Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 05 өдөр

Дугаар 2022/ШЦТ/406

 

 

 

 

  2022        05         05                                   2022/ШЦТ/406

 

 

                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байранд,  

 Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг  шүүгч  С.Батжаргал даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Лувсаншарав,  улсын яллагч О.Нандинцэцэг, шүүгдэгч Э.Д /өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлт гаргасан/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Д” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

 Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Э.Дд холбогдох эрүүгийн “2211 00000 0564” дугаартай, 186/2022/0369/Э индекстэй хэргийг 2022 оны 5 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, 2022 оны 5 дугаар сарын 05-ны  өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1989 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр Орхон аймагт төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гоо сайханч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, нөхөр хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 02 дугаар хороо, Тулга хотхоны 65-5-16 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Э.Д,

          Холбогдсон хэргийн талаар:

          Шүүгдэгч Э.Д нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдөр Чингэлтэй дүүргийн 03 дугаар хороо, Найман шарга төвийн дэргэд Э.Эгиймаатай маргалдсаны улмаас түүнийг зодож биед нь тархи доргилт, хоёр нүдний дээд, доод зовхи, дээд уруулд цус хуралт, баруун чамархайд зулгаралт, дух хамар, хоёр нүдний зовхи, баруун чамархай хэсэгт зөөлөн эдийн няцрал бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                                          ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс мэдүүлсэн мэдүүлэг:

1.1.  Шүүгдэгч Э.Д нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:...”мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлгээ үнэн зөв өгсөн. Мэдүүлэг өгөхгүй гэв.

Хоёр: Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

         2.1.Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Э.Эгиймаагийн:.. Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо, Найман шарга төвийн дэргэд 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 02 цагийн үед манай найз Аззаяагийн найз залуугийн машинд Аззаяа, Соёлмаа, Даваасүрэн, найз залуу нь гээд бид нар байсан. Даваасүрэн, Соёлмаа бид гурав пиво хувааж уусан. Даваасүрэн жирэмсэн, эртхэн дагуулаад харих гэтэл надруу хандаад миний ууж идэх чамд ямар хамаатай юм бэ гээд гартаа барьж байсан өөрийнхөө утсаараа шууд миний толгойн хэсэг рүү 6-7 удаа цохиж гэмтээсэн. Бас миний үснээс үстсэн гэх мэдүүлэг /хх-ийн 10 дугаар тал/,

         2.2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч А.Аззаяагийн:..2022 оны 2 дугаар сарын 24-ний өдөр Эгиймаа бид хоёр 18-19 цагийн үед Даваасүрэн эгчийн гэрт очоод Эгиймаа, Даваасүрэн эгч хоёр пиво хувааж уусан. Би өөрийн машинтай найзаа дуудаад хамтдаа Эгиймаа, Даваасүрэн эгч бид хэд суугаад 3, 4  дүгээр хороолол ороод Даваасүрэн эгчийн алимыг авчихаад буцаад Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, найман шарга  төвийн ойролцоо явж байхад Даваасүрэн, Эгиймаа хоёр намайг дэлгүүр орчихоод машинд орж ирэхэд хоорондоо хэрэлдээд байсан. Нэг нэгийгээ  гараараа цохиод  зодолдоод эхэлсэн. Тэгээд машинаа зогсоож тэднийг салгасан.  Би хэн нэгнийг нь цохиж зодсон зүйл байхгүй. Намайг бас хэн аль нь зодоогүй гэх мэдүүлэг. /хх-ийн 20 дугаар тал/,     

