Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2017 оны 08 сарын 07 өдөр

Дугаар 91

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн шүүгч С.Өлзий-Отгон даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Өмнөговь аймаг, Цогтцэций сум, Цагаан-Овоо баг, Улаан овоо гэх газар оршин суух Мэргэн овогт Пэлжидийн Сувдаа /РД:КМ67071868/-ийн нэхэмжлэлтэй,

Ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч П.Сувдаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Оюунцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч П.Сувдаа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:"Миний бие Цогт-Овоо сумын Жаргалант нэгдэлд 1986 оноос 1992 он хүртэл хонь, ямаа маллаж улсад нийт 30 жил ажилласан. Одоо өндөр насны тэтгэврээ тогтоолгох гэтэл миний 1986-1992 онуудад ажиллаж байсныг хөдөлмөрийн дэвьэр дээр бичээгүйн улмаас улсад эжилласан хугацаа маань ажилласан жилд орж тооцогдохгүй хохироход хүрээд байна.

Иймд намайг 1986 оны 01 дүгээр сараас 1992 оны 01 дүгээр сар дуустал “Жаргалант” нэгдлийн Бортээг бригадад малчнаар ажиллаж байсныг тогтоож өгнө үү. Намайг “Жаргалант” нэгдлийн Бортээг бригадад малчнаар ажиллаж байсныг мэдэх 2 хүнийг гэрчээр асууж өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгч П.Сувдаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:”Би өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэтэл 1986 оны оны 01 дүгээр сараас 1992 оны 01 дүгээр сар дуустал ажиллаж байсныг хөдөлмөрийн дэвтэрт бичээгүйн улмаас улсад ажилласан жил хүрэхгүй байна. Иймд намайг 1986 оны 01 дүгээр сараас 1992 оны 01 дүгээр сар дуустал “Жаргалант” нэгдлийн Бортээг бригадад малчнаар ажиллаж байсныг тогтоож өгнө үү. Тухайн үед ажиллаж байх хугацаандаа би Улсын сайн малчин болж мөнгөн медалиар шагнуулж байсан.” гэв.

            Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан нэхэмжлэгчийн нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан түүний тайлбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, цахим үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Өмнөговь аймгийн Цогтцэций сумын 3 дугаар багийн засаг даргын 2017 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 786 тоот тодорхойлолт, Өмнөговь аймгийн архивын тасгын 2017 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн №327 дугаартай цалингийн тодорхойлолт, 1983 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн №133534 дугаартай Хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 2007 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн №а0254973 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

П.Сувдаа нь Өмнөговь аймгийн Цогт-Овоо сумын “Жаргалант” нэгдэл “Бор тээг” бригадад 1986 оны 01 дүгээр сараас 1992 оны 01 дүгээр сар дуустал хонь ямаа маллаж ажиллаж байсан болох нь нэхэмжлэгчийн тайлбар болон гэрч Т.Цэенхоролын:”П.Сувдаа нь Өмнөговь аймгийн Цогт-Овоо сумын Жаргалант нэгдэлд намайг ажиллаж байх хугацаа буюу 1982 оны 6 дугаар сараас 1992 оныг дуустал бага мал маллаж амьдарч байсан. Түүнээс хойш би Цогт-Овоо сумын төсвийн байгууллагад ажиллаж, П.Сувдаа Жаргалант нэгдэл Бор тээг бригадад 1992 оныг дуустал бага малаа маллаж байсан, одоо бол Цогтцэций суманд мал маллаж амьдарч байгаа” гэсэн мэдүүлэг, Ш.Отгончулууны:”...Би 1987 оны 6 дугаар сарын 26-ны өдөр хугацаат цэргийн албанаас халагдаж ирээд 1987 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс Өмнөговь аймгийн Цогт-Овоо сумын Жаргалант нэгдэлд моторчны ажилд ороход П.Сувдаа нь Жаргалант нэгдлийн Бор тээг бригадад мал маллаж байсан. Түүнээс хойш 1992 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийг дуустал буюу нэгдэл татан буугдтал ажиллаж байсан. Нэгдэл тарахад хувьчлалаар мал хувьчилж аваад одоог хүртэл мал маллаж байгаа” гэх мэдүүлэг, Өмнөговь аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2017 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 327 дугаартай лавлагаа, цалингийн тодорхойлолт, 1983 оны №133534 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байх тул П.Сувдаагийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзэв.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг Ханбогд сумын орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээхээр шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар Мэргэн овогт Пэлжидийн Сувдаа /РД:КМ67071868/-г

1986 оны 01 дүгээр сараас 1992 оны 01 дүгээр сарыг дуустал Өмнөговь аймгийн Цогт-Овоо сум, “Жаргалант” нэгдлийн Бор тээг бригадад малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Шүүхийн шийдвэрийг танилцуулан сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд зохигч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор тухайн шатны шүүхээр дамжуулан Өмнөговь аймгийн Эрүү Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                С.ӨЛЗИЙ-ОТГОН