Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 23 өдөр

Дугаар 2022/ШЦТ/226

 

 

 

 

 

 

 

2022            3              23                                     226

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Оюун даргалж,

 

нарийн бичгийн дарга: М.Нарансолонго,

 

улсын яллагч: Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Батзаяа (томилолтоор), 

шүүгдэгч: Д.Н, түүний өмгөөлөгч Б.Мөнхгэрэл /0463/

шүүгдэгч: Г.Я, түүний өмгөөлөгч Б.Болортуяа /0331/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянгол  дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Я нарт холбогдох эрүүгийн 2105007281443 дугаартай, 4 хавтас хэргийг 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

            Монгол Улсын иргэн, 1990 оны 5 дугаар сарын 20-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 31 настай, эмэгтэй, дээд боловсролтой, б***мэргэжилтэй, “

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн ***дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар 700 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн, Н, 

 

            Монгол Улсын иргэн, 1994 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 28 настай, эмэгтэй, дээд боловсролтой, *** мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ Нийслэлийн засаг даргын тамгын газарт ажиллаж байсан, сард 900 000 төгрөгийн цалинтай, ам бүл 1, Хан-Уул дүүрэг 15 дугаар хороо, 54б байр, 21 тоотод оршин суух, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй Я.

 

Шүүгдэгч  Д.Н нь

1. “...Ай вотч 5 загварын цаг зарна...” хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон 2020 оны 5 дугаар сарын 05-ны өдөр Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, 2 дугаар хороолол, 42 дугаар байрны 18 тоотод хохирогч Э.Мэс 1 150 000 төгрөгийг Хаан банкны 5028447600 тоот дансаар шилжүүлэн авч залилсан,

2. 2020 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр фэйсбүүк зарын группэд “Олимп хотхоны 421-127 тоот орон сууцны нэг өрөөг 6 сарын хугацаагаар түрээсэлнэ” гэх зар байршуулан хуурч, цахим хэрэгсэл ашиглан бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан, Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Б.Эрхээс 2 450 000 төгрөгийг өөрийн эзэмшлийн Хаан банкны 5028447600 тоот дансаар шилжүүлэн авч залилсан,

3. 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдөр зохиомол байдлыг зориудаар бий болгон фэйсбүүк зарын группэд “мөнгө зээлж хүүнд нь Олимп хотхоны 421-127 орон сууцанд суулгана” гэх зар байршуулан, Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч О.Гэс 8 000 000 төгрөгийг өөрийн эзэмшлийн Хаан банкны 5028447600 тоот дансаар шилжүүлэн авч, залилсан,

4. 2020 оны 10 дугаар сарын 12, 15-ны өдрүүдэд Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо, 2 байр 3 тоотод хохирогч Б.Ныг “байр түрээслүүлнэ” гэж хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулан, өөрийн Хаан банкны 5028447600 тоот дансаар 850 000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

5. 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдрөөс 3 дугаар сарын 06-ны өдрийг хүртэлх хугацаанд хохирогч Ю.Ёд “...10 хувийн төлбөрийг нь өгвөл хямдхан гар утас зарна...” гэж хуурч, зохиомол байдлыг зориуд бий болгон улмаар Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 19-2-62 тоотод хохирогч Ю.Ё нь өөрийн 5026731683 данснаас 2 185 000 төгрөгийг шилжүүлэн өгч залилуулсан,

 

мөн шүүгдэгч Д.Н, Г.Я нар нь бүлэглэн 2020 оны 6 дугаар сарын 21-ний өдөр “Ynjka Ynjinlkham” фэйсбүүк хаягаар Сүхбаатар дүүргийн 1 хорооны нутаг дэвсгэрт байрлах 42 дугаар байрны 37 тоотыг түрээслүүлнэ гэх зар байршуулан хохирогч М.Мөнх-Эрдэнийг хуурч бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан, Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт Хаан банкны 5088076765 дугаарын дансаар 2 400 000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. (яллах дүгнэлтэд дурдсанаар)

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч-Д.Н мэдүүлэхдээ:

Би улсын яллагчийн уншиж сонсгосон яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна.  Би анх Багшийн дээдийн тэндэх 103-ын түргэн тусламжийн төвийн орчимд охин дүү Өүлэний хамт байр түрээслэн амьдарч байсан. Цагаан сарын дараа ажлын газрын охин Ариунаа нь Яыг дагуулж ирж, надтай түр хугацаагаар хамт амьдруулахаар болсон. Тухайн үед Я нь түрээсийн мөнгөө өгөөгүй тул би 3 сарын төлбөрийг төлсөн байсан. Эрхд 120 000 төгрөг төлсөн. Гэс авсан 8 000 000 төгрөгөөс 4 775 000 төгрөгийг өгсөн байхад тэр 2 700 000 төгрөгийг авсан гэж мэдүүлдэг. Би өдөр болгон хохирлыг төлдөг байсан болохоор он сар өдөртэй нь бичээд явдаг байсан. Г нь дансны хуулгаа гаргаж өгөөгүй бөгөөд би Гд 4 775 000 төгрөг өгсөн. Үлдэгдэл 3 225 000 төгрөгийг төлөөгүй байна. Миний данс хаагдсан учраас ажлын газрын хүний болон найзынхаа данснаас өдөр болгон “Номин, номин” гэсэн утгатай мөнгийг хохирогч нарт шилжүүлдэг байсан. Хохирогч Ёлкын хохирлыг бүрэн төлсөн. Ё нь дансны хуулгаа гаргаж өгөөгүй байна. Би Ё, Г нарын дансны хуулгыг гаргуулах, шүүх хуралдаанд оролцуулах хүсэлт гаргаж байсан. Би өөр өөр данснаас мөнгө хийж байсан болохоор “Номин зээл хийв, төлөв” гэж шилжүүлдэг байсан. Тэр талаарх баримтыг авъя гэхээр бусдын дансаар шилжүүлж байсан учраас баримт гаргаж өгөх боломжгүй байсан. Э.Мөнх-Эрдэнийн мөнгийг бүрэн төлсөн. М.Мөнх-Эрдэнийн мөнгийг төлөөгүй байгаа. М.М түрээсийн байранд 1 сар суусан. Бүлэглэн үйлдсэн гэж яллах дүгнэлтэд бичигдсэн үйлдэлд өөрийн дансаар авсан 300 000 төгрөгийг төлнө. Үлдсэн 2 100 000 төгрөгийг Г.Ятай хувааж төлөх хүсэлтэй байна. Өөрийн гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Хохирол төлсөн, төлөөгүй дээр маргаантай ч надад нотлох баримт байхгүй байна гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч-Г.Я мэдүүлэхдээ:

            2020 оны 02 дугаар сарын сүүлээр Ариунаа нь “манай найз ганцаараа амьдарч байгаа, чи 300 000 төгрөгийн түрээс төлөөд цуг амьдарчих” гэж хэлээд намайг Нтай танилцуулсан. Тэгээд бид хамт амьдарч эхэлсэн ба 4 сарын  турш 2 800 000 төгрөгийг Нгийн данс руу хийж, өөрөөсөө зарлага гаргаж,  Нгийн бүх хоол унд, бусад зардлыг нь бас төлж байсан. Тухайн үед би онлайн шоп ажиллуулдаг байсан учраас мөнгөөр тасардаггүй байсан. 2 894 000 төгрөг Нгийн данс руу шилжүүлсэн баримт байгаа. Сүүлдээ байрны түрээс төлөх боломжгүй болсон тул байрны эзэн хөөж эхэлсэн. 4 сарын турш Нг, дүүтэй нь хамт тэжээж, бүх төлбөрийг төлж байсан болохоор хөөгдөх нь надад хэцүү байсан. Тэгээд Н нь ямар нэгэн байдлаар түрээсээ олно гэж хэлсэн. Өөрийн найз Бадмаарагаас 900 000 төгрөг зээлж, эхний ээлжинд байрны түрээсээ төлсөн байсан. Д.Н надад анх өөр байр түрээсэлье, энэ байрыг давхар түрээсэлж, мөнгө олъё, найзаас чинь зээлсэн мөнгийг өгье, үлдэгдэл мөнгөөр өөр байранд оръё гэж анх хэлсэн. Тэр би хэрэгт холбогдсон, бичиг баримтгүй гэх шалтгаанаар намайг гэрээ хийчих гэж хэлсэн бөгөөд бид 2 Багшийн дээдээс бэлэн гэрээ худалдан авсан. Тэр “намайг байрны эзэн гээд хэлчих, би чиний эгч чинь болъё гэж үгээ нийлүүлж гэрээ хийсэн нь үнэн. Мөнх-Эрдэнийн мэдүүлэг дээр маргах зүйл байхгүй. Гэвч 2 400 000 төгрөгөөс 900 000 төгрөгийн үндсэн түрээсийг өмнөх өдөр нь Бадмаарагаас аваад төлсөн байсан бөгөөд дараа нь 2 400 000 төгрөгийг аваад Бадмаарагт өрөө буцааж өгсөн. Үлдсэн 1 600 000 төгрөг миний дансанд байсан бөгөөд өөр байр түрээслэхээр болж 1 200 000 төгрөгийг түрээсийн төлбөрт төлсөн. 300 000 төгрөг нь Нгийн данс руу орсон. Би байрны мөнгө, ус, интернет гээд бусад зардалд 269 000 төгрөгийг төлсөн. Цуг амьдарч байх хугацаанд би өөрийн төлөх ёстой зардлыг төлсөн. Мэс авсан 2 400 000 төгрөгийг Д.Н төлнө. М 1 сарын түрээсийн мөнгийг төлсөн. Дараагийн сарын төлбөрийг Д.Нг төл гэж хэлсэн. Д.Нд 3-4 сар мөнгө төлчихөөд дахиад би төлбөр төлмөөргүй байна. 2 дахь сараас байрны төлбөр төлөхөөр болоход төлөөгүй, байрны эзний дугаарыг надад өгдөггүй байсан. Гэм бурууг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би хохирол төлөхгүй.

Д.Нтай тохиролцоод өөр байр түрээсэлж орохоор болж, өөр хүмүүст байраа давхар түрээсэлж байгаа үйлдлээ хууль бус болохыг мэдэж байсан. Би 4 сар байрны түрээсээ төлж амьдарсан. Тэгээд байрнаасаа хөөгдөөд очих газаргүй болсон учраас Д.Нгийн хэлсэн санаа боломжтой юм шиг санагдсан. Ингээд Нгийн саналын дагуу худал зар байршуулан мөнгө авсан нь үнэн гэв.