          2.3.Мөрдөн шалгах ажиллагааны явцад иргэний нэхэмжлэгч Б.Байгалмаагийн:.. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1 дэх заалтад “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр нөхөн төлүүлнэ” гэж заасан байдаг. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.7 дугаар зүйлийн 8 дахь “Төр, нийтийн эрх ашгийг хамгаалах шаардлагатай гэж үзвэл прокурор иргэний нэхэмжпэл гаргах, гарсан нэхэмжлэлийг дэмжих эрхтэй” гэж заажээ. Иймээс гэмт хэргийн улмаас эрүүл мэндийн даатгалын сангаас тусламж үйлчилгээний зардал гарч уг зардал нь тус санд эргэн төлөгдөхгүй төрийн ашиг сонирхол зөрчигдөж, төрд хохирол учруулах явдал байгаа бөгөөд Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт заасан хуулийн заалт хэрэгжихгүй байгаа явдалд Дүүргийн прокурорын газраас иргэний нэхэмжлэл гаргаж ажиллах талаар дээд шатны прокуророос өгсөн үүргийн дагуу эрүүгийн хэрэгт иргэний нэхэмжлэл гарган оролцож байна. Баатад овгийн Эрдэнэбатын Даваасүрэн /ФА89091902/ нь 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдөр Э.Эгиймаатай үл ялих шалтгаанаар маргалдаж, түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн байна. Дээрх гэмт хэргийн улмаас хохирогч Э.Эгиймаа нь Гэмтэл согог судлалын үндэсний төвийн гэмтлийн яаралтай тусламжийн үзлэг 150.000 төгрөгийн зардал гарсан болох нь Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын 2022 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 04/663 дугаартай албан бичиг зэрэг баримтуудаар тогтоогдож байх тул дээрх тусламж үйлчилгээний зардлыг гэрч Э.Дгээс гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан дахь “100900020080”  дугаартай дансанд төлүүлж өгнө үү гэх мэдүүлэг. /хх-ийн 15 дугаар тал/,

          2.4. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022  оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 3583 дугаартай:..

         1. Э.Эгиймаагийн биед тархи доргилт, хоёр нүдний дээд, доод зовхи, дээд уруулд цус хуралт, баруун чамархайд зулгаралт, дух хамар, хоёр нүдний зовхи, баруун чамархай хэсэгт зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

         2.Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой.  

         3.5.Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд учирсан байх боломжтой шинэ гэмтлүүд байна.

         4.Уг гэмтлүүд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заагдсанаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

         5.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Шинжээч эмч Б.Баяртогтох гэх дүгнэлт/хх-ийн 23-24 дүгээр тал/,

            Гурав: Хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлэн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгчийн хувийн байдлын талаар болон бусад нотлох баримтууд:

         3.1. Шүүгдэгчийн урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 37 дугаар тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 40 дугаар тал/, Чингэлтэй дүүргийн прокурорын газрын хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай 2022 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 276 дугаар тогтоол /хх-ийн 58 дугаар тал/, шүүгдэгч, хохирогчийн гаргасан хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх-ийн 52 дугаар тал/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022  оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 3583 дугаартай дүгнэлт  /хх-ийн 23-24 дүгээр тал/, шүүх хуралд өмгөөлөгч авахгүй өөрөө өөрийгөө өмгөөлж оролцох тухай хүсэлт зэргийг шинжлэн судлалаа.

Гэм буруугийн талаар:

Мөрдөгч  хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагааг явуулахдаа Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон прокуророос  хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой  зөрчил  тогтоогдоогүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлууд  бүрэн хангагдсан байна гэж  шүүх үзлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны  журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн  хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн  хүрээнд  явуулсан болно.

Шүүх хуралдаанд талуудаас хэрэгт цугларсан нотлох баримтаас шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхгүй, нотлох баримтаас хасуулах талаар санал, хүсэлт гаргаагүй болно.

Дээрхи хуульд заасан журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг  үндэслэн дүгнэвэл: Энэ хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн бөгөөд шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх явцад талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудад тулгуурлан дараахи үйл баримтыг тогтоов.

Шүүгдэгч Э.Д нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдөр Чингэлтэй дүүргийн 03 дугаар хороо, Найман шарга төвийн дэргэд Э.Эгиймаатай маргалдсаны улмаас түүнийг зодож биед нь тархи доргилт, хоёр нүдний дээд, доод зовхи, дээд уруулд цус хуралт, баруун чамархайд зулгаралт, дух хамар, хоёр нүдний зовхи, баруун чамархай хэсэгт зөөлөн эдийн няцрал бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь:

