ирээд хашаад байж бай. Өнөөдөр орой Ө ирж авна гэсэн гэж хэлсэн. Тэгээд багийн хурал ороод оройхон ирсэн. Нар арай жаргаагүй байсан. Адуунуудыг нэг хашаанд хашсан байсан. Би Дандаржав гэдэг хүний нэг адуу, өөрийнхөө нэг хээр адуу, Эы хүрэн адуу, наана нь хэнийх гэдгийг нь мэдээгүй нэг адуу нийлсэн байсан түүнийг барьж үлдсэн. Тэр бол миний буруу. Арай нар жаргаагүй байхад Ө, М нар нэг залуутай ирээд адуугаа ачих гээд энэ хэний адуу юм бэ? гэсэн чинь М миний хэд хоногийн өмнө алдсан үрээ энд явж байна шүү дээ гээд тэр хээр үрээг ачаад явсан. Б гэдэг хүний хүрэн үрээг үлдээгээд 3 адуу ачаад явсан. Хээр зүсмийн адуу Мынх гэдгийг мэдээгүй. Тамгыг нь мэдэхгүй. Оын гүүний оронд өгөх гээд миний адуу гэж хэлээд өөрөө барьж авсан юм. Хийсэн үйлдэлдээ гэмшиж байна. Дахин ийм үйлдэл гаргахгүй... гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

Хохирогч Б.Мын мөрдөн байцаалтад өгсөн “...2021 оны 10 дугаар сарын 11-нд Баян-Өлгий аймаг руу адуу ачиж байсан машины жолооч Мб, Ө нарын хамт Халиун сумын Чацран багийн Услалтын систем гэх газраас адуу ачиж ирэх гээд явсан. Тухайн газарт очиход гадаа харанхуй болж байсан. Тухайн ачуулсан 3 тооны адуун дунд миний эзэмшлийн хээр зүсмийн чандмань тамгатай соёолон насны нэг адуу явж байхаар нь энэ миний морь явж байна гэж хэлээд сумын төвд авчирч хашаандаа буулгасан. Би өөрийн адууг явдлаар нь таньсан. Очоод үзэхэд тамга тэмдэг нь мөн байсан. Алга  болсон гэх адуу нь миний өөрийн эзэмшлийн унаган адуу байгаа юм. Өмнө нь ижил сүргээсээ явж байгаагүй...” гэсэн мэдүүлэг /ХХ38, 43/,

 Гэрч Б.Оын мөрдөн байцаалтад өгсөн “...Б гэх залуу тухайн өдөр Өд адуу өгөх байсан айлуудын адуу малыг ойртуулж ирээд хашиж байсан. Багийн хуралд явж ирээд хашаатай адуунаас 4 адуу барьж үлдээгээд бусдыг нь гаргаад явуулсан. Удалгүй сумын төвөөс М, Ө нар нэг танихгүй хүнтэй хамт ирээд адуугаа ачих гэж байгаад М ах миний адуунаасаа  алдсан үрээ байна гээд миний нэр дээр ачуулах гэж байсан адууг аваад явсан. Тухайн адуу нь П гэх хүний адуутай хамт ирсэн...” гэсэн мэдүүлэг /ХХ65, 69/,

Гэрч Б.Өын мөрдөн байцаалтад өгсөн “...Эы өгөх адуу нь бие жижигтэй байсан учир үлдээгээд бусад адууг нь ачуулсан. Адуу ачуулж байх үед М гэх хүн миний нэг адуу энд байна гээд нэг адууг заасан. Явж байх замдаа юу болоод байгааг М ахаас асуухад миний хэд хоногийн өмнө адуундаа байсан үрээ олдохгүй байсан чинь энд явж байна гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /ХХ73/,

