Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2017 оны 08 сарын 24 өдөр

Дугаар 95

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч С.Өлзий-Отгон даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Өмнөговь аймаг, Цогтцэций сум, 3 дугаар баг, Цагаан Овоо, Ямаан хүрэнгийн 5 дугаар гудамж, 3 тоотод оршин суух Өндөрхүү овогт Чимгээгийн Ганцэцэгийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Өмнөговь аймаг, Ханбогд сум, Цаг уурын 1-1 тоотод оршин суух Удайд овогт Уламбаярын Бадралд холбогдох

Хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдаанд хариуцагч У.Бадрал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Оюунцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ч.Ганцэцэг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Ч.Ганцэцэг би У.Бадралтай 2015 оны 5 дугаар сард танилцсан. Бид энэ хугацаанд гэрлэлтээ бүртгүүлээгүй байсан бөгөөд 2016 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр охин Б.Энх-Учрал төрсөн. Одоо охин маань 9 сартай. Бид цаашид хамтран амьдрах боломжгүй болсон учир У.Бадралаас охин Б.Энх-Учралд хүүхдийн тэтгэлэг гаргуулах хүсэлтэй байна. У.Бадрал бид хоёр эд хөрөнгийн маргаангүй болно ” гэжээ.

Хариуцагч У.Бадрал нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Уламбаяр овогтой Бадрал би нэхэмжлэгч Ч.Ганцэцэгийн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч өөрийн охин Б.Энх-Учралд хүүхдийн тэтгэвэр төлөхөд татгалзах зүйлгүй гэдгээ энэхүү бичгээр мэдэгдэж байна” гэжээ.

Хариуцагч У.Бадрал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Ганцэцэг бид хоёр 2015 оны 6 дугаар сард анх танилцсан. Тэгээд жил хүрэхгүй хугацаанд хамтран амьдраад, олон хүчин зүйлсийн нөлөөллөөс болж хамтран амьдрах боломжгүй байсан тул бид хоорондоо ярилцаад тусдаа амьдрахаар болсон. Бид тусдаа амьдарч байхад охин маань мэндэлсэн. Охиноо төрснөөс хойш 2 сарын хугацаанд бас хамт амьдарч үзсэн. Тэгээд цаашид хамт амьдрах боломжгүй юм байна гэж эцэслэн шийдвэрлээд салсан. Нэгэнт л тусдаа амьдрах болсон юм чинь эцэг хүний хувьд үүрэг, хариуцлагаа ухамсарлаад хүүхдийн тэтгэлгийн талаар судалж, хүүхэддээ тэтгэлэг өгөх санаатай байсан боловч зав болохгүй явж байтал Ганцэцэг нь шүүхэд нэхэмжлэл гаргасан байсан. Тиймээс нэхэмжлэлийн талаар ямар нэгэн гомдол санал байхгүй. Ганцэцэгийн нэхэмжлэл нь зөв, зүйтэй. Энх-Учрал миний хүүхэд мөн. Энэ талаар маргахгүй тул хүүхдийн тэтгэлэг төлөхөд татгалзах зүйлгүй” гэв.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчдын тайлбар болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ч.Ганцэцэг нь хариуцагч У.Бадралд холбогдуулан хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд хүүхдийн тэтгэлгийг төлнө гэсэн хариу тайлбар шүүхэд ирүүлсэн.

Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д “эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээнэ”, мөн зүйлийн 26.2 болон Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ...эцэг, эх нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, эрүүл мэндийг нь хамгаалах, амьдрах эрүүл саруул, аюулгүй орчин бүрдүүлэх, нэн шаардлагатай хоол хүнс, орон байр, хувцас, тоглоом бусад шаардлагатай зүйлсээр хангах, хүүхдэд боловсрол эзэмшүүлэх боломж нөхцөлийг бүрдүүлэх зэрэг үүрэгтэй бөгөөд эцэг, эх тусдаа амьдрах болсон нь тэдгээрийг үр хүүхдээ өгсөн хүмүүжүүлэх хуулиар хүлээсэн дээрх үүргүүдээс чөлөөлөгдөх үндэслэл болохгүй гэж тус тус заажээ.

Гэр бүлийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсгүүдэд зааснаар эцэг У.Бадрал нь охин Б.Энх-Учралыг тэжээн тэтгэх үүрэгтэй, энэ үүргээс чөлөөлөгдөх үндэслэлгүй юм.

Ч.Ганцэцэг, У.Бадрал нар нь хүүхдийн асрамжийн талаар маргаагүй тул охин Б.Энх-Учралыг эх Ч.Ганцэцэгийн асрамжинд үлдээж, тэтгэлэг тогтоон эцгээр нь тэжээн тэтгүүлэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Улсын бүртгэл,статистикийн ерөнхий газрын даргын 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн тушаалаар хүн амын амьжиргааны 2017 оны доод түвшинг тогтоосон бөгөөд Төвийн бүсийн хүн амын амьжиргааны доод түвшин 166.200 төгрөгөөр тогтоосныг дурдах нь зүйтэй.

2016 оны 9 дүгээр сарын 13-нд төрсөн охин Б.Энх-Учралыг эх Ч.Ганцэцэгийн асрамжид үлдээж, Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсгүүдэд зааснаар түүнийг 11 нас хүртэл нь амьжиргааны доод түвшингийн 50 хувийн хэмжээгээр, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол тэтгэлэг авагч хүүхдийн оршин суугаа бүс нутгийн амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэг гаргуулан сар бүр эцэг У.Бадралаар тэжээн тэтгүүлэх нь зүйтэй гэж үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар 2016 оны 9 дүгээр сарын 13-нд төрсөн охин Б.Энх-Учралыг 11 нас хүртэл хүүхдийн оршин суугаа бүс нутгийн амьжиргааны доод түвшингийн 50 хувийн хэмжээгээр, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол тэтгэлэг авагч хүүхдийн оршин суугаа бүс нутгийн амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэг гаргуулан сар бүр эцэг У.Бадралаар тэжээн тэтгүүлсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийг улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлснийг дурдсугай.

3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч У.Бадрал нь зөвхөн цалин хөлснөөс өөр орлогогүй тохиолдолд түүнээс гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурдаж, мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д зааснаар Ч.Ганцэцэг нь У.Бадралыг эцэг хүний хувьд хүлээсэн үүргээ зохих ёсоор хэрэгжүүлэх, үр хүүхэдтэйгээ уулзахад нь саад учруулахыг хориглосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсгүүдэд зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч болон тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор тухайн шатны шүүхээр дамжуулан Өмнөговь, аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  С.ӨЛЗИЙ-ОТГОН