| Шүүх | Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Самандаабазарын Өлзий-Отгон |
| Хэргийн индекс | 144/2017/00104/И |
| Дугаар | 97 |
| Огноо | 2017-08-28 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2017 оны 08 сарын 28 өдөр
Дугаар 97
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн шүүгч С.Өлзий-Отгон даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Өмнөговь аймаг, Баян-Овоо сум, Налих баг, Аргалантын 1-6 тоотод оршин суух Хами овогт Долгорын Гантөмөр /РД:КБ62041502/-ийн нэхэмжлэлтэй,
Ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Гантөмөр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Оюунцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.Гантөмөр шүүхэд гаргасан хүсэлтдээ:“Миний бие Баян-Овоо сумын хүний их эмчийн салбарын яслид 1981-1992 онуудад угаагч, тогооч, асрагч, сувилагчаар ажиллаж байсан. Одоо өндөр насны тэтгэврээ тогтоолгох гэтэл миний 1981 онд ажилд орсон тушаал хөдөлмөрийн дэвтэр дээр бичээгүйн улмаас улсад ажилласан хугацаа маань ажилласан жилд орж тооцогдохгүй хохироход хүрээд байна.
Иймд миний 1981 оны 6 дугаар сарын 15-аас 1992 оны 6 дугаар сарыг дуустал Баян-Овоо сумын хүний их эмчийн салбарын яслид угаагч, тогооч, асрагч, сувилагчаар ажиллаж байсныг тогтоож өгнө үү...” гэжээ.
Нэхэмжлэгч Д.Гантөмөр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:” Миний бие Баян-Овоо сумын хүний их эмчийн салбарын яслид 1981-1992 онуудад угаагч, тогооч, асрагч, сувилагчаар ажиллаж байсан. 1992 онд ясли татан буугдсан. Түүнээс хойш би Баян-Овоо сумын Соёлын төвд номын санчаар ажилд ороод одоог хүртэл номын санчийн ажлаа хийж байна. Одоо өндөр насны тэтгэврээ тогтоолгох гэтэл миний 1981 онд ажилд орсон тушаал эх хувиараа байхгүй, хөдөлмөрийн дэвтэр дээр бичээгүйн улмаас улсад ажилласан хугацаа маань ажилласан жилд орж тооцогдохгүй болоод байна.” гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан нэхэмжлэгчийн нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан түүний тайлбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, цахим үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Өмнөговь аймгийн Засаг даргын тамгын газрын Архивын тасгийн 2017 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн №361 дугаартай цалингийн тодорхойлолт, Өмнөговь аймгийн Баян-Овоо сумын засаг даргын 2017 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 01/43 тоот тодорхойлолт, 1980 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн №050113 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 1991 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн Баян-Овоо сумын хүний их эмчийн салбарын эрхлэгчийн 04 дугаартай “Ажил өөрчлөх тухай” тушаал, 1992 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн Баян-Овоо сумын хүний их эмчийн салбарын эрхлэгчийн 14 дугаартай “Орон тоо цомхотгох” тухай тушаалын хуулбар хувь зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Д.Гантөмөр нь Өмнөговь аймгийн Баян-Овоо сумын хүн эмнэлгийн салбар яслид 1981 оны 6 дугаар сарын 15-ны өдрөөс 1992 оны 6 дугаар сарын 04-ний өдрийг хүртэл Баян-Овоо сумын Хүн эмнэлгийн яслид угаагч, тогоочоор ажиллаж байсан болох нь нэхэмжлэгчийн тайлбар болон гэрч Ц.Мөнхжаргалын өгсөн:” Д.Гантөмөр нь 1981 онд Баян-Овоо сумын эмнэлгийн яслид тогоочоор ажилд ороод 1992 он хүртэл сумынхаа яслид тогооч, угаагч, асрагч болон сүүний сувилагчаар ажиллаж байсан. Яг нарийн хэдээс хэдэн онд тогооч угаагч хийж байсныг нь сайн санахгүй байна. Намайг эмнэлэгт ажиллаж байхад ажилд ороод 1992 онд ажлаас гарахад нь би эмнэлэгт ажиллаж байсан” гэсэн мэдүүлэг, Б.Батмөнхийн өгсөн: ”... Д.Гантөмөр нь Өмнөговь аймгийн Баян-Овоо сумын эмнэлгийн харъяа яслид угаагч, тогооч, сүүний сувилагч зэрэг ажлыг 1981 оны 6 дугаар сараас 1992 оны 6 дугаар сарыг дуустал буюу ясли цомхотгогдох хүртэл ажиллаж байгаад Соёлын төвийн номын санд одоог хүртэл ажиллаж байгаа хүн юм. Анх 1981 оны 7 дугаар сард ажилд орсон үеэсээ хойш түүний 1992 оны 6 дугаар сард ажлаас гарах хүртэл нь хамт ажиллаж байсан учир мэдэж байна” гэх мэдүүлэг, Өмнөговь аймгийн Засаг даргын тамгын газрын Архивын тасгийн 2017 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн №361 дугаартай цалингийн тодорхойлолт, Өмнөговь аймгийн Баян-Овоо сумын засаг даргын 2017 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 01/43 тоот тодорхойлолт, 1980 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн №050113 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 1991 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн Баян-Овоо сумын хүний их эмчийн салбарын эрхлэгчийн 04 дугаартай “Ажил өөрчлөх тухай” тушаал, 1992 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн Баян-Овоо сумын хүний их эмчийн салбарын эрхлэгчийн 14 дугаартай “Орон тоо цомхотгох” тухай тушаалын хуулбар зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байх тул Д.Гантөмөрийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзэв.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг Ханбогд сумын орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээхээр шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар Хами овогт Долгорын Гантөмөр /РД:КБ62041502/-ийг
1981 оны 6 дугаар сарын 15-аас 1992 оны 6 дугаар сарын 04-ний өдрийг хүртэл Өмнөговь аймгийн Баян-Овоо сумын Хүн эмнэлгийн яслид угаагч, тогоочоор ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Шүүхийн шийдвэрийг танилцуулан сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд зохигч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор тухайн шатны шүүхээр дамжуулан Өмнөговь аймгийн Эрүү Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ӨЛЗИЙ-ОТГОН