Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2017 оны 08 сарын 21 өдөр

Дугаар 93

 
   

 

 

            Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Баттулга даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар:

            Нэхэмжлэгч: Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Цагаан-Овоо баг, Цэций Уулын 4-15 тоотод оршин суух Бажуу овогт Амарсайханы Анхбаяр /РД:КБ91091809/-ын нэхэмжлэлтэй,

            Хариуцагч: Өмнөговь аймгийн Цогтцэций сум, 3-р баг, Уурхайчин хорооллын 1-9 тоотод оршин суух Зөөлөн овогт Тунгалагийн Ууганбаяр /РД:КЮ86062513/-нд холбогдох,

            Хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2017 оны 06 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч 2017 оны 06 дугаар сарын 27-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Нарийн бичгийн дарга Д.Оюунцэцэг оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэгч А.Анхбаяр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Т.Ууганбаяртай 2011 оноос 2013 он хүртэл хамтран амьдарч байсан. Бид хамтран амьдарч байхдаа гэрлэлтээ батлуулаагүй байсан бөгөөд 2014 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр охин Шинэсар төрсөн. Одоо А.Шинэсар нь 3 настай. Т.Ууганбаяр нь охин бид хоёрыг шалтгаангүйгээр нэг л өдөр хаячихаад явсан. Иймд хариуцагч Т.Ууганбаяраас охин Шинэсардаа тэтгэлэг гаргуулан авах хүсэлтэй байна. Т.Ууганбаяр бид хоёр эд хөрөнгийн маргаангүй болно. Охин Шинэсараа Анхбаяр миний бие өөрийнхөө асрамжинд авна” гэжээ.

            Хариуцагч Т.Ууганбаяр шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Хариуцагч би Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Цагаан овоо багийн Уурхайчин хотхоны 3-326 тоотод оршин суудаг. Ууганбаяр миний бие 2011-2013 он хүртэл Анхбаяртай хамтран амьдарч байсан нь үнэн. Охин Шинэсард нэхэмжлэлийн дагуу тэтгэлэг өгнө. Ууганбаяр миний бие хөдөө кемпэд ажилладаг тул шүүх хурлыг миний оролцоогүйгээр зохих журмын дагуу шийдэж өгнө үү. Нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байна” гэжээ.

Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч А.Анхбаяр нь Т.Ууганбаяраас хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

            Нэхэмжлэгч, хариуцагч нар нь шүүх хуралдааныг эзгүйгээр шийдвэрлүүлж өгөх хүсэлтээ бичгээр ирүүлсэн тул хэргийг зохигчийн оролцоогүйгээр хянан шийдвэрлэв.

            А.Анхбаяр, Т.Ууганбаяр нар нь 2011-2013 оны хооронд хамтран амьдарч байсан ба 2014 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр Бажуу овогт Анхбаярын Шинэсар төрсөн бөгөөд түүний эцэг нь Зөөлөн овогт Тунгалагийн Ууганбаяр болох нь нэхэмжлэгч А.Анхбаярын нэхэмжлэл болон түүний шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг, хариуцагч Т.Ууганбаярын шүүхэд ирүүлсэн хариу тайлбар, А.Шинэсарын  төрсний гэрчилгээний хуулбар зэргээр тогтоогдож байна.

Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д “эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээнэ”, мөн зүйлийн 26.2 болон Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ...эцэг, эх нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, эрүүл мэндийг нь хамгаалах, амьдрах эрүүл саруул, аюулгүй орчин бүрдүүлэх, нэн шаардлагатай хоол хүнс, орон байр, хувцас, тоглоом бусад шаардлагатай зүйлсээр хангах, хүүхдэд боловсрол эзэмшүүлэх боломж нөхцөлийг бүрдүүлэх зэрэг үүрэгтэй бөгөөд эцэг, эх тусдаа амьдрах болсоноор эцэг Т.Ууганбаяр нь охин А.Шинэсарыг тэжээн тэтгэх үүргээс чөлөөлөгдөх үндэслэлгүй юм. Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5 дахь хэсэгт зааснаар гэрлэлтээ бүртгүүлээгүй хүмүүсийн дундаас төрсөн хүүхэд нь гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эрх эдэлж үүрэг хүлээх, мөн хуулийн 38 дугаар зүйлд зааснаар эцэг Т.Ууганбаяр нь охин А.Шинэсарыг тэжээн тэтгэх үүрэг хүлээнэ.

Ингэхдээ Гэр бүлийн тухай хуулийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар охин А.Шинэсарыг сар бүр түүний оршин суугаа бүс нутагт тогтоосон амьжиргааны доод түвшингийн 50 хувийг 11 нас хүртэл нь, 11-16 нас /суралцаж байгаа бол 18-нас/ нас хүртэл амжиргааны доод түвшингийн хэмжээгээр хариуцагч Т.Ууганбаяраас гаргуулах бөгөөд цаашид зохигчид харилцан тохиролцож гэрээ байгуулснаар тэтгэлэг олгох хэлбэр, хугацааг өөрчилж болохыг дурдах нь зүйтэй.

Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1 дэх хэсэгт зааснаар тэтгэвэр, тэтгэмжтэй холбоотой нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхөөр заасан тул нэхэмжлэгч А.Анхбаярын хүүхдийн тэтгэлэг тогтоолгох нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөж, харин Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Т.Ууганбаяр нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт, 63 дугаар зүйлийн 63.1.5 дахь хэсэгт зааснаар энэ өдрөөс эхлэн хариуцагч нэг жилийн хугацаанд төлбөл зохих тэтгэлгийн нийт дүн болох 997200 төгрөгийн үнэ бүхий нэхэмжлэлд Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээ 23430 төгрөг болох тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Т.Ууганбаяраас 23430 төгрөгийг Ханбогд сумын орон нутгийн төсвийн орлогод оруулахаар шийдвэрлэв.

            Зохигчдын хооронд эд хөрөнгийн маргаан байхгүй талаар дурдах нь зүйтэй.           

            Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118, 119 дүгээр зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь хэсэгт зааснаар 2014 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр Бажуу овогт Анхбаярын Шинэсарыг эх А.Анхбаярын асрамжинд үлдээсүгэй.

2.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар 2014 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр Бажуу овогт Анхбаярын Шинэсарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 /суралцаж байгаа бол 18/ нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Зөөлөн овогт Тунгалагийн Ууганбаяраар тэжээн тэтгүүлсүгэй.

3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар  хариуцагчаас гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурдсугай.

4. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д зааснаар А.Анхбаяр нь Т.Ууганбаярыг эцэг хүний хувьд хүлээсэн үүргээ зохих ёсоор хэрэгжүүлэх, хүүхэдтэйгээ уулзахад нь саад учруулахыг хориглосугай.

5. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэг, 41 дүгээр зүйлийн 41.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Т.Ууганбаяраас 23430  төгрөг гаргуулан Ханбогд сумын орон нутгийн төсвийн орлогод оруулсугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардаж авах үүрэгтэй болохыг дурдсугай.

            7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсгүүдэд зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд зохигч эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Д.БАТТУЛГА