Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2017 оны 08 сарын 07 өдөр

Дугаар 90

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн шүүгч С.Өлзий-Отгон даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Өмнөговь аймаг, Манлай сум, Өехий баг, Цагаан толгой гэх газар оршин суух Харчин овогт Дуламсүрэнгийн Энхтүвшин /РД:КЕ62101316/-ийн нэхэмжлэлтэй,

Ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Энхтүвшин, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Оюунцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.Энхтүвшин шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:"..Д.Энхтүвшин би “Хоёр Өлзийт” нэгдэлд 1983 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сар дуустал адуу маллаж, адуучнаар улсад нийт 7 жил ажилласан. Одоо өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэтэл миний 1983 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сар дуустал ажиллаж байсныг хөдөлмөрийн дэвтэр дээр бичээгүйн улмаас улсад ажиллаж байсан хугацаа маань хүрэхгүй хохироход хүрээд байна.

Иймд миний 1983 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сар дуустал “Хоёр Өлзийт” нэгдэлд адуучнаар ажиллаж байсныг тогтоож өгнө үү. Намайг тус нэгдэлд ажиллаж байсныг гэрчлэх Ш.Жаргалсайхан, Я.Цэцэгээ нарыг гэрчээр асууна уу ” гэжээ.

Нэхэмжлэгч Д.Энхтүвшин шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:”Би өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэтэл миний 1983 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сар дуустал ажиллаж байсныг хөдөлмөрийн дэвтэр дээр бичээгүйн улмаас улсад ажиллаж байсан хугацаа маань хүрэхгүй байна. Иймд миний 1983 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сар дуустал “Хоёр Өлзийт” нэгдэлд адуучнаар ажиллаж байсныг тогтоож өгнө үү” гэв.

   Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан нэхэмжлэгчийн нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан түүний тайлбар, цахим үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Батлан хамгаалахын төв архивиын 2016 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн №106 тоот архивын лавлагаа, Өмнөговь аймгийн архивын тасгийн 2013 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 2049 дугаартай архивын лавлагаа, Өмнөговь аймгийн Манлай сумын Хоёр Өлзийт нэгдлийн №1991 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

Д.Энхтүвшин нь Өмнөговь аймгийн Манлай сумын Өехий багт “Хоёр өлзийт” нэгдэлд 1983 оны 9 дүгээр сарын 01-ээс 1990 оны 12 дугаар сар хүртэл адуучинаар ажиллаж байсан болох нь нэхэмжлэгчийн тайлбар болон гэрч Я.Цэцэгээгийн: ”Би 1973 оноос 1990 оны 12 дугаар сарыг дуустал буюу нэгдэл татан буугдах хүртэл “Хоёр Өлзийт” нэгдэлд хонь, ямаа, тэмээ маллаж байсан. Д.Энхтүвшин нь 1983 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сар дуустал буюу нэгдэл татан буугдтал адуу маллаж ажиллаж байсан. Нэгдэл тарахад хувьчлалаар мал хувьчилж аваад одоог хүртэл мал маллаж байгаа” гэсэн, Ж.Жаргалсайханы:”...би 1985 оны 8 дугаар сарын 15-нд “Хоёр Өлзийт” нэгдэлд хурга, ишиг маллаж байгаад, 1986 оны 8 дугаар сарын 15-нд “Хоёр Өлзийт” нэгдлийн Өехий багийн хэвлэл түгээгчээр ажилд ороод 1990 оныг дуустал буюу нэгдэл татан буугдтал ажиллаж байсан. Д.Энхтүвшин нь тухайн үед намайг ажилд ороход “Хоёр Өлзийт” нэгдэлд адуучнаар ажиллаж байсан. Түүнээс хойш 1990 оны 12 дугаар сар дуустал буюу нэгдэл татан буугдтал ажилласан. Нэгдэл тарахад хувьчлалаар мал хувьчилж аваад одоог хүртэл мал маллаж байгаа” гэх мэдүүлэг, Өмнөговь аймгийн архивын тасгийн 2013 оны 2049 дугаартай архивын лавлагаа болон хөдөлмөрийн дэвтрийн хуулбар зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байх тул Д.Энхтүвшингийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзэв.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг Ханбогд сумын орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээхээр шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар Харчин овогт Дуламсүрэнгийн Энхтүвшинг

1983 оны 9 дүгээр сарын 01-ээс 1990 оны 12 дугаар сарыг дуустал Өмнөговь аймгийн Манлай сум, “Хоёр өлзийт” нэгдлийн Өехий бригадад адуучнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Шүүхийн шийдвэрийг танилцуулан сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд зохигч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор тухайн шатны шүүхээр дамжуулан Өмнөговь аймгийн Эрүү Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                С.ӨЛЗИЙ-ОТГОН