Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 23 өдөр

Дугаар 2022/ШЦТ/225

 

 

 

 

 

 

 

2022            3            23                                       225  

 

 

 

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Оюун даргалж,

нарийн бичгийн дарга: М.Нарансолонго, 

улсын яллагч: Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Сайнзаяа,

шүүгдэгч: У.О нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянгол  дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Оэд холбогдох эрүүгийн 2205000000555 дугаартай, 1 хавтас хэргийг 2022 оны 3 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1993 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 29 настай, эрэгтэй, дээд боловсролтой, хятад хэлний орчуулагч мэргэжилтэй,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 712 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700 000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж, уг ялыг биелүүлсэн, регистрийн дугаар О.

 

Шүүгдэгч У.О нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 01 дүгээр сарын 10-наас 11-нд шилжих шөнө Баянгол дүүргийн ** дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “***” нэртэй караокед байхдаа хохирогч Г.Зы толгойн тус газар пивоны шилээр цохисны улмаас тархи доргилт, зулай, дагзанд шарх, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. (яллах дүгнэлтэд дурдсанаар)

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч-У.О мэдүүлэхдээ:

Би мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлсэн. Хохирогчтой сагсан бөмбөгийн нэг багт тоглодог юм. Түүнтэй уулзаж, уучлалт гуйсан. Одоогоор хохирол төлөөгүй байгаа. 7 хоногийн дараа хохирлыг төлнө. Зарах гэж байгаа байшин дээр асуудал гараад мөнгө нь орж ирэхгүй байгаа юм. Хохирогчийн эмчилгээний төлбөр болон хохирол дээр маргахгүй. Хохирогч үс суулгах хагалгаа хийсэн талаар мэдээгүй байсан. Цаашид эрүүл мэндэд нь анхаарна. Түүнд хохирол учруулсан нь миний буруу гэв.

 

Мөрдөн байцаалтад хохирогч-Г.З мэдүүлэхдээ:

2021 оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөс 11-нд шилжих шөнө миний бие сагсан бөмбөгийн багийнхаа О, Г, Со, О нарын хамтаар Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “**” нэртэй караокед шөнийн 03 цагийн үед орж үйлчлүүлсэн бөгөөд бид нар тухайн караокед пиво ууцгаангаа хоорондоо юм яриад сууцгааж байтал О гэнэт ууж байсан пивоныхоо шилээр миний толгойны орой хэсэг рүү нэг удаа цохисон бөгөөд цохисон пивоны шил хагарсан. Тэгтэл Оч гэх Оийн ихэр эрэгтэй Оийг надаас салгахад О тэр чигээрээ караокеноос гараад зугтаачихаар нь би цагдаад дуудлага өгсөн. Бид нар бүгд бага зэргийн согтолттой байсан гэжээ. (хэргийн 29-30 дугаар хуудас)

 

Мөрдөн байцаалтад гэрч-У.Г мэдүүлэхдээ:

2022 оны 01 дүгээр сарын 10-нь өдөр сагсны бэлтгэлээ тарчихаад Модны 2-ын тэнд байх караокед очсон. Тэгээд бид 5 нийлээд нэг шил архи, хэдэн пиво уугаад сууж байсан чинь О сууж байснаа гэнэт З дээр очсоноо пивоны шилээр толгой руу нь цохисон. Тэгээд Зы толгойноос цус гараад, цагдаад хандаад, цагдаа дээр ирсэн. О гараад зугтчихсан. Тэр 2 огт хэрэлдэж маргалдаагүй, хоорондоо ч юм яриагүй сууж байсан гэжээ. (хэргийн 18-19 дүгээр хуудас)

 

Мөрдөн байцаалтад гэрч-Г.С мэдүүлэхдээ:

О, Очирбал, З бид 4 Модны хоёрын дунд замд байдаг нэг караоке орж суугаад пиво ууж байсан чинь Г хүрч ирээд бид 5 нэг шил архи аваад караокены өрөөнд юм яриад сууж байсан чинь гэнэт чимээ гарахаар нь эргэж харахад Зы толгойноос нь цус гарчихсан, газар нэг шил хагарчихсан, О Зы толгойг шилээр цохиод хагалсан байсан. Тэгээд бид хэд О, З хоёрыг салгаад, би шууд гэртээ харьсан. Тухайн үед хэрүүл маргаан болоогүй, зүв зүгээр байж байгаад цохьчих шиг болсон гэжээ. (хэргийн 22-23 дугаар хуудас)

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 1656 тоот дүгнэлтэд:

1. Г.Зы биед тархи доргилт, зулай, дагзанд шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 

2. Дээрх гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

3. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.

5. 6. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх хугацаанд учирсан байх боломжтой гэжээ. (хэргийн 33 дугаар хуудас)

 

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсанд:

У.О Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 712 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700 000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж, уг ялыг биелүүлсэн гэжээ. (хэргийн 45 дугаар хуудас)

                                               

ШҮҮХИЙН ДҮГНЭЛТИЙН ТАЛААР:

 

Шүүгдэгч У.О нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 01 дүгээр сарын 10-наас 11-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “****” нэртэй караокед байхдаа хохирогч Г.Зы толгойн тус газар пивоны шилээр цохисны улмаас тархи доргилт, зулай, дагзанд шарх, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Г.З, гэрч У.Г, Г.С нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 1656 тоот дүгнэлт зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, шалгаж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг нотолсон, мөрдөн байцаалтад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй болно.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас У.Оэд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй тул шүүгдэгчийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

Хохирогч нь өөрт учирсан хөнгөн хохирлыг эмчлүүлсэн талаар толгойн дүрс оношлогоо хийлгэсэн 130 000 төгрөг, үс суулгуулсан 1 500 000 төгрөгийн төлбөрийн баримтыг нотлох баримтаар гаргасаныг хүлээн зөвшөөрч маргахгүй, 7 хоногийн хугацаанд төлөхөө илэрхийлж байна.

 

Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруу дээр маргаагүй болно.

 

Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар У.Оээс 1 630 000 төгрөг гаргуулж, хохирогч Г.Зд олгохоор шийдвэрлэв.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршиг, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх эрүүгийн хариуцлага оногдуулсан болно.

 

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, өөрийгөө өмгөөлж шүүх хуралдаанд оролцсон болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

           

1. Шүүгдэгч Оийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч У.Оийг 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч У.О нь 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг дурдсугай.

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар У.Оээс 1 630 000 төгрөг гаргуулж, хохирогч Г.Зд олгосугай.

5. Хохирогч Г.З нь энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан хөнгөн гэмтлийг эмчлүүлсэнтэй холбоотой цаашид гарсан эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхтэй болно. 

6. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хуруугдсан зүйлгүй, шүүгдэгч У.О цагдан хоригдсон хоноггүйг тус тус дурдсугай.

7. Шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-т  зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах,

улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол У.Оэд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Л.ОЮУН