 

Мөрдөн байцаалтад хохирогч-Ю.Ё мэдүүлэхдээ:

Би 2021 оны 01 сарын эхээр Гранд плаза дээр ажилладаг Nastya Alisa гэдэг эмэгтэйгээс онлайнаар гутал худалдаж авч байсан юм. Тэгээд 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр захиалгын гутал ирчихлээ гэж А надад хэлээд, манай гэрт байгаа хүнтэй холбогдоод авчих гээд надад Нгийн дугаарыг өгч байсан. Тэгээд Нтай холбогдоход би чамд хүргээд өгье гэхээр нь би хаягаа зааж өгсөн юм. Тэгээд Н гэх эмэгтэй ганцаараа ирээд “...манай дэлгүүр бас гар утас оруулж ирдэг шүү, чи боломжийн үнээр утас авах уу, урьдчилгаа 10 хувийг өгөөд, ирснийх нь дараа үлдсэн мөнгөө өгч болно...” гэхээр нь би зөвшөөрч, тэр өдрөө Нгийн 5028447600 дугаарын данс руу өөрийнхөө 5026731683 дугаарын данснаас 215 000 төгрөг шилжүүлэн өгсөн. Тэгээд хэд хоногийн дараа Н 88086603 дугаарын утаснаас залгаад “...утас чинь Эрээн дээр ирчихсэн байгаа, чи дахиад 400 000 төгрөг шилжүүлэх хэрэгтэй байна...” гэхээр нь би өөрийнхөө данснаас мобайл банк ашиглан Нгийн 5028447600 дугаарын данс руу 400 000 төгрөг 2021 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр шилжүүлэн өгсөн. Тэгээд би “...утас яасан бэ...” гэж асуухаар Н “...ирж байгаа...” гэдэг байсан. Тэгээд 2021 оны 3 дугаар сарын 06-ны өдөр залгаад “...утас чинь ирчихсэн шүү, үлдэгдэл мөнгөө миний данс руу хийчхээд ирээд аваарай...” гэхээр нь би Нгийн 5028447600 дугаарын данс руу үлдэгдэл 1 570 000 төгрөгийг шилжүүлэн өгчхөөд Нтай яриад “...утсаа хаанаас очиж авах уу...” гэтэл Н “...чи ирж яах юм бэ, би Зайсангаас аваачаад өгье...” гэхээр нь би “за” гээд хүлээж байтал тэр өдрөө ирээгүй. Тэгээд 2021 оны 3 дугаар сарын 06-ны өдөр Н залгаад “...чи Тэди дээр очоод 4-16 дугаар лангуунаас гар утсаа авчих...” гэхээр нь би Тэди дээр очоод асуухад “Н гэж хүнийг мэдэхгүй, тийм зүйл байхгүй” гэж хэлсэн гэжээ. (хэргийн 1 дүгээр хавтас, 19-20 дугаар хуудас)

Мөрдөн байцаалтад хохирогч-Э.М мэдүүлэхдээ:

2020 оны 5 дугаар сарын 02-ны өдөр миний оюутан ангийн найз Н нь “чи цаг авах уу, би машин мөргөөд надад мөнгөний хэрэг гараад байна “Apple” брендийн Ай Вотч-5 загварын, 40 мм гоулд цаг байна” гэхэд нь “надад цаг чинь хэрэггүй, 44-тэй хар өнгийнх байвал авна” гэж хэлсэн. Тэгтэл Н надад 2020 оны 5 дугаар сарын 05-ны өдөр “яг чиний захиад байгаа цаг ирнэ, захиалчихсан байсан юм. Надад нэг хүн захиалж урьдчилгаагаа өгөөд, үлдэгдэл мөнгөө өгөх боломжгүй болсон. Чи надаас Америкт зарагддаг үнээр нь аваарай. Би чамд хямдхан өгнө, надад урьдчилгаа мөнгө өг. Би урьд надаас захиалсан хүндээ урьдчилгааг нь буцааж өгнө гэхээр нь Нгийн Хаан банкны 5028447600 тоот дансанд 200 000 төгрөгийг тухайн өдөртөө шилжүүлсэн. Тэгээд цаг ирэх хугацаа болсон байсан учраас Нгаас цагны талаар асуухад Н “Карго бараа ирсэн. Бараагаа авах гэсэн чинь мөнгө дутаад байна үлдэгдэл 950 000 төгрөг над руу шилжүүлчих, би өдөр ажил дээр чинь аваачиж өгье” гэж хэлэхээр нь дээрх данс руу 950 000 төгрөгийг шилжүүлсэн. Тэгээд өдөр болоод түүнээс цаг юу болсон бэ гэхэд “эмнэлэг дээр байна, манай эгч карго ачааг маань авч байгаа, орой ажлаа тараад ирээд авчих гээд нэг хаяг өгсөн. Тэгээд орой ажил тараад би өгсөн Багшийн дээдийн Түргэн тусламжийн 103-ын арын 42 дугаар байр 8-37 тоотод очоод хайсан боловч олоогүй. Номиогоос танай байр хаана юм бэ, гэж утсаар асуухад чи ирж яах юм, манай эгч Налайхаас карго аваад ирж байгаа, ирэхээр нь аваачиж өгье гэж хэлсэн. Тэгэхээр нь би гэртээ хариад 20 цагийн үед Номингоос яасан бэ гэж асуухад миний барааг АНУ-аас ачуулахдаа хоёр хуваагаад ачуулсан байна. Чиний цаг дараагийн каргогоор ирнэ. Карго 2020 оны 5 дугаар сарын 07-ны өдөр ирнэ гэж хэлсэн. 2020 оны 5 дугаар сарын 07-ны өдөр Номио руу залгаад нөгөө цаг яасан бэ гэхэд Номио дандаа 40мм-тэй голд цагнууд ирсэн байна. Чиний цаг ирээгүй байна. Би чамд солиулаад өгье гэж хэлсэн. Манай ах Тэди төв дээр 8 дугаар лангуу дээр байгаа гэсэн. Тэгээд би очоод залгахад Тэди дээр байгаагүй байсан байна. Тэрнээс хойш мөнгөө авч чадахгүй өнөөдрийг хүртэл явж байна. Би Нгаас цаг авна гэж өгсөн мөнгөө авмаар байна гэжээ. (хэргийн 1 дүгээр хавтас, 113-114 дүгээр хуудас)

