Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 04 өдөр

Дугаар 2022/ШЦТ/397

 

 

 

 

 

  2022        05        04                                     2022/ШЦТ/397

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байранд,  

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч  С.Батжаргал даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Лувсаншарав,  улсын яллагч С.Солонго, шүүгдэгч А.Г /өөрөө, өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлт гаргасан/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Д” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

 Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн А.Гт  холбогдох эрүүгийн “2211 00000 0858” дугаартай, 186/2022/0358/Э индекстэй хэргийг 2022 оны 5 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, 2022 оны 5 дугаар сарын 04-ний өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1997 оны 02 дугаар сарын 14-ний өдөр Хөвсгөл аймагт төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, сантехникч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, 32-ын тойргийн Тайхар дэлгүүрийн хашаанд байх нийтийн байрны 1 тоотод оршин суудаг гэх, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй А.Г,

Холбогдсон хэргийн талаар;                                                                          

Шүүгдэгч А.Г нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 3 дугаар сарын 10-ны өдөр Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо, Чингэлтэй 9 дүгээр гудамжны 280 тоотод байх нийтийн байрны гадна хохирогч Б.Ням-Эрдэнэтэй “утасны дэлгэц хагалсан” гэх шалтгаанаар маргалдан улмаар түүнийг зодож биед нь духанд цус хуралт, доод  үүдэн зүүн 1 дүгээр шүдний дотор гадаргуугийн паалан уналт, баруун хацар, зүүн мөрний зөөлөн эдийн гэмтэл, зүүн сарвууны ар гадаргуу, 5 дугаар хурууны 1 дүгээр үе, баруун гуя, зүүн  өгзөг, хоёр өвдөгт, зулгаралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулах, мөн хохирогч Б.Ням-Эрдэнийн гээгдүүлсэн 749.600 төгрөгийн үнэ бүхий "Самсунг А52" маркийн гар утсыг завшсан гэмт  хэрэгт тус тус  холбогджээ. 

                                                                                                          ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс мэдүүлсэн мэдүүлэг:

1.1. Шүүгдэгч А.Г нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:...“мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлгээ үнэн зөв өгсөн тул мэдүүлэг өгөхгүй ” гэв.

Хоёр: Шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

          2.1. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Б.Ням-Эрдэнийн:..2022 оны 3 дугаар сарын 10-ны өдөр Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо, Чингэлтэй 9-280 тоотод байх гэртээ 2.5 литрийн хэмжээтэй пиво уучхаад Чингэлтэй дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх “17 club” нэртэй нийтийн караоке орсон. Тэнд байхдаа 0.5 литрийн хэмжээтэй пиво уугаад байж байтал үл таних хоёр эмэгтэй ирээд миний хажууд суучих уу гэхээр нь зөвшөөрөөд бид 3 хамт суусан. Тэгээд тэндээ дуулж сууж байгаад 03 цагийн үед гараад дахиж пиво уухаар болоод манай гэрлүү явахаар тохирсон. Тухайн нийтийн караокеноос гарч ирээд байж байтал үл таних хоёр залуу байсан. Тэр хоёр мөн адил манай гэрлүү явж пиво уухаар болсон. Тэгээд бид хэд 57-гийн автобусны буудлаас 2.5 литрийн савлагаатай 2 пиво аваад Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо, Чингэлтэйн 9-280 тоотод байх миний амьдардаг нийтийн байранд ирсэн. Байрандаа ирээд би хаалгаа нээх гэтэл манай гэрийн түлхүүр алга болцон хаалгаа нээж чадахгүй байсан чинь нийтийн байрны жижүүр эгч гарч ирээд юун хүмүүс дагуулаад ирсэн юм гэхээр нь манай ажлын газрын хүмүүс гэж хэлтэл танай ажпын газрын хүмүүс гэж юу байдаг юм та нар согтуу байна гарцгаа гэж хэлтэл надтай хамт ирсэн хоёр хүүхэн, хоёр залуу гараад явчихсан. Тэгээд би жижүүр эгчтэй бага зэрэг маргалдаад байж байтал караокеноос хамт ирсэн махлаг өндөр залуу нь буцаж орж ирээд намайг хавираад унагаасан чинь миний гарт байсан гар утас унаад дэлгэц нь хагарчихсан. Тэгэхээр нь би миний гар утсыг хагалчихлаа төлж өг гэж хэлтэл гараад явчихаар нь би араас нь гараад миний утсыг чи эвдчихлээ төлж өгөөч гэтэл цаашаагаа гүйчихээр нь очиж гараас нь татаад утас хагалчихлаа гэтэл тэр чигтээ цаашаагаа явчихсан. Тэгээд хашаанаас нэлээн зайтай болоод ирсэн чинь махлаг залуу надад уурлаад яах гээд байгаа юм чи гэж хэлээд миний нүүрлүү цохихоор нь би тэр залуутай ноцолдож байтал миний нүүр болон мөр, бие рүү өшиглөж цохисон. Нэг мэдсэн чинь бид 2 цагдаагийн хажууд байсан. Миний гар утас байхгүй болчихсон байсан гэх мэдүүлэг. /хх-ийн 14-16 дугаар тал/,