Гэрч Д.Эы мөрдөн байцаалтад өгсөн “...2021 оны 10 дугаар сарын 11-ний өдөр манай багийн хурал болох гэж байсан. Ө гэх хүн манай багт адуу худалдаж авсан. Тухайн өдөр Ёлтоны систем гэх газар адуугаа бэлдээд байж бай гэж хэлсэн. Би өөрийн адуугаа өмнөх өдөр нь системийн хашаанд хашсан байсан. П гэх хүн над руу яриад миний 5 адуу Садарга гэх газар усанд ороод гарч байна. Системийн хашаа руу тууж очоод хашаанд хийгээд байж бай гэж надад хэлсэн. Тэгээд адууг нь туугаад хашаанд оруулаад байж байтал О гэх хүн гэрээсээ гарч ирээд Өд өгөх адуугаа хайгаад олохгүй байна. П нэг адуу өгнө тэгээд миний гүүг авч үлдэнэ гэж байсан. ...Орой харанхуй болж байхад сумын төвөөс Ө, М нар нэг танихгүй хүнтэй ирээд П ахын гэрт орж хэсэг сууж байгаад адуугаа ачих гээд гарцгаасан. Тухайн үед би байгаагүй. Сүүлд М гэх хүний адууг О гэх хүний нэр дээр П гэх хүн ачуулсан талаар дуулсан...” гэсэн мэдүүлэг /ХХ83/ болон хээр зүсмийн адуунд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх26-30/, хээр зүсмийн адууг хохирогчид хүлээлгэж өгсөн тэмдэглэл /хх32/, адуунд гаргасан үнэлгээний тайлан /хх93-95/, хохирогч Б.Маас цагдаагийн газарт гаргасан хүсэлт /хх142/ зэрэг хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, бэхжигдсэн шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүх хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд энэ хэрэгт хамааралтай,  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар бүлэгт заасан үндэслэл журмын дагуу хийгдсэн, уг хэргийг хянан шийдвэрлэхэд шаардлагатай үйл баримтуудыг хангалттай цуглуулж тогтоосон, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдохгүй байна гэж шүүх дүгнэлээ.

Аймгийн прокурорын газраас шүүгдэгч А.Пд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн нь шүүгдэгч гэм буруугийн талаар маргаагүй, хохирогчид хохирол төлөгдсөн байх тул үндэслэлтэй байна гэж үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар оролцогч нараас шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.7 дугаар зүйлд заасны дагуу шүүхийн хэлэлцүүлэг явуулах дараалал тогтооход талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах талаар оролцогч нар ямар нэгэн хүсэлт гаргаагүй болно.

2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх:

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг дүгнэхэд шүүгдэгч А.Пийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гээгдэл эд хөрөнгийг бусдын эзэмшил өмчлөлд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Хохирогч Б.М нь “Говь-Алтай аймгийн халиун сумын сүүж багийн иргэн Бадар овогтой М миний соёолон насны, хээр зүсмийн 1 тооны адууг иргэн Алтанцэцэгийн П нь надад мэдэгдэхгүйгээр, миний зөвшөөрөлгүйгээр бусдад худалдах гэж байсан тэр цаг үед нь олж илрүүлэн буцааж адуугаа авсан. Иймд ямар нэгэн гомдол саналгүй байдлыг харгалзан үзнэ үү” гэсэн хүсэлтийг цагдаагийн газарт гаргажээ.

Иймд шүүгдэгч А.Пыг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг нөхөн төлсөн зэрэг байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсгүүдэд зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ харгалзаж үзэв. Харин Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Энэ хэрэгт шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримт нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, түүний хөрөнгийг битүүмжлээгүй, хохирогч Б.Мт хохирол төлөгдсөн, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй зэргийг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ж овгийн А-н Пыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Пыг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Пт оногдуулсан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн  төлөхөөр тогтоосугай.

         4.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч А.Пт танилцуулсугай.

5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Пт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, түүний хөрөнгийг битүүмжлээгүй, хохирогч Б.Мт хохирол төлөгдсөн, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй зэргийг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар гардаж авсан өдрөөс хойш Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч А.Пт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                         Д.САРАНТУЯА