        - хохирогч Э.Эгиймаагийн:.. Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо, Найман шарга төвийн дэргэд 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 02 цагийн үед манай найз Аззаяагийн найз залуугийн машинд Аззаяа, Соёлмаа, Даваасүрэн, найз залуу нь гээд бид нар байсан. Даваасүрэн, Соёлмаа бид гурав пиво хувааж уусан. Даваасүрэн жирэмсэн, эртхэн дагуулаад харих гэтэл надруу хандаад миний ууж идэх чамд ямар хамаатай юм бэ гээд гартаа барьж байсан өөрийнхөө утсаараа шууд миний толгойн хэсэг рүү 6-7 удаа цохиж гэмтээсэн. Бас миний үснээс үстсэн гэх мэдүүлэг /хх-ийн 10 дугаар тал/,

         - гэрч А.Аззаяагийн:..Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, найман шарга  төвийн ойролцоо явж байхад Даваасүрэн, Эгиймаа хоёр намайг дэлгүүр орчихоод машинд орж ирэхэд хоорондоо хэрэлдээд байсан. Нэг нэгийгээ  гараараа цохиод  зодолдоод эхэлсэн. Тэгээд машинаа зогсоож тэднийг салгасан.  Би хэн нэгнийг нь цохиж зодсон зүйл байхгүй. Намайг бас хэн аль нь зодоогүй гэх мэдүүлэг. /хх-ийн 20 дугаар тал/,  

           - Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022  оны 3 дугаар сарын 03-ны өдрийн 3583 дугаартай дүгнэлт /хх-ийн 23-24 дүгээр тал/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн бичгийн  бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгчийн дээрх үйлдэл нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн  үедээ бусдыг  “миний ууж  идэх чамд ямар хамаатай юм вэ” гэх шалтгаанаар цохиж гэмтэл учруулж байгаа нь гэм буруугийн  санаатай  үйлдэл  байна.

 

Өөрөөр хэлбэл шүүгдэгч нь өөрийн үйлдлийг хууль  бус шинжтэй  болохыг  ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн  болох нь хохирогч болон шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэргээр хангалттай нотлогдож байх тул Э.Дг гэм буруугийн санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.

Шүүгдэгч хэргийн үйл баримт, зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй, улсын яллагчийн дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Э.Дг  хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн  хуулийн хууль ёсны, шударга  ёсны, гэм буруугийн зарчмуудыг  баримтлан  эрүүгийн  хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Хохирогч Э.Эгиймаа нь Э.Дтэй эвлэрсэн, гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэж мөрдөн шалгах ажиллагааны явцад  бичгээр хүсэлт гаргасан байх тул шүүгдэгчийг бусдад учруулсан гэм хорыг  арилгасан байна гэж  шүүх үзлээ.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэж, ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршиг болон шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох улсын яллагчийн гаргасан санал, дүгнэлт болон уг ялыг хүлээн зөвшөөрч,  гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг ойлгож шүүгдэгчийн гарын үсэг  зурсан  прокурорын дүгнэлт зэргийг тус тус харгалзан үзэж,  торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.

 

Шүүхээс шүүгдэгч Э.Дг өмгөөлүүлэх эрхээр нь хангасан боловч өмгөөлөгч аваагүй, шүүх хуралдаанд өөрөө өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлтээ бичгээр гаргаж өгсөн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай  хуулийн 5.3 дугаар зүйлийн 1-д заасан заавал өмгөөлөгчтэй оролцох хуулийн заалтад хамаарахгүй тул түүний хүсэлтийг хүлээн авч өмгөөлөгч оролцуулалгүй шийдвэрлэсэн болно.

 

Шүүх шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломж, мөн шүүгчдэгчийн шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг зэргийг харгалзан торгох ялыг 90 хоногийн дотор төлүүлэхээр шийдвэрлэлээ.

 

Хэрэгт эд мөрийн  баримт ирүүлээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй,   Төрд учруулсан хохирол болох 150.000 төгрөөгийг Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан дахь “100900020080”  дугаартай дансанд төлж барагдуулсан  болохыг тус  тус дурдаж  шийдвэрлэв.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.2 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

                                                                                                                     ТОГТООХ нь:

          1.Шүүгдэгч Э.ДЭрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Дг  500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Дд оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Д нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг сануулсугай.

5. Шүүгдэгч Э.Д нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, Төрд учруулсан хохирол болох 150.000 төгрөгийг Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан дахь “100900020080”  дугаартай дансанд төлж барагдуулсан болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

          7.Гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Дд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

                           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            С.БАТЖАРГАЛ

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 



.