Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2017 оны 08 сарын 17 өдөр

Дугаар 92

 

 

 

 

 

 

 

 

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн шүүгч С.Өлзий-Отгон даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн иргэний шүүх хуралдаанаар:

           Нэхэмжлэгч: Өмнөговь аймаг, Цогтцэций сум, Билгэх багт оршин суух Жинчин овогт Цэрэнпилийн Булганаа /РД:КН62081365/-гийн нэхэмжлэлтэй,

            Ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.Булганаа, нарийн бичгийн дарга Д.Оюунцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:             

Нэхэмжлэгч Ц.Булганаа шүүхэд гаргасан хүсэлтдээ: “Миний бие 1962 онд төрсөн Цэрэнпил овогтой Булганаа. Миний бие 1979 онд Өмнөговь аймгийн “Их шанхай” нэгдэлд 2 сар мал маллаж байсан. Түүнээс хойш 1979-1991 он хүртэл тасралтгүй 11 жил 2 сар хонин сүрэг маллаж байсан. Өмнөговь аймгийн Цогтцэций сумын “Өгөөмөр” нэгдлийн Билгэх бригадад хонь ямаа маллаж нийт улсад 24 жил 1 сар ажиллаж байсныг хөдөлмөрийн дэвтэрт 1989, 1991 оны бүртгэл дутуу, архивын лавлагаагаар 1989 он дутуу, 1991 он мөн дутуу байна. Иймд миний 1989-1991 онуудыг дуустал Өмнөговь аймгийн Цогтцэций сумын “Өгөөмөр” нэгдлийн “Билгэх” бригадад малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү” гэжээ.

            Нэхэмжлэгч Ц.Булганаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Би өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэтэл аймгийн архивын лавлагаан дээр ажиллаж байсан зарим жилүүд маань дутуу бичигдсэн байсан. Хөдөлмөрийн дэвтэрт тухайн жилүүдэд ажиллаж байсныг бүрэн бичсэн байгаа. Би 1979-1991 оныг хүртэл Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Өгөөмөр нэгдлийн “Билгэх” бригадад хонь маллаж байсан. Иймээс цалингийн цэсээс дутуу байгаа саруудад ажиллаж байсан байдлаа тогтоолгох хүсэлтэй байна” гэв.

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримт болох нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний иргэний үнэмлэхийн хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт,  Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Их Шанхай нэгдлээс Ц.Булганаад олгосон хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Ц.Булганаагийн оршин суугаа хаягийн тодорхойлолт, Өмнөговь аймгийн Цогтцэций сумын 2 дугаар багийн засаг даргын тодорхойлолт, Өмнөговь аймгийн Архивын тасгийн 2017 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 326 дугаартай цалингийн доторхойлолт, гэрч Ю.Гөлөг, Ш.Батсайхан нарын мэдүүлэг, тэдгээрийн иргэний үнэмлэхний болон хөдөлмөрийн дэвтрийн хуулбар зэрэг хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ц.Булганаа нь ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай нэхэмжлэлийг гаргажээ.

Ц.Булганаа нь 1988 оноос 1991 оны 12 дугаар сарыг хүртэл Өмнөговь аймгийн Цогтцэций сумын “Өгөөмөр” нэгдэлд хоньчноор ажиллаж байсан болох нь:

Нэхэмжлэгчийн тайлбар, Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Их Шанхай нэгдлээс Ц.Булганаад олгосон хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Өмнөговь аймгийн Архивын тасгийн 2017 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 326 дугаартай цалингийн тодорхойлолт, гэрч Ю.Гөлөг, Ш.Батсайхан нарын мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.

            Иймд нэхэмжлэгч Ц.Булганаа нь 1988 оноос 1991 оны 12 дугаар сарыг хүртэл Өмнөговь аймгийн Цогтцэций сумын “Өгөөмөр” нэгдэлд хоньчноор байсан байдлыг тогтоох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь зүйтэй.

            Гэрч Ю.Гөлөг, Ш.Батсайхан нар нь тухайн үед нэхэмжлэгч Ц.Булганаатай нэг нэгдэл, байгууллагад хамт ажиллаж байсан талаараа мэдүүлсэн мэдүүлгийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт заасны дагуу авагдсан, Өмнөговь аймгийн Архивын тасгийн цалингийн тодорхойлолт нь зохих байгууллага албан тушаалтны тамга, тэмдэг гарын үсгээр баталгаажсан, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан нотлох баримтын шаардлагыг хангасан байна.

             Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээхээр шийдвэрлэв.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар Жинчин овогт Цэрэнпилийн Булганааг 1988 оноос 1991 оны 12 дугаар сарыг хүртэл Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Өгөөмөр нэгдэлд хоньчноор ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

            2. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70,200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсгүүдэд зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд зохигч эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 С.ӨЛЗИЙ-ОТГОН