| Шүүх | Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Самандаабазарын Өлзий-Отгон |
| Хэргийн индекс | 144/2017/00102/И |
| Дугаар | 96 |
| Огноо | 2017-08-28 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2017 оны 08 сарын 28 өдөр
Дугаар 96
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн шүүгч С.Өлзий-Отгон даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Өмнөговь аймаг, Ханбогд сум, Жавхлант баг, “Хөөврийн булан дэрс” гэх газар оршин суух Хаван овогт Дэдхүүгийн Цээсүрэн /РД:КЙ66050461/-ийн нэхэмжлэлтэй,
Ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Цээсүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Оюунцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.Цээсүрэн шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие Галбын хөгжил нэгдлийн Жавхлант бригадад 1982-1986 онд тэмээ маллаж байгаад 1986-1992 онд Номгон бригадад тус тус тэмээ маллаж улсад нийт 20 жил ажилласан. Одоо өндөр насны тэтгэврээ тогтоолгох гэтэл миний ажилласан жил дутуу бичигдээгүйн улмаас улсад ажилласан хугацаа маань ажилласан жилд орж тооцогдохгүй хохироход хүрээд байна. Иймд миний 1982 оны 7 дугаар сарын 1-ээс 1992 оны 12 дугаар сарын 25-ыг дуустал Галбын хөгжил нэгдэлд мал маллаж байсан болохыг тогтоож өгнө үү. Бортээг бригадад малчнаар ажиллаж байсныг мэдэх 2 хүнийг гэрчээр асууж өгнө үү. ” гэжээ.
Нэхэмжлэгч Д.Цээсүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:” Миний бие “Галбын хөгжил” нэгдлийн Жавхлант бригадад 1982 оны 7 дугаар сарын 1-ээс 1986 он хүртэл тэмээ маллаж байгаад 1986 оноос 1992 оныг дуустал Номгон бригадад тус тус тэмээ маллаж ажилласан. Тухайн үед хөдөлмөрийн дэвтэр дээр тамга дараагүй, мөн зарим сарын цалинг бөөнд нь бодож нэг бичилт хийсэн зэргээс болж ажилласан хугацаа маань дутуу тооцогдоод байна. Иймд шүүхээр ажиллаж байсан байдлаа тогтоолгох болсон” гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан нэхэмжлэгчийн нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан түүний тайлбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, цахим үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Өмнөговь аймгийн Засаг даргын тамгын газрын Архивын тасгийн 2017 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн №380 дугаартай цалингийн тодорхойлолт, Өмнөговь аймгийн Ханбогд сумын Галбын хөгжил нэгдлийн 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн №00287 дугаартай хөдөлмөрийн дэвтэрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Өмнөговь аймгийн Ханбогд сумын Галбын хөгжил нэгдлийн 1982 оны 6 дугаар сарын 01-ний өдрийн хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар хувь зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
П.Цээсүрэн нь Өмнөговь аймгийн Ханбогд сумын “Галбын хөгжил” нэгдэл “Номгон” бригадад 1982 оноос 1986 оныг хүртэл тэмээчинээр, 1986 оноос 1992 оныг дуустал “Галбын хөгжил” нэгдлийн “Жавхлант” бригадад тэмээ маллаж ажиллаж байсан болох нь нэхэмжлэгчийн тайлбар болон гэрч Ц.Зургаанжингийн өгсөн:” Д.Цээсүрэн нь 1982 онд 8 дугаар анги төгсөөд 1982 оноос 1986 он хүртэл Номгон бригадад тэмээчинээр ажиллаж байгаад 1986 оноос 1992 он Жавхлант бригадад шилжиж ажилласан. Ханбогд сумын Жавхлант бригадад шилжиж очоод тэндээ бас тэмээ маллаж 1992 оныг дуустал мал маллаж байсан. Дан тэмээ маллахаас гадна бага мал, хэдэн тооны адуутай ч айл байсан” гэсэн мэдүүлэг, А.Отгонхүүгийн өгсөн: ”...Д.Цээсүрэн нь 1982 онд 8 дугаар анги төгсөөд Баатарчулуун гээд миний саахалт айлын хүнтэй гэр бүл болж амьдраад 1982 оноос Ханбогд сумын “Галбын хөгжил” нэгдэлд Номгон бригадад тэмээчинээр ажиллаж байсан. Түүнээс хойш 1986 он хүртэл Номгон бригадад ажиллаж байгаад Жавхлант бригад руу гэрээрээ нүүгээд, Жавхлант бригадад шилжиж очоод тэндээ бас тэмээ маллаж 1992 оны 12 дугаар сарын 25-ыг дуустал мал маллаж байсан нь үнэн” гэх мэдүүлэг, Өмнөговь аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2017 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 380 дугаартай лавлагаа, цалингийн тодорхойлолт, 1982 оны хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 1991 оны №00287 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байх тул Д.Цээсүрэнгийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзэв.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг Ханбогд сумын орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээхээр шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар Хаван овогт Дэдхүүгийн Цээсүрэнг /РД:КЙ66050461/-г
1982 оны 7 дугаар сарын 01-ээс 1992 оны 12 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл Өмнөговь аймгийн Ханбогд сум, “Галбын хөгжил” нэгдэлд тэмээчинээр ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Шүүхийн шийдвэрийг танилцуулан сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд зохигч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор тухайн шатны шүүхээр дамжуулан Өмнөговь аймгийн Эрүү Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ӨЛЗИЙ-ОТГОН