Мөрдөн байцаалтад хохирогч-М.М мэдүүлэхдээ:

2020 оны 6 дугаар сарын 21-ний өдөр түрээслэх байр фэйсбүүкээр хайж байгаад ynjka ynjinlkhham гэх фэйсбүүкийн хэрэглэгч “хотын төвд бүрэн тавилгатай байр түрээсэлнэ, түрээсээ сар сардаа авна” гэсэн зарын дагуу 88054540 гэх дугаараар залгаж, Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, 42 байр, 7 давхарт очиж уулзсан чинь Я гэх хүн, Номингоо гэх эмэгтэй хүний хамт байсан. Тэгээд 900 000 төгрөгөөр түрээсэлнэ, барьцаа мөнгө нь 800 000 төгрөг гээд бид нар ярьж байгаад 2 сараар түрээслэх юм бол түрээсийн мөнгө болон барьцаа хөрөнгөө 800 000 төгрөг болгоё гэсэн. Тэгэхээр нь тохиролцоод очсон өдрөө 800 000 төгрөг өгөөд маргааш нь буюу 2020 оны 6 дугаар сарын 22-ны өдөр түрээсийн гэрээ гээд бэлэн гэрээ авч ирсэн. Тэгээд гэрээ хийгээд 1 500 000 төгрөгийг шилжүүлээд, тэр гэрээг нэг нэг хувиар нь авч үлдсэн. Гэрээг Төгөлдөр гэдэг манай найз, Я, бид 3 хийсэн. Тэгээд нийт 2 300 000 төгрөгийг өгөөд 2-3 хоногийн дараа үлдсэн 100 000 төгрөгийг өгсөн. Я гэх хүнтэй манай найз Төгөлдөр байрны талаар фэйсбүүкээр харьцаж байсан. Амьдраад 1 сарын дараа байх 2 хүн хаалга тогшоод байхаар нь онгойлгоогүй гэж байсан. Удаагүй байж байхад байрны эзэн гэх хүн ирсэн гэсэн ба тухайн үед би байгаагүй. Тэгээд тэр хүн “Номингоо энэ байрыг түрээсэлж байгаа, тэр хүн одоо хүртэл мөнгөө өгөөгүй байгаа, одоо үнэхээр тэсэхгүй юм байна. Одоо зайл, та нар гэрээ хийх нь надад ямар хамаа байсан юм, та нар нэг бол залилдаг хүмүүс юм уу гээд ойлголцохоо болиод цагдаагийн байгууллага дуудсан. Анх Я гэх хүн түлхүүр өгөхдөө тус байр нь өөрийн байр байгаа юм, одоохондоо амьдардаггүй, ашиглалтын зардлыг нь төлж байгаа болохоор хүмүүст түрээсэлдэг юм билүү гээд Номингоо гэх хүнийг өөрийнх нь эгч гэж байсан. Гэрээ хийж байхад Төгөлдөр бид хоёр мөн Я, Номингоо бид 4 байсан гэжээ. (хэргийн 2 дугаар хавтас, 17 дугаар хуудас)

Мөрдөн байцаалтад хохирогч-О.Г мэдүүлэхдээ:

2020 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны 71-47 тоотод гэртээ байхад интернет фэйсбүүкээр “Мажид Э” гэсэн хаягаас “мөнгө зээлж хүүнд нь суулгана” гэсэн групп дээр мөнгө зээлээд хүүнд нь байранд суулгана гэсэн зарын дагуу 88086663 дугаар луу залгаад Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Олимп хотхоны 421-127 тоотод очсон. Очоод Д.Нтай уулзаад, 3 өрөө байрны нэг өрөөнд нь суухаар болсон. Тэгээд Д.Нтай зээлийн гэрээ хийгээд 8 000 000 төгрөгийг 10 сарын хугацаатай зээлээд, сарын 380 000 төгрөгийн хүүнд нэг өрөөнд нь суухаар болсон. Тэгээд 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдрөөс эхлээд Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Олимп хотхоны 421-127 тоот гурван өрөө байрны нэг өрөөнд амьдарч байтал 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдөр байрны эзэн Б.Э ирээд бид нарыг байраа чөлөөлж өг гэсэн. Б.Э нь Д.Нд өөрийн эзэмшлийн 3 өрөө байраа түрээсэлсэн гэж байсан. Харин Д.Н нь Б.Эийн байрыг давхар түрээсэлж намайг залилсан гэжээ. (хэргийн 3 дугаар хавтас, 78 дугаар хуудас)

Мөрдөн байцаалтад хохирогч-Б.Э мэдүүлэхдээ:

2020 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр Баянзүрх дүүргийн 25 дугаар хороонд байрлах ажил дээрээ байхдаа интернет фэйсбүүкээр хажуу өрөө түрээслэх зар хайсан. Гэтэл Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Олимп хотхонд хажуу өрөө түрээслүүлнэ гэсэн зарын дагуу 88086663 дугаар луу залгаж эмэгтэй хүнтэй холбогдсон. Тэгээд 16 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Олимп хотхоны 421-127 тоотод уулзахаар болсон. Намайг хаягийн дагуу очиход Т.Ан гэх эмэгтэй байсан. Т.Ан нь манай ээж Эийн байр байгаа юм. Ээж маань Солонгос улсад байгаа, манайх 3 өрөө байр ба урсгал зардлын мөнгө их гараад байгаа учир өрөөгөө салгаж түрээсэлж байгаа гэсэн. Тэгээд байранд нь орохоор болж тохиролцоод ажил руугаа явсан. Ажлаа тараад орой 08 цагийн үед хувцас, эд зүйлээ аваад Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Олимп хотхоны 421-127 тоотод ирэхэд Т.Анударийн эгч буюу ээжийнх нь дүү Д.Н гэртээ байсан. Тэгээд би жижиг өрөөнд нь амьдрахаар болсон. Би өрөөгөө сарын 350 000 төгрөгөөр түрээслэхээр болоод 6 сарын түрээс болон нэг сарын барьцааны мөнгө нийлээд 2 450 000 төгрөгийг Д.Нгийн Хаан банкны 5028447600 дугаарын данс руу шилжүүлсэн. 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдөр байрны эзэн Батаагийн Э гэдэг хүн ирээд, энэ миний эзэмшлийн байр гээд бид нарыг байраа чөлөөлж өг гэсэн. Тэгэхээр нь би Д.Нгийн 88086663 дугаар луу залгаж ярихад би ажил дээрээ байна 12 цаг гээд ажлаасаа тараад, яваад очъё гэсэн. Тэгээд ажлаасаа ирж байна гэж худлаа яриад 3 цаг хүлээлгэсэн. Тэгэхээр нь би эгчийн лүү явсан. Маргааш нь 88086663 дугаар луу залгахад утас нь холбогдоогүй. Дүү Т.Антай Т.Ирдуна гэсэн хаягаар холбогдоход би чиний мөнгийг удахгүй олж өгнө гэж хэлээд дахиж юм бичээгүй. Үүнээс хойш Т.Ан болон Д.Нтай дахиж холбогдоогүй гэжээ. (хэргийн 3 дугаар хавтас, 212 дугаар хуудас)

Мөрдөн байцаалтад хохирогч-Б.Н мэдүүлэхдээ:

2020 оны 10 дугаар сарын 12-ны өдөр байр түрээслэхээр фэйсбүүк дээр зар хайж байгаад “Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо, 2 дугаар байрны 3 тоотод хажуу өрөө түрээслүүлнэ” гэсэн зарын дагуу зар дээр байрлуулсан 88086663 гэсэн дугаар руу өөрийн 88484575 дугаараар холбогдож ярьсан чинь надтай холбогдсон хүн нь эмэгтэй хүн байсан. Надад тэр эмэгтэй “өнөөдөр ирээд байраа үзчих” гэж хэлэхээр нь тухайн өдрийнхөө орой 20 цагийн үед нөгөө байраа үзээд түрээслэхээр болж урьдчилгаа 350 000 төгрөгийг тухайн орон сууцанд байж байхдаа өөрийн Хаан банкны 5590005098 тоот данснаас Хаан банкны 5028447600 тоот Н гэх эзэмшигчтэй данс руу шилжүүлсэн юм. Тэр үедээ би урьдчилгаа мөнгөө өгөхдөө гэрээгээ хийе гэж хэлсэн чинь Н гэх эмэгтэй нь над руу мэссеж бичээд “дүүгийнхээ төлбөрийг төлөх шаардлагатай байна, төлбөрөө бүтнээр нь өгөх боломжтой байна уу” гэж асуухаар нь би зөвшөөрөөгүй юм. Тэгсэн чинь ядаж тал мөнгийг нь өгчих боломж байна уу, хэрвээ мөнгөө өгчихвөл гэрээгээ хийе гэж хэлэхээр нь би итгээд Нтай Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Бөмбөгөр худалдааны төвийн Circlе К дэлгүүр дотор уулзаж, өөрийн Хаан банкны 5604067328 тоот данснаас Нгийн Хаан банкны 5028447600 тоот данс руу 500 000 төгрөгийг шилжүүлсэн юм. Тэр үед Н нь “би гэрээгээ үлдээчихжээ, би хөдөө явах ажилтай болчхоод байна, манай дүүтэй уулзаад хийчих” гэж хэлсэн. Тухайн үед Н нь дүүгийнхээ гар утасны дугаарыг өгсөн боловч холбогдохгүй байсан юм. Яг одоо тэр дүүгийнх нь гар утасны дугаарыг мэдэхгүй болоод маш удаан хугацаа өнгөрсөн. Би Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо дугаар байрны 3 тоотод очоод хаалгыг нь тогшиход дотор нь хүн байгаа чимээ сонсогдсон боловч онгойлгож өгөхгүй байсан юм гэжээ. (хэргийн 4 дүгээр хавтас, 36-37 дугаар хуудас)

Мөрдөн байцаалтад гэрч-Н.А мэдүүлэхдээ:

Ё надаас гутал авахаар захиалсан байсан бөгөөд тухайн үед гутлаа авъя гэж над руу ярихаар нь би “манай гэрт очоод гутлаа авчих, гэрт хүн байгаа” гээд би Ёд гэрээ зааж өгсөн. Тэрнээс өөр зүйл би мэдэхгүй байна. Тэгээд Нгаас “хүн ирж гутал авсан уу” гэж асуухад “ирээд авчихлаа” гэж хэлж байсан. Тэгээд 2021 оны 02 дугаар сард намайг гэртээ байхгүй хойгуур Н манайхаас бүх юмаа аваад явчихсан байсан. Тэгээд би Нгаас юу болсон талаар асуухад “өөр хүнтэй байр түрээслэхээр боллоо” гээд манайхаас явсан гэжээ. (хэргийн 1 дүгээр хавтас, 26-27 дугаар хуудас)

Мөрдөн байцаалтад гэрч-Т.Ан мэдүүлэхдээ:

Олимп хотхоны 421-127 тоот байр нь Б.Э гэдэг хүний өмчлөлийн байр байгаа юм. Би 2020 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр Хавдар судлалын эмнэлэгт хэвтэж байгаад гарсан. Тэгээд Баянгол дүүргийн нутаг дэвсгэр зурагтад айлд байхаар холдоод байсан тул Д.Н эгчийн түрээсийн байранд хамт амьдрахаар болсон. 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдөр нэг эрэгтэй хүн ирээд өрөө сонирхоод байхаар нь би энэ манай ээжийн байр байгаа юм. Ээж гадаадад ажиллаж байгаа, мөнгөний хэрэг гараад нэг өрөөгөө түрээсэлж байгаа юм гэсэн. Тухайн үед О.Г гэдэг хүнээс 8 000 000 төгрөгийг Д.Н эгч зээлсэн талаар мэдээгүй. Манай эгч ажилдаа явахдаа дунд өрөөнд хүн оруулах гэж байгаа учир манай ээжийн байр гээд хэлээрэй гээд ажилдаа явсан. Тэгэхээр нь би эгчийн хэлснээр О.Гд худлаа ярьсан. Д.Н эгч бид хоёр, нэг өрөөнд нь нэг эмэгтэй ганцаараа, нэг өрөөнд нь О.Г гэдэг хүний дүү нь амьдрахаар болсон боловч маргааш өглөө нь байрны эзэн Б.Э ирээд бид нарыг байрнаасаа хөөгөөд гаргачихсан.

Д.Н эгч интернет фэйсбүүк дээр Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Олимп хотхоны 421-127 тоот 3 өрөө байрыг салгаж түрээсэлнэ гэж зар байршуулсан. 2020 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр Д.Н эгч ажилдаа явахдаа өнөөдөр нэг хүн ирж байр үзнэ. Чи ирэхэд нь манай ээжийн байр, ээж маань Солонгост байгаа, мөнгөний боломжгүй болчхоод байраа түрээсэлж байна гэж хэлээрэй гэсэн. Тэгтэл нэг эмэгтэй хүн ирээд байр үзэж байгаад нэг өрөөнд нь орохоор болоод явсан. Тухайн үед нөгөө эмэгтэй Н эгчийн 5028447600 дугаарын данс руу 2 450 000 төгрөг шилжүүлээд нэг өрөөнд нь амьдарч эхэлсэн. Анх Д.Н эгч Б.Э хоёр байр түрээслэх гэрээгээ 5 сарын мөнгийг аваад 1 сарын барьцаатай авахаар байгуулсан гэсэн гэжээ. (хэргийн 3 дугаар хавтас, 81, 219 дүгээр хуудас)

Мөрдөн байцаалтад гэрч-Б.Э мэдүүлэхдээ:

Тухайн үед Н нь манай байрыг 6 сар түрээслэхээр тохирсон боловч 1 сар орчмын хугацаанд оршин сууж байгаад намайг очиж шалгахад манай байрны хоёр өрөөг надад хэлэлгүйгээр цааш өөр хүмүүст түрээслүүлсэн байсан учир би байрнаасаа тэнд байсан хүмүүсийг гаргасан. Тухайн үед Н өөрөө байхгүй байсан тул цагдаагийн байгууллагад хандахад “Н нь эрэн сурвалжлагдаж байгаа, тухайн хүмүүсийг байрнаас гаргах эсэх нь таны эрхийн асуудал гэхээр нь би байр түрээсэлж байсан гэх хүмүүсийг хөөж гаргасан. Би яг хэдэн төгрөг авсан болохоо мэдэхгүй байна, ямар ч байсан өгсөн мөнгөнөөс нь 2 500 000 төгрөгийг авахаар тохирсон. Би ер нь бол Нд 6 000 000-6 500 000 төгрөгийг өгөх ёстой. Н манай байрыг түрээслэх хугацаандаа гэрийг их бохирдуулсан мөн бүтэн хонины мах авч байсан учир тухайн зардлуудыг нэмээд нийт 2 500 000 төгрөгийг би суутгахаар болсон гэжээ. (хэргийн 3 дугаар хавтас, 178 дугаар хуудас)

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсанд:

Г.Я эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй гэжээ. (хэргийн 2 дугаар хавтас, 23 дугаар хуудас)

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсанд:

Д.Н нь Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 347 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар 700 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн гэжээ. (хэргийн 2 дугаар хавтас, 99 дүгээр хуудас)

ШҮҮХИЙН ДҮГНЭЛТИЙН ТАЛААР:

Шүүгдэгч  Д.Н нь “...Ай вотч 5 загварын цаг зарна...” хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон 2020 оны 5 дугаар сарын 05-ны өдөр Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, 2 дугаар хороолол, 42 дугаар байрны 18 тоотод хохирогч Э.Мэс 1 150 000 төгрөгийг Хаан банкны 5028447600 тоот дансаар шилжүүлэн авч залилсан,

2020 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр фэйсбүүк зарын группэд “Олимп хотхоны 421-127 тоот орон сууцны нэг өрөөг 6 сарын хугацаагаар түрээсэлнэ” гэх зар байршуулан хуурч, цахим хэрэгсэл ашиглан бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Б.Эрхээс 2 450 000 төгрөгийг өөрийн эзэмшлийн Хаан банкны 5028447600 тоот дансаар шилжүүлэн авч залилсан,

2020 оны 10 дугаар сарын 06-ны өдөр зохиомол байдлыг зориудаар бий болгон фэйсбүүк зарын группэд “мөнгө зээлж хүүнд нь Олимп хотхоны 421-127 орон сууцанд суулгана” гэх зар байршуулан Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч О.Гэс 8 000 000 төгрөгийг өөрийн эзэмшлийн Хаан банкны 5028447600 тоот дансаар шилжүүлэн авч залилсан,

2020   оны 10 дугаар сарын 12, 15-ны өдрүүдэд Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо 2 байр 3 тоотод хохирогч Б.Ныг “байр түрээслүүлнэ” гэж хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулан, өөрийн Хаан банкны 5028447600 тоот дансаар 850 000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

2021   оны 01 дүгээр сарын 21-ний өдрөөс 3 дугаар сарын 06-ны өдрийг хүртэлх хугацаанд хохирогч Ю.Ёд “...10 хувийн төлбөрийг нь өгвөл хямдхан гар утас зарна...” гэж хуурч, зохиомол байдлыг зориуд бий болгон улмаар Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 19-2-62 тоотод хохирогч Ю.Ё нь өөрийн 5026731683 данснаас 2 185 000 төгрөгийг шилжүүлэн өгч залилуулсан,

 Г.Ятай бүлэглэн 2020 оны 6 дугаар сарын 21-ний өдөр “Ynjka Ynjinlkham” фэйсбүүк хаягаар Сүхбаатар дүүргийн 1 хорооны нутаг дэвсгэрт байрлах 42 дугаар байрны 37 тоотыг түрээслүүлнэ гэх зар байршуулан хохирогч М.Мөнх-Эрдэнийг хуурч бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт Хаан банкны 5088076765 дугаарын дансаар 2 400 000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

 

шүүгдэгч Г.Я нь Д.Нтай бүлэглэн 2020 оны 6 дугаар сарын 21-ний өдөр “Ynjka Ynjinlkham” фэйсбүүк хаягаар Сүхбаатар дүүргийн 1 хорооны нутаг дэвсгэрт байрлах 42 дугаар байрны 37 тоотыг түрээслүүлнэ гэх зар байршуулан хохирогч М.Мөнх-Эрдэнийг хуурч бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт Хаан банкны 5088076765 дугаарын дансаар 2 400 000 төгрөгийг гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Э.М, Б.Эрх, О.Г, Б.Н, Ю.Ё, М.М, гэрч Н.А, Т.Ан, Б.Э нарын мэдүүлэг, Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, шалгаж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг нотолсон, мөрдөн байцаалтад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байна.

Баянгол дүүргийн прокурорын газраас Д.Нд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар,

Г.Яд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй тул шүүгдэгч Д.Нг үргэлжилсэн үйлдлээр, ганцаараа болон бусадтай бүлэглэн, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан хуурч залилсан,

шүүгдэгч Г.Яыг бусадтай бүлэглэн зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан хуурч залилсан, гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй.

Д.Н, Г.Я нар болон тэдгээрийн өмгөөлөгч нар  гэмт хэрэг үйлдсэн гэм буруу дээр маргахгүй байна.

Шүүгдэгч Д.Н нь шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Эрхд 120 000 төгрөг, Гд 4 775 000 төгрөг, Ёлкын хохирлыг бүрэн төлсөн. Би өөр, өөр хүний данснаас мөнгө хийж байсан болохоор “Номин зээл хийв, төлөв” гэж шилжүүлдэг байсан. Г, Ё нар мөнгө хүлээн авсан дансны хуулгаа гаргаж өгөөгүй байна гэж мэдүүлж байх боловч үүнийгээ нотлох баримтаар  нотолж чадаагүй тул түүнээс

1 350 000 төгрөгийг гаргуулж хохирогч Ю.Ёд,

2 330 000 төгрөгийг гаргуулж, хохирогч Б.Эрхд,

5 300 000 төгрөгийг гаргуулж, хохирогч О.Гд олгох нь зүйтэй байна.

 Г.Я, Д.Н нар бүлэглэн 2020 оны 6 дугаар сарын 21-ний өдөр хохирогч М.Мөнх-Эрдэнийг хуурч бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан байр түрээсэлнэ гэж 2 400 000 төгрөгийг залилсан гэмт хэргийн хувьд хохирогч Сүхбаатар дүүргийн 1 хорооны нутаг дэвсгэрт байрлах 42 дугаар байрны 37 тоот байранд 1 сар түрээсэлж амьдарсан нь хохирогчийн болон шүүгдэгч нарын мэдүүлгээр тогтоогдож байх тул хохирлын төлбөрөөс 800 000 төгрөгийг хасаж тооцон, үлдэх 1 600 000 төгрөгийг шүүгдэгч нараар тэнцүү хэмжээгээр төлүүлэхээр шийдвэрлэв.

Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага оногдуулахдаа шүүгдэгч Г.Яыг анх удаа гэмт хэрэг үйлдсэн, түүний хувийн байдал зэргийг, шүүгдэгч Д.Нг хохирогч нарт учирсан хохирлын зарим хэсгийг төлсөн, үлдэх хохирлыг ажил хийж төлөхөө илэрхийлсэн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага оногдуулахад хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Нгийн 2020 оны 5 дугаар сарын 05-ны өдрөөс 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр үйлдсэн хэргүүд,

Г.Я, Н нарын бүлэглэн 2020 оны 6 дугаар сарын 21-ний өдөр бусдыг залилсан гэмт хэрэг нь 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2-т заасан цаг хугацаа, хүрээнд хамаарч байна.

 

Мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-т “...Залилах /Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг/ ...гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн ялтны шүүхээс оногдуулсан хорих ялын эдлээгүй үлдсэн ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солино” гэж заалтад хамаарч байх боловч шүүгдэгч нар хохирол төлөөгүй, хохирлыг төлөхөө илэрхийлсэн ч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд хохирол төлөх талаар тодорхой үйлдэл хийгээгүй, хохирол төлөх эд хөрөнгө, хадгаламж, боломжтой эсэхээ нотлох баримтаар нотлоогүй тул шүүх Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-т зааснаар тэдэнд хорих ял оногдуулж, уг ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солихгүйгээр, харин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д заасан зорчих эрхийг хязгаарлах болон торгох ялыг оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

 

Иймд шүүгдэгч Нд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар 2 жилийн хугацаагаар Улаанбаатар хотын бүсчлэлээс гарахгүй байх зорчих эрхийг хязгаарлах, 

            Г.Яд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний 500 000 төгрөгөөр торгох эрүүгийн хариуцлагыг тус тус оногдууллаа.

Шүүгдэгч Д.Н нь Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 347 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар 700 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлж, уг ялыг биелүүлээгүй болох нь Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 1107 тоот албан бичгээр нотлогдож байна.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2-т заасныг журамлан Д.Нд энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жилийн хугацаагаар Улаанбаатар хотын бүсчлэлээс гарахгүй байх зорчих эрхийг хязгаарлах ял,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 347 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар 700 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг тус тусад нь эдлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар Д.Нгийн 2022 оны 3 дугаар сарын 09-ний өдрөөс 2022 оны 3 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл цагдан хорьсон 14 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, түүний Улаанбаатар хотын бүсчлэлээс гарахгүй байх зорчих эрхийг хязгаарлах ялыг 01 жил 11 сар 16 хоногоор тогтоов.

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Н нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, зорчих эрх хязгаарлах ялд хяналт тавихыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгах нь зүйтэй.

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч Г.Я нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.

Хохирогч Эрхд 120 000 төгрөг, Гд 4 775 000 төгрөг, Ёд хохирол төлснөө шүүхийн шийдвэр гарсны дараа шүүгдэгч Д.Н нь нотлох баримтаар нотолбол шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд төлөх төлбөрөөсөө хасуулах эрх нь нээлттэй болно.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

            1. Шүүгдэгч Нг үргэлжилсэн үйлдлээр, ганцаараа болон бусадтай бүлэглэн, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан хуурч залилах гэмт хэрэг үйлдсэн,

Яыг бусадтай бүлэглэн, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бусдыг төөрөгдөлд оруулан хуурч, залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Д.Нг “Улаанбаатарын хотын бүсчлэлээс 2 жилийн хугацаагаар гарахгүй байх” зорчих эрхийг хязгаарлах  ялаар,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Г.Яыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний 500 000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2-т заасныг журамлан Д.Нд энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жилийн хугацаагаар Улаанбаатар хотын бүсчлэлээс гарахгүй байх зорчих эрхийг хязгаарлах ял,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 347 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар 700 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг тус тусад нь эдлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг Г.Яд даалгасугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3-т зааснаар Д.Н нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-т зааснаар Н нь 700 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Г.Я нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар сольж эдлүүлэхийг тус тус мэдэгдсүгэй.

6. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 153 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Д.Нд оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

            7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2-т зааснаар Д.Нгийн 2022 оны 3 дугаар сарын 09-ний өдрөөс 2022 оны 3 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 14 хоногийг зорчих эрх хязгаарлах ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, зорчих эрх хязгаарлах ялыг 01 жил 11 сар 16 хоногоор тогтоосугай.

            8. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар

                        шүүгдэгч Д.Нгаас

1 350 000 төгрөгийг гаргуулж, хохирогч Ю.Ёд,

2 330 000 төгрөгийг гаргуулж, хохирогч Б.Эрхд,

            5 300 000 төгрөгийг гаргуулж, хохирогч О.Гд,

            800 000 төгрөгийг гаргуулж, хохирогч М.Мд,

            шүүгдэгч Г.Яаас

800 000 төгрөгийг гаргуулж, хохирогч М.Мд тус тус олгосугай.

9. Шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Нд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч,

шүүгдэгч Г.Яд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

            10. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч Г.Я цагдан хоригдсон хоноггүйг тус тус дурдсугай.

            11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-т зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

            12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах,

            улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

            13. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Д.Н, Г.Я нарт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ тус тус авсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Л.ОЮУН