          2.2. Дамно хөрөнгийн үнэлгээний компаний 2022 оны 3 дугаар сарын        29-ний өдрийн 256 дугаартай тайлан /хх-ийн 27-28 дугаар тал/,

          2.3. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021  оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 4089 дугаартай дүгнэлт:

          1. Б.Ням-Эрдэнийн биед духанд цус хуралт, доод үүдэн 1-р шүдний дотор гадаргуугийн паалан уналт, баруун хацар, зүүн мөрний зөөлөн эдийн гэмтэл, зүүн сарвууны ар гадаргуу, 5-р хурууны 1-р үе, баруун гуя, зүүн өгзөг, хоёр өвдөгт зулгаралт гэмтэл тогтоогдов.

          2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна.

           3.Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

           4. Цаашид гэмтэл нь эрүүл мэнд, ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдагдуулахгүй. Шинжээч эмч Б.Ариунзул гэжээ. /хх-ийн 32-33 дугаар тал/,

   Гурав: Хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлэн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгчийн хувийн байдлын талаар болон бусад нотлох баримтууд:

3.1. Шүүгдэгчийн урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 45  дугаар тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 46 дугаар тал/, Чингэлтэй дүүргийн прокурорын газрын хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай 2022 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 153 дугаар тогтоол /хх-ийн 59 дүгээр тал/, шүүгдэгч, хохирогчийн гаргасан хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх-ийн 56-57 дугаар тал/, шүүх хуралд өмгөөлөгч авахгүй өөрөө өөрийгөө өмгөөлж оролцох тухай хүсэлт зэргийг шинжлэн судлалаа.

Гэм буруугийн талаар:

Мөрдөгч  хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагааг явуулахдаа Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон прокуророос  хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой  зөрчил  тогтоогдоогүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлууд  бүрэн хангагдсан байна гэж  шүүх үзлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны  журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн  хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн  хүрээнд  явуулсан болно.

Шүүх хуралдаанд талуудаас хэрэгт цугларсан нотлох баримтаас шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхгүй, нотлох баримтаас хасуулах талаар санал, хүсэлт гаргаагүй болно.

Дээрхи хуульд заасан журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг  үндэслэн дүгнэвэл: Энэ хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн бөгөөд шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх явцад талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудад тулгуурлан дараахи үйл баримтыг тогтоов.

Шүүгдэгч А.Г нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 3 дугаар сарын 10-ны өдөр Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо, Чингэлтэй 9 дүгээр гудамжны 280 тоотод байх нийтийн байрны гадна хохирогч Б.Ням-Эрдэнэтэй “утасны дэлгэц хагалсан” гэх шалтгаанаар маргалдан улмаар түүнийг зодож биед нь духанд цус хуралт, доод  үүдэн зүүн 1 дүгээр шүдний дотор гадаргуугийн паалан уналт, баруун хацар, зүүн мөрний зөөлөн эдийн гэмтэл, зүүн сарвууны ар гадаргуу, 5 дугаар хурууны 1 дүгээр үе, баруун гуя, зүүн  өгзөг, хоёр өвдөгт, зулгаралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулах, мөн хохирогч Б.Ням-Эрдэнийн гээгдүүлсэн 749.600 төгрөгийн үнэ бүхий "Самсунг А52" маркийн гар утсыг завшсан гэмт  хэргийг үйлдсэн болох нь:

           - хохирогч Б.Ням-Эрдэнийн:..тэгээд би жижүүр эгчтэй бага зэрэг маргалдаад байж байтал караокеноос хамт ирсэн махлаг өндөр залуу нь буцаж орж ирээд намайг хавираад унагаасан чинь миний гарт байсан гар утас унаад дэлгэц нь хагарчихсан. Тэгэхээр нь би миний гар утсыг хагалчихлаа төлж өг гэж хэлтэл гараад явчихаар нь би араас нь гараад миний утсыг чи эвдчихлээ төлж өгөөч гэтэл цаашаагаа гүйчихээр нь очиж гараас нь татаад утас хагалчихлаа гэтэл тэр чигтээ цаашаагаа явчихсан. Тэгээд хашаанаас нэлээн зайтай болоод ирсэн чинь махлаг залуу надад уурлаад яах гээд байгаа юм чи гэж хэлээд миний нүүрлүү цохихоор нь би тэр залуутай ноцолдож байтал миний нүүр болон мөр, бие рүү өшиглөж цохисон. Нэг мэдсэн чинь бид 2 цагдаагийн хажууд байсан. Миний гар утас байхгүй болчихсон байсан гэх мэдүүлэг. /хх-ийн 14-16 дугаар тал/,

        - Дамно хөрөнгийн үнэлгээний компаний 2022 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 256 дугаартай тайлан /хх-ийн 27-28 дугаар тал/,

        - Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021  оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 4089 дугаартай дүгнэлт. /хх-ийн 32-33 дугаар тал/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн бичгийн  бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгчийн дээрх үйлдэл нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн  үедээ бусадтай утасны дэлгэц хагаллаа гэх шалтгааны улмаас цохиж биед нь гэмтэл учруулж байгаа, мөн бусдын гээгдүүлсэн эд зүйлсийг мэдсээр байж авч байгаа нь гэм буруугийн  санаатай  үйлдэл  байна.

 

Өөрөөр хэлбэл шүүгдэгч нь өөрийн үйлдлүүдийг хууль  бус шинжтэй  болохыг  ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн  болох нь хохирогч болон шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэргээр хангалттай нотлогдож байх тул шүүгдэгч А.Гын гэм буруугийн санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” мөн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-д заасан              “ гээгдэл эд хөрөнгийг завших”  гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.

Шүүгдэгч хэргийн үйл баримт, зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй, улсын яллагчийн дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, мөн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус  зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч А.Гыг  “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах”, “гээгдэл эд хөрөнгийг завших” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн  хуулийн хууль ёсны, шударга  ёсны, гэм буруугийн зарчмуудыг  баримтлан  эрүүгийн  хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Хохирогч Б.Ням-Эрдэнэ нь шүүгдэгч А.Гтай эвлэрсэн, гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэж мөрдөн шалгах ажиллагааны явцад  бичгээр гаргаж  өгсөн хүсэлт мөн шүүхийн шатанд утсаар ярьсан тэмдэглэл зэрэг баримтууд байх тул шүүгдэгчийг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлсөн, гэм хорыг  арилгасан байна гэж  шүүх үзлээ.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэж, ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршиг болон шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр, 17.5 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох улсын яллагчийн гаргасан санал, дүгнэлт болон уг ялыг хүлээн зөвшөөрч,  гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг ойлгож шүүгдэгчийн гарын үсэг  зурсан  прокурорын дүгнэлт зэргийг тус тус харгалзан үзэж,  торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Гт оногдуулсан торгох  ялыг нэмж нэгтгээд 900 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900.000 төгрөгөөр торгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

        Шүүхээс шүүгдэгч А.Ганбарыг өмгөөлүүлэх эрхээр нь хангасан боловч өмгөөлөгч аваагүй, шүүх хуралдаанд өөрөө өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлтээ бичгээр гаргаж өгсөн, Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1-д заасан заавал өмгөөлөгчтэй оролцох хуулийн заалтад хамаарахгүй тул түүний хүсэлтийг хүлээн авч өмгөөлөгч оролцуулалгүй шийдвэрлэсэн болно.

 

Шүүх шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломж, мөн шүүгчдэгчийн шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг зэргийг харгалзан торгох ялыг 90 хоногийн дотор төлүүлэхээр шийдвэрлэлээ.

 

Хэрэгт эд мөрийн  баримт ирүүлээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус  тус дурдаж  шийдвэрлэв.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.2 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

                                                                                                          ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч А.Г-ыг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” мөн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “  гээгдэл эд хөрөнгийг завшсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд  тус тус тооцсугай.

           2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч  А.Гыг 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000  /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр, мөн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000  /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял  тус тус шийтгэсүгэй.

           3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Гт оногдуулсан торгох  ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 900 /есөн зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900.000 /есөн зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар тогтоосугай.

           4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Гт оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

           5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Г нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг сануулсугай.

           6. Шүүгдэгч А.Г нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй. хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

             7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

           8. Гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Гт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             С.БАТЖАРГАЛ